Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/409

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Б-ын О-д холбогдох эрүүгийн 2105008580824 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ***************суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “**************** авто угаалгын газарт угаагч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт ************************* тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо **************************** түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, *********** овогт **************** О, /РД: ***************/,

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.О нь 2021 оны 04 дүгээр сарын 18-ны шөнө 20 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар байрны хүүхдийн тоглоомын талбайн саадан дотор найз Б.М-тэй маргалдан түүний нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд баруун хөмсөг, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зулгаралт, шарх, зөөлөн эдийн няцрал, баруун гарын алганд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Б.М-ийн:

“...2021 оны 04 дүгээр сарын 18-нд авто угаалгынхаа газарт байрладаг болохоор байж байхад надтай хамт байсан Ц-ыг утсаар А, О хоёр дуудсан. Намайг байлгаж бай гэхээр нь би Ц-тай хамт явъя гээд хамт яваад Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар байрны хүүхдийн тоглоомын талбайн сааданд уулзаад хоёр том 2.5 литрийн пиво аваад бүгдээрээ хувааж уусан. Намайг очиход А, О хоёр нийлээд хоёр пиво уучихсан байсан. Бид дахин том 2.5 литрийн пиво авч ирээд уугаад сууж байхад О согтуурхаад маргалдсан. О миний зүүн нүд рүү нэг цохисон. ...Улмаар О миний нүд рүү дахиад нэг цохисон. Би саваад хөл алдаад хойшоо унахдаа шатны ирмэг боржур баруун хөмсөг хэсгээрээ мөргөж унаад хөмсөг сэтэрсэн. Гараараа тулахад гарын алга хэсэг шалбарсан. А, Ц миний хөмсөгнөөс гарсан цусыг дарж тогтоож байхад цагдаа нар ирсэн. ...Миний эмнэлгийн байгууллагад хандаж эмчилгээ хийлгэсэн нийт зардлыг О гаргасан байгаа. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 22-23, 24-25, 85-86/,

2. Гэрч О.А-ийн:

“...2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ...Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар байрны хүүхдийн тоглоомын талбайн сааданд О-той уулзаад 2.5 литр пиво уугаад суусан. ...Бид нар дахин пиво уугаад сууж байхад О М хоёр андуураад байна уу чи яах юм гээд барилцаж аваад нэг нэгнийхээ нүүр хэсэг рүү нэг хоёр цохилцохоор нь салгасан. О дахин нэг удаа Ма-ийг цохисон. М цохиулсан эрчиндээ налуу руу унасан. Очоод харахад хөмсөг сэтэрчихсэн цус гарч байхаар нь цамцаар Ц О бид нар цусыг нь тогтоогоод байж байхад цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх 33-34/,

3. Гэрч Д.Ц-ын:

“...2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр А залгаад О-той хамт байна гараад ирэх үү гэхээр нь за гээд гарах гэж байтал М хамт явъя гэхээр нь би айж бай би явчхаад ирье гэхэд хамт явна гээд явсан. А, О хоёр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар байрны хүүхдийн тоглоомын талбайн сааданд байна гэхээр нь очиж уулзаад дөрвөн пиво хувааж уусан. О М хоёр гэнэт маргалдаад заамдалцаад нэг нэгнийхээ нүүр хэсэгт цохиход нь салгасан. Тэгээд М шат руу унаад хөмсгөө цохиод гэмтээсэн...” гэсэн мэдүүлэг /хх 36-37/,

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн ***** дугаартай:

“...Б.М-ийн биед баруун хөмсөг, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зулгаралт, шарх, зөөлөн эдийн няцрал, баруун гарын алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх 55-56/,

5. Шинжээч Т.С-ийн:

“...Гарын алга зулгаралт гэмтэл гэмтлийн зэрэгт дангаараа хамаарахгүй. Бусад гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтлүүд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг /хх 60/,

6. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх шүүгдэгчийн гаргасан хүсэлт, баталгаа, Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан “...М-ийн хохирлыг бүрэн барагдуулж 280.000 төгрөг өгсөн...” гэх тэмдэглэл шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.О-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Б.О нь хохирогч Б.М-ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.О-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.О нь: 2021 оны 04 дүгээр сарын 18-ны шөнө 20 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар байрны хүүхдийн тоглоомын талбайн саадан дотор найз Б.Мт-эй маргалдан түүний нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд баруун хөмсөг, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зулгаралт, шарх, зөөлөн эдийн няцрал, баруун гарын алганд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: 

- Хохирогч Б.М-ийн “...О миний зүүн нүд рүү нэг цохисон. ...Улмаар О миний нүд рүү дахиад нэг цохисон. Би саваад хөл алдаад хойшоо унахдаа шатны ирмэг боржур баруун хөмсөг хэсгээрээ мөргөж унаад хөмсөг сэтэрсэн. Гараараа тулахад гарын алга хэсэг шалбарсан. А, Ц миний хөмсөгнөөс гарсан цусыг дарж тогтоож байхад цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч О.А-ийн “...О М хоёр “андуураад байна уу чи, яах юм” гээд барилцаж аваад нэг нэгнийхээ нүүр хэсэг рүү нэг хоёр цохилцохоор нь салгасан. О дахин нэг удаа Маргад-Эрдэнийг цохисон. М цохиулсан эрчиндээ налуу руу унасан. Очоод харахад хөмсөг сэтэрчихсэн цус гарч байхаар нь цамцаар Ц О бид нар цусыг нь тогтоогоод байж байхад цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Д.Ц-ын “...О М хоёр гэнэт маргалдаад заамдалцаад нэг нэгнийхээ нүүр хэсэгт цохиход нь салгасан. Тэгээд М шат руу унаад хөмсгөө цохиод гэмтээсэн...” гэсэн мэдүүлэг,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн ***** дугаартай “...Б.М-ийн биед баруун хөмсөг, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зулгаралт, шарх, зөөлөн эдийн няцрал, баруун гарын алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт,  

- Шинжээч Т.С-ийн “...Гарын алга зулгаралт гэмтэл гэмтлийн зэрэгт дангаараа хамаарахгүй. Бусад гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл ба, шүүгдэгч Б.О нь хохирогч Б.М-ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

“Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг хохирогч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.  

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд уг гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал болон бусад гэм хорын зардалд хохирогч Б.М нь 280.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Б.О төлж барагдуулсан, хохирогч нь гомдолгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Б.О-той эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч нь дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болно.  

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Б.О нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.О нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 118 дугаар тогтоолоор шийдвэрлэж, түүнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсан байна.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн прокурорын ялын төрөл, хэмжээний тухай саналыг тус тус зөвшөөрсөн байх тул шүүгдэгч Б.О-ын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Б.О-ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2105008580824 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б-ууд овогт Б-ын О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.ДАЛАЙХҮҮ