| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 167/2021/0082/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/78 |
| Огноо | 2021-06-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/78
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж,
улсын яллагч Л.Мөнхбаяр,
шүүгдэгч Б.С,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Суманхөлөгт холбогдох эрүүгийн 2119000000108 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1979 оны 09 сарын 17-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 42 настай, бүрэн бус дунд боловсролтой, дохиочин, оосорлогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг 1122 тоотод оршин суух хаягтай, урьд нь 2005 оны 09 сарын 29-ний өдөр Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, Боржигин овогт Б-н С /РД:ЕА79091717/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 05 сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Цагаан дөрвөлжийн 9-13 тоот иргэн Ө.Б-ы гэрт хохирогч Л.Д-тай гар утас хулгайллаа гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа 2 удаа, зуухны тагаар 1 удаа цохиж, духны зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Б.С-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Үйлдсэн хэргийнхээ талаар маргахгүй. Зөвшөөрч байгаа. Хохирогчид өөрийн зүгээс өгсөн мөнгө төгрөг байхгүй. Манай найз өгсөн гэж байсан. Энэ үйлдэл миний буруу. Прокуророос санал болгосон торгуулийг зөвшөөрнө. Энэ торгуулиа 3 сарын хугацаанд биелүүлмээр байна. Ийм зүйл хийсэндээ харамсаж байна гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Л.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2021 оны 05 сарын 16-нд Баяраа ахынд очиход М, Б ах, С нар байсан. Намайг очиход Б ах, М, С нар архи ууж байсан. Би С-д барьж байгаа утсаа тавиад хөзөр тоглоё гэхэд С тоглохгүй гэсэн. Тэгээд удалгүй С гар утас алга болчихлоо гээд хайгаад байсан. Би С-ийн утсыг баруун орон дээрээс аваад өмднийхөө ард хийсэн байсан. М С-ийн утас руу залгаад байсан би өмднийхөө араас гаргаж өгсөн. Тэгэхэд Мөнгөншагай намайг утас хулгайлчихлаа гээд Мөнгөншагай бид хоёр заамдалцаад зууралдаад байж байсан. С хажуугаас орж ирээд намайг цохиж зодсон юугаар цохисныг мэдэхгүй байна. Зодохдоо юу ашигласныг нь мэдэхгүй байна. Миний толгой хагарсан, надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх 11-17 ху/,
-Гэрч Ө.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2021 оны 05 сарын 16-ны өдөр М, С хоёр манайд 1 ширхэг архи авч орж ирсэн. Тэр архинаас М, С бид нар уусан. Архи уугаад дуусч байхад Ц /Ц гэж дууддаг нэрийг нь Д/ орж ирсэн. Би гэрээс гараад бие засах гээд гарсан. Тэр хооронд С, Ц-тай маргалдаад М Ц-г хүний гар утас хулгайлчихлаа гээд зууралдаж аваад байхад нь би орж ирж боль яагаад Ц-г зодоод байгаа юм бэ гэхэд С, Цах гар утас авчихаад өгөхгүй байна гэсэн. Тэр үед Ц-ийн толгойноос цус гарч байсан би Ц-г утсыг нь өг гээд загнахад өмднийхөө арын халааснаас гаргаж ирээд Суманхөлөгт гаргаж өгсөн гэсэн мэдүүлэг /хх 19-20 ху/,
-Гэрч Д.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Ц орж ирсний дараа С гар утас алга болчихлоо гээд хайгаад утас руу нь залгаж үзтэл бүдэг сонсогдоод байсан. Тэр хавиар хайгаад олдохгүй байхаар нь Ц ахыг босгож байгаад залгаж үзэхэд өмсөж байсан өмд дотор нь дуугарч байсан. Дээр нь дараад суучихаад дуу нь сонсогдохгүй байсан. Тэгээд Б ах бид хоёр Ц ахыг гар утсыг гаргаад өгчих өмдөнд чинь дуугараад байна гэхэд бантсандаа өмднийхөө ард хэсгээс гаргаж өгсөн. Тэгээд утсаа гаргаж өгчихөөд Ц ах уурлаад над руу дайраад би заамдаж аваад зуралдаад байж байх үед С хажуугаас орж ирээд Ц ахыг 2-3 удаа гараараа цохисон, бас зуухан дээрээс тагийг нь аваад Ц ахын толгой хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд Б ах Ц С хоёрыг салгаад би С-ийг аваад явсан гэсэн мэдүүлэг /хх 21-23 ху/,
-Яллагдагч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Ц-г орж ирсний дараа миний гар утас алга болоод тэр хавиар хайгаад олдохгүй байхаар нь М-аар өөрийн утас руугаа залгуулахад утас дуугарсан. Ц миний гар утсыг өмдний ард дотор талд нь хийгээд дээрээс нь суучихсан байсан. Ц-г босоход гар утас шууд дуугарсан. М, Ц-г хүний утас хулгайлчихлаа гээд уурлаад заамдаж аваад тэр хоёр зууралдаад ноцолдсон ба би хажуугаас нь ороод Ц-г 2 удаа гараараа цохиод Баяраа ахын гэрт байсан зуухны тагийг авч Ц-ийн толгой хэсэг рүү зуухны тагаар нэг удаа цохисон гэсэн мэдүүлэг /хх 73-74 ху/,
-Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 02/0161 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Л.Д-ийн биед духны зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Учирсан гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
5. Шинээр илэрсэн зүйл үгүй гэсэн дүгнэлт /хх 31 ху/,
-Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-10 ху/
-эд зүйлийг хураан авсан тэмдэглэл /хх 36-38 ху/,
-нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /хх 51 ху/,
-хохирогчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 53 ху/,
-Б.С-ийг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 67-74 ху/
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 42 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.С нь 2021 оны 05 сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Цагаан дөрвөлжийн 9-13 тоот иргэн Ө.Б-ны гэрт хохирогч Л.Д-тай гар утас хулгайллаа гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа 2 удаа, зуухны тагаар 1 удаа цохиж, духны зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Үйлдсэн хэргийнхээ талаар маргахгүй. Зөвшөөрч байгаа.” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Л.Д-ийн “...М намайг утас хулгайлчихлаа гээд М бид хоёр заамдалцаад зууралдаад байж байсан С хажуугаас орж ирээд намайг цохиж зодсон юугаар цохисныг мэдэхгүй байна. Зодохдоо юу ашигласныг нь мэдэхгүй байна миний толгой хагарсан, надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн /хх 11-17 ху/, гэрч Ө.Б-ы “...М, С хоёр манайд 1 ширхэг архи авч орж ирсэн. Тэр архинаас М, С бид нар уусан. ...Би гэрээс гараад бие засах гээд гасан. Тэр хооронд С, Ц-тай маргалдаад М Ц-г хүний гар утас хулгайлчихлаа гээд зууралдаж аваад байхад нь би орж ирж боль яагаад Цагаанааг зодоод байгаа юм бэ гэхэд С, Ц ах гар утас авчхаад өгөхгүй байна гэсэн. Тэр үед Ц-гийн толгойноос цус гарч байсан би Цагаанааг утсыг нь өг гээд загнахад өмднийхөө арын халааснаас гаргаж ирээд Суманхөлөгт гаргаж өгсөн” гэсэн мэдүүлэг /хх 19-20 ху/, гэрч Д.М-ийн “...Ц орж ирсний дараа С гар утас алга болчихлоо гээд хайгаад утас руу нь залгаж үзтэл бүдэг сонсогдоод байсан. Тэр хавиар хайгаад олдохгүй байхаар нь Ц ахыг босгож байгаад залгаж үзэхэд өмсөж байсан өмд дотор нь дуугарч байсан. Тэгээд Б ах бид хоёр Ц ахыг гар утсыг гаргаад өгчих өмдөнд чинь дуугараад байна гэхэд бантсандаа өмднийхөө ард хэсгээс гаргаж өгсөн. Тэгээд утсаа гаргаж өгчихөөд Ц ах уурлаад над руу дайраад би заамдаж аваад зуралдаад байж байх үед С хажуугаас орж ирээд Цагаанаа ахыг 2-3 удаа гараараа цохисон бас зуухан дээрээс тагийг нь аваад Цагаанаа ахын толгой хэсэг рүү нэг удаа цохисон” гэсэн мэдүүлэг /хх 21-23 ху/, яллагдагч Б.С-ийн “...М, Ц хүний утас хулгайлчихлаа гээд уурлаад заамдаж аваад тэр хоёр зууралдаад ноцолдсон ба би хажуугаас нь ороод Ц 2 удаа гараараа цохиод Б ахын гэрт байсан зуухны тагийг авч Ц-ийн толгой хэсэг рүү зуухны тагаар нэг удаа цохисон” гэсэн /хх 73-74 ху/ мэдүүлгүүд, хохирогчийн биед духны зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл болохыг тогтоосон шинжээчийн 02/0161 дугаартай дүгнэлт, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шадгах хуудас зэрэг баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.С-ийн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Б.С нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд дээрх гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хохирлын хувьд хохирогч Л.Д-т хөнгөн зэргийн гэмтэл учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд гэм хорын нэхэмжлэл гаргаагүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөр байхгүй байна гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1ш зуухны тагийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Б-н С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд сард 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1ш зуухны тагийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА