Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/77

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                       

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж,

улсын яллагч Г.Анх-Ирээдүй,

шүүгдэгч Б.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2119000000107 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1985 оны 06 сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг 30-27 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ш овогт Б-ы Б /РД:ЕЭ85061576/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Яллагдагч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 05 сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байх 3 замын уулзварын хяналтын постонд тус аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Н.Б-ын “Олон нийтийн газар, авто зам орон сууц орчны газар, гудамж, талбайд бие зассан”, мөн “иргэн н.Эрдэнэбаярыг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг таслан зогсоож” хууль ёсны шаардлага тавихад буюу хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан Н.Б-ыг “гараад ир писда минь, одоо үзчихье” гэх зэргээр хүч хэрэглэхээр заналхийлсэн, мөн түүнийг автомашинаас татаж буулган, гараараа цамцнаас нь барьж аван, нааш цааш сэгсэрч цохихоор оролцож бие махбодид хүч хэрэглэн халдаж эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Б.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Бид 4-үүл 0.75 гр архи уусан байсан. Бат машинаас гарч бие зассан хүнд шаардлага тавьж байсан. Би тухайн үед болсон асуудлыг сайн санахгүй байгаа. Би хэргээ хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Хохирлоо төлж, хохирогчоос уучлалт гуйсан байгаа. Торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Газрын даргын баталсан хуваарийн дагуу 3 замын постод 2021 оны 05 сарын 18-ны өглөө 08 цагаас 2021 оны 05 сарын 19-ний өглөө 08 цаг хүртэл буюу 24 цаг үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд буюу орой 18 цагийн үед Сайншандын чиглэлээс 39-18 УАР улсын дугаартай, цэнхэр өнгийн приүс 40 маркийн тээврийн хэрэгсэлтэй 4 том хүн, 1 жоохон хүүхэд, нийт 5 хүн пост дээр ирсэн. Ирчихээд шууд машинаа онгойлгоод буугаад шээцгээгээд байсан. Тэгэхээр нь би илтэд бүдүүлэг үйлдэл гаргаад байхаар нь тухайн үед хамт байсан цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Шинэбаярын хамт явж очоод өөрийгөө танилцуулан гаргаж байгаа үйлдлээ болихыг хүссэн. Гэтэл томчууд нь илтэд согтуу байгаа харагдсан. Тэгэхээр нь машиныг саатуулж согтуу жолоо барьсан нэрийг нь мэдэхгүй залууг, хамт явж байсан бас нэрийг нь мэдэхгүй залуутай хамт Ш-т өгөөд явуулсан. Тэр үед танил Б нэрийг нь мэдэхгүй нэг залуутай, өөрийнхөө жоохон хүүхэдтэй үлдсэн. Тэгээд зүгээр зорчиж явсан хүмүүсийг нь “та нар харьж амарцгаа” гэчихээд би машиндаа орж суух гээд алхаж явтал араас Баярбямба согтуу “чи намайг одоо хүргэж өг, үгүй бол машин авчирч өг” гэхээр нь би тоолгүй цаашаа алхаж яваад машиндаа орж суусан. Тэгсэн машины хаалга онгойлгоод “гараад ир писда минь, одоо үзчихье” гэж хэлээд миний зүүн талын мөрдөснөөс чангаасан. Тэгсэн мөрдөсний хойд талын бүч нь урагдчихсан. Тэгээд намайг чангаасаар байгаад гадагш гаргаад зүүн гараараа нүүр рүү цохих үйлдэл хийсэн. Тэрэнд нь би оногдолгүй бултсан. Тэгээд дахиад цохих гээд байхаар нь өөрөөсөө холдуулаад түлхтэл цаашаа унасан. Тэгснээ босож ирээд дахиад надтай зууралдаад эхэлсэн. Тэр үед Авто тээврийн үндэсний төвийн ажилтан Ууганбаяр салгаад өөрийнхөө машинд суулгасан. Би тэр хооронд жижүү лүү гар утсаар холбогдоод болсон зүйлээ хэлсэн. Тэгсэн удалгүй жижүүрийн машинтай жолооч О, мөрдөгч А нар ирж Б-ыг аваад явсан гэсэн мэдүүлэг /хх 11-13 ху/,

 

-Гэрч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Тухайн үед нэрийг нь мэдэхгүй залуу нь буюу одоо сонсоод байхад Б гэх хүн Бат руу хэл амаар дайраад байсан. Харин нөгөө хамт явсан залуу нь чимээгүй байж байсан. Тэгээд тухайн 2 согтуу насанд хүрсэн иргэн болон хамт явж байсан жоохон хүүхэд нарыг аваад цагдаагийн газар дээр ирсэн гэсэн мэдүүлэг /хх 16-17 ху/,

 

-Гэрч Н.М-Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Б хүүхэдтэйгээ бид 3 тэндээ үлдэж хоцорсон. Тэгсэн Б цагдаа руу машин саатуулчихлаа гэсэн асуудлаас болж маргаан үүсгээд байсан. Тэгээд хэрэлдэж эхэлсэн. Тэгж байгаад цагдаа машиндаа суучихсан. Араас нь Б хүүхдээ тэвэрч очоод жоохон согтуурхаж байгаад машинаас нөгөө цагдааг буулгаад ирсэн. Тэгээд Б цагдаатай зууралдаад эхлэхээр нь би голоор нь орж салгах гэтэл нөгөө цагдаа Б-ыг “цаашаа бай” гэж хэлээд бага зэрэг биеэсээ холдуулсан. Тэгсэн Б согтуу дээрээс нь хүүхдээ нэг гартаа тэвэрчихсэн байсан болохоор хойшоогоо уначихсан. Тэгээд босож ирээд дахиад зууралдсан. Би тэр үед нь дахиад голоор нь ороод салгасан гэсэн мэдүүлэг /хх 24-26 ху/,

 

-Гэрч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...цагдаа хүрч ирээд “Энд шээж болохгүй, яагаад энд шээгээд байгаа юм” гэж хэлж байснаа намайг шалгаад эхэлсэн. Учир нь машин дотор байсан жоохон хүүхдээс бусад нь бүгд архи уучихсан байсан болохоор тэр биз. Тэгээд нэг цагдаа нь машин бариад намайг дагуулаад цагдаа руу явсан. Харин ард Б, М-Э, Б хүүхэдтэйгээ үлдэж хоцорсон гэсэн мэдүүлэг /хх 34-35 ху/,

 

-Гэрч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Б-ыг орж ирсэний араас удалгүй Б-ын сууж байсан талын хаалгыг Баярбямба согтуу онгойлгоод шууд Б-д хандан “чи писда минь одоо намайг хүргэж өг, наад машинаасаа буу” гэж хэлээд нэг гараараа машинаас татаад буулгачихсан. Тэгэхээр нь би бас машинаас буусан. Тэгээд Б нь Б-ыг шууд заамдаад хувцас хунараас нь татаад зулгаагаад нааш нь цааш нь татаад түлхэж байснаа согтуу байсан болоод ч тэр үү, хойшоогоо хөл алдаад уначихсан. Тухайн үед Б нэг гартаа хүүхдээ тэвэрчихсэн байсан. Тэгээд эргэж босож ирээд зууралдаад байхаар нь би салгах санаатай Б-ын араас тэвэрсэн. Тэгээд миний цагаан өнгийн camry маркийн тээврийн хэрэгслийн урд талд хүүхэдтэйгээ ороод суучихсан гэсэн мэдүүлэг /хх 38-39 ху/,

 

-Яллагдагч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би архи уухын хувьд уусан. Гэхдээ өөрийгөө хянах чадвартай байсан. Баттай өмнө нь хамт ажиллаж байсан учраас энэ гаргасан зөрчлийнхөө хариуцлагыг хүлээгээд машинаа авихаж болдоггүй юм уу гэж асуухад болохгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би “тэгвэл гэрт хүргээд өгөө, би яаж харих юм бэ” гэж хэлсэн. Намайг түлхэхээр нь би унахдаа мөрдөснөөс нь татаад унасан. Тэгэхдээ мөрдсийг нь хуулсан байх гэж бодож байна. Эхлээд Бат намайг түлхсэн. Тэрний дараа би уурандаа очоод жаахан барьцалдсан байх гэсэн мэдүүлэг /хх 63-64 ху/,

 

-Хохирлын үнэлгээ /хх 47 ху/,

 

-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-4 ху/,

 

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 45 ху/,

 

-Хохирогчийн иргэний үнэмлэхийн хуулбар, ажлын албаны үнэмлэхийн хуулбар, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчдын 2021.05.18-ны өдөр ажиллах хуваарь /хх 51-53 ху/,

 

-Б.Б-ыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 68-77 ху/

 

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 84 ху/ зэрэг болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 05 сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байх 3 замын уулзварын хяналтын постонд тус аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Н.Бын “Олон нийтийн газар, авто зам орон сууц орчны газар, гудамж, талбайд бие зассан”, мөн “иргэн н.Э-ыг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг таслан зогсоож” хууль ёсны шаардлага тавихад буюу хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан Н.Б-ыг “гараад ир писда минь, одоо үзчихье” гэх зэргээр хүч хэрэглэхээр заналхийлсэн, мөн түүнийг автомашинаас татаж буулган, гараараа цамцнаас нь барьж аван, нааш цааш сэгсэрч цохихоор оролцож бие махбодид хүч хэрэглэн халдаж эсэргүүцсэн гэмт хэрэгт үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...би хэргээ хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Хохирлоо төлж, хохирогчоос уучлалт гуйсан байгаа” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Н.Б-ын “...зорчиж явсан хүмүүсийг нь “та нар харьж амарцгаа” гэчихээд би машиндаа орж суух гээд алхаж явтал араас Б согтуу “чи намайг одоо хүргэж өг, үгүй бол машин авчирч өг” гэхээр нь би тоолгүй цаашаа алхаж яваад машиндаа орж суусан. Тэгсэн машины хаалга онгойлгоод “гараад ир писда минь, одоо үзчихье” гэж хэлээд миний зүүн талын мөрдөснөөс чангаасан. Тэгсэн мөрдөсний хойд талын бүч нь урагдчихсан. Тэгээд намайг чангаасаар байгаад гадагш гаргаад зүүн гараараа нүүр рүү цохих үйлдэл хийсэн. Тэрэнд нь би оногдолгүй бултсан” гэсэн мэдүүлэг /хх 11-13 ху/, гэрч Б.А, Н.М-Э, Д.Э, Б.У нарын өгсөн мэдүүлгүүд, хохирлын үнэлгээ, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Б-ын гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.   

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Б.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Иймд дээрх гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.800.000 төгрөгөөр торгох ялаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь оногдуулсан 2.800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сард 466.700 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

 

Хохирлын хувьд хохирогч Н.Б нь гэм хорын нэхэмжлэл гаргаагүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөр байхгүй байна гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1ш СД-ийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овогт Б Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 2.800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1ш СД-ийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ж.БАЙГАЛМАА