| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2017/01334/И |
| Дугаар | 1686 |
| Огноо | 2017-04-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 1686
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд ............. регистрийн дугаартай, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 73 дугаар барилга өөрийн байранд байрлах “С.Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын хуулийн этгээд ............. регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 13 дугаар хороолол, нарны гудамж, Бьюлдмарт дэлгүүрийн байранд байрлах, “Б” ХХК-д холбогдох,
Гэрээний үүрэг 7.358.380 төгрөг, алданги 3.679.190 төгрөг нийт 11.037.570 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, В.Х, харицагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Силк ******* Трейдинг” ХХК нь 2014 оны 09 дугаар сарын 17-ны өдөр “Бьюлдмарт” ХХК-тай Бэлтгэн нийлүүлэлтийн гэрээ байгуулан түүний "Бьюлдмарт” гэх дэлгүүрт бараа нийлүүлж эхэлсэн билээ. 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хоёр талын нягтлан бодогч нар нь гэрээний дагуу нийлүүлсэн барааны төлбөр тооцоог нийлэхэд “Бьюлдмарт” ХХК нь 7.358.380 төгрөгийг "Силк ******* Трейдинг” ХХК-д төлөх үлдэгдэл тооцоотой болохыг харилцан баталгаажуулсан бөгөөд энэхүү төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй манай компанийг хохироосоор байна. Бэлтгэн нийлүүлэлтийн гэрээний 5.3-т төлбөрөө хугацаандаа төлөөгүйн алдангийг хоног тутамд 0.5 хувь байхаар талууд харилцан тохиролцсон бөгөөд гэрээний уг заалт болон Иргэний хуулийн 232.4 дэх заалтыг тус тус үндэслэн тооцоход хугацаа хэтрүүлсэний алданги нь 3.679.190 төгрөг болж байна. Иймд нийлүүлсэн барааны үнэ 7.358.380 төгрөг, алданги 3.679.190 төгрөг, нийт 11.037.570 төгрөгийг “Бьюлдмарт” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Талуудын хооронд байгуулагдсан гэрээ 2014 онд хийгдсэн байдаг. Би 2015 онд ажил хүлээн авсан өдрөөс хойш бараа материал авсан. 2015 онд хүлээн авсан бараа материалтай холбоотой ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Амаар харилцан тохиролцож, бараа материал хүлээн авч байсан. Иймд өмнө байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ тооцоо нийлсэн актад 2015 оны 6, 7 дугаар сард нийлүүлэгдсэн барааны үлдэгдэл юм. Өмнөх гэрээтэй хамааралгүй гэв.
Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Силкрөүд Трейдинг” ХХК нь хариуцагч “Бьюлдмарт” ХХК-нд холбогдуулан гэрээний үүрэг 7.358.380 төгрөг, алданги 3.679.190 төгрөг нийт 11.037.570 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, хариуцагч 7.358.380 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч алдангийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгч “Силкрөүд Трейдинг” ХХК хариуцагч “Бьюлдмарт” ХХК-ийн хооронд 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр “Бэлтгэн нийлүүлтийн гэрээ” байгуулж, нийлүүлэгч “Силкрөүд Трейдинг” ХХК нь худалдан авагч “Бьюлдмарт” ХХК-нд бараа нийлүүлж, худалдан авагч нь барааг хүлээн авч, гэрээнд заасан тооцооны журмын дагуу барааны үнийг төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрээгээр тогтоогдож байна. /хх-ийн 4-7 дугаар тал/
Хариуцагч уг гэрээнд “Бьюлдмарт” ХХК-ийг төлөөлж тухайн үед менежерээр ажиллаж байсан Анхбаяр гарын үсэг зурсан тул уг гэрээ хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж байх боловч татгалзалын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, энэхүү гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл тогтоогдоогүй болно.
Гэрээнд оролцогч талуудын эрх, үүрэг, гэрээний агуулга болон зорилго, талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн идэрхийлэлд дүгнэлт хийж үзвэл Монгол улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “... бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 4.4-т “энэхүү гэрээний нөхцлийг хэрэгжүүлэхдээ талууд харилцан тооцоог сар бүрийн 15-с 17-ны хооронд хийж төлбөрийн нэхэмжлэлийг хүргүүлнэ. Худалдан авагч тал нэхэмжлэл хүлээн авсанаас хойш тухайн сарын 30-ны дотор төлбөрийг төлнө” гэж тохиролцсон байх бөгөөд талуудын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн “тооцоо нийлсэн акт”-аар 7.358.380 төгрөгийн барааны үнийг хариуцагч төлөөгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байхаас гадна хариуцагч үүнд маргаагүй.
Нэхэмжлэгч нь гэрээний 4.4-т зааснаар 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хариуцагчид уг үнийн дүнгээр нэхэмжлэх хүргүүлснээр нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн, харин харицагч тооцоо нийлж, нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш тухайн сарын 30-ны дотор төлбөр төлөх үүрэг тус тус үүссэн байна.
“Силкрөүд трейдинг” ХХК нь гэрээний 5.3-т “төлбөрийг хугацаанд нь хийгээгүйн төлөө худалдан авагч төлвөл зохих үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги хугацааг хэтрүүлсэн өдөр бүрт тооцож нийлүүлэгчид талд төлнө” гэж тохиролцсноор алданги 3.679.190 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцэж байна.
Хэдийгээр алданги нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй боловч Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ” гэсэн зарчмын хүрээнд нэхэмжлэгчид 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс шаардах эрх үүссэн боловч 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр шаардах эрхээ хэрэгжүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь энэхүү эрхээ хэрэгжүүлэх боломжгүй буюу хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж зааснаар алдангийн хэмжээг 50 хувиар багасган алдангид 1.839.595 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.
Дээрх үндэслэлүүдээр хариуцагч “Бьюлдмарт” ХХК-иас гэрээний үүрэгт 7.358.380 төгрөг, алданги 1.839.595 төгрөг нийт 9.197.975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Силкрөүд трейдинг” ХХК-нд олгох нь зүйтэй гэж үзэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Бьюлдмарт” ХХК-иас 9.197.975 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Силкрөүд трейдинг” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.839.595 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191.552 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Бьюлдмарт” ХХК-иас 162.117 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Силкрөүд трейдинг” ХХКнд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ