Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00362

 

 

“Х Х”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2018/02556 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2099 дүгээр магадлалтай,

“Х Х”ХХК-ний нэхэмжлэлтэй

“Б А”ХХК-д холбогдох

Төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 28 317 520 төгрөг түрээсийн гэрээний үүрэгт 64 841 600 төгрөг, 581 ширхэг тулаас төмөрийг биет байдлаар нь буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдэлгэрийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х Х”ХХК нь “Б А” ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Хариуцагч нь манай компаниас 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн нийт 3 660 ширхэг барилгын туслах материалыг Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 50 айлын орон сууц барихад ашиглахаар түрээслэн авсан. “Б А”ХХК нь санхүүгийн хүндрэл учирсан гэх шалтгаанаар төлбөр төлөх хугацааг хойшлуулах санал гаргаж, талууд 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Уг гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд цаашид түрээс тооцохоор тохиролцсон. Төлбөр барагдуулах гэрээ хийх үед түрээсийн гэрээний үлдэгдэл 1067 ширхэг бараа материал төлөгдөөгүй түрээсийн төлбөр 32 130 190 төгрөг байсан ба уг төлбөрийг 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон. Төлбөр барагдуулах гэрээний 2.3-т төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд 0.5 хувийн алданги тооцохоор заасан. Иймд төлбөр барагдуулах гэрээний дагуу 28 317 520 төгрөгийг гаргуулж өгнө үү. Түрээсийн гэрээгээр түрээслэсэн бараа материалын үлдэгдэл 581 ширхэг тулаас төмрийг одоог хүртэл хариуцагч ашигласаар байгаа бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түрээс тооцсон. Иймд хариуцагчийн түрээсийн гэрээний төлбөр 64 841 600 төгрөгийг гаргуулна. Түрээсийн гэрээгээр түрээслэсэн бараа материалын үлдэгдэл 581 ширхэг тулаас төмөрийг буцаан авна. Иймд үлдэгдэл 581 ширхэг бараа материал, гэрээний үлдэгдэл төлбөр 64 841 600 төгрөг, төлбөр барагдуулах гэрээний үлдэгдэл 28 317 520 төгрөг, нийт 93 159 120 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түрээсийн гэрээний төлбөр нь 15 000 000 төгрөгийн хэмжээнд гэрээ байгуулсан. Төлбөр барагдуулах гэрээний үүргийг хүлээн зөвшөөрч байна. 32 130 190 төгрөгийн төлбөр байснаас 3 удаагийн төлөлтөөр 17 000 000 төгрөгийн төлөлт хийсэн. 581 ширхэг тулаас төмрийг буцаан шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй. Хоёр дахь шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Түрээсийн гэрээний үүрэгт 64 841 600 төгрөгийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны төлбөрийг нэхэмжилсэн. Анх 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан ба уг гэрээний дагуу төлбөр барагдуулах гэрээг байгуулсан. Эхний түрээсийн гэрээний 4.3-т байгаа. Түрээсийн гэрээний хугацааг 7 хоногоос дээш хожимдуулсан бол түрээслэгч гэрээг дангаар цуцалж, учирсан хохирлыг шаардах гэдэг нь түрээслүүлэгчийн хариуцлага юм. Долоо хоногийн өмнө түрээслэгчид бичгээр мэдэгдэж, гэрээг харилцан тохиролцож тодорхой хугацаагаар сунгаж болох бөгөөд сунгасан тухай акт бичгээр үйлдэнэ, талууд хавсралтаар гарын үсэг зурж, үндсэн гэрээг хавсаргаснаар хүчин төгөлдөр болно гэсэн. Хоёр удаа тодорхой хугацаагаар хойшлуулж өгөөч гэсэн албан бичиг явуулсан. Эхнийх нь 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн албан бичиг. Үүнд барилгын ажил зогссон, сүүлийн цутгалт 10 дугаар сарын 16-нд дуусна. 10 дугаар сарын 30-ны өдөр бүх тулаас төмрөө суллан авч өгнө гэсэн байдаг. Дараагийнх нь 10 дугаар сарын 18-ны өдөр гэсэн сүүлийн хугацааг 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгч дуусгана гэсэн байгаа. Гэтэл одоог хүртэл түрээслэсэн мэтээр нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Нийт 3660 ширхэг эд зүйл өгсөн байдаг. 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш 1067 ширхэг байдаг. Үүнээс хойш 581 ширхэг үлдсэн гэдэг. Барилгын туслах материалыг өгсөн байгаа нь харагддаг. Манай зүгээс эдгээр баримтыг гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх хангаагүй. Гарсан болон ирсэн огноо, гараад буцаж ирээд, гараад ирээд байгаа юм шиг харагддаг. Гэтэл ийм зүйл байхгүй. 3-4 жил ийм он сар дараалалтай сунгаж түрээсэлсэн зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Манайх ашигласан хугацаа болон алдангитай нийт 28 317 520 төгрөгийн төлбөрийг төлнө гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2018/02556 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б А”ХХК-иас 93 159 120 төгрөг, 581 ширхэг барилгын тулаас төмрийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Х Х”ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 709 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б А”ХХК-иас 709 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х Х”ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2099 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2018/02556 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 623 747 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдэлгэр хяналтын гомдолдоо: Магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлийн 172.1-д заасан эрхийн дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үндэслэл нь: 1.Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн тухайд: A/ Магадлалд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38-р зүйлийн 38.6 дах хэсэгт нийцэхгүй байна гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь: Манай компанийн зүгээс 3-н нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч 2 шаардлагыг хүлээн зөвшөөрсөн юм. Гэтэл гаргаж буй хүсэлт хүлээн зөвшөөрсөн шаардлага буюу 581 ш тулаас төмөртэй холбоотой шаардлага гаргасан учраас анхан шатны шүүх хүлээн аваагүй нь зөв байсан юм. B/ Магадлалд “Хариуцагч тал нэхэмжлэгч “Хэв хашмал” ХХК-иас түрээсийн гэрээний дагуу 3660 ш бараа материалыг хүлээлгэн өгсөн акт болон тухайн барааг буцаан өгсөн талаархи баримтыг гаргуулах хүсэлтийг шүүх шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105-р зүйлийн 105.2 дахь хэсэгт зааснаар хүсэлтийг шүүх хуралдаанаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргах боломжтой байсан, мөн хүсэлтийн зайлшгүй талаарх үндэслэл тодорхой бус гэж хангахаас татгалзсан нь буруу болжээ” гэжээ. Бодит байдалд: Хариуцагч “Баян-Авзага” ХХК нь 3660 ш бараа материал түрээслэсэн болон хүлээлгэн өгсөн /581 ш тулаас төмөр үлдсэнээ бас хүлээн зөвшөөрдөг/ хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ тухай “Баян-Авзага” ХХК-ийн 2015.09.01-ний өдрийн албан бичиг /12-р хуудас/ болон 2015.10.12-ны өдрийн “Баталгаа гаргах тухай” бичиг /13-р хуудас/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээс тодорхой харагдаж байна. Анхан шатны шүүх хариуцагчийн хүсэлтийн талаар зөв шийдвэрлэсэн юм. C/ Магадлалд: “Дээрхи нотлох баримтыг үндэслэн талуудын хооронд байгуулсан гэрээний харилцаа үргэлжилж байгаа эсэх, бараа материалыг түрээслэгч бодитойгоор ашиглаж байгаа, эсхүл эд зүйлийг шилжүүлж өгөөгүйтэй холбоотой хохирлыг шаардах эрхтэй зэргийг тодруулах ач холбогдолтой. Энэ тохиолдолд хэргийн оролцогч нь тухайн баримтыг өөрөө гаргах боломжгүй буюу нөгөө талд уг нотлох баримт байгаа бол шүүхийн журмаар гаргуулах нь хуулийн зохицуулалтад нийцэх юм” гэжээ. Бодит байдалд: Манай компани гэрээнд заагдсан хавсралтуудыг нэхэмжлэл гаргахдаа хавсаргасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сонинбайгаль нь 2018 оны 06-р сарын 21-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч /34-р хуудас/-өөр томилогдсон ба тухайн өдөр болсон шүүх хуралд “хэргийн материалтай танилцах тул хурал хойшлуулж өгөх” хүсэлт гаргасан ба шүүх хангаж шийдвэрлэсэн. Гэтэл тухайн үедээ хэргийн материалтай танилцалгүй, дараагийн шүүх хуралдаан болсон 2018.08.01-ний өдөр /41-р хуудас/ хэргийн материалтай танилцаад хүсэлт гаргасан зэргээс харахад Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сонинбайгаль нь 2018 оны 06-р сарын 21-ний өдрөөс 20189 оны 08-р сарын 01-ний өдрийг хүртэл хавтаст хэрэгтэй танилцах боломж байсан юм. Тэгээд ч гаргасан хүсэлт нь Д.Сонинбайгалийн манай нэхэмжлэлийн 1 болон 3 дах шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар /50-52-р хуудас/-тай холбоотой юм. Өөрөөр хэлбэл өөрсдөө хүлээн зөвшөөрсөн атлаа дараа нь хүсэлт гаргаж байгаа нь шүүх хурлыг зориуд хойшлуулах санаа бодолтой байсныг үгүйсгэх аргагүй юм. D/ Магадлалд5 Хариуцагчийн   итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль нь өмгөөлөгчийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа талаар баримтгүй атал хариуцагч талын өмгөөлөгч авах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж, үндэслэлээ “хэргийн оролцогч хууль зүйн туслалцаа авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөгчөөр төлөөлүүлэхдээ итгэмжлэлээр эрх олгох, гэрээгээр төлөөлүүлэх нь тухайн гэрээний талуудын сонголт учир хариуцагч өмгөөлөгчид итгэмжлэл олгож төлөөлүүлсэн нь өмгөөлөгчийн шүүх дээрх бүрэн эрхийг үгүйсгэхгүй” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн байна гэжээ. Бодит байдалд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтэд “Баян-Авзага ХХК болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргаж байна” гэжээ. Гэтэл өмгөөлөгчтэй оролцогч хүсэлтийг хариуцагч “Баян-Авзага” ХХК гаргаагүй бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гаргасан. Мөн “Баян-Авзага” ХХК нь өмгөөлөгчөө сонгосон бөгөөд тухайн өмгөөлөгч нь амралттай байгаа гэх үүднээс ирээгүй талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2018 оны 08-р сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлттэй холбоотой тайлбар /45-46-р хуудас/-таа хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхэд өмгөөлөгч амралттай байгаа талаар болон хойшлуулахтай холбоотой баримт гаргаж өгөөгүй юм. Анхан шатны шүүх зөв шийдвэрлэсэн юм. 2. Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол /72-74-р хуудас/ доо 2 асуудал буюу түрээсийн төлбөр 64 841 600 т, өмгөөлөгчтэй оролцох эрхийг нь хангаагүй гэж бичсэн. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн зүгээс тайлбар хийхэд даргалагч шүүгчээс зөвхөн гомдолтой холбоотой тайлбар хийнэ гээд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг яриулаагүй билээ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166-р зүйлийн 166.4 дэх заалтыг зөрчсөн юм. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нь анхан шатны шүүх хуралдаанаас хойш илэрсэн нотлох баримтын талаар ярих гэсэн боловч шүүх яриулаагүй бөгөөд үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161-р зүйлийн 161.4. “Энэ хуулийн 161.1-д заасан этгээд давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй” дахь хэсгийг баримталсан мөртлөө магадлалдаа энэ талаар дурдаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нэг үндэслэлээ болгосон нь буруу юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлийн 172.1-д заасан эрхийнхээ дагуу хяналтын шатанд гомдол гаргаж байгааг хүлээн авч, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр нь үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Х Х”ХХК нь хариуцагч “Б А”ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт 93 159 120 төгрөг, 581 ширхэг тулаас төмрийг биет байдлаар буцаан гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч 581 ширхэг тулаас төмрийг буцаан өгч, гэрээний үүрэгт 28 317 520 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчигдсөн талаарх давж заалдах шатны шүүхийн зарим дүгнэлт үндэслэл муутай байгааг залруулах боломжтой боловч хэрэгт ач холбогдол бүхий байдал бүрэн тогтоогдоогүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна.

Зохигчид нь түрээсийн гэрээний дагуу 3660 ширхэг барилгын материалыг хүлээн авсан, 2015 оны 01 сарын 29-ний өдөр төлбөр барагдуулах хэлцэл хийх үед материалыг буцааж өгөөд 1067 ширхэг тулаас төмөр үлдсэн байсан, үүнээс буцааж өгөөд 581 ширхэг төмөр үлдсэн талаар маргаагүй, нотолгоо шаардлагагүй байхад гэрээний дагуу 3660 ширхэг барилгын материалыг хүлээлгэн өгсөн акт болон тухайн барааг буцааж өгсөн баримтыг гаргуулах хариуцагчийн хүсэлтийг шийдвэрлээгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл муутай болжээ. Харин өмгөөлөгч авах хариуцагчийн хүсэлтийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн талаар шүүх хуульд нийцсэн дүгнэлтийг хийжээ.

Магадлалд заасан үндэслэлээс гадна нэхэмжлэлийн шаардлага, түрээсийн зүйлийн төлбөрийн хэмжээг үндэслэлтэй эсэхийг шүүх тодруулж, маргааны зүйлийг зөв тогтоогоогүйгээс хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болохыг давж заалдах шатны шүүх дүгнэж чадаагүй байна.

Нэхэмжлэлийн нэг шаардлага болох түрээсийн гэрээний үүрэгт 93 159 120 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс 64 841 600 төгрөгийн шаардлага нь 581 ширхэг тулаас төмрийг ашигласны түрээсийн төлбөр ба нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрийг тооцохдоо нэг тулаас төмрийг хоногийн 100 төгрөг, нийт 581 ширхэг тулаас төмрийг 2014 оны 06 сарын 12-ноос 2018 оны 05 сарын 01 хүртэлх хугацаагаар түрээсэлсэн гэж үзэж, төлбөрийн хэмжээг тодорхойлжээ. Гэтэл түрээсийн гэрээний хавсралт 1-ийн 13-т тулаас төмөр V2-ын түрээсийг хоногт 70-100 төгрөг гэж заасан байна. Нэхэмжлэгч нь түрээсийг хоногийн 100 төгрөгөөр тооцсон үндэслэлээ заагаагүй, шүүх түрээсийн төлбөрийг тогтоосон гэрээний нөхцөл, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэх талаар хийвэл зохих дүгнэлтийг бүрэн  хийгээгүй нь хуульд нийцээгүй гэж үзнэ.

Хариуцагч “Б А”ХХК-ийн 2015 оны 09 сарын 01-ны өдрийн 2015/044 тоот албан бичгээс үзвэл /хх-11,12/ “...Хоног тулсны дараа буюу 10 сарын 30-д бүх сапудаа суллан аваачиж өгөх болно. Харин төлбөрөө 3-н хэсэг хувааж төлөх боломжтой гэж тооцоолж байна. 1. 2015 оны 10 сарын 31-нд 10 000 000, 2. 2015 оны 11 сарын 30-нд 15 000 000, 2015 оны 12 дугаар сарын 25-нд үлдэгдэл төгрөгийг төлөх саналтай” гэснээс үзэхэд түрээсийн төлбөрийг өөрөөр тооцсон, шүүх энэ талаар зохигчдоос тодруулж, гэрээний нөхцөл, хариуцах төлбөрийн хэмжээний талаар зохих дүгнэлт хийгээгүй нь буруу болжээ.

Иймд зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчид мэтгэлцэж чадаагүй, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2099 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөг, 623 750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

      ШҮҮГЧ                                                  П.ЗОЛЗАЯА