Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2023/0252

 

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2023/0252

Улаанбаатар хот

 

 

“М и ө

х х о с” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У,

Хэргийн оролцогчид:

        Нэхэмжлэгч “М и ө х х о с ” ХХК

        Хариуцагч “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК,

Нэхэмжлэлийн шаардлага: “М и ө х х о с ” ХХК-ийн нэгж эрхийн бүртгэлийн хураамжийг “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор өөрчлөлт оруулж баталсан “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь хэсэгт заасан хувиар үйлчилгээний хөлс хураахыг хариуцагчид даалгах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 92 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, өмгөөлөгч Ю.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна.

Хэргийн индекс: 128/2022/0888/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М и ө х х о с ” ХХК нь “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-нд холбогдуулан “М и ө х х о с ” ХХК-ийн нэгж эрхийн бүртгэлийн хураамжийг “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор өөрчлөлт оруулж баталсан “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь хэсэгт заасан хувиар үйлчилгээний хөлс хураахыг хариуцагчид даалгах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 92 дугаар шийдвэрээр “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 4.2.5, 4.2.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М и ө х х о с ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор өөрчлөлт оруулж, баталсан “Хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2.2-т заасан хувиар “М и ө х х о с ” ХХК-иас бүртгэлийн үйлчилгээний хөлс хураахыг “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д даалгаж шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

 3.1 Нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг зохих журмын дагуу хийгээгүй байхад нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн нь буруу,

 3.2 Нэхэмжлэгч хариуцагчийн хооронд гэрээний харилцаа байхад үүнд дүгнэлт өгөөгүй,

 3.3 Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг буруу тайлбарлан хэрэглэсэн зэрэг үндэслэлээр тайлбарлаж байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “М и ө х х о с ” ХХК нь “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д холбогдуулан “М и ө х х о с ” ХХК-ийн нэгж эрхийн бүртгэлийн хураамжийг “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор өөрчлөлт оруулж баталсан “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь хэсэгт заасан хувиар үйлчилгээний хөлс хураахыг “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь үйлчилгээний хураамжийг 1%-иар тогтоосон нь эдийн засгийн тооцоо судалгаа үндэслэлгүй, хөрөнгийн зах зээлд оролцогч компанийг эдийн засгийн хувьд илт хохироосон, алдагдалд хүргэж болзошгүй, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд Монголын хөрөнгийн биржийн 2019/07 дугаар тогтоолоор баталсан журамтай холбогдуулан маргаж байх явцад хариуцагч 2021 оны 16 дугаар тогтоолоор үйлчилгээний хураамжийг багасгаж өөрчилж баталсан нь дээрх нөхцөл байдлыг хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрсөн нь харагдаж байдаг. Улмаар бид шинэчлэн баталсан журмын дагуу үйлчилгээний хураамжаа төлөх байх гэж найдан давж заалдах шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан боловч хариуцагч тэгээгүй” гэсэн агуулгаар тайлбарлан маргажээ.

       4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулж, тус шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн эсэхэд дүгнэлт хийлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрсөн байх тул давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

4.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “...тус хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 52 дугаар зүйлийн 52.5.1-д “...эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох”  гэж тус тус заасанчлан анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулж, нэхэмжлэгчийн хүсэж буй эрх зүйн хамгаалалт нь хуулиар тухайн нэхэмжлэлийн төрөлд тавигдах урьдчилсан нөхцөлийг хангаж байх тохиолдолд хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах үүрэгтэй.

4.2. Тухайн тохиолдолд, нэхэмжлэгч “М и ө х х о с ” ХХК нь хариуцагч “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-тай 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 2021/72 дугаар “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн гэрээ” байгуулсан. Гэрээний 2.1.2-т “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн 2019 оны 2019/07 дугаар тогтоолоор батлагдсан Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журмын 6.2.2-т заасанчлан “нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс – нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 1 хувь” тусгасан. Улмаар, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журмын 6.2.2 дахь заалтыг “нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс - Нийт бүртгүүлсэн үнийн дүнгээс хамаарч: 6.2.2.1 20 тэрбум хүртэлх үнийн дүнд 0.5%, 6.2.2.2 20-50 тэрбум хүртэлх үнийн дүнд 0.375%, 6.2.2.3 50 тэрбум төгрөгөөс дээш үнийн дүнд 0.25% тус тус байх ба хамгийн багадаа 25,000,000 төгрөг, хамгийн ихдээ 150,000,000 төгрөг” байхаар өөрчлөн тогтоосонтой холбогдуулан нэхэмжлэгчээс 2021 оны 2021/72 дугаар “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн гэрээ”-ний нэгж эрхийн бүртгэлийн хураамжийг “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаар тогтоолоор өөрчлөлт тогтоосон хувиар хураахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

4.3. Тус үйл баримттай холбогдуулан анхан шатны шүүх, нэхэмжлэгчийн эрхийн хамгаалалт хүсэн маргаж буй эрх, ашиг сонирхол нь захиргааны хэргийн шүүхээр хамгаалагдах эрх, ашиг сонирхол мөн эсэх, хэрэв мөн бол дан ганц даалгах нэхэмжлэлийн шаардлагаар шүүх захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах хууль, эрх зүйн боломжтой эсэх асуудлыг тодруулж, тухайн асуудалд хууль зүйн дүгнэлт хийсний үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

5. Иймд, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэлийг бүрэн тодруулаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Мөн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “нотлох баримт нь ... шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно”, 88 дугаар зүйлийн 88.3-т “Шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш ... тэмдэглэлийг бэлэн болгох ба түүнд шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурна” гэх хуулийн шаардлагыг хангахгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 92 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

        

                   ШҮҮГЧ                                                         О.ОЮУНГЭРЭЛ

                   ШҮҮГЧ                                                         Д.ОЮУМАА

 

                              ШҮҮГЧ                                                         Г.МӨНХТУЛГА