Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/69

 

2021        05            31                                     2021/ШЦТ/69

 

       

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Энхмаа,

Улсын яллагчаар хяналтын  прокурор Ө.Мөнхнавч,

Шүүгдэгч Т.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Шт холбогдох эрүүгийн 2119000000090 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өрөгч, угсрагч мэргэжилтэй, Дэнжийн хүү ХХК-ний захирал ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ...оршин суух хаягтай, Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 200.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Т.Ш,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Т.Ш 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутагт иргэн Д.Бг өөрийг нь доромжлон харьцлаа гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газарт нь гараараа хэд хэдэн удаа цохиж, машинд сууж байхад нь хөлөөс нь татаж буулгаад хөлөөрөө дээрээс нь дэвсэж зүүн нүдний салстын цус харвалт, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:            

Шүүгдэгч Т.Шын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би ажлын хүмүүсийн дэргэд доромжлоод байхаар нь цохисон. Өөрийн бурууг ойлгож байна.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг,

 

            Хохирогч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ....Д гэх эмэгтэйг дуудаад Сайншанд сумын 8 дугаар баг Ганган зээрдийн гадаа очиход Ш, Б хоёр машиндаа сууж байсан. Ш Бгаар миний утсыг Оюунбаярт өгүүлсэн юм билээ би тэрийг нь анзаараагүй машины цонхоор нус Ш утсаа авъя гэж хашгиртал Оюунбаяр утсыг чинь авчихсан явъя гээд бид машинтайгаа хөдлөөд засмал зам руу ортол Ш араас машинтайгаа ирээд бидний машины урдуур ороод хашиж зогсоохоор нь юм хэлэх гэж байгаа юм болов уу гэж бодтол бууж ирээд машины зүүн талаар ирээд хаалга нээгээд намайг нүүр лүү гараараа цохиод хоёр хөлөөс чирч машинаас буулгаад зам дээр унагаад хөлөөрөө дэвсээд чамайг ална гээд цохиод байсан.... Ш миний нүүрэнд гараараа 3-4 удаа цохисон, машинаас чирч буулгаад зам дээр хэвтүүлээд дээрээс хөлөөрөө дэвсээд байсан хэд хэдэн удаа дэвссэн... Миний зүгээс Т.Шаас хохирол төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7, 52-53 дугаар хуудас/,

 

            Гэрч И.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б урд хаалганаас буугаад нус Ш утсаа авъя гээд орилохоор нь би суугаач ээ гар утсыг чинь авсан явъя гээд такситайгаа хөдөлсөн. Тэгээд засмал зам руу ороод явж байтал Ш тээврийн хэрэгсэлтэйгээ урдуур хашиж зогсоод бууж ирээд Тоёота Приус тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талд сууж байсан Бгийн хаалгыг онгойлгоод нүүр лүү нь гараараа цохиод хөлөөс нь татаж буулгаад өшиглөх шиг болохоор нь би тээврийн хэрэгслийн хойд суудал дээрээс салгах гээд хаалга нээх гэтэл Ш хаалга жийж хаачхаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,

 

            Гэрч Ө.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бонго маркийн тээврийн хэрэгсэлтэй хүмүүс зам дээр хашиж зогсоогоод жолооч талын суудлаас нэг залуу бууж ирээд шууд миний тээврийн хэрэгслийн урд талын жолоочийн эсрэг талын хаалгыг нээгээд Бгийн нүүрэн хэсэгт гараараа 1-2 удаа цохиод Бг хөлөөс нь тээврийн хэрэгслээс чирч буулгаад хөлөөрөө дэвсээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/

 

            Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ш ах тээврийн хэрэгслээс буугаад Приусын жолоочийн эсрэг талын хаалган дээр очиход Б бууж ирж байсан тэгээд Ш ах Бг гараараа нүүрэн тус газарт 1 цохих шиг болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-65 дугаар хуудас/

 

            Шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 02/0151 дугаартай: “...Д.Бгийн биед зүүн нүдний салстын цус харвалт, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/

 

         Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 27-р тал/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

          Шүүгдэгч Т.Ш нь 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутагт иргэн Д.Бг өөрийг нь доромжлон харьцлаа гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газарт нь гараараа  цохиж, машинаас татаж буулган хөлөөрөө дээрээс нь дэвсэж зүүн нүдний салстын цус харвалт, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ... Ш араас машинтайгаа ирээд бидний машины урдуур ороод хашиж зогсоохоор нь юм хэлэх гэж байгаа юм болов уу гэж бодтол бууж ирээд машины зүүн талаар ирээд хаалга нээгээд  нүүр лүү гараараа цохиод хоёр хөлөөс чирч машинаас буулгаад зам дээр унагаад хөлөөрөө дэвсээд чамайг ална гээд цохиод байсан.... Ш миний нүүрэнд гараараа 3-4 удаа цохисон, машинаас чирч буулгаад зам дээр хэвтүүлээд дээрээс хөлөөрөө дэвсээд байсан хэд хэдэн удаа дэвссэн...” гэсэн мэдүүлэг, гэрч И.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б урд хаалгаар буугаад нус Ш утсаа авъя гээд орилохоор нь би суугаач ээ гар утсыг чинь авсан явъя гээд такситайгаа хөдөлсөн. ...Ш тээврийн хэрэгсэлтэйгээ урдуур хашиж зогсоод бууж ирээд Тоёота Приус тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талд сууж байсан Бгийн хаалгыг онгойлгоод нүүр лүү нь гараараа цохиод хөлөөс нь татаж буулгаад өшиглөх шиг болохоор нь би тээврийн хэрэгслийн хойд суудал дээрээс салгах гээд хаалга нээх гэтэл Ш хаалга жийж хаячхаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг, гэрч Ө.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бонго маркийн тээврийн хэрэгсэлтэй хүмүүс зам дээр хашиж зогсоогоод жолооч талын суудлаас нэг залуу бууж ирээд шууд миний тээврийн хэрэгслийн урд талын жолоочийн эсрэг талын хаалгыг нээгээд Бгийн нүүрэн хэсэгт гараараа 1-2 удаа цохиод Бг хөлөөс нь тээврийн хэрэгслээс чирч буулгаад хөлөөрөө дэвсээд байсан...”гэсэн мэдүүлэг, гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ш ах тээврийн хэрэгслээс буугаад Приусын жолоочийн эсрэг талын хаалган дээр очиход Б бууж ирж байсан тэгээд Ш ах Бг гараараа нүүрэн тус газарт 1 цохих шиг болсон...” гэсэн мэдүүлэг, Шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 02/0151 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн шүүгдэгч Т.Шт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Т.Шт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Шүүгдэгч Т.Шт холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, прокурорын сонсгосон ялыг болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар прокурорын саналын хүрээнд хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Шыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

 

Хохирогч Д.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Т.Ш нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй.

 

Шүүгдэгч Т.Ш нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр  гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:  

   1.Шүүгдэгч Т.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Шт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Шүүгдэгч Т.Шт оногдуулсан 600 000 төгрөгийн торгох ялыг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

4.Шүүгдэгч Т.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

5 .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Шт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АДЪЯАСҮРЭН