| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2021/0079/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/75 |
| Огноо | 2021-05-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/75
2021 06 14 2021/ШЦТ/75
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Энхмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Ариунболд,
Шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Мд холбогдох эрүүгийн 2119000000098 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, хүний нөөцийн менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 хүүхдийн хамт .......оршин суудаг, Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2017/ШЦТ/124 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байсан, Г.М
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.М нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 05 дугаар сарын 13-ны орой 20 цаг 30 минутын орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багт байрлах Хараацай цэцэрлэгийн баруун хойд талд Т.Огийн нүүрэнд нь баруун гараараа 1 удаа, зүүн гартаа барьж байсан лаазтай пивоороо мөн нүүрэнд нь 1 удаа тус тус цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа ойлгож, гэмшиж байна ” гэсэн мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогч Т.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 13- ны орой 20 цаг 30 минутын үед Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг, Хараацай цэцэрлэгийн хойно байдаг барилгын баруун урд буланг тойроход үл таних эрэгтэй намайг мөрлөхөд араас нь 2 эгч дагаад гарч ирж байсан, нэг эгчийг нь танина, манай төрсөн дүүтэй нэг ангид явж байсан хүүхдийн ээж Мөнхнасан байсан ...гэртээ харихаар ...цэцэрлэгийн баруун талд явж байхад өмнө нь намайг мөрлөсөн ах урдаас ирээд өмсөж явсан цамцнаас зуурахаар нь зугтах гэхэд цамц урагдаж тайлагдахад миний 2 гарны шуунаас бариад явуулахгүй байсан. Тэгэхэд араас Мөнхнасан чи муу байна ш тэ гээд нүүрэн тус газар баруун гараараа нэг удаа цохьсон, өвдөөд тонгойгоод буцаад өндийхөд зүүн гартаа барьж байсан лаазтай шар айргаараа нүүрэн тус газар цохьсон, би газар гараараа тулж унасан ...эмнэлэгт үзүүлэхэд зүүн нүд хавдаад бүрсийгээд байсан, мөн толгой эргээд уруул өвдөөд байсан, одоо ямар нэгэн зовиур байхгүй. Намайг зүгээр найз нартайгаа уулзаад байж байхад хэл амаар доромжлоод зодсонд гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хх- ийн 7-9-р тал/
Гэрч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мөнхнасан гартаа бариад уугаад явж байсан 0.5 литрийн лаазтай шар айргаараа Огийн толгойн тус газар 1 удаа цохьсон, өөр зодож цохьсон зүйл байхгүй, Т.О нь намайг зодож цохьсон зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-27-р тал/
Насанд хүрээгүй гэрч Г.Мы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 13- ны орой 20 цаг 30 минутын үед ...Отой муудалцаад байсан ах Ог заамдаад явуулахгүй байх хооронд Ог Н гэдэг эгч нь баруун гартаа барьж байсан лаазтай шар айргаар зүүн нүд, хамарны гол хэсэг орчим 1 удаа цохиход О нүүрээ бариад доошоо тонгойх үед Н эгч Огийн нуруун дээр 2 удаа, зүүн хавирга руу нь нэг удаа цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-38-р тал/
Шинжээчийн 02/0163 дугаартай “...Т.Огийн биед тархи доргилт, зүүн нүдний салтсын цус харвалт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Учирсан гэмтэл нь 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-ийн 50-р тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 68-р тал/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.М нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 05 дугаар сарын 13-ны орой 20 цаг 30 минутын орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багт байрлах Хараацай цэцэрлэгийн баруун хойд талд явж байсан Т.Огийн нүүрэнд нь баруун гараараа 1 удаа, зүүн гартаа барьж байсан лаазтай пивоор нүүрэнд нь 1 удаа цохиж биед тархи доргилт, зүүн нүдний салтсын цус харвалт, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох насанд хүрээгүй хохирогч Т.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 13- ны орой 20 цаг 30 минутын үед Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг, Хараацай цэцэрлэгийн хойно байдаг барилгын баруун урд буланг тойроход үл таних эрэгтэй намайг мөрлөхөд араас нь 2 эгч дагаад гарч ирж байсан, нэг эгчийг нь танина, манай төрсөн дүүтэй нэг ангид явж байсан хүүхдийн ээж Мөнхнасан байсан ... Тэгэхэд араас Мөнхнасан чи муу байна ш тэ гээд нүүрэн тус газар баруун гараараа нэг удаа цохьсон, өвдөөд тонгойгоод буцаад өндийхөд зүүн гартаа барьж байсан лаазтай шар айргаараа нүүрэн тус газар цохьсон, би газар гараараа тулж унасан ....” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мөнхнасан гартаа бариад уугаад явж байсан 0.5 литрийн лаазтай шар айргаараа Огийн толгойн тус газар 1 удаа цохьсон, өөр зодож цохьсон зүйл байхгүй,” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Г.Мы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 13- ны орой 20 цаг 30 минутын үед ...Отой муудалцаад байсан ах Ог заамдаад явуулахгүй байх хооронд Ог Н гэдэг эгч нь баруун гартаа барьж байсан лаазтай шар айргаар зүүн нүд, хамарны гол хэсэг орчим 1 удаа цохиход О нүүрээ бариад доошоо тонгойх үед Н эгч Огийн нуруун дээр 2 удаа, зүүн хавирга руу нь нэг удаа цохьсон” гэсэн мэдүүлэг , шинжээчийн 02/0163 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн шүүгдэгч Г.Мд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Г.Мд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч Г.Мд холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, прокурорын сонсгосон ялыг болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар прокурорын саналын хүрээнд хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Төвсайханаас мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Г.Мд оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
5 .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭÍ