Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 550

 

                                                                                                                                                                          

                                                                    

 

 

 

 

 

 

 

           Ш.От холбогдох

            эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Н.Мөнхцэцэг,

Нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 560 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Мөнхцэцэгийн бичсэн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаартай эсэргүүцлээр Ш.От холбогдох эрүүгийн 1802001390105 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Шараагийн Ш.О, 1980 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн ...тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: /,

 

            Ш.О нь өөрийн эгч Ш.Оийн Е0632497 дугаартай “2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсаас гарсан” гэх хуурамч штамп дарагдсан гадаад паспортыг ашиглан 2018 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа агаарын замын хилийн боомтоор Монгол Улсын хил нэвтрэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Ш.От холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: “...Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.Оийг төрсөн эгч Ш.Оийн Е0632497 дугаартай “2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсаас гарсан” гэх хуурамч штамп дарагдсан гадаад паспортыг ашиглан 2018 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа агаарын замын хилийн боомтоор Монгол Улсын хил нэвтрэхийг завдсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, 6 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ оногдуулах саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан хэрэглэх эсэхийг шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцсэний үндсэн дээр шүүх шийдвэрлэх зохицуулалт юм.

Прокурорын санал нь тухайн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрлөөс сонгож, оногдуулах ялын хэмжээний талаар гаргах байтал шүүгдэгч Ш.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэх саналыг шүүгдэгч зөвшөөрсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.4-т заасан “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн” гэх нөхцөл байдал хангагдаагүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэх саналыг зөвшөөрснийг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн гэж үзэхгүй юм. Шүүгдэгч Ш.О нь 2018 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрэхийг завдахдаа Ш.Оийн Е0632497 дугаартай гадаад паспортыг ашигласан, уг гадаад паспортанд 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын хилээр гарсан штамп хуурамч болохыг мэдсээр байж үйлдсэн байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийлмэл гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийн шинжийг шалгаагүй орхигдуулсан байна. Иймд шүүгдэгч Ш.От холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцаах үндэслэлтэй гэж дүгнэв. Шараагийн Ш.От холбогдох эрүүгийн 1802001390105 дугаартай хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Ш.Оийн Е0632497 дугаартай гадаад паспортыг хэргийн хамт Нийслэлийн прокурорын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад үүрэг болгож, шүүгдэгч Ш.От авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж...” шийдвэрлэжээ.

 

Прокурор Н.Мөнхцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ш.От холбогдох эрүүгийн 1802001390105 дугаартай хэргийг прокурорт буцаасан Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 560 дугаартай захирамжийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр прокурорын эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

 

1. Аливаа гэмт хэрэг бүр үйлдэгдсэн орчин, цаг хугацаа, нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний сэдэл, санаа зорилго, гэмт үйлдлийн арга, хэлбэр зэрэг олон хүчин зүйлээр адилгүй үйлдэгддэг.

Ш.Оийн Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрэхийг завдсан гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн төрсөн эгч Ш.Оийн хуурамч штамп дарагдсан гадаад паспортыг ашигласан үйлдэл нь тухайн хэргийн гэмт хэргийг үйлдэх үндсэн шинжид хамаарч байгаа бөгөөд энэ нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл хуурамч баримт бичгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн бол...” гэж хуульчилсан байгаагаас тодорхой байна.

Гэтэл шүүх захирамжиндаа Ш.Оийн үйлдэл нь нийлмэл гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийн шинжтэй ба уг гэмт хэргийг шалгаагүй орхигдуулсан гэж үзсэн нь хуулийг буруу ойлгон тайлбарласан гэж үзэхээр байна. Учир нь Монгол Улсын хил гэж Монгол Улсын нутаг дэвсгэрийн хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлж тогтоосон шугамыг хэлнэ. /Монгол Улсын Хилийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг/

Хууль бусаар нэвтэрсэн гэдэг нь хилийн боомтоос өөр газраар орсон буюу гарсан, хилийн боомтоор улсын хил нэвтрэх эрхийн хүчин төгөлдөр бус баримт бичиггүйгээр нэвтэрсэн, эрх олгох ёстой байгууллагын зөвшөөрөлгүй хил зөрчих, бусдын бичиг баримт ашиглан улсын хилээр орох буюу гарах зэрэг үйлдлүүдийг хамааруулан ойлгоно.

Хууль бусаар хил нэвтэрч байгаа этгээд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлддэг бөгөөд Монгол Улсын эсрэг дайсагнасан зорилго сэдэлтгүй харин ихэвчлэн хориглосон буюу хязгаарласан эд зүйл нууж гаргах, татвараас зайлсхийх, арилжаа наймаа хийх, ах дүү, төрөл садантайгаа уулзах зэрэг бусад зорилгоор үйлдэгддэг. Тиймээс ч Ш.Оийн Монгол Улсын хил хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нь хүнд өвчтэй байгаа өөрийн төрсөн эх Досмаатай уулзах зорилгоор төрсөн эгч Ш.Оийн Е0632497 дугаартай 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсаас гарсан гэх хуурамч штамп дарагдсан гадаад паспортыг ашиглан 2018 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа агаарын замын хилийн боомтоор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульчлагдсан бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбоотой мөрдөн шалгах, прокурорын хяналт, шүүхийн шатны бүх тусгай журмууд энэ бүлэгт зохицуулагдсан. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргах эрхийг яллагдагчид олгосон бөгөөд хэргийг хялбаршуулахад яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн буюу нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн байхыг хуулиар шаардаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зарим төрлийн гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тусгайлан зааснаас гадна 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаас бусад гэмт хэргийн яллагдагч нь хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргаж шийдвэрлүүлэх эрхийг мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тусгаж өгсөн.

Яллагдагч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Прокурор, мөрдөгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах тухай болон энэ бүлэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулна” гэж хуульчлагдсан. Өөрөөр хэлбэл яллагдагч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргахад түүнийг яллагдагчаар татсан зүйл анги нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн аль заалтад хамаарч байгаа болох, түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэгт заасан ялыг хэрхэн хуульд зааснаас доогуур хөнгөрүүлэх боломжтой болон хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журам, ач холбогдлын талаар танилцуулна.

Хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж прокурорын хяналтанд хэрэг ирсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор хэрэгт хяналт тавихдаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан эсэх, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон эсэхийг хянаж хэрэв дээрх нөхцөл байдал тогтоогдож байгаа тохиолдолд хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ.

Шүүхэд шилжүүлсэн хэрэгт шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаж, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан бөгөөд хорих ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь эрүүгийн хариуцлага гэсэн ойлголтод бүрэн хамаарахаар байна.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас харахад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үйл явц нь хорих ялтай хэргийн тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлтэй холбогдож ирэх бөгөөд прокурор хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж хэргийг шүүхэд шилжүүлэхээр байна.

Өөрөөр хэлбэл яллагдагч Ш.О нь өөрийн сонгон авсан өмгөөлөгч Ш.Сарангэрэлийн хамтаар прокуророос Ш.Оийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар саналаа тайлбарлан өгч, танилцуулсныг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулснаар түүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлж улмаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн байна. Шүүх хуралдааны явцад шүүгч нь Ш.От прокуророос 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг хорих ялыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ оногдуулах саналыг хүлээн зөвшөөрсөн эсэх нөхцөл байдлыг хянах нэрийдлээр шүүх нь прокурорын саналыг заавал биелүүлэх үүрэггүй гэж шүүгдэгчид тайлбарлан, хорих ял оногдуулж ч болно гэж хууль бус тулгалт хийх байдлаар шүүгдэгчийн сэтгэл зүйд нөлөөлөн улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.4-т заасан “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн” гэх нөхцөл байдал хангагдаагүй байна гэж үзэн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж хуулийн шаардлага хангаж чадаагүй байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хүнлэг бус харьцаж шүүгдэгчээс мэдүүлэг авсан нь нотлох баримтаар тооцохгүй, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгг зааснаар бүх хавтаст хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ гэснийг зөрчсөн гэж дүгнэх үндэслэл болж байна.

Түүнчлэн прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулна” гэсэн заалтад тусгагдсан эрүүгийн хариуцлагыг шүүхээс шууд ялтай холбож ойлгож байгаа нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос xoйш 7 хоногийн дотор гаргаж, шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, прокурор, оролцогчид танилцуулна.”, 2 дахь хэсэгт “Шүүх хуралдаанд оролцогч, бусад оролцогч, прокурор шүүх хуралдааны тэмдэглэлийг танилцуулснаас хойш 5 хоногийн дотор засвар оруулах санал, хүсэлт гаргах эрхтэй.” гэсэн заалтыг анхан шатны шүүх хэрэгжүүлээгүй.

Энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн асуудал, гаргасан шийдвэрийн талаарх хурлын тэмдэглэлийг 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр буюу 8 хоногийн дараа прокуророос танилцахаар очих үед тэмдэглэл гарах хугацаа болоогүй, шүүгч хянаж байгаа гэх шалтгаанаар танилцуулаагүй нь дээрх хуулийн заалтыг зөрчиж прокурор шүүх   хуралдааны тэмдэглэлтэй танилцаж санал хүсэлт гаргах эрхээр хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн. Иймд Ш.От холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 560 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Ш.От холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ш.От холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан шүүгчийн захирамжийн үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “...хэргийн бодит байдалтай нийцээгүй...” байна.

Анхан шатны шүүхээс Ш.От холбогдох эрүүгийн хэргийг прокурорын санал нь тухайн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрлөөс сонгож, оногдуулах ялын хэмжээний талаар гаргах байтал шүүгдэгч Ш.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэх саналыг шүүгдэгч зөвшөөрсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.4-т заасан “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн” гэх нөхцөл байдлыг хангаагүй байна. Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэх саналыг зөвшөөрснийг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн гэж үзэхгүй юм.

Шүүгдэгч Ш.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийлмэл гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийн шинжийг шалгаагүй орхигдуулсан байна гэсэн 2 үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэх санал гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэснийг зөрчөөгүй байна.

Харин прокурорын санал /хх-150/-д “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн...” техникийн шинжтэй алдаа гаргасан болохыг дурдаж байна.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэргийн “хууль бусаар нэвтрэх” гэдэгт хилийн боомтоос өөр газраар орсон буюу гарсан, хилийн боомтоор улсын хил нэвтрэх эрхийн хүчин төгөлдөр бус баримт бичиггүйгээр нэвтэрсэн, эрх олгох ёстой байгууллагын зөвшөөрөлгүй хил зөрчих, бусдын бичиг баримт ашиглан улсын хилээр орох буюу гарах зэрэг үйлдлүүдийг бүхэлд нь хамааруулан ойлгохоор байх тул шүүгдэгч Ш.Оийг “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэгт зааснаар яллагдагчаар татан шалгах хууль зүйн үндэслэлгүй байна. 

Иймд Ш.От холбогдох эрүүгийн хэргийг шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон болсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч, прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгчийг гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх…”-ээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 560 дугаар захирамжийг хүчингүй болгож, Н.Мөнхцэцэгийн бичсэн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаартай прокурорын эсэргүүцлийг хангаж, Ш.От холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Ш.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                       Ц.ОЧ

                                                                                   Д.МЯГМАРЖАВ