Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/158

 

 

 

 

 

 

 

 

 

    2021           6                02                                                2021/ШЦТ/158

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдбаяр,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,

Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.О-д холбогдох эрүүгийн 2134000000121 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.       

        

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Б.О, Дундговь аймгийн Адаацаг суманд өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Төв аймаг, 4-3 тоотод оршин суух, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагналгүй,  урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

1.Сум дундын 23 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, дугаарын регистртэй

                         

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.              

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Б.О-н өгсөн: “Би дүүгийнхээ найраас эрүүл ирсэн. Гэтэл намайг согтуу ирсэн гэж яриад байх шиг байна. Эхнэр ажлынхантайгаа архи дарс их уугаад байдаг юм. Тэр талаар нь больчихож болдоггүй юм уу, үр хүүхдүүдээ бодоод амьдарч болдоггүй юм уу гэж их хэлдэг. Ажлаасаа хоёр удаа согтуу ирсэн. Тэгээд эхнийх дээр нь би юм хэлээгүй сүүлийнх дээр нь уур хүрээд гарч архи уугаад ийм асуудал үүссэн. Бүх зүйл миний буруу дахиж ийм асуудал гаргахгүй гэж хэлмээр байна” гэх мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Хохирогч М.М /хх 55-56/, шүүгдэгч Б.О-н гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 16-17, 31/,  гэрч М.М /хх 7-8/, Т.Намжилмаа /хх 10/, Л.Хулан /хх 12/, Х.Оюунгэрэл /хх 14/ нарын өгсөн мэдүүлэг,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн №138 дугаартай дүгнэлт /хх 19/, Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн №138 дугаартай дүгнэлт /хх 69-70/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1/, аюулын зэргийн үнэлгээгээр 5 буюу бага гарсан талаар тэмдэглэл /хх 65-67/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 90/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх 87/ зэрэг бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар: 

 

Шүүгдэгч Б.О нь согтуугаар 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн 3-5 тоот гэртээ эхнэр М.М-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр М.М-г үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Шүүгдэгч Б.О-н өгсөн: “2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр гэртээ байж байтал найз Шарка, Онго хоёр манайд 13:00 цагийн үед 0.5 литрийн шилтэй Экс нэртэй 4 шил архитай орж ирсэн. Тэгээд бид гурав хувааж уугаад гадаа харанхуй болсон байсан манай хоёр найз гэр лүүгээ явцгаасан би тасраад унтчихсан байсан. Тэгээд унтаж байгаад дотор муухайраад бостол эхнэр М.М ажлаасаа ирчихсэн байсан. Юунаас болж маргалдсанаа сайн мэдэхгүй байна. Нэг мэдэхэд М.М-тай маргалдаад цохичихсон байсан. М.М гэрээс гараад явсан. Гэртээ орж ирэхгүй удаад байхаар нь гадаа гараад хажуу айл руу ортол Лхагваа ах, М.М,Намжилмаа эгч, Хулан, Ариунболд нар байсан. Тэгээд Намжилмаа эгчтэй миний амьдралд оролцлоо гэж хэрэлдээд байж байтал сумын цагдаад ирээд Ариунболд бид хоёрыг дагуулаад сумын Цагдаагийн хэсэг рүү явсан.” гэх мэдүүлэг /хх 16-17, 31/,

"2021 оны 2 дугаар сарын 05-ны өглөө 5 цагийн үед мотоциклтой дүү Дашхүү хүүхдийнхээ даахийг авна гэсэн тул Даац гэх газар луу явсан. Орой 18 цагийн үед сумын төвд гэртээ ирсэн. Тэгээд гэртээ ороод ирсэн чинь манай хүүхдүүд намайг хоол хийж өгөөч өлсөөд байна гэхээр нь ээж нь хаачсан юм гэж асуухад гараад явсан мэдэхгүй гэсэн. Тэгэхээр нь би жоохон дургүй хүрээд дэлгүүрээс 0,5 литрийн 1 шил архи аваад гудамжинд ганцаараа уугаад М.М-гийн байгаа айлд очсон. Тэгээд тэр айлд байсан хүмүүстэй хамт архи, пиво ууж байгаад М.Мг гэртээ харьяа гэхэд над руу агсраад байсан. Тэгээд гэртээ ирээд би хүүхдээ хаяад айл хэсээд байх юм пизда чинь гэсэн чинь над руу агсраад байсан. Тэгэхээр нь би гэрээс гараад Шарка гэдэг залуутай 0,75 литрийн архи уусан. Тэгээд гэртээ ирээд унтах гэсэн чинь М.М намайг зайл гэхээр нь хэрүүл болоод М.Мг нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Тухайн үед эхнэр, хүүхэд үлдээгээд айл амьтанд очиж архи уусан болохоор нь уурлаад цохисон. Бид хоёр албан ёсны гэр бүл. Хамт амьдраад 10 жил болж байна." гэх мэдүүлэг /хх 63-64/,  

 

Хохирогч М.М-гийн өгсөн: “Би Б.О болон 4 хүүхдийн хамт Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бүрд 3 дугаар багийн нутаг Төрийн алба хаагчдын 3 дугаар байрны 2 тоотод амьдардаг. 2021 оны 02 дугаар сарын 03-наас 04-д шилжих шөнө гэртээ хүүхдүүдийн хамт унтаж амраад байж байхад 02 цагийн орчим манай нөхөр Б.О найранд явсан гээд согтуу гэртээ орж ирсэн. Гэртээ орж ямар нэгэн шалтгаангүй миний баруун талын нүд рүү гараараа 3 удаа цохисон. Мөн баруун хацар руу гараараа нэг удаа, зүүн нүдний дээр хөмсөгний орчим гараараа нэг удаа цохисон. Гутлаа аваад шилэн хүзүү рүү 3-4 удаа цохисон. Гуталтай хөлөөрөө баруун талын тахим шилбэ рүү 2 удаа өшиглөсөн. Ирээд учиргүй уурлаад загнаад янхан, банзал гэж хараагаад дайраад байсан. Би унтаж амраач ээ гэж гуйсан боловч үгэнд орохгүй дайраад байсан. Тэгээд агсам тавьж байгаад 03 цагийн орчим унтаад өгсөн.Өглөө 2021 оны 02 дугаар сарын 05-ны өглөө 9 цагийн очим сэрээд өгөх газраа өгөхгүй юу гээд гараад явчихсан. Тэгээд би бие өвдөөд босож чадахгүй өдөржин хэвтсэн бөгөөд 16 цагийн орчим манай эмнэлгийн дарга, манай эгч Намжилмаа, сумын нийгмийн бодлогын ажилтан Мөнхжаргал нар ирж үзээд Цагдаагийн байгууллагад хандахаар болсон. Миний баруун талын нүд хөхөрч хавдсан, баруун хацар хавдсан, зүүн талын хөмсөгний дээд талд хавдсан. Шилэн хүзүү их хөндүүртэй байна, босохоор толгой эргээд хөл өвдөөд байгаа. Одхүү согтууруулах ундаа уухаараа 7-8 хоног уудаг. Уухгүй байхаараа 15 хоног уудаггүй. Уусан үедээ ааш зан муутай байнга айлгаж сүрдүүлдэг. Зодох гэж дайрах зэрэг үйлдлийг байнга гаргадаг. Би дарамтад хэцүү байна. Зодуулснаас болж ажилдаа явж чадахгүй байна." гэх мэдүүлэг /хх 55-56/,

"2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хүн эмнэлгээс ажлаас тараад 19 цагийн орчим гэртээ ирэхэд нөхөр Б.О нь архи согтууруулах ундаа хэрэглэчихсэн хоёр хүүхэдтэйгээ байсан. Намайг ирсэн чинь Б.О хаагуур явж байгаад ирж байгаа юм, манай найз нарыг хангаж байгаад ирэв үү гээд гараараа хөмсөг буюу нүд хэсэгт 1 удаа цохисон. Тэгэхээр нь би гэрээс гараад аавын төрсөн дүү Намжилмаа эгч рүү утсаар залгаад нөхөр Б.О архи ууж ирчхээд намайг цохиж зодоод байна цагдаа дуудаад өг гэсэн. Тэгээд би гэрийн гадаа байж байтал Намжилмаа эгч ирсэн. Бид хоёр хажуу айлын Лхагвын ороод байж байтал цагдаа ирж Одхүүг аваад явсан. Тухайн үед миний баруун хөмсөг буюу нүд орчим хөхөрч хөндүүрлэж байсан. Бид хоёр 2010 оноос хойш хамтран амьдарч дундаасаа 2-10 насны 4 хүүхэдтэй болсон.” гэх мэдүүлэг /хх 5/,

 

Гэрч Т.Намжилмаагийн өгсөн: "Би 2021 оны 3 дугаар сарын 04-ний орой ажлаасаа тарж ирээд гэртээ байж байтал 19:11 цагийн орчим М.М 89044131 дугаарын утсаар дохисон байсан. Тэгээд би эргээд яасан юм бол гэж бодоод дугаар луу нь 2 удаа залгатал миний дугаарыг авахгүй байсан. Тэгээд удалгүй М.М над руу 95136136 дугаарын утсаар залгаад та манайд хүрээд ирээ Б.О намайг зодчихлоо гэхлээр нь би удаагүй машинаа асаагаад гэрийнх нь гадаа яваад очсон. М.М хажуу айлынхаа гадаа футболктой зогсож байсан. М.Мгийн баруун хөмсөг орчим хавдсан байсан. Тэгээд Хулангийн гэрт бид 2 ороод би цагдаад дуудлага өгсөн. Тэгээд удалгүй Хулангийн гэрт байж байтал Б.О орж ирээд агсам тавьж та нарыг ална гээд Ариунболдтой барьцалдаад үлдсэн. Тэгээд би гэрээс нь гарч явсан. 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 15 цагийн орчим М.Мгийн ажлын газрын дарга нь Долгорсүрэн утсаар яриад М.М нөхөртөө зодуулчихсан ажилдаа ирэхгүй байна гэж хэлэхээр нь 16 цагийн орчим М.Мгийн гэрт орж уулзахад М.М баруун талын нүд нь хөхөрч хавдаж улайсан хэвтэж байсан. Юу болсон талаар асуухад нөхөр Б.О нь найранд явж ирчхээд намайг шалтгаангүй зодчихлоо гэж хэлсэн. Иймд би гэр бүлийн хүчирхийллийг шалгуулахаар Цагдаагийн байгууллагад хандсан. М.Мгийн баруун хөмсөг орчим хавдсан байсан.” гэх мэдүүлэг /хх 10/,

 

Гэрч Л.Хулангийн өгсөн: “Би 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 19 цагийн орчим гэртээ байж байтал гэрийн гадаа М.М эгчийн уйлах чимээ гарсан. Тэгээд цонхоор яасан гээд асуутал М.М эгч цагдаа дуудаад өгөөч гэхээр нь сумын цагдаа руу дуудлага өгсөн. Удалгүй Намжилмаа эгч ирсэн. Тэгээд бид гурав гэрийн гадна сууж байгаад манайд орсон. Тэгээд удалгүй Б.О манайд орж ирээд агсам тавьж эхэлсэн. Тэгээд манайд байсан Ариунболд гэх залуу хориод тэр хоёр барьцалдаад байсан. Би гараад явсан. Б.О согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Долоо хоногийн 3-4 өдөрт байнга согтуу байдаг, манай 2 гэрийн хана нимгэн учраас агсам согтуу тавьж байгаа нь мэдэгддэг. 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр би гэртээ байгаагүй. Дараа нь гэртээ ирэхэд М.М хацар нь хөхөрчихсөн байсан.” гэх мэдүүлэг /хх 12/,

 

Гэрч Х.Оюунгэрэлийн өгсөн: “2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр миний нөхөр Маналжавын дүү Намжилмаа утсаар залгаж Б.О дахиад агсам тавиад гар хүрсэн байна гэсний дагуу би ирсэн. Б.О архи уухаараа байнга агсам тавьж согтуурдаг залуу байгаа юм.” /хх 14/ гэх мэдүүлэг,

 

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 138 дугаартай дүгнэлт: “1.М.М-гийн биед баруун нүдэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.” гэжээ /хх 19/

 

Төв аймаг Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №84 дугаартай дүгнэлт: “1.М.М-гийн биед баруун хацар, шанаа, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруунд цус хуралт, зүүн ташаа, бугалга, баруун зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Учирсан гэмтлийн баруун хацар шанаа, зовхинд үүссэн цус хуралт зөөлөн эдийн няцрал, нуруунд цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6.М.М-гийн биед хуучин гэмтэл тогтоогдсонгүй. 7.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.” гэжээ /хх 69-70/, яаралтай тусламжийн хуудас /хх 22-23, 74-75/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

     Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэдэгт хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар "эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд"-ийг ойлгоно гэжээ.

 

     Шүүгдэгч Б.О, хохирогч М.М нар нь албан ёсны гэр бүл бөгөөд тэд 11 жил хамтран амьдарч дундаасаа 2-10 насны 4 хүүхэдтэй болсон байна.

 

     Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т "хамтран амьдарч байгаа хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл", мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т "энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүнийг ...гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг сэтгэл санааны хүчирхийлэл."  гэж ойлгоно гэж заасан бөгөөд,

            Шүүгдэгч Б.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2 удаагийн үйлдлээр хохирогчийг бусадтай хардаж эрх чөлөөнд халдан эрүүл мэндэд нь "баруун нүдэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт" гэмтэл, мөн "баруун хацар, шанаа, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруунд цус хуралт, зүүн ташаа, бугалга, баруун зүүн гуянд цус хуралт" гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэн, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.О улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болохыг дурдав.

 

Хохирогч М.М нь нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:  

 

Улсын яллагч шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал,

Шүүгдэгч Б.О ямар нэг санал хүсэлт гаргаагүй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв. 

 

Эрүүгийн 2134000000121 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Б.О-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Б овогт Б.О-г 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650 000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.  

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.О-д оногдуулсан 650 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5.Эрүүгийн 2134000000121 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

   

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Т.БАТЖАРГАЛ