Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 551

 

                                                                                                                                                                          

                                                                    

 

 

 

 

 

 

 

           Д.Хд холбогдох

            эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Батбаяр,

Арван найман насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сүхгэрэл,

Нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бавуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 168 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Батбаярын бичсэн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 8 дугаартай эсэргүүцлээр Д.Хд холбогдох эрүүгийн 1807001240038 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боргужин овогт Дэлгэрцэцэгийн Х, 2000 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Налайх дүүргийн ангид суралцдаг, ам бүл 2, эхийн хамт Налайх дүүргийн оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: /,

            Д.Х нь 2018 оны 2 дугаар сарын 21-ний шөнө 22 цаг 30 минутын үед Налайх дүүргийн 2 дугаар хороо, Хуульчдын гудамжинд байх усан оргилуурын дэргэд С.Тийг найз охинтойгоо уулзсан гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь цохиж хамар ясны хугарал, зүүн доод зовхинд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Д.Хд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: “...Өсвөр насны яллагдагч Д.Хд холбогдох эрүүгийн 1807001240038 дугаартай хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг хийх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар арван найман насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон Б.Сүхгэрэл нь мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 заалтад заасан “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах, хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг гаргаж өгч хавтаст хэрэгт бэхжүүлж тусгуулах, мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах. нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах” эрхээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед хууль бусаар хязгаарлуулан бүрэн эдэлж чадаагүй нь түүний мөрдөн байцаагчаар шалгуулахаар 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Цагдаагийн хэлтсийн даргад гаргасан өргөдөл /хүсэлт/-ийг, түүнээс татгалзаж байгаа мөрдөгч Мөнх-Очирын шийдвэрлэсэн тогтоол, албан бичиг /хх-85-87/ мөрдөгчийг тогтоолыг хүлээн авсан өдрөө буюу 4 дүгээр сарын 10-ны өдөр Налайх, Багахагай дүүргийн прокурорт гаргасан өргөдөл /хүсэлт/-ийг хэргийг шүүхэд шилжүүлэх өдөр буюу 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр татгалзсан тогтоол, албан бичиг /хх-94-100/ хавтас хэргийн материалтай 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр танилцсан тэмдэглэл /хх-81/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, дахь хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ. Урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” мөн хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан”, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ” гэж тус тус заасан бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцсон эсэх эдгээр шинжүүдийг тогтоогоогүйгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.6 дахь заалтад зааснаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг нотлогдвол зохих байдал нотлогдоогүй байна.

Түүнчлэн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.9.2, 3.5-д “Шинжлүүлэгч нь нэг цагийн хугацаанд биедээ хэд хэдэн гэмтэл авсан бол шаардлагатай тохиолдолд гэмтэл тус бүрт эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтоох ба эдгээрийн аль хүндээр нь гэмтлийн зэргийг үнэлж, хэрэв эдгээр гэмтлүүд нэг нэгэндээ харилцан нөлөөлж шинжлүүлэгчийн биеийн байдлыг хүндрүүлсэн бол тэдгээрийг бүрдэл байдлаар авч үзэж эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтоох”, энэхүү журмын 2.2.3-т заасан гэмтлээс үүссэн үлдэж уршигт дараах гэмтлүүд хамаарна гэж заажээ. Үүнээс үзэхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хагалгаанд орсон эмнэлгийн хуудсыг хэрэгт хавсаргуулан гэмтлийн зэргээ дахин тогтоолгохоор гаргасан хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй байна.

Эдгээрээс үзэхэд Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14, 6.15-д заасан заалтыг ноцтой зөрчсөн тэдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул өсвөр насны яллагдагч Д.Х холбогдох 1807001240038 дугаартай эрүүгийн хэргийг Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, түүнд урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв. Өсвөр насны яллагдагч Д.Х холбогдох 1807001240038 дугаартай хэргийг Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол өсвөр насны яллагдагч Д.Хд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх хэвээр үргэлжлүүлж...” гэж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Батбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хянан хэлэлцээд, Д.Хд холбогдох эрүүгийн 1807001240038 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14, 6.15-т заасан заалтыг ноцтой зөрчсөн тэдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн хэргийг прокурорын газарт буцаасан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

1. 3ахирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Тухайлбал: Шүүхээс өсвөр насны хохирогч С.Тийн хууль ёсны төлөөлөгч Б.Сүхгэрэл нь хуульд заасан эрхээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед хууль бусаар хязгаарлуулан бүрэн эдэлж чадаагүй байна гэж дүгнэжээ.

Эрүүгийн 1807001240038 дугаартай хэрэгт Б.Сүхгэрэл нь хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад насанд хүрээгүй хохирогч С.Төөс мэдүүлэг авах ажиллагаанд 2 удаа оролцсон /хх-5, 7/, өөрөө гэрчийн мэдүүлэг өгсөн /хх-19/, шинжээчийн дүгнэлттэй танилцсан /хх-23/, Б.Сүхгэрэлээс гаргаж өгсөн баримтуудыг нь мөрдөгч тэмдэглэл үйлдэн хэрэгт тусгасан /хх-34-45/, хавтаст хэргийн материалтай танилцсан /хх-81/, мөрдөн байцаалт, прокурорын шатанд гаргасан гомдол, хүсэлтүүдийг хүлээн авч хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдэж, хариу мэдэгдсэн /хх-85-87, 94-100/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхүүдийг бүрэн эдлүүлсэн байдаг.

Гэтэл Б.Сүхгэрэлийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хохирогчийн талаас нотлох баримт хэрэгт авагдаагүй, нотлох баримтаа өгье гэхэд шаардлага байхгүй гээд аваагүй, хэт нэг талыг барьж нотлох баримтаа бүрдүүлсэн, намайг юм дугарах гэхээр үг хэлүүлэхгүй байсан, хагалгаанд орсон эмнэлгийн хуудсыг хэрэгт хавсаргах шаардлагатай байна гэсэн нь хэрэгт авагдсан /хх-6/ Асуулт: хууль ёсны төлөөлөгчид тавих асуулт бий юу, Хариулт: байхгүй гэв/, /хх-7/ Асуулт: Хууль ёсны төлөөлөгчид тавих асуулт байна уу... Хууль ёсны төлөөлөгч Б.Сүхгэрэл нь Лхагвасүрэн, Х, Мөнхбаяр нар нь нэг шалтгаанаар зодсон уу... Хариулт: Намайг Лхагвасүрэн, Мөнхбаяр нар нь фейсбүүк нууц үг алдагдсанаас зодсон юм. Хгийн хувьд Азаа гэдэг охиноос болж зодсон юм, /хх-19/ “...энэ асуудлаас үүдэн гарсан бүхий л зардлыг нэхэмжилнэ. Зардлын баримтуудаа гаргаж өгнө...” гэсэн мэдүүлэг/, /хх-23/ “...шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Хуулийн талын ажилтнууд, өмгөөлөгчөөс асууж тодруулах зүйл байна...” гэсэн тэмдэглэл зэргээр үгүйсгэгдэж байхад шүүх дан ганц хохирол төлөгдөөгүй, хоёр хүүхэд нийлж зодсон, мөрдөгчийг сольж өгнө үү, прокурорт гомдолтой байна гэсэн утга бүхий гомдлыг хангаж шийдээгүй нь оролцогчийн эрхийг хязгаарлаж бүрэн эдлүүлээгүй гэж үндэслэлгүйгээр хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт гаргажээ.

2. Шүүхээс ...гэмт хэрэгт хамтран оролцсон эсэх эдгээр шинжүүдийг тогтоогоогүй ...гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг нотлогдвол зохих зүйлийг нотлоогүй гэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Тухайлбал: Насанд хүрээгүй хохирогч С.Т 2 удаа мэдүүлэг өгөхдөө /хх-5, 7/ “...Лхагвасүрэн намайг нэг удаа элэгдэж цохисон ...Хгийн гар миний зүүн нүдрүү нэг удаа цохисон тэгээд миний хамарнаас цус гарсан ...Лхагвасүрэн, Х хоёр намайг үл ойлголцлоос болж зодсон өөр нэг асуудал нь Хгийн хуучин найз охин Азааг хардаж зодсон...” гэсэн,

Өсвөр насны яллагдагч Д.Х мэдүүлэг өгөхдөө /хх-10, 31/ “...С.Тийн хамар луу нь цохьчихсон ...найз охиноо хардаад цохисон гэсэн...”,

Өсвөр насны гэрч П.Лхагвасүрэн мэдүүлэг өгөхдөө /хх-15/ “...Би С.Тийн гэдэс рүү нь цохисон ...намайг цохисны дараа Хг цохьчихно гэж бодоогүй бид хоёрыг салгаж байна гэж бодсон Хг С.Тийг цохьчихоор нь би боль гээд салгасан...” гэсэн мэдүүлгүүдээр П.Лхагвасүрэн, Д.Х нар нь С.Тийг зодох талаар урьдчилан тохиролцоогүй, Д.Х нь С.Тийг цохих талаар П.Лхагвасүрэн мэдээгүй энэ үйлдэлд нь нэгдэж оролцоогүй, нийлж зодох талаар санаачлаагүй, зодох талаар хатгаагүй болох нь нотлогдсон байдаг.

Мөн П.Лхагвасүрэнгийн гэдэс рүү нь цохисон үйлдлээс С.Тт гэмтэл учраагүй харин Д.Хгийн нүүрэн тус газарт нь цохисон үйлдлээс эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлгээр хангалттай тогтоогдсоор байтал П.Лхагвасүрэнг бүлэглэн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж эрүүгийн хариуцлагад татах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” заасан шударга ёсны зарчим зөрчигдөхөд хүрнэ. П.Лхагвасүрэнгийн бусдыг зодсон үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулсан болно.

3. Эрүүгийн 1807001240038 дугаартай хэрэгт авагдсан шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 08шэ/116 дугаартай дүгнэлтэд өсвөр насны хохирогч С.Тийн биед хамар ясны хугарал, зүүн доод зовхинд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон байдаг бөгөөд үүнийг өсвөр насны яллагдагч Д.Х нь 1 удаагийн үйлдлээр учруулсан талаар хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлгээр хангалттай тогтоогдсон бөгөөд гэмтлийн зэргийг дахин тогтоолгох шаардлагагүй юм. Харин хохирогч гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэсэн баримтаа шүүхийн шатанд гаргаж өгөх бүрэн эрхтэй бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжээч эмчийг оролцуулан гаргаж өгсөн баримтын хүрээнд гэмтлийн зэрэг өөрчлөгдөх эсэхийг тодруулан шаардлагатай тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд зааснаар шүүхээс шүүхийн шатанд дахин шинжилгээ хийлгэх бүрэн боломжтой байна. Иймд өсвөр насны яллагдагч Д.Хд холбогдох Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 168 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэрэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

Арван найман насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сүхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай хүүхдийг хоёр хүүхэд бүлэглэж зодсон. Нэг нь түрүүлж зодож хамрыг нь хугалсан. Хавтаст хэрэгтэй танилцахад нэг хүүхдийг нь салгаад нэг хүүхдийг нь хариуцлагад татсанд гомдолтой байна. Учир нь 4-5 хүүхэд явж байгаад түрүүлж хоёулаа ирж зодсон байдаг. Миний хүүхэд дээд сургуульд сурч байгаад энэ хэргээс болоод чөлөө авч, өнөөдрийг хүртэл эмчилгээ хийлгэж байгаа. Өнөөдрийг хүртэл шүүгдэгч талаас хохирол барагдуулаагүй учир их гомдолтой байна. Биеэ хамгаалах чадваргүй байхад нь хоёулаа нийлж зодсон байхад нэгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Гомдолтой гэдгээ мөрдөгч, прокурорт бичгээр гаргаж өгсөн. Мөн байцаагчийг солиулахаар хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаж шийдвэрлээгүйд мөн гомдолтой байна” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх өсвөр насны яллагдагч Д.Хд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Өсвөр насны яллагдагч Д.Хд холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан шүүгчийн захирамжийн үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “...хэргийн бодит байдалтай нийцээгүй...” байна.

Анхан шатны шүүхээс өсвөр насны яллагдагч Д.Хд холбогдох эрүүгийн хэргийг ...арван найман насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сүхгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан “...хохирогчийг Д.Х нь П.Лхагвасүрэнтэй бүлэглэн зодсон болохыг шалгаж өгнө үү...” гэсэн хүсэлтийг хүлээн авч, хүсэлтийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа хийх, 

...Гэмт хэргийг хамтран оролцсон эсэхтэй холбогдуулан хэргийг буруу зүйлчилсэн буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих зүйлийг шалгаж тогтоогоогүй,

...Арван найман насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн тайлбар, мэдүүлэгт үндэслэн насанд хүрээгүй хохирогчид учирсан гэмтлийн зэргийг дахин тогтоолгох шаардлагатай... гэсэн 3 үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд арван найман насанд хүрээгүй хохирогч С.Т, арван найман насанд хүрээгүй гэрч П.Лхагвасүрэн, өсвөр насны яллагдагч Д.Х нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүдээс үзэхэд П.Лхагвасүрэн нь С.Тийг гэдэс хэвлий тус газарт нь 1 удаа гараараа цохисон байх ба өөр үйлдэл хийгээгүй болох нь тогтоогдож байх ба арван найман насанд хүрээгүй хохирогч С.Тт учирсан “...С.Тийн биед хамар ясны хугарал, зүүн доод зовхинд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...” гэх /хх-22/ шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийн шинж байдлаас үзэхэд П.Лхагвасүрэнгийн 1 удаа цохисноос С.Тт шинжээчийн дүгнэлтэд заагдсан ямар нэгэн гэмтэл учраагүй байна. Өөрөөр хэлбэл, өсвөр насны яллагдагч Д.Х нь П.Лхагвасүрэнтэй үйлдлээрээ болон урьдчилан тохиролцон бүлэглэсэн гэх шинж тогтоогдохгүй байна.

Нөгөөтэйгүүр П.Лхагвасүрэнг Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон” зөрчил үйлдсэн гэж үзэж нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг дурдах нь зүйтэй байна. Иймд прокуророос өсвөр насны яллагдагч Д.Хд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотлон тогтоосон гэж үзэх боломжтой байна.

 

Арван найман насанд хүрээгүй хохирогч, түүний төлөөлөгч нар нь учирсан хохирол, гэмтэлтэй холбогдуулан эмчилгээ хийлгэсэн баримтаа шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүхэд гаргаж өгөх эрхтэй ба шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжээч эмчийг оролцуулан эмчилгээ хийлгэсэнтэй холбогдуулан гэмтлийн зэрэг өөрчлөгдөх эсэхийг асууж тодруулах, хэрэв гэмтлийн зэрэг өөрчлөгдөх боломжтой бол шинжээч томилж, шинжээчийн дүгнэлт гаргуулах боломжтой юм. 

Иймд өсвөр насны яллагдагч Д.Хд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон болсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч, прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгчийг гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх…”-ээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 168 дугаар захирамжийг хүчингүй болгож, Б.Батбаярын бичсэн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 8 дугаартай прокурорын эсэргүүцлийг хангаж, өсвөр насны яллагдагч Д.Хд холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл өсвөр насны яллагдагч Д.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                       Ц.ОЧ

                                                                                   Д.МЯГМАРЖАВ