| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2017/01774/И |
| Дугаар | 1701 |
| Огноо | 2017-05-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 1701
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,
Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 5506239 регистрийн дугаартай, Хан-Уул дүүрэг, Чингэсийн өргөн чөлөө 48/1, капитал хауз, 3 давхарт оршин байх “Шунхлай трейдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын хуулийн этгээд 5986125 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, батширээт оффис 401 тоотод оршин байх “Од автомотив” ХХК-д холбогдох,
Гэрээний үүрэгт 6.333.448 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Шунхлай трейдинг” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Од автомотив” ХХК нь 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Т/693 тоот хамтран ажиллах гэрээний дагуу үүссэн үндсэн төлбөр 4.222.299 төгрөгийг хуульд заасан буюу гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний алданги болох 2.111.149 төгрөг, нийт 6.333.448 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Од автомотив” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Сэргэлэн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Өнөөдрийн байдлаар “Шунхлай трейдинг” ХХК-д 1.650.000 төгрөгийг төлж барагдуулаад байна. Харин үлдэгдэл 2.572.299 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн дотор төлж барагдуулна. Хэрэв дээрхи хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд алданги 2.111.149 төгрөгийг барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шижирбаатар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч “Од автомотив” ХХК нь үндсэн төлбөрөөс 1.650.000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үлдэх 2.572.299 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн дотор төлж барагдуулна. Хэрэв дээрхи хугацаанд төлөх эс бөгөөс алданги 2.111.149 төгрөгийг барагдуулахыг зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Шунхлай трейдинг” ХХК хариуцагч “Од автомотив” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 6.333.448 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч “Од автомотив” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 6.333.448 төгрөгөөс 1.650.000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үлдсэн 2.572.299 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн дотор төлж барагдуулах, тохиролцсон хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд алданги 2.111.149 төгрөгийг төлөхөөр тохиролцсон талууд эвлэрэн хэлэлэцсэн талаарх тайлбарыг ирүүлжээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч “Шунхлай трейдинг” ХХК-ийн Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 6.333.448 төгрөгөөс хариуцагч “Од автомотив” ХХК нь 1.650.000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үлдсэн 2.572.299 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн дотор төлж барагдуулах, тохиролцсон хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд алданги 2.111.149 төгрөгийг төлөхөөр тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, “Од Автомотив” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123.486 төгрөгийн 50 хувь буюу 61.743 төгрөгийг улсын төсвөөс, 61.743 төгрөгийг хариуцагч “Од автомотив” ХХК-иас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Шунхлай трейдинг” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч “Од автомотив” ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ