Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/410

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүжин,

улсын яллагч Н.Мөнхцэцэг,

шүүгдэгч С.М түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Сыын М-д холбогдох эрүүгийн 2005000670179 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, **** оны 02 дугаар сарын 23-ны өдөр *************хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хадам ээж, эхнэр, 2 хүүхдийн хамт ************************** тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо ********************** тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт С-ын М /РД: *******************/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.М нь “**************” ХХК-д борлуулагчаар ажиллаж байхдаа 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд компаниас итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулсан орлогоос бэлэн 4.629.860 төгрөгийг хувьдаа завшиж “*************” ХХК-д багаас дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.М мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч “**************" ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.А-ийн мэдүүлэг /хх 80-81/,

2. “Ж” ХХК-ийн хуулийн этгээдийн 000124809 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 134/,

3. “Ж” ХХК-ийн захирлын баталсан “Жолооч, борлуулагч нарын ажлын байрны тодорхойлолт” /хх 132-133/,

4. Гэрч М.Э”ын:

“...Би “Ж” ХХК-ийн захирлаар 2016 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд манай компани нь хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Тэгээд манай компанид 2018 оны 3 дугаар сараас борлуулагч ажилд авах зар тавьсны дагуу борлуулагчаар С.М гэх залууг ажилд авсан юм. Уг залууг ажилд орсноос хойш хугацаанд М нь ажлын хариуцлагатай байдал, ажилдаа хандах хандлагын үүднээс надад таалагдаж эхэлсэн учир би тухайн үеийн өөрийнх нь амьдралын байдлыг харгалзан үзэж бага багаар цалингийн урьдчилгаа болгож мөнгө гуйхад нь зээлдэг байсан юм. Мөн тухайн үедээ зээлсэн мөнгөө С.М цалингаа буух үедээ дор дор нь буцаан өгдөг байсан юм. Тэгтэл С.М яваандаа зээлэх мөнгө нь ихсээд буцааж өгөх хугацаа нь хэтэрч эхэлсэн бөгөөд сүүлдээ ар гэрийн байдал хэцүү байгаа гэсэн шалтгаанаар зээлсэн мөнгөө өгөхгүй байж байгаад 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр ажлаасаа гарлаа гэсэн бөгөөд ажилдаа ирэхгүй хаяад явсан. Тэгэхээр нь би С.М-тай уулзах гээд гэрийнх нь гадаа 2, 3 өдөр хүлээж байгаад уулзтал надад зээлсэн мөнгөө өгнө ямар хугацаанд яаж өгөхөө тохирохоор болсон боловч одоог хүртэл өгөхгүй алга болсон юм. Мөн С.М нь ажиллах хугацаандаа борлуулалтын орлогоос миний данс руу шилжүүлсэн гэх нэрийдлээр 3.835.000 төгрөгийг хувьдаа завшсан байсан. Надаас нийт 3.957.940 төгрөг зээлсэн. Энэ мөнгийг би компанийн борлуулалтын орлогоос гаргаж өгсөн. С.М нь 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн тайлангаар миний ************ тоот данс руу 1.475.000 төгрөгийг шилжүүлсэн гэж гаргасан боловч уг мөнгө миний данс руу огт ороогүй, 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 210.000 төгрөгийг мөн дээрх хэлсний адил хийгээгүй, 2019 оны 02 дугаар сарын 27-нд 1.985.000 төгрөгийг хийсэн гэж тооцоо гаргасан боловч 185.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн байсан. 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 360.000 төгрөгийг хийсэн гэсэн тооцоо гаргасан боловч хийгээгүй, 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 350.000 төгрөгийг мөн дээрхтэй адил хийгээгүй гээд нийт 5 удаагийн үйлдлээр 3.835.000 төгрөгийг хувьдаа авч ашигласан байсан. Надад нийт 7.910.440 төгрөгийн хохирол учирсан. Хохирлыг яаралтай барагдуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх 17-20/,

5. Хаан банкин дахь М.Э-ын эзэмшлийн ************ дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 54-58/,

6. С.М-ын бараа бүтээгдэхүүн борлуулсан жагсаалт бүхий бүртгэлийн хуулбар /хх 41-53/,

7. “*******” ХХК-ийн 2020.02.12-ны өдөр гаргасан Аудитын:

“...2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд борлуулагч байсан иргэн С.М нь нийтдээ бараа борлуулсан орлогоос 4.629.860 төгрөгийн дутагдал гаргасан байна. Мөн борлуулагч байсан иргэн С.М нь 2018 оны 06 дугаар сараас 2019 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд цалингаа урьдчилан, бусад хэлбэрээр өөрийн зээл төлүүлэх, хэрэглээний зардлаа урьдчилсан байдлаар төлүүлж сар бүрийн цалингаас суутгуулдаг байсан байна...” гэсэн дүгнэлт /хх 30-38/,

8. Шинжээч Г.Нарантуяагийн:

“...манай байгууллага мөрдөгчийн шинжээч томилж асуусан асуултын дагуу 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хоорондох борлуулалтын орлого болон буцаан төлөх ёстой ба хэдэн төгрөгийн дутагдал гаргасан гэх асуултын дагуу баримтыг гаргуулж мөн М-ын өөрийнх нь гаргаж өгсөн Хаан банкны ******** тоот данс мөн Эрдэнэжаргалын ********* тоот дансуудыг гаргуулан авч дүгнэлтийг гаргасан болно. М, Э нартай тусад нь уулзаж тэмдэглэлд хөтөлж өөрсдийн хэмжээнд нотлох баримт гэх дансны хуулга гаргаж өгсний хүрээнд дүгнэлтийг гаргасан. Дүгнэлт гарсны дараа 2018 оны 12 дугаар сарын баримт гаргаж өгснийг ойлгохгүй байна. Мөрдөгчийн асуултууд 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 5 дугаар сарыг хамарсан асуултууд байсан болохоор энэ хугацааны хоорондох хоёр хүний дансыг тулгаж дүгнэлт гаргасан юм. Мөрдөгчийн 4 дүгээр асуултын дагуу 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хоорондох цалин, мөн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх цалингаас илүү олгосон зөрүү гаргаж зөвхөн цалинтай холбоотой гүйлгээг шалгасан тул дээрх АТМ-ээс тухайн өдөртөө оруулаад гаргасан гүйлгээ цалинд хамааралгүй байсан тул ороогүй байна. Ийм учраас дүгнэлтээр гаргасан дүнгээс хасах ямар ч боломжгүй шалгуулах хугацаанд огт ороогүй /өмнөх оны тооцоонд орсон гэсэн үг/. Уулзалт мэдүүлгийн үеэр М нь ямар ч нэмэлт мэдээлэл баримт гаргаж өгөөгүй учраас мэдэх боломжгүй. Тухайн үед дутаасан үнийн дүнг хүлээн зөвшөөрч төлнө гэдгээ илэрхийлсэн байсан юм. Уг Соёлмаа данснаас шилжүүлсэн 1.505.000 төгрөг нь 2018 оныхоо тайлан тооцоонд орсон учир манай гаргасан дүгнэлтийн хугацаанд огт хамаагүй баримтууд юм...” гэсэн мэдүүлэг /хх 142-143/,

9. Гэрч Э.С-ийн:

“...Манай нөхөр С.М нь 2018 оны 06 дугаар сард “Ж” нэртэй компанид борлуулагчаар ажилд орсон. 2018 оны 11 дүгээр сард байх манай нөхөр М нь 14 хоног гэртээ ч ирээгүй, ажилдаа ч очоогүй байсан. ...Ганцхан борлуулагчтай компани байсан учир хотын бүх л дэлгүүрүүдээр явж борлуулалт хийдэг юм. Миний хань уг компанид бүх л ажлыг нь хийдэг байсан. Өдөр болгоныхоо орлогыг дансанд нь хийдэг, бэлэн мөнгийг нь Хаан банкны АТМ-д орж хийгээд шилжүүлдэг байсан. АТМ-д орохгүй мөнгийг болохоор тухайн компанид нярав, нягтланд нь өгдөг байсан юм. Мөнгө төгрөгийн хэрэг гарахаар дарга захиралдаа хэлээд зөвшөөрөл аваад орлогоос мөнгө авдаг байсан...” гэсэн мэдүүлэг /хх 23-24/,

10. Хаан банкин дахь Э.С-ийн эзэмшлийн ************ дугаарын, С.М-ын эзэмшлийн ************ дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд /хх 62-65/,

11. Гэрч У.А-ийн:

“...Манай компани тухайн үед 3 борлуулагчтай байсан, одоо 4 борлуулагчтай болсон. Би М-ын өмнөөс борлуулалтад явж байсан. Өмнөөс нь явах үедээ тухайн өдрүүдэд өөрийнхөө нэр дээр борлуулалтын падаан, тайлан, орлогоо хийж явдаг байсан, АТМ-д ордоггүй мөнгийг бэлнээр авдаг байсан, бэлэн мөнгө авсан баримтаа гараар хөтөлдөг байсан...” гэсэн мэдүүлэг /хх 130/,

12. Шүүгдэгч С.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би уг компанийн ганцхан борлуулагч нь байсан юм. Намайг амарч байхад А нь борлуулалт хийдэг байсан юм. Уг компанид 2018 оны 06 дугаар сараас 2019 оны 10 дугаар сарын 01-ний хооронд ажиллаж байсан юм. ...Би аудитын дүгнэлтийг бүрэн гүйцэд уншиж танилцсан, хүлээн зөвшөөрч байгаа. Би өөрийн хариуцлагагүй байдлаас болж тооцоо тооллого мөнгө алдсан байх гэж бодож байна. Би хохирлоо “Ж” ХХК-д төлж барагдуулаад эвлэрсэн байгаа. Ямар нэгэн хохирол гомдлын асуудал огт байхгүй болсон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хэргээ хялбаршуулсан журмаар хөнгөн шуурхай шийдүүлмээр байна...” гэсэн мэдүүлэг /хх 146/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд С.М-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч С.М нь бусдын итгэмжлэгдэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.М-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч С.М нь: “Ж” ХХК-д борлуулагчаар ажиллаж байхдаа 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд компаниас итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулсан орлогоос бэлэн 4.629.860 төгрөгийг хувьдаа завшиж “Ж” ХХК-д багаас дээш хэмжээний хохирол учруулсан болох нь:

- Хохирогч “*************" ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.А-ийн мэдүүлэг,

- “Ж” ХХК-ийн хуулийн этгээдийн 000124809 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

- “Ж” ХХК-ийн захирлын баталсан “Жолооч, борлуулагч нарын ажлын байрны тодорхойлолт”,

- Гэрч М.Э, Э.С, У.А нарын мэдүүлэг,

- Хаан банкин дахь М.Э-ын эзэмшлийн ************* дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

- С.М-ын бараа бүтээгдэхүүн борлуулсан жагсаалт бүхий бүртгэлийн хуулбар,

- “***********” ХХК-ийн 2020.02.12-ны өдөр гаргасан Аудитын дүгнэлт, шинжээч Г.Н-ийн мэдүүлэг,

- Хаан банкин дахь Э.С-ийн эзэмшлийн ************ дугаарын, С.М-ын эзэмшлийн *********** дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө гэдэгт өмчлөгч өөрөө эд хөрөнгөө түр хугацаагаар шилжүүлж өгсөн эд хөрөнгийг хэлэх бөгөөд итгэмжлэн өгсөн эд зүйлс, өмч хөрөнгийг өмчлөгчид мэдэгдэлгүйгээр хууль бусаар өөртөө ашиглах нь хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж бөгөөд шүүгдэгч С.М-ын дээрх үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх үзэв.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.М-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

“Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг хохирогч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.  

Гэмт хэргийн улмаас хохирогч ”Ж” ХХК-д 4.629.860 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч С.М нь хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч нь гомдолгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч С.М-тай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болно.  

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч С.М нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч С.М нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 116 дугаар тогтоолоор шийдвэрлэж, түүнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсан байна.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн прокурорын ялын төрөл, хэмжээний тухай саналыг тус тус зөвшөөрсөн байх тул шүүгдэгч С.Мын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

Шүүгдэгч С.М-д оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2005000670179 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч С.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт С-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-ыг 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч С.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ