Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/168

 

 

 

 

 

 

 

 

 

    2021           6                07                                                2021/ШЦТ/168

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдбаяр,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ,

Шүүгдэгч Ж.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Шд холбогдох эрүүгийн 2034000000641 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ж.Ш, Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, программ хангамж мэргэжилтэй, ам бүл 2, найз охины хамт Улаанбаатар хот тоотод оршин суух, Хээр адуу хүнсний үйлдвэрт ажиллах, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.  

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Ш нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Ж.Шгийн өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг, 

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Хохирогч Б.У-н өгсөн мэдүүлэг /хх 6-7/, шүүгдэгч Ж.Шгийн гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 8-9, 25-26/, гэрч Ж.Сэр-Одын өгсөн мэдүүлэг /хх 10, 11-12/,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

            Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн №641 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 14/,

            гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, аюулын зэргийн үнэлгээгээр 2 буюу бага гарсан талаар тэмдэглэл /хх 3-4/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 17/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх 29-52/ зэрэг бичгийн бусад нотлох баримтууд болно. 

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч Ж.Ш нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2-р багийн нутаг Жирмийн цагаан нуур гэх газар хамтран амьдрагч Б.У-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:  

 

Шүүгдэгч Ж.Шгийн өгсөн: "2020 оны 10-р сарын 18-ны өдөр манайх Аргалант сумын нутаг Жирэм гэх газраас өвөлжөө рүүгээ нүүж байсан. Би портер машинаар гэрээ ачаад өвөлжөө рүүгээ аав ээжтэй хамт түрүүлээд явсан. Харин манай 2 ах, бэр эгч, манай найз охин 4 мал туугаад араас хөдөлсөн. Би өвөлжөө орж ачаагаа буулгачхаад нөгөө хэддээ хоол унд авч очоод байж байтал Сэр-Од ах 0.75 литр хараа архи гаргаж ирээд тэгээд би задалж хундагалж өгсөн. Манай 2 ах манай найз охин 3 ууцгаасан. Тэгээд ууж дуусаад бэр эгч машин руу ороод 2 ах малаа манаж унтахаар явсан. Тэгээд намайг газан дээр цай халааж байтал манай найз охин уурлаад өшиглөөд асгачихсан. Тэгэхээр нь би чи яаж байгаа юм бэ яах гэж гал өшиглөөд байгаа юм гээд бид 2 маргалдаж эхэлсэн. Тэгтэл Б.У уурлаад машин руу орчихсон. Тэгээд би араас нь очоод хаалгыг нь нээтэл Сэр-од ахтай хамт сууж байсан. Тэгээд би машинд ороод суутал ахиад хэрүүл хийгээд эхэлсэн. Тэгэхээр нь би буугаад нөгөө хаалгаар нь очоод ахыг буулгаад тэгээд Б.Уаг татаж буулгаад хэрэлдэж байгаад би уурандаа Б.Уаг үсдээд унагасан. Тэгсэн Б.У уурлаад мал байсан газар луу яваад өгсөн. Би адуугаа эргүүлж ирээд гудас дэвсээд унтах гээд хэвтэж байтал аавын машин гэнэт асаад хөдөлсөн би босоод араас нь мотоциклтой очтол Б.У машин унаад явж байсан. Би урдуур нь ороод зогсоогоод уурласан чинь машины хаалгаа онгойлгохгүй дотор нь суугаад байсан. Тэгээд хэсэг байж байгаад машинаас Б.У буугаад ирэхээр нь би уурласандаа хөлийг нь хавсарч унагаагаад машины түлхүүрээ аваад Б.Уаг айлгахаар машин дээр байсан улаан иштэй хүрзээр далайгаад байж байтал замаар явж байсан танихгүй жолоочтой машин зогсоод Б.Уаг аваад явсан. Цай халааж байхад өшиглөж асгаад агсам тавиад байхаар бид 2 маргалдсан хэд хэдэн удаа түлхэж унагасан цохисон зүйл байхгүй. Надад цохиж зодсон зүйл байхгүй харин 7, 8 удаа түлхэж унагаан хөл рүү нь өшиглөж хавсран нэг удаа унагасан. Цохисон зүйл байхгүй. Хамт амьдраад 8 сар болж байна гэрлэлтийн баталгаа байхгүй. Тухайн өдөр 2 шил 0.75 литр хараа архийг том ах Сосорбарам, дунд ах Сэр-Од, манай найз охин Б.У нар уусан. Би Б.Уаг цохиогүй хэд хэдэн удаа түлхээд босгоод иртэл духнаас нь цус гарсан байсан. Би уурласандаа айлгах санаатай улаан иштэй хүрзээр далайлган айлгасан юм тэрнээс цохиогүй. Би тухайн үед шөнө байсан болохоор сайн харж чадаагүй танихгүй эмэгтэй хоёр хүн байсан. Би урд өмнө одоогоос 2 сарын өмнө нэг удаа хөл рүү нь өшиглөж тэрнээс хойш гар хүрч үзээгүй байж байгаад сая хүрсэн. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би учруулсан хохирлоо нөхөн төлсөн." гэх мэдүүлэг /хх 8-9, 25-26/,

 

Хохирогч Б.У-н өгсөн: “Би 2020 оны 10-р сарын 18-ны өдөр би хамтран амьдрагч Ж.Шгийн хамт мөн Ж.Шгийн төрсөн ах Сосорбарам, Сэр-Од, Энхмаа гээд Сэр-Од ахын эхнэрийн хамт 5-уулаа малаа хужирлах гээд Аргалант сумын нутаг Жирмийн цагаан нуурын орчим явж байтал орой болоод хонох болсон. Тэгээд бид хэд амрах зуураа 2 шил 0,75 литрийн Хараа архи хувааж ууцгаасан. Тэгээд шөнийн 22 цагийн үед архи ууж байж байтал манай хамтран амьдрагч Ж.Шгийн хоёр ах хоорондоо маргалдаж эхэлсэн. Би нэлээн согтсон байсан. Тэгээд 2 ахыг маргалдаад байхаар нь бид хэд салгаад байж байтал харанхуйд гэнэт миний толгой руу нэг юмаар цохиод авах шиг болсон би сэргэсэн. Тэгсэн манай хамтран амьдрагч Ж.Ш дух руу цохиод миний духнаас цус гараад эхлэхээр нь би айгаад харанхуйд нуугдаж байгаад хадам аавын цагаан өнгийн машинд ороод нуугдаад хаалгыг нь түгжээд сууж байтал хаалгаа онгойлгоо чамайг ална гээд байхаар нь би айсандаа машиныг унаад зам руу зугтсан. Тэгээд шөнийн 02 цагийн үед зугтаж явж байгаад зогстол хамтран амьдрагч Ж.Ш миний араас мотоциклтой хөөж ирээд урдуур хөндлөн зогсоод хаалга онгойлгоо гээд дайраад байхаар би айгаад сууж байтал нэг машины гэрэл гарч ирэхээр нь хаалга онгойлгоод машинаас буутал дахиад машин дээр байсан улаан иштэй хүрзээр миний зүүн шанаа руу цохиод үснээс зулгааж чирээд хацар базаад, миний хоолойг боож байтал нэг жижиг машин ирээд хүн аллаа чи болиоч гээд намайг салгаж авсан тэгээд намайг чи алуулах гээ юу гээд Улаанбаатар хот оруулж хамгийн ойрхон цагдаад хүргэж өгнө гээд намайг авч явсан. Тэгээд 22-н товчооны цагдаад намайг хүргэж өгөөд тэр цагдаа Аргалант сумын цагдааг дуудаж өгсөн. Тухайн үед харанхуй байсан болохоор би юугаар цохисныг хараагүй ямар ч байсан нэг юмаар л цохисон байх цохиулсны дараа миний духнаас цус урсаад эхэлсэн. Тэр орой намайг зодуулж байхад замд таарсан хүмүүсийг би одоо танихгүй. Ж.Ш бид хоёр 2015 онд танилцаад 2020 оны 02 дугаар сараас эхлэн хамтран амьдраад 10 сар болж байна. Намайг гэнэт толгой руу цохиод над руу дайраад ална гээд хоолой боож эхэлсэн. Би тэр хоёр хүнтэй шөнө таараагүй бол үхэх байсан. Надад урьд нь хэд хэдэн удаа гар хүрч миний хөл рүү өшиглөж байсан. Одоо болтол хөх туяа нь арилаагүй байгаа. Мөн миний баруун чих рүү гараараа цохиж байсан ер нь бол зодох гээд байдаг хүн байгаа юм. Бид хоёрт гэр бүлийн батлах байхгүй. Мөн хүүхэд гаргаагүй байгаа. Би гомдолтой байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ гэмтлийн зэргээ тогтоолгоно.” гэх мэдүүлэг /хх 6-7/,

 

Гэрч Ж.Сэр-Одын өгсөн: “Тухайн өдөр манайх өвөлжөөндөө буух гээд нүүж байсан. Манай дүү Ж.Ш гэрээ ачаад түрүүлээд өвөлжөө рүүгээ явсан араас нь би Сосорбарам, манай эхнэр тэгээд Ж.Ш-гийн найз охин Б.Уа 4 малаа туугаад явсан. Тэгээд малаа туугаад Жирмийн цагаан нуур луу орж явтал Ж.Ш араас ирсэн. Тэгээд бид нар тэндээ цай хоол идэж уучхаад харанхуй болтол малаа туугаад явж байтал мал явахгүй болохоор амарцгаасан. Тэгээд би Ж.Ш-г Цагаан хөтөлийн дэлгүүр явуулж 2 шил архи авхуулаад тэгээд бид 4 уусан ууж байх зуураа ээлжилж малаа эргэж байгаад ууж дуусаад би 01 цагийн алдад Б.У нэлээн согтчихсон байсан тэгэхээр нь би за дүү нар минь эртхэн унтаж амраарай гэж хэлснээ би малынхаа захад очоод унтаад өгсөн. Тэгээд өглөө сэртэл манай эхнэр байсан бусад нь байхгүй байсан. Тэгэхээр нь би эхнэрээс асуутал Сосорбарам адуундаа явсан. Ж.Ш Б.Уа хоёрыг хаачсаныг мэдэхгүй байна гэсэн. Хэрүүл маргаан юунаас болж гарсан талаар би мэдэхгүй. Тухайн үед Ж.Ш, Б.Уаг зодож цохиж байгааг хараагүй. Би түрүүлээд унтчихсан байсан болохоор мэдэх зүйл алга. Бид хэд өглөө гэрээс гарахад тэр хоёр маргалдсан зүйл байхгүй байсан орой Ж.Ш архи уугаагүй. Манай эхнэр болон манай ах бид 4 архиа хувааж уусан. Б.Уа нэлээн согтсон байсан. Тэгээд л хэрүүл болсон байх. Гаднаас өөр хүн ирээгүй бид хэд гэр бүлээрээ л байсан.” гэх мэдүүлэг /хх 10, 11-12/,

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

            Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн №641 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Б.У-н биед духанд шарх, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.” гэжээ /хх 14/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

     Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэдэгт хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар "эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд"-ийг ойлгоно гэжээ.

 

     Шүүгдэгч Ж.Ш, хохирогч Б.У нар нь 8 сар хамтран амьдарч байгаа нь тэдний мэдүүлгээр тогтоогдсон.

 

            Шүүгдэгч Ж.Ш нь ямар нэг шалтаг шалтгаангүйгээр хамтран амьдрагч  Б.У-г унтаж байхад нь дух хэсэгт нь өшиглөж эрүүл мэндэд нь духанд шарх, баруун бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Улсын яллагч шүүгдэгч Ж.Шг гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдэхдээ хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу урьд нь гурав буюу түүнээс дээш удаа эрх чөлөөнд нь халдсан гэх үндэслэлээр хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй байх бөгөөд энэ нь хохирогч Б.У-н өгсөн: "Надад урьд нь хэд хэдэн удаа гар хүрч миний хөл рүү өшиглөж байсан. Одоо болтол хөх туяа нь арилаагүй байгаа. Мөн миний баруун чих рүү гараараа цохиж байсан ер нь бол зодох гээд байдаг хүн байгаа юм." гэх мэдүүлгээр тогтоогдсон гэж үзэв.

 

Хохирогч Б.У нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Шг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг,

Шүүгдэгч Ж.Ш ямар нэг санал гаргаагүй болно.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Шд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж түүний хувийн байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв. 

 

Эрүүгийн 2034000000641 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ж.Шг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Шг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Шд оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ш нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5.Эрүүгийн 2034000000641 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Ш нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.  

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Шд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Т.БАТЖАРГАЛ