Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 11

 

 

 

 

2017 оны 6 сарын 05 өдөр

Дугаар 226/МА2017/000011                           

 Хэрлэн сум

 

Ж.Бүүвэйсүрэнгийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн

Биеийн тамир спортын газарт холбогдох

иргэний хэргийн талаар

 

226/2017/00011/И

         Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг  ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “А” танхимд,

Нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга,

Өмгөөлөгч Э.Түвшинбаяр нарыг оролцуулан   

 Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Э.Ариунаагийн даргалсан шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 205 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түвшинбаярын давж заалдах гомдлоор Ж.Бүүвэйсүрэнгийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн  Биеийн тамир спортын газарт холбогдох “2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/05 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан няравын ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 980552 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэргийг 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Нэхэмжлэгч Ж.Бүүвэйсүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2000 оны 2 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тасралтгүй 17 жил Хэнтий аймгийн Биеийн тамир спортын газарт няраваар ажиллаж байсан юм. Би “Суварга-Эв” ХХК-ийн нярав Оюунаагийн “манай байгууллага барилгын засварын ажил хийж байгаа материал дутчихлаа. Та гуйгаад аваад өгөөч” гэж гуйсны дагуу “Цэнэ трейд” ХХК-наас барилгын материалыг өөрийн нэр дээр бичүүлж зээлээр авч өгсөн юм.  Энэ талаар Оюунаа байгууллагын удирдлагадаа мэдэгдэнэ гэж надад хэлсэн. Гэтэл газрын дарга Нэргүйбаатар нь үл ялих зүйлээр шалтаглан намайг ажлаас халсанд гомдолтой байна. Иймд ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 980552 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Биеийн тамир спортын газрын дарга Г.Нэргүйбаатар нь шүүхэд   гаргасан тайлбартаа: 2017 оны 01 дүгээр сарын эхээр “Цэнэ Трейд” ХХК-иас нярав Бүүвэйсүрэн нь 2015 онд байгууллагын нэр дээр 454400 төгрөгийн бараа авсан бөгөөд 2016 оны жилийн эцсээр тооцоо хийхэд өртэй байна. Хохиролгүй болгож өгнө үү гэсэн албан бичиг ирүүлсэн юм. Уг албан бичгийг нярав Бүүвэйсүрэнд мэдэгдэж, байгууллагын удирдлагын зөвшөөрөлгүйгээр байгууллагын нэр ашиглан дур мэдэн бараа авсан тул уг төлбөрийг 01 дүгээр сарын 10-ны дотор төлж барагдуул гэсэн боловч төлөөгүй. Ингээд 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байгууллагын удирдах зөвлөлийн хурлаар уг асуудлыг хэлэлцэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-т зааснаар ажлаас халсан. Байгууллагын нярав бол эд хөрөнгө хариуцсан ажилтан учраас өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн албан тушаалтан юм. Гэтэл Бүүвэйсүрэн нь уг үүргээ биелүүлээгүйн зэрэгцээ буруутай үйлдэл гаргасан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунцэцэг нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Биеийн тамир спортын газрын даргын үүргийг Нэргүйбаатар нь түр орлон гүйцэтгэгчээр 2016 оны 11 сарын 25-ны өдрөөс аймгийн Засаг даргын захирамжаар томилогдон ажиллаж байгаа ба ажлаа хүлээж авснаас нь хойш Хэнтий аймгийн Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулдаг “Цэнэтрейд” ХХК-иас тус байгууллагын захиргаанд танай байгууллагын нярав нь 2015 онд байгууллагын нэр дээр 457 400 төгрөгийн бараа материалыг авсан боловч төлж барагдуулаагүй тул төлүүлнэ үү гэсэн албан бичиг ирүүлсэн. Ингэж нярав нь байгууллагын нэр дээр бараа материал авсан талаар мэдсэн. Ж.Бүүвэйсүрэнд 2017 оны 01 сарын 10-ны өдрийн дотор энэ асуудлыг шийдвэрлэ гэж 01 сарын 05 өдөр мэдэгдэл  өгсөн боловч төлж барагдуулаагүй учраас удирдах зөвлөлийн хурал хийхэд Ж.Бүүвэйсүрэн нь өөрийн гэм буруугаа мэдэж байгаа гэдгээ хэлсэн байсан. Удирдах зөвлөлийн хурлаар Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-т зааснаар Ж.Бүүвэйсүрэнг ажлаас халсан. 2015 оны 05 сарын 01-ний өдөр баталсан байгууллагын дотоод журмын 7.10-т ажилтан ноцтой зөрчил гаргавал хөдөлмөрийн гэрээг цуцлана гэсэн байдаг. 7.11-т мөнгө санхүү хариуцсан ажилтан захиргааны итгэл алдсан буруутай үйлдэл хийсэн нь тогтоогдвол гэрээг цуцлана гэсэн заалттай. Мөн Бүүвэйсүрэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.2.2-т байгууллагын мөнгө санхүүтэй холбоотой ноцтой зөрчил гаргасан нь холбогдох байгуулагын акт, комиссын дүгнэлтээр тогтоогдсон, 8.2.4-т байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулах, хувьдаа ашиглах буюу ашиглахыг завдсан гэсэн заалтуудыг үндэслэсэн гэсэн байдаг. Эд хөрөнгийг өөрт нь итгэмжлэн хариуцдаг хүний хувьд Ж.Бүүвэйсүрэн нь байгууллагын итгэлийг алдсан. Иймд түүнийг ажлаас халсан нь үндэслэлтэй  гэж үзэж байна  гэв.

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 205 дугаар шийдвэрээр:  Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн  40.1.4, 40.1.5, 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Биеийн тамир спортын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 13 өдрийн Б/05 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхлэж байсан няравын ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 980 552 төгрөг гаргуулах тухай Ж.Бүүвэйсүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж  шийдвэрлэжээ.

 

Шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр нь давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх “ажил олгогчоос Ж.Бүүвэйсүрэнгийн гаргасан зөрчлийг зохих байгууллагын шийдвэрээр тогтоогоогүй, байгууллагын дотоодын хяналт шалгалтаар илрүүлээгүй байх ба түүнийг байгууллагад  эд хөрөнгийн хохирол учруулах, эд хөрөнгө ...хувьдаа ашигласан буюу ашиглахыг завдсан зөрчил гаргасан болохыг хариуцагч шүүхэд нотлоогүй Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасан үндэслэл тогтоогдоогүй байхад нэхэмжлэгчийг ажлаас халсан нь үндэслэлгүй гэж үзэж байгаа нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар буруу биш, хуулийн дээрх заалтаар нэхэмжлэгчийг ажлаас халсан нь хууль зөрчсөн байна” гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж болохоор байна.

Харин 2017 оны 01 дүгээр сарын 05 өдрийн Б/05 дугаартай тушаалын агуулгаас харахад Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг мөн үндэслэл болгож, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан гэж Ж.Бүүвэйсүрэнг ажлаас халсан нь түүнд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шинжтэй байна”  Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д “Ажил олгогч ...хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна” гэж заасан ба Биеийн тамир спортын газрын хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар бүлгийн 7.10-д “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргаж хөдөлмөрийн дотоод журмыг зөрчигдсөн, 7.11-д “мөнгө санхүү болон эд хөрөнгө гардан хариуцсан ажилтан захиргааны итгэлийг алдагдуулж буруутай үйлдэл хийсэн нь тогтоогдсон” гэж илт үндэслэлгүй, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн дүгнэлт болжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д “Ажил олгогч ...хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна” гэж зааснаас харахад мөн Хөдөлмөрийн гэрээг зөрчсөн үйлдлийн улмаас буюу ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцлаж байгаа нь харагдаж байна. Биеийн тамир спортын газрын дарга Г.Нэргүйбаатарын шүүхэд гаргасан 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 104 тоот хариу тайлбарт: “... нярав Бүүвэйсүрэн нь 2015 онд байгууллагынхаа нэр дээр 457 400 төгрөгийн бараа авсан, 2016 оны жилийн эцсээр тооцоо нийлэхэд өртэй байна, хохиролгүй болгож өгнө үү гэсэн хүсэлт, тооцооны үлдэгдлийн баталгаа гэх мэт бичиг удаа дараа ирүүлсэн. Хүсэлт шаардлагыг нярав Ж.Бүүвэйсүрэнд мэдэгдэж, байгууллагын удирдлагын зөвшөөрөлгүйгээр байгууллагын нэр ашиглан 457 400 төгрөгийн барааг дур мэдэн авсан тул өр төлбөрөө төлж барагдуул гэсэн боловч төлөөгүй. Иймд 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байгууллагын Удирдах зөвлөлийн хурлаар энэхүү асуудлыг авч хэлэлцээд Биеийн тамир спортын газрын даргын Б/05 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-т заасан үндэлэлээр ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн байна.

Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “Нярав Ж.Бүүвэйсүрэн нь 2015 оны 08 сард гадны байгууллагад 457 400 төгрөгний бараа материал авч өгсөн, төлбөр нь төлөгдөөгүй байгаа тул хохирлыг барагдуулах талаар “Цэнэтрейд” ХХК-ийн захирал 2017 оны 01 дүгээр сарын 03, 12 өдрүүдэд Биеийн тамир спортын газарт албан бичгээр /хх 39, 40/ мэдэгдсэн байх ба ажил олгогч 01 сарын 10 өдрийн дотор төлбөрийг барагдуулахыг 2017 оны 01 дүгээр сарын 05 өдөр Ж.Бүүвэйсүрэнд мэдэгдсэн байна.  Нярав Ж.Бүүвэйсүрэн нь ажил олгогчийн итгэлийг алдах буруутай үйлдэл хийсэн нь зохигчдын тайлбар, гэрч Г.Оюунаагийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, шүүхэд ирүүлсэн тодорхойлолт, хэрэгт авагдсан /хх 10, 34-36, 38-40/  бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна” гэж дүгнэжээ.

Дээрх дүгнэлтээс үзэхэд анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс үнэлж хэргийг шийдвэрлээгүй гэж үзэх үндэслэл бүрдэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “сахилгын зөрчлийг ... илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасныг хариуцагч зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэв” гэжээ. Гэтэл  Ж.Бүүвэйсүрэн нь “Цэнэ трейд” ХХК-аас 457 400 төгрөгийн барааг өөрийн нэр дээр аваагүй, хувьдаа ашиглаагүй болох нь тогтоогдож байх бөгөөд уг төлбөрийг төлөх нь үндэслэлгүй юм. Мөн уг 457 400 төгрөгийн барааг “Суварга-Эв” ХХК-д зуучилж авч өгсөн үйлдэл нь Ж.Бүүвэйсүрэн 457 400 төгрөгийг төлөх үүрэг үүсгэхгүй юм. Иймд анхан шатны шүүх илт үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Ажлаас халах тухай ажил олгогчийн 2017 оны 01 дүгээр сарын 05 өдрийн Б/05 дугаартай тушаалын үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дах заалтууд үндэслэлгүй, тушаалын энэ хэсэг хууль зөрчсөн байгаа хэдий ч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг үндэслэж Ж.Бүүвэйсүрэнг ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна” гэж дүгнэжээ.

Дээрх дүгнэлтийг хууль зүйн үүднээс авч үзэхэд шүүх хоёр талтай шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийн ажлаас халсан тушаал нь хууль зөрчсөн байна, бас хууль зөрчсөн хэсгийг зөвтгөж болохоор байна гэдэг нь уг хэргийг яаж ч шийдвэрлэж болохоор байна. Тухайн цаг мөчийн үзэмжээр шийдвэрлэлээ гэж байгаа мэт харагдаж байна. Нэгэнт анхан шатны шүүх хариуцагч байгууллагыг хууль зөрчиж буюу үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үйлдлийг тогтоосон атлаа нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж шийдвэрлэжээ. Иймд Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 156/ШШ2017/00205 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Биеийн тамир спортын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 13 өдрийн Б/05 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхлэж байсан няравын ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 980 552 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.Бүүвэйсүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ж.Бүүвэйсүрэн нь хариуцагч Хэнтий аймгийн Биеийн тамир спортын газарт холбогдуулан ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд анх гаргасан байна.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад   ажилгүй байсан хугацааны олговор 980552 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Ж.Бүүвэйсүрэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд  шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

Хариуцагч Хэнтий аймгийн Биеийн тамир спортын газрын 2017 оны 01 сарын  13-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлд “Ж.Бүүвэйсүрэнгийн  сахилгын зөрчлийг 2015 оны жилийн эцсээр тооцоо нийлэхэд мэдсэн, өөрөө төлбөрөө төлнө гэсэн, Баяраа даргад оны өмнө хэлсэн, дарга Ж.Бүүвэйсүрэнг дуудаж уулзаад өр төлбөрийг барагдуул гэж 2-3 удаа сануулж  хэлж байсан” /хх-35-37/ гэснээс үзэхэд   ажилтан Ж.Бүүвэйсүрэнгийн гаргасан зөрчил нь 2016 онд илэрсэн байхад  анхан шатны шүүх “Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасныг зөрчөөгүй” гэж дүгнэсэн нь хэргийн үйл баримттай нийцээгүй  байна.

            Ажил олгогчийн ажилтан Ж.Бүүвэйсүрэнг ажлаас чөлөөлсөн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн  131.2-т заасан “сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс  хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэснийг зөрчсөн байх тул  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д заасны дагуу                   Ж.Бүүвэйсүрэнгийн дундаж цалин хөлсийг тодорхойлоход түүний ажилласан хугацааны сүүлийн 3 сар буюу 2016 оны 10-12 дугаар саруудад авсан нийт                    /527360+447360+386308/ 1361028 төгрөгийн цалин хөлснөөс тооцоход нэг сарын дундаж цалин 453676 төгрөг байна.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс магадлал гарах өдөр хүртэл буюу 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх  /103 хоног/ хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2173425 төгрөгийг ажил олгогчоос гаргуулахаар,  нэхэмжлэгч Ж.Бүүвэйсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж түүнд олгохоор, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 49725 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор тус тус шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 Анхан шатны шүүх хариуцагч Хэнтий аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Г.Нэргүйбаатарт холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн нь буруу боловч, нэхэмжлэлд Хэнтий аймгийн Биеийн тамир спортын газар хариу тайлбар гаргаж байгууллагын тамга, тэмдэг дарагдсан байх тул  /хх-17,18/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзээгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

Нэг. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 205 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дугаар заалтуудыг хүчингүй болгож дор дурдсан өөрчлөлтийг оруулсугай.

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т  заасныг баримтлан нэхэмжлэгч Жамбал-Иш овогтой Бүүвэйсүрэнг Хэнтий аймгийн Биеийн тамир спортын газрын няравын үүрэгт ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Хэнтий аймгийн Биеийн тамир спортын газраас ажилгүй байсан хугацааны олговорт 2173425 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Бүүвэйсүрэнд олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Хэнтий аймгийн Биеийн тамир спортын газар нь Ж.Бүүвэйсүрэнгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу  сар бүр шимтгэл төлсөн тухай бичилт хийх үүрэгтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 49725 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

Хоёр. Шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

Гурав. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Ж.Бүүвэйсүрэнгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 28100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ДЭНСМАА

 

                                      ШҮҮГЧИД                                                Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                             Я.АЛТАННАВЧ