| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзийн Уянга |
| Хэргийн индекс | 181/2017/00494/и |
| Дугаар | 1353 |
| Огноо | 2017-05-15 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 1353
2017 оны 05 сарын 15 өдөр Дугаар 181/ШШ2017/01353 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 3 дугаар баг, Баянхошуу, Хөтөл 4 дүгээр гудамж, 1 тоот, тоотод оршин суух, Боржигон овогт Төмөрбатын Батчимэг /РД:НЭ86062765/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Тээвэрчдийн гудамж, Засгийн газрын XIII байрны өргөтгөлд байрлах, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ /РД:5324165/-т холбогдох
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирлын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/789 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, тасалбар түгээгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэнсмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун, Д.Энхбат, нарийн бичгийн даргаар Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Иргэн Т.Батчимэг нь “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-т Төв аймгийн Автотээврийн төвийн тасалбар түгээгчээр ажиллаж байсан бөгөөд ажиллах хугацаандаа сахилгын зөрчилгүй, үүрэг даалгаварыг цаг тухайд нь чанартай бүрэн гүйцэтгэдэг байсан.
Гэтэл сонгуулийн үр дүнгээр тус газрын удирдлагууд шинээр томилогдож, мөн жирийн ажилчдыг халж сэлгэж эхэлсэн бөгөөд Т.Батчимэгийг тус төвийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/789 дугаартай тушаалаар Төв аймгийн Автотээврийн төвийн тасалбар түгээгчийн ажлаас халж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөр цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн. Ийнхүү ажлаас халсны улмаас амьжиргаагаа залгуулах орлогогүй болсон.
Т.Батчимэгийн ажилласан ажил, албан тушаал хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах төрийн үйлчилгээний албан тушаалд ангилагдах байнгын ажлын байр болохын хувьд ажилтан Т.Батчимэг ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.3-т зааснаар ажлын байрны тодорхойлолтын үндсэн зорилтод заасан “Зорчих тасалбарыг бичиж борлуулалтын орлого бүрдүүлэх, мөнгөн хөрөнгийн тайлан тооцоо гаргах зэрэг” чиг үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай үйл ажиллагааг ажил олгогчоос олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар тогтоосон горимын дагуу тасалбар түгээгчийн ажил, үүргийг гүйцэтгэсэн.
Автотээврийн үндэсний төв нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 55 дугаартай тогтоолд заасан чиг үүргийг гүйцэтгэдэг бөгөөд 751 орон тоотой үйл ажиллагаа явуулахаар бүтэц батлагдсан байна.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 55 дугаартай тогтоол гаргаж тус төвийн захиргааны албан тушаалын жагсаалтыг баталсан ба уг тогтоол болон түүний хавсралтаар “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын ажил, албан тушаалын жагсаалтаас тасалбар түгээгчийн ажлын байрыг хасаагүй тул Улаанбаатар хот болон Төв аймгийн Зуунмод төв хооронд нийтийн тээврийн үйлчилгээг зохион байгуулах хүрээнд тус чиглэлийн зорчих тасалбарыг худалдан борлуулж, түгээх ажлыг Төв аймгийн Автотээврийн Төв гүйцэтгэсэн хэвээр байгаагаас үзвэл нэхэмжлэгч Т.Батчимэгийн ажиллаж байсан тасалбар түгээгчийн ажлын байрны үндсэн чиг үүрэг үргэлжлүүлэн гүйцэтгэж байна.
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирлын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын орон нутаг дахь Автотээврийн Төв болон салбарын ажил, албан тушаалын жагсаалтыг батлах тухай А/275 дугаартай тушаалын Арван долоодугаар хавсралтаар өмнө байсан тасалбар түгээгчийн ажлын байрны 3 албан тушаалыг хассанаар Төв аймгийн Автотээврийн Төвийн нийт 15 албан тушаалыг 10 болгож цөөрүүлсэн боловч тасалбар түгээгчийн ажлын байрыг хассан үндэслэл нь тодорхойгүй байна.
Учир нь, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 55 дугаартай тогтоолоор “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн орон тооны дээд хязгаарыг 751-ээр тогтоосноос бус ажлын байрны орон тоог хасах эсвэл цөөрүүлэхээр шийдвэрлээгүй бөгөөд “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-д дүрмээр болон Автотээврийн тухай хуулиар үүрэг болгосон нийтийн тээврийн үйлчилгээг зохион байгуулах чиг үүрэг хэвээр хадгалагдаж буй тул тус чиг үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай тасалбар түгээж, худалдан борлуулах ажил, үүргийн хэрэгцээ бодитой байна.
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захиргааны бүтэц тодорхойлогдсон тул түүнийг дахин тогтоох үндэслэлгүй бөгөөд “үйлдвэрийн газрын захиргааны бүтцийг тогтоох” эрх хэмжээ нь тус төвийн ажил, албан тушаалын орон тоог хасах, цөөрүүлэхтэй холбоогүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Нөгөөтэйгүүр ажилтны эрхэд халдаж буй хамгийн ноцтой хэлбэр болохын хувьд ажил, албан тушаалын орон тоог хасах эсвэл цөөрүүлэх нь бодит хэрэгцээ шаардлагад тулгуурласан үндэслэлтэй байх ёстой бөгөөд энэхүү хэрэгцээ, шаардлагын үндэслэлийг ажил олгогч нотлох үүрэгтэй. Гэвч бодит хэрэгцээ шаардлагын үндэслэлийг хариуцагч нотлоогүй байх тул ажил, албан тушаалын орон тоог хасах эсвэл цөөрүүлэх үндэслэл тогтоогдоогүй тул “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Захирлын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/275 дугаартай тушаалын Арван долоодугаар хавсралтаар өмнө байсан тасалбар түгээгчийн ажлын байрны 3 албан тушаалыг хассанаар Төв аймгийн Автотээврийн Төвийн нийт 15 албан тушаалыг 10 болгож цөөрүүлсэн нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Т.Батчимэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан тушаалд түүнийг ажлаас чөлөөлөхдөө аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсний аль үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж буйг тодорхой заагаагүй боловч түүний агуулгаас үзвэл “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцэд өмнө байсан тасалбар түгээгчийн ажил, албан тушаалын ажлын байрыг үгүй болгосон тул орон тоо хасагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 55 дугаартай тогтоолын 3 дугаар хавсралтаар “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захиргааны албан тушаалын жагсаалтыг баталсан тул үйлдвэрийн газрын захиргааны бүтцийг тогтоох Захирлын эрх хэмжээгээр ажил, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлаж, ажлын байрны орон тоог хасах эрх олгогдоогүй гэж үзэх үндэслэлтэй. Эрх олгогдоогүй байтал ажлын байрны орон тоог хассан үндэслэлээр албан тушаалтныг чөлөөлсөн нь хууль бус.
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын дүрмийн 6.10.7-т зааснаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас баталсан зохион байгуулалтын бүтэцийн хүрээнд удирдах болон гүйцэтгэх ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг боловсруулж батлах, шаардлагад нийцсэн мэргэжлийн хүний нөөцийг бүрдүүлэх, ажилд томилох, өөрчлөх, чөлөөлөх, тэдгээртэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах эрхийг Захиралд олгосон боловч тус эрхийг хууль тогтоомж зөрчилгүй, өөрт олгогдсон эрх, хэмжээний хүрээнд хэрэгжүүлэх үүрэгтэй тул ажлын байрны орон тоог хасахаар зохицуулаагүй байтал эрх хэмжээгээ хэтрүүлж, өөрт олгогдоогүй эрхийг эдэлж, тасалбар түгээгчийн ажлын байрны орон тоог хасч, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан нь хууль бус. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын дүрмийн 6.12-т заасан Захирал нь эрх хэмжээний хүрээнд тушаал гаргана гэснийг зөрчсөн.
Нэхэмжлэгч Т.Батчимэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалд ажлаас чөлөөлөх үндэслэл аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсний аль нь ажлаас чөлөөлөх үндэслэл болсныг тодорхой заагаагүй нь Улсын Дээд Шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим заалтыг тайлбарласан тогтоолыг зөрчиж байна.
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын ажил, албан тушаалын жагсаалтыг баталсан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 55 дугаартай тогтоол эсвэл Төв аймгийн Автотээврийн Төвийн ажил, албан тушаалтын жагсаалтаас тасалбар түгээгчийн ажлын байрны орон тоог хассан “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Захирлын А/275 дугаартай тушаал, түүний Арван долоодугаар хавсралтыг үндэслэл болгоогүй нь ажилтан Т.Батчимэгийг орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас халсан нь хууль бус.
Нэхэмжлэгч Т.Батчимэгийн ажлын байрны тодорхойлолтын үндсэн зорилтод заасан “Зорчих тасалбарыг бичиж борлуулалтын орлого бүрдүүлэх, мөнгөн хөрөнгийн тайлан тооцоо гаргах зэрэг” чиг үүргийг тасалбар түгээгчийн байнгын ажлын байр гэж ойлгох үндэслэлтэй бөгөөд тухайн ажил, албан тушаалын орон тоог хасах, энэ үндэслэлээр ажилтан Т.Батчимэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах бодит хэрэгцээ, шаардлага “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т байгаагүй.
Гэтэл нэгтгэгдсэн тасалбар түгээгчийн ажлын байрны орон тоонд ажиллаж байсан ажилтныг нэгтгэсэн тээвэр зохицуулагчийн ажлын байрны сул орон тоонд ажиллуулалгүйгээр 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ажлаас халж 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэн Р.Мөнхтуяаг шинээр ажилд авч 2017 оны 1 дүгээр сараас эхлэн ажиллуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т заасныг зөрчиж байна.
Мөн тасалбар түгээгчийн ажлын байрны орон тоог хасах, энэ үндэслэлээр ажилтан Т.Батчимэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах бодит хэрэгцээ, шаардлага байгаагүй нь “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн Захирлын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын орон нутаг дахь Автотээврийн Төв болон салбарын ажил, албан тушаалын жагсаалтыг батлах тухай А/49 дугаартай тушаалын Арван долоодугаар хавсралтаар өмнө тогтоосон тээвэр зохицуулагчийн 4 албан тушаалын орон тоог 1-ээр нэмэгдүүлж, тээвэр зохицуулагчийн албан тушаалыг 5 болгож, Төв аймгийн Автотээврийн Төвийн нийт 11 болгосноор нотлогдож байна.
Нэхэмжлэгч Т.Батчимэгийг Төв аймгийн Автотээврийн Төвийн тасалбар түгээгчийн ажлаас 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр чөлөөлсөн тул ажлаас халсан ажил олгогчийн шийдвэрт гомдол гаргах хугацаа 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөр дуусах боловч тухайн өдөр амралтын өдөр, Бямба гарагт тохиосон тул Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн даваа гарагт дуусах бөгөөд нэхэмжлэгч нь гомдлыг хуулийн хугацаанд гаргасан.
Иймд “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-т Захирлын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/789 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Т.Батчимэгийг Төв аймгийн Автотээврийн төвийн тасалбар түгээгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, дүрэм, орон тооны дээд хязгаарыг тогтоож өгсөн.
Тус үйлдвэрийн газрын захирлын 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын аймгийн автотээврийн төвүүдийн ажил албан тушаалын жагсаалт батлах тухай А/89 дүгээр тушаалаар Төв аймгийн Атотээврийн төвийн орон тоог 15 байхаар тогтоож тасалбар түгээгч 3 байхаар баталсан. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, дүрэм, орон тооны дээд хязгаарыг тогтоосонтой холбогдуулан Захирлын 2016 оны 10 дугаар сайрын 28-ны өдрийн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын орон нутаг дахь Автотээврийн төв болон салбарын ажил, албан тушаалын жагсаалт батлах тухай А/275 дугаар тушаалаар Төв аймгийн Автотээврийн төвийн орон тоог 10 байхаар баталж менежер 1, тасалбар түгээгч 3, үйлчлэгч 1 гэсэн орон тоог байхгүй болгож 5 орон тоог цөөрүүлсэн болно.
Бид байхгүй орон тоонд Т.Батчимэгийг ажиллуулах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан болон шүүхийн журмаар бүрдүүлүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Батчимэг нь хариуцагч “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-д холбогдуулан тус газрын захирлын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/789 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан тасалбар түгээгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Т.Батчимэг нь Төв аймгийн Автотээврийн төвийн тасалбар түгээгчээр ажиллаж байгаад “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ын захирлын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/789 дугаар тушаалаар орон тоо хасагдсан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанаар ажлаасаа чөлөөлөгджээ.
Т.Батчимэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.10 дахь заалтууд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаар тогтоолоор батлагдсан “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын дүрмийн 6.10.7, 6.12 дахь заалтуудыг удирдлага болгосон байна.
Удирдлага болгосон дээрх заалтуудаас Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.10 гэсэн заалт хуульд байхгүй, харин бусад заалтын тухайд үйлдвэрийн газрын удирдлага эрх хэмжээнийхээ хүрээнд хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах, тушаал гаргах эрх олгосон зохицуулалт байна.
Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээг цуцласан захирлын тушаалыг хууль бус гэж үзсэн үндэслэлээ тодорхойлоогүй, харин түүний өмгөөлөгч нь үндэслэлгүй тушаалд үндэслэсэн, эрх хэмжээгээ хэтрүүлсэн, хөдөлмөрийн гэрээ цуцласан үндэслэл хуульд нийцээгүй гэх үндэслэлүүдээр б/789 тоот тушаалыг хүчингүй болгуулахаар маргасан.
Хөдөлмөрийн тухай хууль 40 дүгээр зүйлийн 40.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заажээ.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын бүтэц, дүрэм, захиргааны албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталж, орон тооны дээд хязгаарыг 751 байхаар тогтоож, батлагдсан орон тооны дээд хязгаарт нийцүүлэн удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг тус үйлдвэрийн газарт үүрэг болгосон байна.
Энэ дагуу тус үйлдвэрийн газрын захирал 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр А/275 дугаар тушаал гаргаж, түүний арвандолдугаар хавсралтаар Төв аймгийн Автотээврийн төвийн ажил, албан тушаалын жагсаалтыг өмнөх буюу 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/89 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан 15 орон тооноос 5-ыг цөөрүүлж, меженер 1, тасалбар түгээгч 3, үйлчлэгч 1 орон тоог хасаж, нийт 10 орон тоогоор ажиллуулахаар баталсан байна.
Ийнхүү Төв аймгийн Автотээврийн төвийн тасалбар түгээгчийн ажлын байр буюу орон тоо хасагдсан нь Т.Батчимэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэл болсон байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн үйлдвэрийн газрын захирлын А/49 дүгээр тушаалаар Төв аймгийн Автотээврийн төвийн ажил, албан тушаалын жагсаалт шинэчлэгдэн батлагдаж, нийт 11 орон тоотой буюу өмнө нь 4 байсан тээвэр зохицуулагч 5 байхаар нэмэгдсэн байх ба уг тушаалын 2 дахь заалтаар Үйлдвэрийн газрын захирлын А/275 дугаар тушаал хүчингүй болжээ.
Гэсэн ч одоо хүчин төгөлдөр байгаа А/49 дүгээр тушаалаар тасалбар түгээгчийн орон тоо батлагдаагүй, хасагдсан хэвээр байгаа тул шүүх орон тоо хасагдсан үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан ажил олгогчийг буруутгах үндэслэлгүйн гадна байхгүй орон тоо буюу тасалбар түгээгчийн ажлын байранд нэхэмжлэгчийг эгүүлэн тогтоох боломжгүй байна.
Иймд “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирлын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/789 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан тасалбар түгээгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай Т.Батчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан тус газрын захирлын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/789 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан тасалбар түгээгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай Т.Батчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Т.Батчимэгийн нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа бичгэн хэлбэрээр гарсанаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд эс зөвшөөрвөл энэ хугацаанд гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА