| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2017/02097/И |
| Дугаар | 1720 |
| Огноо | 2016-05-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 1720
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ЕС90081401 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Шархадны 28 дугаар гудамж 442 тоотод оршин суух Жаран овогт Батбаатарын Мөнхтэмүүлэнгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн ЕЙ90062615 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, 79 дүгээр байрны 51 тоотод оршин суух Боржигон овогт Шоовдорын Билгүүнд холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Мөнхтэмүүлэн, хариуцагч Ш.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Мөнхтэмүүлэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2008 онд Ш.Билгүүнтэй танилцаж улмаар 2009 оны 3 дугаар сарын 5-ны өдөр гэрлэлтийн Г-65 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2009 оны 3 дугаар сарын 10-ны өдөр охин Б.Мөнхцэцэг төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2011 онд салж тус тусдаа амьдрах болсон одоо тус тусын амьдралтай болсон. Тэр үеээс хойш охин маань эх Б.Мөнхтэмүүлэнгийн асрамжид өсч торниж байна. Иймд гэрлэлтийг цуцалж охин Б.Мөнхцэцэгийг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэв.
Хариуцагч Ш.Билгүүн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид зан харилцааны таарамжгүй харилцааны улмаас 2011 оноос салж тусдаа амьдарсан, дахин нийлж амьдрах боломжгүй тул хууль ёсоор гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охиноо эхийнх нь асрамжид үлдээж, уулзаж байх хүсэлтэй байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Мөнхтэмүүлэн нь хариуцагч Ш.Билгүүн холбогдуулан гэрлэлт цуцлуулах, асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч С.Мөнхтэмүүлэн хариуцагч Ш.Билгүүн нар нь 2008 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болсныг 2009 оны 03 дугаар сарын 05-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад 65 дугаарт бүртгэсэн бүртгэл, тэдний дундаас 2009 оны 03 дугаар сарын 10-ны өдөр охин Б.Мөнхцэцэг төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, охин Б.Мөнхцэцэгийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар гэрлэлтийг бүртгэсэн өдрөөс эхлэн гэрлэгчдийн хооронд эрх, үүрэг үүсэх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримт болон зохигчдын тайлбараар Б.Мөнхтэмүүлэн, Ш.Билгүүн нарын гэрлэлт хэвээр, дуусгавар болоогүй, цуцлагдаагүй байна.
Монгол улсын Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ” гэж зааснаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Б.Даваасүрэн өргөдөл гаргагч Б.Мөнхтэмүүлэнгийн өргөдөлөөр зохигчдыг эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд урьж, эвлэрүүлэх ажиллагаа явуулсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй учраас тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.14-т зааснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна.
Хэдийгээр зохигчдыг эвлэрүүлэх ажиллагаа дуусгавар болсон ч шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 129 дүгээр зүйлийн 129.1.7, мөн 132 дугаар зүйлийн 132.1-д зааснаар гэрлэгчдийг эвлэрэн хэлэлцэх боломж байгаа эсэх, гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх талаар эвлэрэх арга хэрэгслийг хэрэглэх талаар санал болгож, үр дагаврыг тайлбарласан хэдий ч талууд гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн хэвээр байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Энэ хуулийн 1З-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан.
Гэрлэгсэд 2011 оноос хойш тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон, нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч, хариуцагч нар охин Б.Мөнхцэцэгийн асрамжийн талаар маргаагүй нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасан зохицуулалттай нийцэж байх тул 2009 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Б.Мөнхцэцэгийг эх Б.Мөнхтэмүүлэнгийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д “Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно” гэж заасны дагуу охин Б.Мөнхцэцэгийг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь эцэг Ш.Билгүүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд түүнийг хүүхэдтэйгээ уулзах, хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ гүйцэтгэхэд эх Б.Мөнхтэмүүлэн саад болох, уулзуулахгүй байх, хориг саад болох үндэслэлгүй болно.
Зохигч эд хөрөнгийн маргаан үүсгээгүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Шоовдорын Билгүүн, Жаран овогт Батбаатарын Мөнхтэмүүлэн нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2009 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Б.Мөнхцэцэгийг эх Б.Мөнхтэмүүлэнгийн асрамжид үлдээсүгэй.
3. Зохигчид эд хөрөнгийн маргаан үүсгээгүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Мөнхтэмүүлэнгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Билгүүнээс 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Мөнхтэмүүлэнд олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Совингэрэлд даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ, Л.ЭНХЖАРГАЛ