Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 1763

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Монгол улсын хуулийн этгээд 2600935 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, энхтайвны өргөн чөлөө, 77-4 тоотод оршин байх “Наран ойл” ХХК-ийн хүсэлттэй,

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.Хонгорхүүг эрэн сурвалжлуулах, оршин суугаа хаягыг олж тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.хишигжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан хүсэлт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Наран ойл” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/372 дугаар захирамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, хуучнаар товчооны хойно байрлах 8029/5520 нэгж талбарын дугаартай 66643 га газрыг нефтийн агуулахын зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшдэг. Гэтэл сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 147 А захирамжаар манай эзэмшиж буй газрын урд нийтийн эзэмшлийн зам талбайруу нэвтрэх орц гарцыг хааж Г.Хонгорхүүд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, хуучин 22-ын товчооны баруун талд 800 мкв газар эзэмшүүлэхээр олгосон байна. Манай компани эзэмшил газарлуу нэвтрэх орц гарц гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Одоо Г.Хонгорхүүгийн оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч “Наран ойл” ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Хонгорхүүгийн оршин суугаа хаягыг олж тогтоолгох, эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 135.1.9-т “нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах” хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицуулжээ.

            Хүсэлт гаргагч “Наран ойл” ХХК нь Г.Хонгорхүүгээс эзэмшил газраа ашиглах нөхцлөөр хангуулан, нийтийн эзэмшлийн талбай руу нэвтрэх орц, гарц гаргахыг даалгах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Г.Хонгорхүү нь Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 13-111 тоотод оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон үндэслэлээр тус дүүргийн шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 4788 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

            Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ИЦ83081515 регистрийн дугаартай Ганбаатарын Хонгорхүүгийн оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаагаас нэхэмжлэгч “Наран Ойл” ХХК нь хуульд заасан харьяаллын дагуу Г.Хонгорхүүг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, түүний оршин суух хаягыг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Г.Хонгорхүү нь Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 13-111 тоот хаягт оршин суух бүртгэлтэй, тэрээр  99185878, 89102022, 99889968 дугаарын утастай болохыг дурдаж байна.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Монгол улсын иргэн ИЦ83081515 регистрийн дугаартай Ганбаатарын Хонгорхүүг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Г.Хонгорхүүг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягыг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай “Наран ойл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишигжаргал /99192251/-д мэдэгдэхийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэст даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч “Наран ойл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Л.ЭНХЖАРГАЛ