Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00361

 

 

“УБ Б”ХХК-ний  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2018/01812 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2154 дүгээр магадлалтай,

“УБ Б”ХХК-ний нэхэмжлэлтэй

Р.Б, Г.Жнарт холбогдох

Гэрээний үүргээ гүйцэтгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Р.Б, Г.Жнарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батжаргал, Э.Цээпилмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Г.Жаргалмаа, Р.Б нар нь манайхтай 2015 оны 9 сарын 14-ний өдөр ОСЗГ9201/150914 дугаар орон сууцны зээлийн гэрээ байгуулж 308 000 ам долларыг 60 сарын хугацаатай, жилийн 15,6 хувийн хүүтэй зээлсэн. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож мөн өдрийн барьцааны гэрээгээр ХУД, 4 хороо, Арцатын ам, Наадамчдын гудамж, Бритиш таувер орон сууцны цогцолбор, В блок, 7 давхрын 701 тоот, 154 м2 орон сууц, ХУД, 11 хороо, Богины ам гудамж, 26 тоот, 316,04 м2 амрагчдын сууцыг тус тус барьцаалсан. Хариуцагч нар нь барьцааны гэрээгээр хүлээсэн 154 м2 орон сууцны гэрчилгээг гаргуулж барьцаанд бүртгүүлэхээр гэрээний 3.2.9-дзаасан төслийн онцлогоос шалтгаалан барьцааны зүйлийн өмчлөх эрхийн гэрчилгээ бусад баримт бичгүүд нь дараа гарахаар бол тухайн гэрчилгээ, баримт бичгүүдийг батлагдсанаас хойш ажлын 3 хоногийн дотор барьцаалагчид шилжүүлэх, эрх бүхий байгууллагад гэрээг бүртгүүлэх үүргийг хүлээсэн. Нэхэмжлэгч талаас гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардсан ч хариуцагчаас ямар нэг үйлдэл буюу барьцаалуулах талаар банктай нэмэлт байгуулж бүртгүүлээгүй. Иймд орон сууцны зээлийн барьцааны гэрээний 4.1.11-т зааснаар орон сууцны зээлийн барьцааны гэрээний 3.2.9-т заасны дагуу үүргээ биелүүлэхийг хариуцагч нарт даалгуулахаар шаардлагаа өөрчилсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч нараас шүүхэд гаргасан тайлбартаа: Тус банктай 2015 оны 9 сарын 14-ны өдөр ОСЗГ90201/150914 дугаар зээлийн гэрээг байгуулж, 308 000 ам долларыг жилийн 15,6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаагаар зээлэхээр болсон. Улаанбаатар хотын банкны санхүүжилтээр баригдсан Экоскүүл гарден ХХК-ийн Бритиш тауверт 154 м2талбайтай орон сууцыг худалдан авахын тулд гэрээг байгуулсан. Экоскүүл гарден ХХК-ийн захирал Батжаргал, Ариунаа нар нь биднийг банкны тэргүүн дэд захирал О.Банзрагчтай танилцуулж, орон сууцыг худалдан авах зорилгоор тус банкнаас зээл авахад дэмжпэг үзүүлэх, зээлийн гэрээний нөхцлийг уян хатан байх талаар харилцан тохиролцсон. Бид өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний төлбөрт 100 000 гаруй ам доллар төлсөн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулж Хан-Уул дүүрэг, 11 хороо, Богинын ам 26 тоот 316.04 м2 амрагчдын зориулалттай 1 сая ам долларын өртөг бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. 2016 оны зун бид барьцаалуулсан дээрх үл хөдлөх хөрөнгийг гуравдагч этгээдэд 1 сая ам доллараар худалдахаар тохиролцож, барьцаанаас чөлөөлж өгөх тухай хүсэлтийг банкны эдийн засагчид хандсан. Тухайн үед зээлийн төлбөрийг бүрэн төлж байсан. Хэрэв үл хөдлөх эд хөрөнгөө худалдсан бол зээлээ бүрэн төлөх байсан. Эдийн засагч нь үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгнө гэж удаа дараа бидэнтэй уулзаж байсан ч эцэст нь чөлөөлөхгүй гэсэн. Ингэхдээ дахин шинээр зээл авч байгаа шиг материал бүрдүүлж, холбогдох хурлаар оруулсны дараа барьцаанаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ, зээлийн гэрээ 5 жилийн хугацаатай байгуулагдсан тул бид гэрээний хугацаагаар хүүгээ авч, ашгаа олох ёстой учир зээлийг урьдчилан төлөхийг зөвшөөрөхгүй гэсэн. Нэхэмжлэлийн шаардлага нь бидэнд хамаарахгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2018/01812 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 154 дүгээр зүйлийн 154.4-т заасныг баримтал Р.Б, Г.Жнарт холбогдох, барьцааны гэрээний дагуу Хан-уул дүүрэг, 4 хороо, Арцатын ам, Наадамчдын гудамж, Бритиш таувер орон сууцны цогцолбор, В блок, 7 давхрын 701 тоот, 154 мкв орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг барьцаалагчид шилжүүлэхийг даалгах тухай “УБ Б”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2154 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2018/01812 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Р.Б, Г.Жнар хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3 дах хэсгүүдийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т “Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн”, мөн зүйлийн 168,1.3-т “хэргийн болон оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн” гэж хуульчилсан байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Зоригтбаатар, Т.Батжаргал, Э.Цээпилмаа нар оролцсон байдаг. Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хариуцагч нарын эзгүйд шүүх хуралдааныг хийх тухай хүсэлтийг гаргасан байдаг. Үүнээс өөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт гаргаагүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг үргэлжлүүлж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тухай шийдвэрийг гаргасан. Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хийгээд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангасан, тэдний хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчөөгүй, давж заалдах журмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гомдол гаргасан бөгөөд хариуцагч нар эрхийг хангаагүй, эрхийг зөрчлөө гэж гомдол гаргаагүй. Гэтэл нэхэмжлэгчийн гомдлоор хариуцагчийн эрхийг хангахын тулд хэргийг дахин хэлэлцүүлэхээр магадлал гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.2, 168.1.3-д нийцсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхив.

“УБ Б”ХХК шүүхэд нэхэмжлэл гаргаж, зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор байгуулсан 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн барьцааны гэрээний 3.2.9-д заасан үүргээ биелүүлэхийг хариуцагч Р.Б, Г.Жнарт даалгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээ өөрчилж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 154 м.кв орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах, барьцаа хөрөнгийн бичиг баримтын эх хувийг банкинд шилжүүлэхийг даалгуулах буюу уг хөрөнгийг барьцаалуулахыг даалгуулах гэж тодорхойлжээ. /хх1-2, 34-р тал/ Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг “барьцааны гэрээний дагуу өмчлөх эрхийн гэрчилгээ шилжүүлэхийг даалгах” нэхэмжлэл гаргасан гэж үзэж, уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснээс үзэхэд нэхэмжлэлийн агуулга, үндэслэлийг зөв тайлбарлаж чадаагүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй байна.

2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “УБ Б”ХХК, нөгөө талаас Р.Б, Г.Жнар зээлийн гэрээ байгуулсан, гэрээний үүргийг хангуулахаар мөн барьцааны гэрээ байгуулсан ба 2 үл хөдлөх хөрөнгийг барьцаалснаас 154 м.кв орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй болохыг дурьдаж, хожим барьцааны зүйлийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарснаас хойш ажлын 3 хоногийн дотор барьцаалагчид шилжүүлэх, эрх бүхий байгууллагад гэрээг бүртгүүлэх талаар гэрээний 3.2.9-д заажээ.

Барьцааны гэрээнд заасан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Наадамчдын зам гудамж 52 дугаар байр, 701 тоот орон сууцны өмчлөгчөөр Б.Баргужин, Г.Жаргалмаа, Б.Бөртэ нар бүртгэгдсэн нь 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр тогтоогдсон байх ба барьцааны зүйлийн өмчлөгч, барьцааны гэрээний талууд барьцааг бүртгүүлэх зэрэг эрх зүйн асуудлаар анхан шатны шүүх хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийгээгүй байна. /хх 1,6-11,23,52 дугаар хуудас/

            Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зөв тодорхойлоогүй, маргааны зүйлийг тогтоож, зохигчдыг мэтгэлцэхэд чиглүүлээгүй, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх  бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2154 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА