| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2017/02256/И |
| Дугаар | 1806 |
| Огноо | 2017-05-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 1806
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Монгол улсын иргэн ИТ87111112 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, эмнэлэгийн 22-666 тоотод оршин суух Мингуужин овогт Наянтайн Төртогтохын хүсэлттэй,
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд Ш.Лхагвасүрэнг эрэн сурвалжлуулах, оршин суугаа хаягыг олж тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн Н.Төртогтохын миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Наянтай нь 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Ш.Лхагвасүрэн гэх эмэгтэйгээс 45.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан билээ. Тус шүүхээс 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр шүүгчийн 101/ШЗ2017/06828 дугаар захиаржаар ИХШХШТХ-65 дугаар зүйл 65.1.9 дэх зааснаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр нэхэжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. Ш.Лхагвасүрэн гэх эмэгтэй нь Н.Төртогтох миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 45.000.000 төгрөгөөр бусдад худалдаж, олсон орлогыг үл хөдлөх хөрөнгийг өмчлөгч надад өгөөгүй байдаг бөгөөд Ш.Лхагвасүрэнгээс удаа дараа шаарддаг боловч шаардлагыг нь хангаагүйн улмаас шүүхэд хандсан боловч хаягтаа байхгүй гэсэн шүүгчийн захирамж гарсан байна. Иймээс Ш.Лхагвасүрэнг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н.Төртогтох нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш.Лхагвасүрэнгийн оршин суугаа хаягыг олж тогтоолгох, эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 135.1.9-т “нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах” хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицуулжээ.
Хүсэлт гаргагч Н.Төртогтох нь, Ш.Лхагвасүрэнгээс зээлийн 45.000.000 төгрөг гаргуулах зорилгоор Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Ш.Лхагвасүрэн нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, хуандайн 1 дүгээр гудамжны 32 тоотод оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон үндэслэлээр тус дүүргийн шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 6828 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ИМ77051404 регистрийн дугаартай Шаравын Лхагвасүрэнгийн оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаагаас нэхэмжлэгч Н.Төртогтох нь хуульд заасан харьяаллын дагуу Ш.Лхагвасүрэнг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, түүний оршин суух хаягыг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Ш.Лхагвасүрэн нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, хуандайн 1 гудамж, 32 тоот хаягт оршин суух бүртгэлтэй, тэрээр 99014490 дугаарын утастай болохыг дурьдаж байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Монгол улсын иргэн ИМ77051404 регистрийн дугаартай Шаравын Лхагвасүрэнг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ш.Лхагвасүрэнг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягыг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай Н.Төртогтох /88639103, 89729646/-д мэдэгдэхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Н.Төртогтохоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ