Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 13

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокурор хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Эрхэмбаатарын дүгнэлттэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын байгаль орчны хяналтын тасгийн даргад холбогдох,

Мандалд сум дахь Байгаль орчны хяналтын тасгийн дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Волоожийн Н.Баттулгад холбогдуулан гаргасан 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 0172073 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Прокурор А.Ариунзаяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Эрдэнэсувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх А.Ариунзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... тус сум дахь Байгаль орчны хяналтын тасгийн дарга, байгаль орчин хяналтын улсын байцаагч Ж.Волоож 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Нацаг овогтой Баттулгыг Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар Ойн тухай хуулиар тогтоосон шаардлагыг биелүүлээгүй... гэсэн зөрчилд 50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50.000 төгрөгөөр торгож шийтгэл ногдуулсан №0172073 дугаартай шийтгэлийн хуудас бүхий хялбаршуулсан журмаар шалгаж шийтгэл оногдуулсан материалыг хянахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

1. Нацаг овогтой Баттулга нь Хандгай Нуур ХХК-ийн өмнөөс үйл ажиллагаа явуулсан байхад Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар Ойн тухай хуулиар тогтоосон шаардлагыг биелүүлээгүй... гэсэн зөрчилд 50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50.000 төгрөгөөр торгож шийтгэл ногдуулсан нь хуулийн этгээдийг хариуцлагаас чөлөөлсөн, хууль буруу хэрэглэсэн байна.

Н.Баттулга Хандгай Нуур ХХК-ийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулсан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт заасан хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байх тул Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус сум дахь Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Волоож 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №0172073 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд прокурорын дүгнэлт бичиж хүргүүлсэн байна ... гэжээ.

 

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сумын байгаль орчны хяналтын тасгийн дарга Ж.Волоож шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... би иргэн Нацаг овогтой Баттулгын ЗИЛ-131 машинаар Хандгай нуур ХХК-д мод тээвэр явуулахдаа мод тээврийн хяналтын хуудсандаа тэмдэглэгээ хийгээгүй зөрчлийг шалгаж Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт заасан ойн тухай хуулиар тогтоосон шаардлага биелүүлээгүй гэсэн заалтын дагуу 50.000 төгрөгийн торгууль ногдуулсан болно. Иргэн Н.Баттулга нь Хандгай нуур ХХК-тай мод тээврийн гэрээ байгуулсан байх бөгөөд гэрээнд заасан үүргээ иргэн Н.Баттулга нь биелүүлээгүй гэсэн тайлбарыг Хандгай нуур ХХК-ийн захирал З.Баттөмөр 3 дугаар хөрөөний эзэн С.Болормаа нар өсөн мөн зөрчлийг жолооч Н.Баттулга хүлээн зөвшөөрсөн тул дээрхи зөрчилд иргэн Н.Баттулгыг торгосон болно. Хэрэв дээрхи зөрчлийг шалгасан материалыг шүүх хянан үзээд хуулийн этгээдийг буюу Хандгай нуур ХХК-ийг торгох үндэслэлтэй гэж үзвэл шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх болно ... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокурор хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Эрхэмбаатарын дүгнэлттэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын байгаль орчны хяналтын тасгийн даргад холбогдох зөрчлийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд дараахь зүйлүүд тогтоогдож байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын байгаль орчны хяналтын тасгийн дарга Ж.Волоож нь 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Хандгай нуур ХХК-ийн гэрээт жолооч Н.Баттулгыг мод тээврийн хяналтын хуудасгүй мод тээвэрлэсэн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар 50 нэгжээр торгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас дээрх хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалыг хянаад Н.Баттулга нь Хандгай Нуур ХХК-ийн өмнөөс үйл ажиллагаа явуулсан байхад Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар Ойн тухай хуулиар тогтоосон шаардлагыг биелүүлээгүй... гэсэн зөрчилд 50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50.000 төгрөгөөр торгож шийтгэл ногдуулсан нь хуулийн этгээдийг хариуцлагаас чөлөөлсөн, хууль буруу хэрэглэсэн тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон 0172073 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичиж шүүхэд ирүүлжээ.

Зөрчлийн хэрэгт цугларсан холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 5-9/, 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 0172073 дугаартай шийтгэлийн хуудас / хх-н 12 /, гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл / хх-17/, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаартай мод бэлтгэх гэрээ / хх-н 18-19 /, 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/17 дугаартай Хан хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны газрын даргын Цэвэрлэгээний огтлол хийх тухай тушаал / хх-н 20-21 /, 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/14 дугаартай Хан хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны газрын даргын Цэвэрлэгээний огтлол хийх тухай тушаал / хх-н 22 /, мод бэлтгэх эрхийн бичиг / хх-н 23-24 /, Хаан банкны 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт / хх-н 25/, мод тээврийн жолооч нартай хамтран ажиллах гэрээ / хх-н 27 / зэрэг нотлох баримтаар Хандгай нуур ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй болох нь тогтоогдож байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокурорын 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаартай прокурорын дүгнэлт нь хуульд нийцсэн үндэслэл бүхий байх тул Сэлэнгэ аймгийн Мандал сумын байгаль орчны хяналтын тасгийн даргын 0172073 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Энэхүү шүүхийн шийдвэр нь уг зөрчлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу дахин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах , прокурорт хянуулахад саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасныг удирлага болгон ТОГТООХ нь :

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт баримтлан Сэлэнгэ аймгийн Мандал сумын байгаль орчны хяналтын тасгийн даргын 0172073 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Н.Баттулгыг 50 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 0172073 дугаартай шийтгэлийн хуудас хууль бус байх тул хүчингүй болгосугай.

2. Сэлэнгэ аймгийн Мандал сумын байгаль орчны хяналтын тасгийн даргын 0172073 дугаартай шийтгэлийн хуудасны дагуу иргэн Нацаг овогтой Баттулгын торгуулийн төлбөрт төлсөн 50000 төгрөгийг буцаан олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт заасны дагуу Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 113.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 05 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.ОДБААТАР