Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 552

 

                                                                                                                                                                                                                                               

                                                                    

 

 

 

 

 

 

 

           ББд холбогдох

           эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ч.Алтансүх,

Шүүгдэгч ББ, түүний өмгөөлөгч Э.Ганбат,

Нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 389 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч ББын гаргасан давж заалдах гомдлоор ББд холбогдох эрүүгийн 170600000045 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Цэцэг зуутраг овогт Баатарын ББ, 1989 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа автомашин засварладаг, Налайх дүүргийн тоотод оршин суудаг,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 687 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД: /,       

 

             ББ нь согтуугаар 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 18-23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 278 тоотод байрлах талийгаач Г.Гын эзэмшлийн гэрт Г.Гыг хувийн таарамжгүй харьцааны улмаас биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр зодож алсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: ББд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ББыг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д тус тус зааснаар шүүгдэгч ББыг 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ББын цагдан хоригдсон 204 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ...зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т заасны дагуу ББаас 30.000 төгрөгийг гаргуулж Шүүх сэтгэц эмгэг судлалын төвд олгож, ...ББд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ББ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...389 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. ...Шүүх сэтгэц эмгэг судлалын 924 дугаартай дүгнэлтийг буруу гаргаснаас болж хяналтын прокурор болон шүүх бүрэлдэхүүн нь амь хохирогч Гантулгын догшин авирлаж миний биед аюултайгаар довтолж миний амь насны эсрэг удаа дараа буюу 3-н удаа довтолсныг харгалзан үзээгүй. Мөн болсон хэргийн талаар сэтгэцийн шок бүрэн гараагүй байхдаа буруу тайлбарлан мэдүүлэг өгсөн зэргийг дахин хянуулж үнэн зөвөөр нь шийдүүлэх хүсэлт гаргаж байна. ...Одоо тайвшир, яагаад уурлаад байгаа юм бэ гэхэд сая хоёр пиздаг яах гэж дагуулж орж ирсэн юм бэ, чи тэр Дуламсүрэнтэй нь явалдлаа, чамайг ална гэж дайрсан. Би Г.Г ахад хандан төрсөн дүүгээсээ өөрцгүй миний дүү охины хөхийг барьж оролддог чам шиг хүний ах байдаг юм уу гэж хэлэхэд Г.Г ах одоо чамайг алчихъя гэж заналхийлэн довтолсон нь тулж ирэхэд би Г.Г ахын нүүр рүү гараараа цохиход Г.Г ах намайг алахаар сүх аваад дайрсан. Тэгэхэд хэзээ орж ирсэнийг мэдэхгүй Даваацэрэн, Нэргүй хоёр Г.Г ахаас сүхийг нь салгаж авсан. ...Тэгээд ширээнд сууж байтал дахиад ална гэхээр нь эргээд хартал яах ийхийн зуургүй хутгалсан. Эндээс цааш юу болсоныг санахгүй болсон. Тэгээд нэг мэдсэн чинь би учиргүй орилчихсон, Г.Г ахыг зодож байсан. Тэгээд юу болж байна вэ, би юу хийж байна вэ гээд Г.Г ахыг харсан чинь нүүр ам нь аймар болсон, үхсэн юм шиг ухаангүй хэвтэж байсныг хараад би алчихсан байна, би буруутай, одоо яана аа, ямар ч байсан тусламж дуудах хэрэгтэй гээд Туяа эгч рүү явсан. Энэ нөхцөл байдал болсон гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ”, 4 дүгээр бүлэг “Гэмт хэрэг үгүйсгэх нөхцөл байдал”, 4.1 дүгээр зүйл “Аргагүй хамгаалалт хэрэглэсэн” гэж заасан...” гэв. 

 

Шүүгдэгч ББын өмгөөлөгч Э.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үйлчлүүлэгчийнхээ давж заалдах гомдлыг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгчийн давж заалдах гомдлын гол үндэслэл нь “миний үйлдэлд аргагүй хамгаалалтын нөхцөл байдал байгаа эсэхийг зөв шийдвэрлэж өгнө үү” гэсэн байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогчийн зүй бус, шүүгдэгчийн эсрэг довтолсон довтолгоон байдаг. Сүх, хутга барьсан байдаг. Хутганы үйлдлээр миний үйлчлүүлэгчийн хувцсанд гэмтэл учирсан байдаг. Үүнийг тухайн үед хоёр гэрч салгасан нөхцөл байдал байдаг. Энэ нөхцөл байдлыг нь хууль зүйн талаас дүгнэлт хийх боломжтой гэж үзэж байна” гэв.

 

Прокурор Ч.Алтансүх тус шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ: “Шүүгдэгч ББ онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж зодож алсан гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Шүүгдэгч ББ руу хохирогч сүх, хутга барьж дайрсан гэж байна. Энэ асуудлын хувьд гэрчүүд мэдүүлдэг. Шүүгдэгч ББ амь хохирогч Г.Гыг эхэлж зодож, улмаар хутга, сүх барьсан байдаг. Үүнийг тухайн үед байсан гэрчүүд салгаж, энэ үйлдлийг таслан зогсоосон байдаг. Тэгэхээр аргагүй хамгаалалтын асуудал яригдахгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг үндэслэж хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.                                                            

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

ББ нь согтуугаар 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 18-23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 278 тоотод байрлах талийгаач Г.Гын эзэмшлийн гэрт Г.Гыг хувийн таарамжгүй харилцааны улмаас онц харгис хэрцгийгээр зодож алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Туяагийн мэдүүлэг /хх-43-44/, гэрч Ц.Алтанзулын мэдүүлэг /хх-53/, арван найман насанд хүрээгүй гэрч Б.Нэргүйгийн мэдүүлэг /хх-55-58/, гэрч Н.Даваацэрэнгийн мэдүүлэг /хх-60-61/, гэрч Г.Ууганбаярын мэдүүлэг /хх-63/, гэрч Б.Цэнджавын мэдүүлэг /хх-65/, гэрч Л.Мөнх-Одын мэдүүлэг /хх-67/, гэрч Б.Мөнхбаярын мэдүүлэг /хх-69/ болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 1693 дугаартай дүгнэлт /хх-104-105/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 10939 дугаартай дүгнэлт /хх-80-81/, шинжээчийн 8337 дугаартай дүгнэлтийн хавсралт /хх-82/, 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 8335 дугаартай дүгнэлт /хх-84/, шинжээчийн 8335 дугаартай дүгнэлтийн хавсралт /хх-85/, 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 8336 дугаартай дүгнэлт /хх-89/, шинжээчийн 8336 дугаартай дүгнэлтийн хавсралт /хх-90/, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 924 дугаартай дүгнэлт /хх-99-100/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7-23/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-24-30/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-36-41/, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-175-176/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, хууль зүйн зөв дүгнэлт хийжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ББын гаргасан “...нөхцөл байдал болсон гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ.”, 4 дүгээр бүлэг “Гэмт хэрэг үгүйсгэх нөхцөл байдал” буюу аргагүй хамгаалалт хэрэглэсэн...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Шүүгдэгч ББ нь хувийн таарамжгүй харилцааны улмаас амь хохирогч Г.Гыг онц харгис хэрцгийгээр зодож алсан болох нь арван найман насанд хүрээгүй гэрч Б.Нэргүй болон гэрч Б.Даваацэрэн нарын “...Г.Г Бямбаа хоёрын дунд маргаан болж байсан. Бямбаа Г.Г ахад хандан “чи төрсөн дүүгээсээ өөрцгүй миний дүүгийн хөхийг барьж оролддог чам шиг ах байдаг юм уу” гэж хэлсэн. Бямбаа Г.Г ахын нүүр рүү гараараа цохиход Г.Г ах сүх аваад далайхад нь манай найз бид хоёр очиж сүхийг нь авсан. Бямбаа Г.Г ахыг түлээний сав руу толгойг нь хийж хоолойг нь боож байсан. Г.Г ах “одоо болъё” гэхэд Бямбаа тавьсан. Бямбаа тавьчихаад ширээн дээр ирээд талх аваад байж байхад Г.Г ах хутга аваад Бямбаагийн зүг доороос нь дээш чиглэлтэй хутгаа дүрэх гэсэн. Бямбаагийн хувцас юм уу, ямар нэг зүйл урагдах шиг болсон. Тэгээд тэр хоёр зууралдаад зодолдож эхэлсэн. ...Тэгээд Бямбаа тэр хоёр зодолдож Бямбаа Гантулгыг зодож байсан. Г.Г ах нэг их хөдөлгөөн хийж чадахгүй байсан. Г.Г ахыг харахад хамар, нүүр, ам нь битүү хавдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-55-58, 60-61/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 1693 дугаартай “...Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тархи, цээж, хэвлий хавсарсан гэмтэл, тархины зөөлөн бүрхүүлийн доорх голомтлог цус харвалт, хуйхны дотор талын тархмал цус хуралт, цээжний хэлбэр алдагдал, баруун 3, 4, 5, 6, 7, 8, 10, 11, 12 олон шугамаарх, шууд биш хугарлууд, зүүн 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар хавирганы дан, үүнээс 4, 5, 6, 7 дугаар хавирганы хоёрлосон, олон шугамаарх шууд ба шууд биш хугарлууд, гялтан булчин дахь цус хуралт, өвчүү ясны хугарал, ховч ясны хугарал, элэгний баруун дэлбэнгийн хальсан доорх цус хуралт, гэмтлийн шок, хоёр уушигны авчийлт, уушигны дэлбэнгийн шарх, цус хуралт, зүрхний булчингийн цус хуралт, шарх, тархи, уушигны хаван, дотор эрхтэний цус эргэлтийн хямрал, хурц цус багадалт, хүзүү, хоёр чихний дэлбэн, хоёр нүдний зовхи, дух, уруулын шарх, нуруу, баруун бугалганы зулгаралт, нүүр, толгойн хэсгийг нийтэд нь хамарсан зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цээж, хоёр гарын сарвууны цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо...” дүгнэлт /хх-104-105/ зэргээр тогтоогдож байх ба дээрх бичгийн баримтуудыг үгүйсгэх баримт хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн энэ байдлыг үгүйсгэж гаргасан давж заалдах гомдол няцаагдаж байна.

Дээрх гэрчүүдээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу байцаалт авч, тэдгээр гэрчүүд энэхүү хэрэгт хувийн сонирхолгүй байх бөгөөд шүүгдэгчийг гэмт хэрэгт гүтгэсэн гэх байдал тогтоогдоогүй, эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй.” гэж заажээ.

Шүүгдэгч ББын нь амь хохирогчийн хууль бус халдлага, довтолгоон төгссөн байхад гэмт үйлдлээ үргэлжлүүлсэн байх тул түүний үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцох үндэслэлгүй юм.  

Шүүгдэгч ББын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан буюу “хүнийг алах” гэмт хэргийн “...хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж..,” гэсэн хүндрүүлэх шинж байхгүй байна. Өөрөөр хэлбэл арван найман насанд хүрээгүй гэрч Б.Нэргүй болон гэрч Б.Даваацэрэн нарын “...Бямбаа Г.Г ахын нүүр рүү гараараа цохиход Г.Г ах сүх аваад далайхад нь манай найз бид хоёр очиж сүхийг нь авсан. Бямбаа Г.Г ахыг түлээний сав руу толгойг нь хийж хоолойг нь боож байсан. Г.Г ах “одоо болъё” гэхэд Бямбаа тавьсан. Бямбаа тавьчихаад ширээн дээр ирээд талх аваад байж байхад Г.Г ах хутга аваад Бямбаагийн зүг доороос нь дээш чиглэлтэй хутгаа дүрэх гэсэн. Бямбаагийн хувцас юм уу, ямар нэг зүйл урагдах шиг болсон. Тэгээд тэр хоёр зууралдаад зодолдож эхэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-55-58, 60-61/-ээс үзэхэд “...Талийгаачийн цусанд 3.3 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Ходоодонд агууламжгүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-104-105/-ээр амь хохирогч Г.Г нь хүнд зэргийн согтолттой байсан байх боловч шүүгдэгч ББын аюултай үйлдлийн эсрэг зэвсэг хэрэглэн эсэргүүцэл үзүүлж байсан үйл баримт тогтоогдож байх тул түүнийг биеэ хамгаалах чадваргүй байсан, энэхүү байдлыг нь шүүгдэгч ББ мэдсээр байж энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Харин шүүгдэгч ББын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “онц харгис хэрцгийгээр” хүнийг алах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ. Шүүгдэгч ББ дээрх гэмт хэргийг үйлдэхдээ амь хохирогчийн биед олон тооны шарх, гэмтэл үүсгэн онц харгис хэрцгийгээр зодож алсан болох нь насанд хүрээгүй гэрч болон бусад гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ. 

Анхан шатны шүүхээс ББд оногдуулсан хорих ял шийтгэлийн хэмжээ, ял эдлүүлэх дэглэм нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн арга, хандлага, амь хохирогчийн буруутай үйлдэл нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн зэрэг нөхцөл байдалтай тохирсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Туяагийн гомдол санал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэрэгт зөв дүгнэлт хийсэн байна.

Иймд шүүгдэгч ББын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 389 дүгээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 389 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Баянзүрх дүүргийн Прокурорын газраас ББд холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн хэргээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.  

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүгдэгч Цэцэг зуутраг овгийн Баатарын ББыг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Шүүгдэгч Цэцэг зуутраг овогт Баатарын ББыг онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч ББын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                      ШҮҮГЧИД                                                    Ц.ОЧ

 

                                                                            Д.МЯГМАРЖАВ