Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/134

 

    2021            5                28                                               2021/ШЦТ/134

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдбаяр,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,

   Шүүгдэгч, хохирогч Б.М, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн,

  Шүүгдэгч, хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч Т.Батцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

  Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Б.Б , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Б.Б нарт холбогдох эрүүгийн 2134000000070 дугаартай, 1 хавтаст хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, Б овогт Б.М, төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 2 хүүхэд, хадам эхийн хамт тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

2.Монгол улсын иргэн, Б овогт Б.Б , суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

1.Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.19-ний өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

  Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Б.Бын өгсөн: 2020 оны 02 дугаар сарын 07-ний өдөр би Б.Аынд очиход эдгээр хүмүүс байж байсан. Хохирогч над руу хар ус цацсан тэгэхээр нь би тэрэнд нь уурлаад халамцуу байсан учраас муудалцсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний доод уруул язарсан гэхдээ одоо бол эдгэсэн байгаа өөр ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Мийн өгсөн: 2020 оны 02 дугаар сарын 07-ний өдөр Б.Аын гэрт бууз хийгээд байж байсан. Миний зүүн нүдний яс зөрүүтэй болсон, хамар хугарч цаашаа чихэгдсэн, дээд шүд үүрч унасан.  Одоо хамраа янзлуулмаар байна өөр ярих зүйлгүй гэх мэдүүлэг,

 

 Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

 Б.Мийн хохирогчоор өгсөн /хх 10/, Б.Бын хохирогчоор өгсөн /хх 13/, хохирогч Б.Б.А /хх 16/, гэрч Б.М /хх 18/, гэрч Б.Б.А /хх 20/, гэрч Х.Батцэцэг /хх 22/, гэрч Б.Үүрийнцолмон /хх 24/, гэрч Б.Бямбадорж /хх 26/, гэрч Б.Б /хх 28-29/, гэрч Л.Жаргалсайхан /хх 32/, гэрч Г.Лхагвадорж /хх 34/,  шинжээч Л.Бямбатуяа /хх 45/, Б.Мийн яллагдагчаар өгсөн /хх 56/, Б.Бын яллагдагчаар өгсөн /хх 62/ мэдүүлгүүд,

          Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №87 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 36/,

 Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №86 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 39/,

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №88 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 42/,

 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4, 6/, шүүгдэгч Б.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 68/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 69-70/, Б.Бын торгуулийн ял биелэгдсэн талаарх Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.02.25-ны өдрийн 1/241 дугаартай албан тоот /хх 72/, шүүгдэгч Б.Бын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 63-67/, шүүгдэгч Б.Мийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 77/, шүүгдэгч Б.Мийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 73-76/ зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар: 

 

         Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын тоот хашаанд Б.Б.А, Б.М нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож, улмаар Б.Мийн эрүүл мэндэд “зүүн хоншоорын урд хана зөрүүгүй, нүдний ухархайн урд ирмэг зөрүүтэй, хамар яс цөмөрсөн хугарлууд, хамрын таславчийн мурийлт зүүн талын элхэг болон хоншоорын хөндийн цусархаг агууламж, баруун дээд 1 дүгээр шүдний эмтрэл, зүүн, баруун хацрын төвгөр, доод уруул, зүүн эгэмд зулгаралт, баруун нүдний доод зовхи, дотор булан, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний склерийн гадна буланд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал.” бүхий хүндэвтэр хохирол,

            мөн Б.Б.Аын эрүүл мэндэд “дух, зүүн чих, хацрын төвгөр, баруун хөмсөг, хацрын төвгөр, хацар, эрүү, цээж, баруун тохой, шуу, зүүн тохой, ядам хуруунд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, гадна булан, хүзүү баруун эгэмд цус хуралт” бүхий хөнгөн хохирол,

 Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын тоот хашаанд Б.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, улмаар Б.Бын эрүүл мэндэд “дээд уруулд шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь;

 

  Хохирогч Б.Мийн өгсөн: “Би 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр эхнэрийн хамт найз Б.Б.Аынд очиж бууз хийлцсэн. Бууз хийх зууртаа 2 том Нийслэл пиво уугаад Б.Б гаднаас найзтайгаа 1 шил архитай орж ирээд хамт уусан. Буузаа хийж дуусаад Б.Аын эхнэр Үүрийнцолмон орон дээр хэвтэж байхад нь би тоглоод шанаганы ёроолд байсан усыг цацтал Б.Б айлын эхнэр лүү ус цацдаг нь яаж байгаа юм бэ чи гэхэд Б.А гаднаас орж ирээд наад хоёр чинь тоглож байгаа биз дээ чамд ямар хамаатай юм бэ гэхэд Б.Б таньдаг болохоороо чи өмөөрөөд байгаа юм уу гээд босож ирээд Б.Аыг цохиод газарт унагаад тэр хоёр гэрээс гарсан. Тэгтэд Б.А ухаан алдаад уначихсан байсан. Би араас нь гарч очоод Б.Б дээр хүрээд очиход шууд миний нүүр лүү цохиод би газарт унахад нүүр лүү өшиглөсөн. Ингээд би ухаан алдаад эхнэр цагдаад дуудлага өгсөн. Миний хамар яс хугарсан. Зүүн нүдний доод ухархайн яс хугарсан, үүдэн дээд баруун талын 1 дүгээр шүд эмтэрсэн хохирол учирсан байгаа. Би гомдолтой байна. Хамраа тэгшлүүлэх эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Улсын эмнэлэгт 1 сая гаруй төгрөгөөр хамар тэгшлэх эмчилгээ хийдэг гэсэн. Хувийн эмнэлэг 2 сая орчим төгрөгөөр эмчлэх юм билээ. Энэ зардлыг нэхэмжилнэ. Тархины томографын зураг 130 000 төгрөгөөр авхуулсан, 30 000 төгрөгийн эм бичиж өгсөн. Баримт нь байгаа. Дуусахаар нь дахин уугаарай гэсэн одоогоор эм дуусаагүй байгаа.” гэх мэдүүлэг /хх 10, 18/,

 

  Хохирогч Б.Бын өгсөн: “Би 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 20 цагийн орчимд Б.Аынд найз Жаргалсайханы хамт очсон. Тэднийд Б.А эхнэртэйгээ, Б.М эхнэртэйгээ, Бямбадорж нар байсан. Эхнэрүүд нь буузны мах татаад эрчүүд нь 2 сав пиво, 1 шил архи тавьчихсан уугаад сууж байсан. Ингээд надад архи пивоноосоо өгөөд би 0,75 литрийн Соёрхол архи авч очсон байсныг тэдэнд гаргаж өгөөд хамт уусан. Ингээд байж байх үед Бямбадоржийн эхнэр ирсэн. Би Бямбадоржийн эхнэртэй зүүн талын орон дээр утсаар зураг үзээд сууж байтал Б.М хуванцар шанагаар ус хутгаж архи даруулж ууж байсныгаа Бямбадоржийн эхнэр бид хоёр луу цацсан. Энэ үед Б.Аын эхнэр бид хоёрын хойд талд орны толгойны хэсэгт сууж байсан. Тэгээд би Б.М рүү хар ус яагаад хүн рүү цацаж байгаа юм гэж уурлахад Б.М миний өөдөөс уурлаад гарч зодолдъё гэж миний өөдөөс босож ирсэн. Энэ үед эхнэр нь мөн Бямбадорж хоёр босож ирээд боль гээд эргээд сандалдаа суусан. Б.А манай найз Жаргалсайхан руу хандаж чи манай гэрт томрох юм бол би чамайг ална шүү гэхээр нь би Б.Ат хандаж чи Б.Мд юм хэлж чадахгүй байж зүгээр сууж байгаа манай найзад яагаад томроод байгаа юм бэ гэхэд Б.А надад хандаж тэгээд чи яах юм гээд баруун гараараа миний зүүн шанаа руу нэг удаа цохиод зүүн талын ор руу түлхэж унагаад зүүн шанаа руу 2 удаа цохисон. Энэ үед Б.М хажуунаас орж ирээд гараараа гэдэс рүү 1 удаа гуя руу нэг удаа цохисон. Ингээд гэрт байсан хүмүүс больцгоо гээд Жаргалсайхан бид хоёр гэрээс гарахад Б.А араас гарч ирээд намайг нэг удаа хөлөөрөө хавирч цасан дээр унагаад зүүн шанаа руу 2 удаа гараараа цохиод аманд гараа хийгээд татсан. Тэгэхээр нь би хоёр гарыг нь хумьж бариад доош нь дартал миний суганаас хазаад авсан. Энэ үед Бямбадорж бид хоёрыг салгаад би Жаргалсайханыг явъя гэж хэлээд дагуулаад цааш эргэтэл Б.А араас дахиад ална гээд гүйгээд ирэхээр нь эргэж хараад нүүрэн тус газарт нь нэг удаа цохитол ухаан алдаад уначихсан. Тэгтэл Б.Аын эхнэр гүйж ирээд яанаа босохгүй байна, ухаан алдчихлаа гээд хашхирахаар нь би Бямбадоржид хоёулаа Б.Аыг гэрт оруулъя гээд Б.А руу очих гэтэл Б.М өөдөөс гүйж ирээд баруун гараараа миний зүүн чамархай хэсэгт 2 удаа цохиод зүүн гараараа хажуунаас уруул руу савтал миний дээд уруул дотроо язраад цус гарсан. Тэгэхээр нь би уурлаад Б.Мийг гараараа нүүр лүү нь цохитол сөхрөөд суучихаар нь нүүр хэсэг рүү нь нэг удаа өшиглөөд Б.М газар унасан. Ингээд л Жаргалсайхан бид хоёр тэндээс явсан. Удалгүй цагдаа нар араас ирээд намайг аваад эрүүлжүүлэхэд авч ирээд хэсэг саатуулж байгаад гаргаж явуулсан.” гэх мэдүүлэг /хх 13/,

 

   Хохирогч Б.Б.Аын өгсөн: “Би 2021 оны 02 дугаар сарын 07-ний өдөр гэртээ Б.М, Бямбадорж тэдгээрийн эхнэрүүдийн хамт бууз хийгээд архи пиво ууж байсан. Тэгтэл гаднаас Б.Б бас нэг найзтайгаа 1 шил архитай орж ирээд бөөндөө хувааж уугаад сууж байтал Б.М, Б.Б хоёр эхэлж муудаад би больцгоо гэж хэлтэл Б.Б над руу уурлаад чи Б.Мийг өмөрлөө гээд бид хоёр муудалцаад гэрт барилцаж аваад гадаа гараад Б.Б миний нүүр лүү цохиод цээж рүү өшиглөөд би ухаан алдаад уначихсан. Үүнээс болоод нүүрэнд олон тооны шалбархай цус хуралт гэмтлүүд үүссэн. Одоо миний биеийн байдал эрүүл зүгээр болсон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 16/,

      “...Бууз хийх зууртаа 1 шил 0.75 литрийн экс нэртэй архи би дэлгүүрээс аваад хамт бууз хийсэн найзуудтайгаа хувааж уусан. Энэ өдөр манай найз Баасанцэрэн манай хашаанд даага тэжээхээр авчирч орхисон байсан. Бууз хийж байх зуурт Б.Б манайд ирж гаднаас 1 шил 0.75 литрийн Соёрхол архи 1 ундаатай нэг танихгүй найзтайгаа хамт ирээд бид бүгд архийг нь хувааж ууж сууж байгаад би бие засах гээд гадагшаа гартал бүх эрэгтэйчүүд гарч ирээд тамхи татаад бие засаад зогссон. Тэгтэл Б.Б намайг газар унагаад нүүр лүү хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Тэгтэл манай найз Б.М хорих гээд голоор ортол Б.Мийг бас нүүр лүү нь гараараа 2-3 удаа цохиод унагаад нүүр лүү өшиглөсөн. Дотор архи уугаад сууж байхдаа Б.Б над руу болон манай найзууд руу та нар жаахан хүүхдүүд шүү гээд ахархаж яриад байсан. Ингээд манай эхнэр гарч ирээд цагдаа дуудаад Б.Б зугтчихсан цагдаа нар ирээд Б.Бын араас явсан. Намайг Б.Б зодох болсон шалтгаан нь өдөр даагаа авчирч орхихдоо нэг согтуу залуутай машинтай ирээд тэр залуу нь хашаанаас гарахдаа сигналдаад байхаар нь би чи согтуу машин жолоодоод дээрээс нь хашаанд машинаа сигналдаад хүүхэд сэрээлээ гээд уурласан энэ үед Б.Б надад жаахан дургүй байх шиг санагдсан үүнээсээ болж намайг зодсон болов уу гэж бодож байна. Манай найз Бямбадорж, Б.М, Б.Бтай хамт явсан залуу байсан. Нүүр духны зүүн дээд, баруун дээд хажуу, баруун хацар, баруун эрүү, зүүн хацар шалбарч халцарсан, дээд уруул язарсан, хүзүү шалбарсан.” гэх мэдүүлэг /хх 20/,

 

   Гэрч Х.Батцэцэгийн өгсөн: “2021 оны 02 дугаар сарын 07-ний өдөр нөхөр Б.Мтэй хамт найз Б.Аынд бууз хийлцэхээр 1 сав 2.5 литрийн нийслэл пиво аваад 19 цагийн үед очсон. Тэднийд Б.А эхнэртэйгээ, Бямбадорж нар байсан. Ингээд буузаа хийж эхлээд пиво ууцгаасан пиво дуусаад Б.А 1 сав 2.5 литрийн Нийслэл пиво аваад хувааж ууцгаасан. Тэгтэл гаднаас танихгүй 2 залуу 1 шил 0.75 литрийн Соёрхол архи барьж орж ирээд задлаад тэнд байсан хүмүүст өгч хамт ууцгаасан. Б.Аын эхнэр бид хоёр огт уугаагүй. Тэгтэл Б.А бие засах гээд гадагшаа гартал манай нөхөр Б.М Б.Аын эхнэр Цолмон руу тоглоод шанагатай ус цацтал гэрт байсан Б.Б гэх залуу манай нөхөр лүү чи яагаад айлын эхнэр лүү ус цацаж байгаа юм гээд босоод иртэл манай нөхөр бид хоёр тоглож байна шүү дээ гэж хариу хэлтэл Б.А гаднаас орж ирсэн. Тэгтэл нөгөө залуу Б.Ат хандаж танай найз чинь хөгийн залуу байна ш дээ гэхэд Б.А яахав дээ наад хоёр чинь тоглож байгаа юм биш үү гэхэд нөгөө залуу нь Б.Аыг заамдаад авсан. Тэгээд гэрээс гараад бид нар араас нь гараад очиход нөгөө залуу Б.Аыг заамдаад баруун гараараа нүүр лүү нь нэг удаа цохиод баруун хөлөөрөө цээж рүү нь нэг удаа өшиглөөд унагасан. Б.А босож ирээгүй. Тэгтэл манай нөхөр гарч ирээд нөгөө Б.Б дээр гүйгээд очиход манай нөхрийг Б.Б заамдаж бариад баруун гараараа нүүр лүү 1 удаа цохиод манай нөхөр сөхрөөд суутал баруун хөлөөрөө нүүр лүү нэг удаа өшиглөөд унагачихсан. Ингээд зугтаагаад яваад өгөхөөр нь би цагдаа дууд гэж хэлээд цагдаад дуудлага өгүүлсэн. Б.Быг явсны дараа хажуу айлын залуугаар Б.Аыг өргүүлж гэрт нь оруулсан. Манай нөхөр Б.Мийн хүзүүг нь боосноос болж урагдсан, үүдэн дээд, доод 4 шүд нь үйрчихсэн, 2 нүд нь таг хөхрөөд хамар нь битүүрээд хавдчихсан.” гэх мэдүүлэг /хх 22/,

 

    Гэрч Б.Үүрийнцолмонгийн өгсөн: “Б.Б гаднаас 1 шил архитай өөр нэг залуутай хамт орж ирсэн. Ингээд архиа задлаад хамт ууцгааж байгаад буузаа хийж дуусаад би орон дээрээ утсаа оролдоод хэвтэж байтал Б.М шанаганы ёроолд үлдсэн 2-3 дусал усыг над руу цацсан. Тэгэхээр нь босож ирээд яаж байнаа гэхэд унтаад байгаа юм уу гээд өөдөөс инээхээр нь би тоглож байгаа юм байна гэж ойлгоод юм яриад сууж байхад Б.Б гэнэт уурлаад Б.Мтэй эхлээд маргалдаад чимээгүй болоод больсон. Тэгтэл бие засах гээд гэрээс гарцгаатал гадаа шуугилдаад явчихсан би гараад харахад Б.А, Б.Б хоёр барилцаад авчихсан хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би эргэж гутлаа өмсөх гэж гэрт ороод гутлаа өмсөөд гараад иртэл манай нөхөр газар уначихсан байсан. Би Батцэцэгээс яасан бэ юу болчихвоо гэж асуутал Батцэцэг Анхааг Б.Б өшиглөж унагаад нүүр лүү нь өшиглөчихлөө гэж хэлсэн. Манай нөхөр Б.А ухаан алдаад уначихсан байсан би хажуу айлын залууг дуудаж өргөж гэрт оруулсан. Энэ үед би нөхрөө гэрт оруулах гээд тэдэн рүү анзаарч хараагүй.” гэх мэдүүлэг /хх 24/,

 

    Гэрч Б.Бямбадоржийн өгсөн: “2021 оны 02 дугаар сарын 07-ний өдөр найз Б.Аынд адуугаа тэжээхээр очсон байсан. Тэгтэл тэднийх бууз хийгээд пиво ууцгаасан би хамт уулцсан. Тэгтэл гаднаас Б.Б нэг найзтай хамт 1 шил архи барьчихсан орж ирээд тэрийг хамт ууцгаасан. Тэгтэл Б.М Үүрийнцолмоныг хэвтэж байхад нь ус цацаад тэгтэл Б.Б Б.Мд чи хүн рүү ус цацлаа гээд уурласан. Тэгээд хоорондоо жаахан маргалдаад больсон. Тэгтэл гарч бие засахаар болоод гэрээс Б.А гараад Б.Б Б.Атай барилцаж баруун гараараа нүүр лүү нь нэг удаа цохиж унагаад газар унахаар нь нүүр лүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөөд унагачихсан. Тэгтэл Б.М араас нь гараад иртэл Б.Б барьж аваад нүүр лүү нь баруун гараараа 1-2 удаа цохиод Б.М сөхрөөд суусан. Тэгтэл нүүр лүү нь хөлөөрөө 1 удаа өшиглөөд унагачихсан. Ингээд зодоон дуусаад Б.Быг яв гээд явуулсан. Б.А Б.Б нэг удаа нүүр лүү нь гараapaa цохисон, Б.М цохисон эсэхийг санахгүй байна ямар ч байсан өөдөөс нь дайрч байсан.” гэх мэдүүлэг /хх 26/,

 

  Гэрч Л.Жаргалсайханы өгсөн: “Би 2021 оны 02 дугаар сарын 07-ний өдөр найз Б.Бтай цуг адуу тэжээж байгаа айлдаа очно гэхээр нь хамт очсон. Тус айлд очиход хүмүүс бууз хийгээд архи уугаад сууж байсан. Ингээд цуг архи уугаад сууж байгаад Б.А, Б.Б хоёр муудалцаад хамт гадагшаа гарсан. Би араас нь гараад очход Б.Б Б.Аыг нүүрэн тус газар нь гараараа нэг цохиод Б.А газарт унасан. Тэгтэл Б.М хажуунаас нь орж ирээд Б.Б гараараа толгой руу цохих шиг болсон. Хэдэн удаа цохисныг нь мэдэхгүй байна. Тэгтэл Б.Б эргүүлээд Б.Мийг нүүрэн тус газар нь нэг удаа цохиод газарт унагасан. Тэгтэл эхнэрүүд нь гарч ирээд салгаад Б.Б бид хоёрыг яв гээд бид хоёр тэднийхээс явсан. Би юунаас болж муудсаныг нь мэдээгүй гэнэт л муудаад гадагшаа гарсан. Б.А Б.Б хоёр гэрээс гарахаасаа өмнө орон дээр барилцаж аваад ноцолдоод Б.А дээр нь гараад нүүр лүү гараapaa 2-3 цохиод тэгээд гадагшаа гарснаас хойш Б.А Б.Быг цохисныг бол хараагүй. Б.Мийг цээж рүү нь нэг удаа өшиглөсөн, Б.Аыг өшиглөсөн эсэхийг бол мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх 32/,

 

   Гэрч Г.Лхагвадоржийн өгсөн: “Би 2021 оны 02 дугаар сарын 07-ний орой манай авга Б.Аынх бууз хийж байна гэхээр нь 19 цагийн орчим ганцаараа очсон. Очиход манай нөхөр Бямбадорж, Б.А эхнэртэйгээ, Б.М эхнэртэйгээ, Б.Б гэх залуу найзтайгаа архи уугаад байж байсан. Ингээд бууз хийж дуусаад зүүн талын орон дээр хамгийн хойд талд Б.Аын эхнэр, голд нь би миний доод талд Б.Б сууж байтал Б.М гэнэт архи даруулж ууж байсан шанагатай усаа бид хэдийг дамнуулаад цацсан. Тэгтэл миний өмсөж байсан өмд норсон, мөн Б.Аын эхнэр, Б.Б ч гэсэн норсон. Тэгээд Б.Б Б.Мд хандаж чи яагаад зүгээр байж байхад ус цацаад байгаа юм гээд Б.Мтэй маргалдсан. Тэгтэл манай нөхөр Б.Мийн хажууд очиж суугаад чи одоо боль согтсон байна битгий ингэж мууд гэж хэлэхэд үгэнд нь ороогүй, би алчуураар өмдөө арчиж байтал Б.Б, Б.А хоёр зүүн талын орон дээр дээр дороо ороод ноцолдоод эхэлсэн. Тэгээд манай нөхөр салгаад тэр хоёр гадагшаа гарсан. Миний өмд нойтон байсан учир би гараагүй. Хэсэг хугацаа өнгөрсний дараа намайг гараад очиход Б.А гадаа доошоо хараад ойччихсон газар хэвтэж байсан. Ингээд Б.Аын эхнэр бид хоёр хажуу айлын залууг нь гэрээс нь дуудаж гэрт нь өргөж оруулсан.” гэх мэдүүлэг /хх 34/, 

 

      Б.Бын яллагдагчаар өгсөн: “Намайг Төв аймгийн Зуунмод сумын төвд 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр найз Жаргалсайханы хамт гадуур ажилтай явж байсан чинь орой 20 цагийн орчим Б.А утсаар залгаад манай гэрт яваад ир найз нар байна гэсэн. Тэгэхээр нь би Жаргалсайханы хамт дэлгүүрээс нэг шил архи аваад Б.Аын гэрт очход гэрт Б.А түүний эхнэр, Б.М мөн түүний эхнэр нь найз Бямбадорж нар архи уугаад сууж байсан. Тэгээд Жаргалсайхан бид хоёр дэлгүүрээс авсан архиа гаргаад гэрт байсан хүмүүстэй цуг хувааж уугаад сууж байхад гаднаас Бямбадоржийн эхнэр орж ирээд Бямбадоржийн эхнэртэй утсаар юм үзээд юм яриад сууж байсан чинь Б.М над руу ус цацсан. Тэгэхээр нь чи яах гээд байгаа юм бэ гэсэн чинь Б.М нь чи тэгээд яадаг юм гээд сууж байснаа босоод ирсэн. Тэгэхээр нь би чи суу зүгээр бай би чамтай зодолдмооргүй байна гэсэн. Тэгтэл хажууд нь сууж байсан Б.А надтай цуг явсан Жаргалсайхан руу чи манай гэрт томроод байвал чамайг ална шүү гээд байсан. Тэгэхээр нь би Б.Аыг чи манай найзыг зүгээр байхад найз руу битгий томроод бай гэсэн. Тэгтэл Б.А босож ирээд над руу дайраад чи тэгээд яах юм гээд намайг барьж аваад гэрийн зүүн орон дээр арагш нь унагааж дараад Б.А нь толгойн тус газар луу цохиод мөн хажуугаас Б.М хөлний гуя гэдэс хэсэгт цохиж зодсон. Тэгээд тухайн гэрт цуг байсан хүмүүс салгаад би босоод гадуур хувцсаа өмсөөд явлаа гээд Жаргалсайханы хамт гэрээс гарсан. Тэгтэл араас ална гээд хашхираад гэрээс Б.Б.А гараад ирсэн. Тэгээд гэрийн гадаа Б.Атай учир зүйгээ олох гээд юм яриад зогсож байтал Б.А намайг хөлөөрөө хавираад унагаагаад толгойг тус газарт цохиж зодоод би өөдөөс нь зууралцсан нь чинь хуруугаа ам руу хийгээд уруул татаад мөн хуруугаараа нүд ухна гээд нүд рүү дайраад байсан. Тэгэхээр нь би Б.Аын хоёр гарыг барьж аваад Б.Аыг цохиод тэгтэл Б.А доош суугаад миний зуун суганаас шүдээрээ хазсан ба тэгтэл Б.М нь хажуугаас ирж толгой руу хөлөөрөө өшиглөсөн. Тэгтэл гэрээс цуг байсан хүмүүс гарч ирээд Б.А, Б.М хоёрыг надаас салгаад тэгэхээр нь би Жаргалсайхан найзыг явъя гээд цааш явтал Б.А нь араас ална гээд гүйгээд ирсэн. Тэгэхээр нь би эргэж хараад гараараа цохитол Б.А газарт унасан ба босож ирэхгүй ухаан алдсан юм шиг байсан. Тэгэхээр нь би Б.Аыг босгох гэтэл Б.М хажуугаас ирж намайг цохиж зодсон. Би Б.Мийг цохиж зодсон. Тэгтэл Б.М газар унасан. Тэгэхээр нь би Б.Мийн нүүр лүү хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд би хашаанаас нь гараад зугтаагаад гэртээ хариад байж байсан чинь цагдаа нар манай гэрт ирж намайг авч цагдаагийн газарт ирсэн юм. Б.Б.А, Б.М нартай ямар нэгэн хамаатан садан холбоо байхгүй нэг нутгийн найз нар. Гэрт Б.Б.А миний толгой руу 2-3 удаа гараараа цохиж зодсон. Гэрээс гараад хөлөөрөө хавирч газарт унагаагаад 3 удаа гараараа толгой руу цохиж зодсон, мөн аманд хуруугаа хийж татсан, мөн зүүн гарны суганаас шүдээрээ хазаж эрүүл мэндэд хохирол учруулсан. Б.М нь гэрт гараараа гэдэс, зүүн гуя хэсэгт цохиж зодоод гэрээс гараад 3 удаа гараараа толгойн зүүн шанаа руу цохиж зодож эрүүл мэндэд хохирол учруулсан. Миний зүүн нүд хөхөрсөн, толгой тархи доргиж өвдөж байна. Зүүн суганаас хазсан шүдний ором үүсэж өвдөж байна. Тухайн үед би архи согтууруулах ундаа уусан хэдий ч үйл явдлыг мэдэх чадвартай байсан. Цагдаагийн газарт ирээд согтуурал хэмжих багаж үлээлгэхэд 2.0 хувийн согтолттой байна гэсэн.” гэх мэдүүлэг /хх 28-29/,

      “...Б.М намайг гараapaa саваад миний дээд уруулыг дотор талд нь язалчихсан. Ингээд тэндээс явсны дараa цагдаа нар араас ирж намайг цагдаа дээр авчирсан.” гэх мэдүүлэг /хх 62/,

 

      Б.Мийн яллагдагчаар өгсөн: “Би 2021 оны 02 дугаар сарын 07-ний өдөр найз Б.Аынд эхнэрийн хамт бууз хийхээр очсон. Бууз хийх зуураа 2 том Нийслэл пиво хувааж уугаад сууж байтал Б.Б гаднаас найзтайгаа орж ирээд 1 шил 0.75 литрийн архи гаргаж ирээд түүнийг нь бөөндөө хувааж уугаад буузаа хийж дуусаад Б.Аын эхнэр зүүн талын орон дээрээ хэвтэж байсан. Тэгэхээр нь би тоглоод шанаганы ёроолд байсан усыг бие рүү нь цацсан чинь Б.Б айлын эхнэр лүү ус цацаад яаж байнаа чи гэж хэлсэн. Энэ үед Б.А гаднаас орж ирээд наад хоёр чинь тоглож л байгаа биз дээ чамд ямар хамаатай юм бэ гэтэл Б.Б чи Б.Мийг таньдаг болохоороо өмөөрөөд байгаа юм уу гээд босоод иртэл Б.Б Б.Аыг цохиод газарт унагаад тэр хоёр гадаа гараад ноцолдсон. Тэгтэл Б.А ухаан алдаад би араас нь очтол намайг Б.Б цохиод нүүр лүү өшиглөөд би бас ухаан алдаад цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хх 56/,

 

    Шинжээч Л.Бямбатуяагийн өгсөн: “Үзлэг хийхэд дээд уруулын дотор салстад үүссэн шарх нь дангаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин суганд зулгаралт, зүүн нүдний доод зовхи, суганд цус хурсан гэмтлүүд бол гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь олон тооны зулгаралт, цус хуралтууд үүссэн учир бүгд нийлж хөнгөн зэргийн гэмтэлд хамаарч байгаа. Олон тооны зулгаралт, цус хуралт гэдэгт хүний алганы хэмжээнээс их хэмжээтэй талбайг хамарч байвал олон тооны гэж гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан байдаг. Зүүн хоншоорын урд ханын зөрүүгүй хугарал, нүдний ухархайн урд ирмэг зөрүүтэй хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг үед үүссэн шинэ гэмтлүүд байсан.” гэх мэдүүлэг /хх 45/,

 

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №87 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Б.Мийн биед зүүн хоншоорын урд хана зөрүүгүй, нүдний ухархайн урд ирмэг зөрүүтэй, хамар яс цөмөрсөн хугаралууд, хамрын таславчийн мурийлт, зүүн талын элхэг болон хоншоорын хөндийн цусархаг агууламж, баруун дээд 1-р шүдний эмтрэл, зүүн, баруун хацрын төвгөр, доод уруул, зүүн эгэмэнд зулгаралт, баруун нүдний доод зовхи, дотор булан, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний склерийн гадна буланд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэжээ /хх 36/,

 

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №86 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Б.Б.Аын биед дух, зүүн чих, хацрын төвгөр, баруун хөмсөг, хацрын төвгөр, хацар, эрүү, цээж, баруун тохой, шуу, зүүн тохой, ядам хуруунд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, гадна булан, хүзүү, баруун эгэмэнд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /хх 39/,

 

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №88 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Б.Бын биед дээд уруулд шарх, суганд зулгаралт, зуун нүдний доод зовхи, дээд уруул, суганд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн нь үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /хх 42/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

           

            Шүүгдэгч Б.М, Б.Б нар нь архидан согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан маргалдан санаатай үйлдлээр шүүгдэгч Б.М нь Б.Бын эрүүл мэндэд уруулд шарх бүхий хөнгөн хохирол, шүүгдэгч Б.Б нь Б.Мийн эрүүл мэндэд зүүн хоншоорын урд ханын зөрүүгүй хугарал, нүдний ухархайн урд ирмэг зөрүүтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол, Б.Б.Аын эрүүл мэндэд  дух, зүүн чих, хацрын төвгөр, баруун хөмсөг, хацрын төвгөр, хацар, эрүү, цээж, баруун тохой, шуу, зүүн тохой, ядам хуруунд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, гадна булан, хүзүү, баруун эгэмэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан. Шүүгдэгч Б.Мийн дээрх үйлдэл хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Б.Бын дээрх үйлдэл хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэн,    

 

            хяналтын прокуророос шүүгдэгч нарыг дээрх зүйл ангиар гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болохыг дурдав.

 

            Хохирогч Б.Б, Б.Б.А нар нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол нэхэмжлээгүй, хохирогч Б.М цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх хүсэлт гаргасныг дурдав.

 

            Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

            Улсын яллагчаас шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр,

            Шүүгдэгч Б.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал тус тус гаргасныг,

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч И.Отгонсүрэн, Т.Батцэцэг нар нь шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан шүүгдэгч тус бүрд торгох ялын доод хэмжээгээр оногдуулах санал тус тус гаргав.  

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэжээ.   

 

            Шүүгдэгч Б.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч  Б.Б гэм хорын хохирол нэхэмжлээгүй,

            Шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Б.Б.А гэм хорын хохирол нэхэмжлээгүй, хохирогч Б.Мийн цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэн шүүгдэгч тус бүрийн гэм буруутайд тооцсон зүйл ангийн торгуулийн ялын доод хэмжээгээр оногдуулж, шүүгдэгч Б.Бт зүйл анги тус бүрд оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт торгох ялын хэмжээг тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

            Шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоох хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

            Эрүүгийн 2134000000070 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

            Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Б овогт Б.Б ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,

            Шүүгдэгч Б овогт Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2.Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,

            Шүүгдэгч Б.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн түүнд оногдуулсан торгох ялын нийт хэмжээг 900 000 /есөн зуун мянга/ төгрөгөөр тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 900 000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч Б.Мд оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Б.М нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

            6.Хохирогч Б.М нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.  

 

            7.Эрүүгийн 2134000000070 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б, Б.М нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            9.Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Б.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.БАТЖАРГАЛ