| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2017/02002/И |
| Дугаар | 1766 |
| Огноо | 2017-05-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 1766
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ЗК85032607 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо монел 46 дугаар гудамж 30 тоотод оршин суух Гучин овогт Оюундарийн Уртнасангийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол Улсын иргэн ЗМ88053016 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо монелийн 46-30 тоотод оршин суух Зуут овогт Болдбаатарын Даваа-Очирт холбогдох,
Хүүхдийн эмчилгээний зардал 479.050 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Уртнасан, хариуцагч Б.Даваа-очир, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Номинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.Даваа-Очиртой хамтран амьдарч бидний дундаас охин Анужин, хүү Мөнхжин нар төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас тусдаа амьдарч хоёр хүүхдээ миний бие асарч байгаа болно. Шүүхийн шийдвэрээр хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон боловч тогтмол төлдөггүй, охин маань унаж татдаг өвчний улмаас байнга эмчийн хяналтад байдаг, тогтмол эм тариа, үзэлэг шинжилгээний зардлыг би ганцаараа хариуцаж байна. Иймд охин Анужингийн эмчилгээний зардал 479.050 төгрөгийн 50 хувь болох 239.525 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний хувьд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 04680 дугаар шийдвэрээр охин Анужин хүү Мөнхжин нарт хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг төлдөг. Тухайн үед хүүхдийн тэтгэлгээс гадна охины эмчилгээний зардалд 252.900 төгрөг надаас нэхэмжлэхэд би уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч шүүх уг мөнгийг надаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Миний хувьд шүүхийн шийдвэргүйгээр ч 2 хүүхдээ тусалж дэмжсээр ирсэн. Том охины эмчилгээг би өөрөө эмнэлэгээр явж хийлгэж, эмчилгээний үр дүн сайжирч байсан. Бид хоёр хэдийгээр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй амьдарч байсан боловч амьдрах явцад бий болгосон орон гэр, машин тэргээ би Уртнасан болон 2 хүүхэддээ бүгдийг өгөөд өөрөө юу ч үгүй салсан. Би Уртнасанд байгаа бүхнээ үлдээгээд салснаас хойш өөрийн гэсэн орон гэр ч үгүй айл айлд хоног өдрийг өнгөрөөж амьдарч, сүүлдээ ах дүү нартаа хүртэл ад үзэгдэж байна. Иймд би нэхэмжлэгчийн нэмэлт зардлыг гаргаж өгөх боломжгүй байгаа болон өмнө нь тэднийгээ харж үзэж байгаа бүхнээ үлдээгээд салсан зэрэг бодит нөхцөл байдлыг шүүх харгалзан үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Зохигчдын тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Уртнасан нь хариуцагч Б.Даваа-Очирт холбогдуулан охин Д.Анужингийн эмчилгээний зардал 479.050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 239.525 төгрөг болгон багасгасан.
Хариуцагч хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг төлдөг тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч О.Уртнасан хариуцагч Б.Даваа-Очир нар нь гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдарч, тэдний дундаас 2010 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр охин Д.Анужин төрсөн ба зохигчид 2016 оноос хойш тусдаа амьдарч байгаа, хариуцагч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 04680 дугаар шүүхийн шийдвэрээр хүүхдийн тэтгэлэг төлдөг болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд талууд энэхүү үйл баримтын талаар маргаагүй.
Охин Б.Анужин нь эпилепси буюу гэнэт унаж татах өвчний оноштойгоор байнгын эмчийн хяналтад эмчилгээ хийлгэдэг болох нь “зохигчдын тайлбар, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байхаас гадна хариуцагч энэхүү үйл баримтад маргаагүй./Д.Анужингийн 143 дугаартай “Эрүүл мэндийн дэвтэр”-ийг эх хувиар нь шүүх хуралдаанд судалсан болно/.
Хэрэгт авагдсан охин Д.Анужингийн эмчилгээний зардалд зарцуулсан эмчилгээний баримтыг шинжлэн судлахад 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Люкс мед” эмнэлгийн оношилгооны төлбөрт 180.000 төгрөг төлсөн баримт /х.х-ийн 4 дүгээр тал/, 2017 оны 03 дугаар сарын 24-ны өдөр 24.000 төгрөгийн эм худалдан авсан баримт /х.х-ийн 5 дугаар тал/ нь хуульд заасан шаардлагыг хангаж байхаас гадна эмчийн зааврын дагуу эмчилгээ оношилгоо хийлгэхэд гарсан зардал гэж үзэхээр байна.
Харин х.х-ийн 6-7 дугаар талд авагдсан оношилгоо, эм худалдан авсан баримт нь хүүхдэд эмчийн зааврын дагуу эмчилгээ, оношилгоо хийлгэхэд гарсан зардал гэж шууд эргэлзээгүй үнэлэх боломжгүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж, мөн зүйлийн 21.5-д “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн 18 насанд хүртэлх эрхийг нь хангахад энэ хууль үйлчилнэ” гэж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т хүүхдийн эрхийг хангах талаар эцэг эх “хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах” үүрэгтэй гэж тус тус зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ 18 насанд хүртэл түүний эрүүл өсөж хүмүүжих эрхийг хангах, хамгаалах үүрэгтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас нэмэлт тэтгэлэг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж зааснаар хүүхдийн эмчилгээний зардлыг түүний эцэг, эх адил тэнцүү хариуцах үндэслэлтэй.
Иймд хэрэгт авагдсан шаардлага хангасан бичгийн нотлох баримтыг үндэслэн хариуцагч Б.Даваа-Очироос нэмэлт тэтгэлэг 102.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Уртнасанд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 137.525 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Даваа-Очироос 102.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Уртнасанд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 137.525 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15.021 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Даваа-Очироос 4550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Уртнасанд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ