Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 116/2022/0027/З |
Дугаар | 221/МА2023/0240 |
Огноо | 2023-04-12 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2023/0240
“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Т.Энхмаа,
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга М.Э,
Нэхэмжлэгч: “О” ХХК,
Хариуцагч: Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,
Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох”,
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Баасанцэрэн,
Хэргийн индекс: 116/2022/0027/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “О” ХХК нь Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.
2. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр “Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “О” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга М.Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...
3.1. Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ээлжит 09 дүгээр хуралдаанаар “Тусгай хэрэгцээнд авсан газруудын хамгаалалтад байх хугацааг сунгаж, тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” 13 дугаар тогтоол гаргасан. Дээрх тогтоол нь аймаг, орон нутагт байгаа рашаан, булаг, тахилгат уул овоо, хөшөө, түүх соёлын дурсгалт газар, аялал жуулчлалын болон байгалийн үзэсгэлэнт газруудын 2999840,57 га талбай бүхий 49 газрыг солбицлоор тогтоож, хавсралтаар баталсан. Тогтоол гарсантай холбогдуулан 5 жилийн дараа буюу 2022 онд “О” ХХК-ийн захирал Ш.О нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр шүүхээс нэхэмжлэлийг хангаж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.
3.2. Орон нутгийн тусгай хэрэгцээний зориулалтаар хамгаалалтад авсан газрууд нь Дашбалбар, Баяндун, Сэргэлэн сумын нутаг дэвсгэрийг хамарсан түүхийн дурсгалт газар болон тахилгат уул, овоо байдаг тул тусгай хэрэгцээний хамгаалалтад авсан 49 газрыг бүхэлд нь хүчингүй болгуулах боломжгүй бөгөөд цаашид байгаль орчин, ан амьтанд сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Зөвхөн нэг компанийн асуудлаар дээрх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох нь аймаг орон нутгийн зүгээс гаргасан шийдвэр, хэрэгжүүлсэн ажил арга хэмжээ, цаашид байгаль орчинд ихээхэн муу нөлөөтэй гэж үзэж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байгааг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.О давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна. Үүнд:
4.1. Захиргааны хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд давж заалдах гомдлын хэлбэр, агуулгыг хуульчилжээ. Хуулийн 115.2.3-д “аль шүүхийн ямар шийдвэрийг давж заалдаж байгаа”, 115.2.4-д “шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл ямар үндэслэл, заалтыг зөвшөөрөхгүй байгаа”, 115.2.5-д “гомдлын шаардлага” гэсэн агуулгын шаардлагыг хариуцагчийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 01/43 дугаар гомдол хангахгүй байна. Тухайлбал хариуцагч гомдолдоо “... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ... ” гэсэн байгаа нь аль шүүхийн ямар шийдвэрт давж заалдаад байгаа нь огт байхгүй байсан тул “гэх” гэж тухайлан онцолсон, мөн шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн аль хэсгийг үл хүлээн зөвшөөрч байгаа нь тодорхой бус, гомдлоороо давж заалдах шатны шүүхээс ямар шийдвэр гаргуулахыг хүсэж буй тухай гомдлын шаардлага хангахгүй байна.
4.2. Хариуцагч гомдолдоо “... Орон нутгийн тусгай хэрэгцээний зориулалтаар хамгаалалтад авсан газрууд нь Дашбалбар, Баяндун, Сэргэлэн сумын нутаг дэвсгэрийг хамарсан түүхийн дурсгалт болон тахилгат уул, овоо байдаг ... цаашид байгаль орчинд ихээхэн муу нөлөөтэй гэж үзэж байгаа ...” гэжээ. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-д “геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын болон энэ хуулийн 24.1-т зааснаас бусад тохиолдолд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх”, 17 дугаар зүйлд “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын талбайг ялгах” гэсэн зохицуулалтаас харахад Засгийн газар тухайн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авсны үндсэн дээр тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтооно. Засгийн газраас 2017 оноос хойш шинээр солбицлыг батлаагүй байна.
4.3. Түүнчлэн Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах” гэж заасан, мөн Усны тухай хууль зэргээс харахад Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр, зөвшөөрөлгүйгээр маргаан бүхий актад дурдсан газартай холбоотой үйл ажиллагаа явуулж байгаль орчныг дордуулах эрх олгогдоогүй, үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй байна. Хариуцагч эрх зүйн үр дагавар үүсгэсэн баримт бичиг батлах, боловсруулахдаа утга, агуулгын илэрхий алдаа гаргадаг нь давж заалдах гомдлоос нь мөн харагдаж байна. Иймд хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, гомдлыг хэлэлцэхгүй буцаасан ч болохоор байна. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 116/ШШ2023/0002 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянав.
2. Дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
2.1. Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн “Тусгай хэрэгцээнд газар авах, тогтоол хүчингүй болгох тухай” 08 дугаар тогтоолоор “Дорнод аймгийн нутаг дэвсгэрт байгаа хөшөө, түүх соёлын дурсгалт газар, аялал жуулчлалын болон байгалийн үзэсгэлэнт газрууд, тахилгат овоо, уул, рашаан, булгийн зарим газруудыг энэхүү тогтоолын хавсралтад заасан 49 газрыг тусгай хэрэгцээнд авсан”, мөн Хурлын 9 дүгээр хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар тогтоолоор “... Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 08 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан 49 газрын хамгаалалтад байх хугацааг 25 жилийн хугацаагаар сунгаж, Дорнод аймгийн нутаг дэвсгэрт байгаа рашаан, булаг, тахилгат уул овоо, хөшөө, түүх соёлын дурсгалт газар, аялал жуулчлалын болон байгалийн үзэсгэлэнт газруудын 2999840.57 га талбай бүхий 49 газрыг хавсралтад заасан солбицлоор баталж, 08 дугаар тогтоолыг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсон” байна.
2.2. Нэхэмжлэгч “О” ХХК нь дээрх 13 дугаар тогтоолыг “утга агуулгын илэрхий алдаатай, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэх үндэслэлүүдээр илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.
2.3. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т зааснаар шүүх захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоох шийдвэр гаргахдаа нэн түрүүнд тухайн акт нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байгаа эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн болохыг зайлшгүй тогтоох учиртай.
2.4. Маргаан бүхий 13 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан 49 газрын хамгаалалтад байх хугацааг сунгаж солбицлыг баталсан, Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 8/2498 дугаартай албан бичигт “... “О” ХХК нь XV-005036 дугаартай тусгай зөвшөөрлийг 1999 оноос эзэмшиж ирсэн, ... 13 дугаар тогтоолоор хугацааг сунгасан тухай манайд мэдэгдэж бүртгүүлсэн 2999840.57 га бүхий газрын 225.7 гектар талбайтай давхцалтай байна” гэж мэдэгдсэн, анхан шатны шүүх “... 13 дугаар тогтоолын 1 дэх заалтаар 08 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан 49 газрын хамгаалалтад байх хугацааг сунгасан боловч тогтоолын 3 дахь заалтаар 08 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцож сунгаж буй тогтоолоо хүчингүй болгосон нь утга, агуулгын илэрхий алдаатай” гэж дүгнээд 13 дугаар тогтоолыг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.
Учир нь маргаан бүхий 13 дугаар тогтоолын 3 дахь заалтаар 49 газрыг анх тусгай хэрэгцээнд авсан 08 дугаар тогтоолыг хүчингүй болгосон боловч 13 дугаар тогтоолын 2 дахь заалтаар тусгай хэрэгцээнд авсан 49 газрын солбицлыг хавсралтаар баталсан байх тул уг актыг Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бус шинжийг агуулж байна гэж шууд дүгнэх боломжгүй байна.
2.5. Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас дахин лавлагаа авахад 209 га талбай давхцалтай байна, актыг бүхэлд нь илт хууль бус гэж үзэх боломжгүй, ... 2014 онд Ашигт малтмалын газраас дээрх газруудад давхцал үүсээгүй гэж албан тоот ирүүлсэн байсан, сая давхцалтай эсэхийг тодруулахад 209 га газар давхцалтай гэх хариу ирүүлсэн” гэж тайлбарласан, харин нэхэмжлэгчээс “... давхцалтай хэсгийг гаргаад шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, нэхэмжлэгчийн зүгээс заавал асуудлыг хүндрүүлэх сонирхолгүй, анхан шатны шүүх энэ тогтоолыг уншихад илт хууль бус байна гэж үзэж шийдвэрлэсэн, бид нарын зүгээс тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар маргаагүй” гэх зэргээр тайлбарласан.
2.6. Иймд шүүх “О” ХХК-ийн эзэмшдэг 5036Х дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайн чухам хэдий хэмжээний, ямар солбицол бүхий газар нь маргаан бүхий 13 дугаар болон 2014 оны 08 дугаар тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан газартай давхцалтай байгаа, нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бодитоор эзэмшиж, ашиглах боломжтой эсэх, тийм бол хариуцагч уг тогтоолын холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах, эсхүл холбогдох хэсгийг хүчингүй болгох боломжтой эсэх зэргийг тодруулж, үүнтэй холбоотой баримтуудыг бүрэн цуглуулсны үндсэн дээр дүгнэлт хийж хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй байна.
2.7. Анхан шатны шүүх дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулаагүй, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудыг бүрэн цуглуулаагүй, түүнд харьцуулан хууль зүйн дүгнэлт хийгээгүй, давж заалдах шатны шүүх дээрх алдааг зөвтгөж дурдсан ажиллагааг явуулж уг маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
3. Давж заалдах гомдолтой холбоотойгоор нэхэмжлэгчээс “...шийдвэрийн Үндэслэх хэсгийн аль хэсгийг эс зөвшөөрч байгаа нь тодорхой бус, давж заалдах шатны шүүхээс ямар шийдвэр гаргуулахыг хүсэж буй тухай гомдлын шаардлага хангахгүй” гэх тайлбарыг гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчаас энэ талаар тодруулахад “... тухайн компанитай хэсгийг л шийдвэрлүүлэх, тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргасан” гэж тайлбарлан шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлоо дэмжсэн тул гомдлыг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэлгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН