Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 190

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн  шүүх  хуралдаанаар 
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 4 дүгээр баг Хүйсийн говьд оршин суух Гаадан овгийн Ившинхоролын Гантөмөр /РД: ДЛ78102014/,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Соёлын төв
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Говь-Алтай аймгийн Хөхморьт сумд оршин суух Самбалын Баттөр /РД: ДЛ68021011/
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И.Гантөмөр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золзаяа, түүний өмгөөлөгч М.Энхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов.                                            
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И.Гантөмөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ившинхоролын Гантөмөр нь 2011 оны 06 дугаар сард Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Соёлын төвд орон нутаг судлах танхимын ажилтан техникчээр 2016 оны 11 сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байна. Ажиллах хугацаанд алдаа зөрчил гаргаагүй, хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу үүрэг даалгаврыг хангалттай биелүүлж ажиллаж байсан. Би 11 сарын 01-ний өглөө ажилдаа ирээд 11 цаг хүртэл ажил дээрээ байсан, эрхлэгч Мөнхцэцэг ирээгүй, хөгжийн багш, нярав нар ирсэн байсан. Би хөдөө явах гэсэн юм, эрхлэгч яагаад ирэхгүй байгаа юм гэхэд амарч байгаа гэсэн. Тэр 2 хүнд хэлээд хөдөө явсан. 11 сарын 03-ны орой ирээд 11 сарын 04-ний өдөр ажилдаа ирсэн. 11 сарын 05, 06-ны өдөр амралтын өдөр байсан. 11 сарын 07-ны өдөр ажилдаа ирэхэд Дэлхийн зөнгийн сургалттай гээд техник хэрэгсэл зөөж байсан. Манайхан чамайг ажлаас халж байгаа, тушаал гарсан гэсэн. Надад тушаал өгөөгүй. Ширээн дээр байсан тушаалыг үзэхэд 11 сарын 03-ны өдрийн огноотой тушаал байсан. Тэгээд би юмаа зөөчихөөд явсан. 11 сарын 08-ны өдөр ажилдаа ирэх үед Баттөр ирсэн байсан. 11 сарын 11-нд номын санчаас тушаалаа өөрөө конандаж авсан. Хуулийн хүнээс утсаар зөвлөгөө авахад намайг ажлаас халсан тушаалын хуулийн заалт буруу гэсэн. Миний бие уг тушаалыг үндэслэлгүйгээр гаргасан гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Соёлын төвийн эрхлэгчийн 2016 оны 11 сарын 03-ны өдрийн Б/03 тоот тушаалыг хянан үзэж ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн бичилж хийлгүүлж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: И.Гантөмөрийг Соёлын төвөөс халахад дээд газраас мэргэжлийн хүн авч ажиллуул, наад хүн чинь шаардлага хангахгүй байна гэж удаа дараа шаардсан байдаг. Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хөөн хэлэлцэх хугацааны талаар дэлгэрэнгүй тайлбарлах нь зүйтэй гэж бодож байна. Учир нь ажлаас буруу халагдсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлыг 30 хоногийн дотор гаргах эрхтэй. Энэ хүн 11 сарын 03-ны өдөр гарсан тушаалтай 11 сарын 04-ний өдөр танилцаад авалгүй гарч явсан. Өгсөн тушаалыг өөрөө авалгүй ширээн дээр орхиод гарч явсныг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй. 11 сарын 04 гэхэд тушаалаа бүрэн мэдчихсэн байсан. 12 сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасан тэр үед хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байсан. Үүнийгээ өвчтэй хүн сахиж байсан гэж тайлбарлаж баримт бичиг гаргаж өгсөн. 2 өөр албан бичгийг нь Цагдаагийн байгууллага нь ч шалгаж чаддаггүй ийм байдалтай байна. Тэгэхээр дээрх баримт бичгүүд нь шүүхийн хувьд нотлох баримт болох боломжгүй гэж үзэж байна. Шалгуулсан нотлох баримтын асуудал шүүхээр шийдэгдэлгүй, прокурорын шатанд дуусчихсан тул нотлох баримт хангалттай шалгагдаагүй гэж үзэж, нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна. Иймд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн хойно гомдлоо гаргасан тул нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Баттөр нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие 2007-2010 онд Соёлын дээд сургуулийн музейн ажилтны ангид суралцаж төгссөн. 2010 оны 08 сард Говь-Алтай аймгийн Боловсрол соёлын газарт бүртгүүлж мэргэжлийн ажилдаа орох хүсэлт өгсөн нь бүртгэлтэй байдаг. Хөхморьт сумын Соёлын төвийн орон нутаг судлах танхимд мэргэжлийн боловсон хүчин ажилладаггүй бөгөөд 2011 онд соёлын төвийн ОНСТ-ийн ажилтан Отгонбаатар шилжиж явахад ажилд орох хүсэлтээ өгч байсан. Тухайн үед байсан эрхлэгч нь өөрийн төрсөн дүүгээ нөхөр Отгонбаатарын оронд авсан. Энэ үеэс манайх удаа дараалсан өргөдлүүдийг өгч байсан бөгөөд ах дүү хамаатан саднаараа ажиллаж байдгийг хүлээн зөвшөөрөөгүй. Хамгийн сүүлд 2016 оны 07 сарын 22-нд өгсөн өргөдлийн хариуг дараах шалтгаанаар 106 хоног хүлээж 2016 оны 11 сарын 03-нд ажилдаа орсон. Өргөдлийн хариу хүлээсэн шалтгаан: 1. Өргөдлийн хариу 30 хоног- 2016.07.22-2016.08.22, 2. И.Гантөмөр ээлжийн амралтаа авсан- 2016.08.22-2016.09.05, 3. И.Гантөмөр самар түүгээд 2016.09.26-нд ажилдаа ирсэн. 4. И.Гантөмөрт мэдэгдэх хуудас өгсөн 2016.10.03-2016.11.03 хүртэл 30 хоног, нийт 106 хоног хүлээсэн. Ингээд ажилдаа орж ажлаа хүлээн авъя гэхэд Гантөмөр ирж хүлээлгэж өгөөгүй, комиссууд нь янз бүрийн шалтгаанаар ирэхгүй байж байтал миний ажлын байрыг хөндөж шүүхэд хандсан байдаг. Иймээс шүүхийн шийдвэр гарахыг хүлээж ажлаа гүйцэтгэж байгаа. Эдгээр хугацаанд И.Гантөмөр нь мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх, ажлын байрны шаардлага ханган ажиллах тал дээр анхаараагүй, өргөдөл мэдэгдэх хуудас хүлээн авсан хугацаандаа байгууллагад нэг ч хариу өгөөгүй мөртлөө биднийг эхнэртэйгээ янз бүрийн байдлаар гутаан доромжилж дайрч гүтгэж байсан. Энэ хүн цаашид энд ажилд орлоо гэхэд мэргэших талаар боломжгүй гэж бид боддог. Яагаад гэвэл 6 дугаар анги төгссөн, дунд боловсролыг ч бүрэн эзэмшээгүй хүн юм. Энэ ажлын байр нь тусгай боловсролтой, мэргэшсэн хүн байх заалттай бөгөөд би хууль эрх зүйн дагуу хүсэлт өргөдөл өгөх, Боловсрол соёлын газрын мэргэжлийн боловсон хүчин авч ажиллуулах удаа дараагийн шаардлага зэргийг үндэслэн ажилдаа орсон. Миний ажлын байранд И.Гантөмөрийн өгсөн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золзаяа нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Дорс гэдэг хүний албан ёсны асрагч нь Пүрэвсүрэн гэж байдаг. Тэр нь хөдөө байдаг тул өөрийнхөө бага охиныг Дорс гуайн гэрт байлгаж асруулдаг. Зундаа 2 гэр байгаад өвөл нь Хэрмэл гэдэг охин нь нөхөр Сундуйтайгаа ирээд 3 гэрээрээ байдаг. Иймээс И.Гантөмөрт Дорсийг асрах ямар ч шаардлага байхгүй. Сахиур хийсэн гэдгийн хувьд би эмчтэй нь очиж уулзаад Дорс гуай гадуур эмчилгээтэй байсан юм байна, та яагаад бичиг хийж өгсөн юм бэ гэхэд би тийм бичиг хийж өгөөгүй гээд надад бичиг хийж өгсөн. Тэгээд нөгөө бичиг нь Цагдаагаар шалгагдтал та тэр бичгээ надад буцаагаад өгөөч, би товчхон бичээд өгчихсөн байна, дэлгэрэнгүй бичээд өгье гэхэд нь би шүүхэд өгчихсөн гэхэд таг чимээгүй болчихсон. Мөрдөн байцаагчид юу гэж хэлээд хэрэг хаагдсан талаар би мэдэхгүй. Гантөмөрт Дорсийг асрах шаардлага байдаггүй, зөвхөн хашаанд нь байдаг. Хадам эмээ нь мөн, гэхдээ тэр хүнийг Пүрэвсүрэнгийн бага охин нь байнга гэрт нь асардаг. Дорсын охин Хэрмэл ээжийгээ харж 3 гэрээр байж байгаад 04 сард хөдөө гарсан. Ийм учраас И.Гантөмөрт асран хамгаалах асуудал огт хамаагүй. Би Эрүүл мэндийн газарт нь Хөхморьт сумын Эрүүл мэндийн төвийн тамга ямар байдалтай хадгалагдаж байгаа талаар хэлээд өгөөч гэж хүсэж байгаа. Дорсийг Гантөмөр асрах ямар ч үндэслэл, тэр хүн нь эмнэлэгт ч хэвтээгүй гэв. 
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч И.Гантөмөр нь Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Соёлын төвд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Соёлын төвийн эрхлэгч М.Мөнхцэцэг нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/03 дугаартай тушаалаар орон нутаг судлах танхимын ажилтан И.Гантөмөрийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/03 дугаартай тушаал, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар тогтоогдож байна. 
Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдлыг шүүх харьяалан шийдвэрлэхээр заасан байх тул нэхэмжлэгч И.Гантөмөр нь ажилд эгүүлэн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна. 
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргах эрхтэй байхаар заажээ. 
Нэхэмжлэгч И.Гантөмөр нь 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн тушаалтай 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр танилцсан болох нь гэрч М.Алтанцэцэгийн “..И.Гантөмөр 11 сарын 04-ний өдөр ажилдаа ирсэн. Би тушаал нь энэ байна гэхэд тушаалыг уншчихаад ширээн дээр орхиод гарсан. Дараа нь тушаалаа конандъя гэж нэг ирсэн...” гэх мэдүүлгээр тогтоогдож байна. 
Нэхэмжлэгч нь гомдол гаргах хугацааг сэргээх талаар хүсэлт гаргасан боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан нь шүүх хуралдаанд хугацаа сэргээлгэх хүсэлтээсээ татгалзаж, И.Гантөмөр нь 2016 оны 11 сарын 11-ний өдөр тушаалаа авсан тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж мэтгэлцэж байгаа нь гэрч М.Алтанцэцэгийн дээр дурдсан мэдүүлгээр няцаагдаж байгаа болохыг дурдах нь зүйтэй. 
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт заасан “хүндэтгэн үзэх шалтгаан” гэдэгт энэ зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно. Харин хууль мэдэхгүй явдал нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй. 
Нэхэмжлэгч И.Гантөмөр нь өөрөөс нь шалтгаалахгүй нөхцөл байдлын улмаас хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн болох нь тогтоогдохгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэхээр өгсөн баримтууд нь 2016 оны 12 сарын 02-ны өдрийн огноотой байх бөгөөд энэ үед нэхэмжлэгчийн гомдол гаргах хугацаа хэтрээгүй байсан байна. Эндээс үзэхэд дээрх баримтуудыг нөхөн бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн нэхэмжлэгч И.Гантөмөр нь өвчтэй хүн асарч байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж чадаагүй гэж тайлбарлаж байх боловч шүүх хуралдаанд өөрийн асарч байсан гэх Л.Дорс нь эмнэлэгт хэвтээгүй, гадуур эмчилгээтэй байсан гэж тайлбарлаж байна. 
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэнд өөрөөс нь үл хамаарах хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэсэн болно.
Хэрэгт цугласан нотлох баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч И.Гантөмөр нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул хэргийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар И.Гантөмөрийн нэхэмжлэлтэй, хариуцагч Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Соёлын төвд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.ОЮУНБИЛЭГ