Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/428

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүжин,

улсын яллагч Н.Энхболд /томилолтоор/,

шүүгдэгч Г.С, Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн  овог, Ж овогт Б-ын Г нарт холбогдох эрүүгийн ******* тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1998 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр ******** төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах, дүү нарын хамт, *************** оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ч овогт Г-ийн С /РД: ************************/.

2. Монгол Улсын иргэн, 1997 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ****************** төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******************** оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт, *************************** оршин суух,

- урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1253 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заанаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Ж овогт Б-ын Г /РД: ****************/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.С, Б.Г нар нь бүлэглэн 2020 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Политехникийн коллежийн ар талд хохирогч С.Г-ын толгой хэсэгт гараараа цохих, чулуугаар цохих зэргээр биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, зүүн чих зүүн бугалга, нуруунд цус хуралт, зулай, баруун талд дух, нүдний зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн чих, баруун шуу, гуя, шилбэ, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.С мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч С.Г-ын:

“...тэгсэн тэр 3 эрэгтэй шууд ална гээд бид 2 руу орилоод эхэлсэн. Тэгээд Б бид 2 машинаасаа буугаад Политехник коллежийн зүг рүү зугтаасан. Би машины урд суудал дээр баруун талд сууж байсан, хаалга онгойлгоод зугтах гэхэд сүүлд нэрийг нь мэддэг болсон Э гартаа тэлээ ороосон байснаараа миний нуруу руу 2-3 удаа цохиод нүүр рүү цохих гэхээр нь би бултахад баруун чих рүү цохисон. Тэгээд би гүйсэн. Ч- арын суудалдаа үлдээд хоцорсон. Уг нь зугтахдаа Чийг араас ирж байгаа байх гэж бодсон боловч Эийн машин дотроосоо түгжээ нь тайлагдахгүй тэгээд үлдсэн байсан. Тэгээд Э бид 2 салаад гүйсэн. Коллежийн ард очиход над дээр сүүлд нэрийг нь мэддэг болсон Г, Э гэх 2 эрэгтэй ирсэн. Тэгээд шууд намайг хоёулаа цохиод эхэлсэн. Толгой нүүр рүү гараараа цохиод, үсдээд, хөл рүү өшиглөөд байсан. Г нь наадахыг чинь алчихъя гээд газраас чулуу аваад толгойны дагз хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгсэн Э нь халааснаасаа богино иштэй хутга гаргаж ирээд ална гэсэн. Гэхдээ хутгаараа намайг гэмтээгээгүй. Тэгээд намайг Э нь үсдээд буцаад 4 замын автобусны буудал руу ирсэн. Би үсдүүлээд явж байхдаа замдаа газар өвдгөөрөө унасан. Замдаа явж байхдаа тэр 2 байнгын цохиж өшиглөж байсан. 4 замын буудалд дээр ирэхэд автобусны буудал дээр Ч сүүлд нэрийг нь мэддэг болсон Эий хамт зогсож байсан. Тэгээд Эийн машинд Чийг урд суудалд суулгаад Э нь машин унаад арын суудал дээр би Э, Г хоёрын голд хамт суусан. Тэгээд Г, Э 2 миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохиод Э миний шортыг тайлах гэж оролдоод хүчиндчихье наадахыг чинь гээд орилоод байсан. Бид нар Алтай хотхон дээр ирсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх 16/,

2. Гэрч Б.Эий:

“...тэгээд С, Г 2 автомашинаас буугаад цээж нүцгэн залуутай маргалдаад зодолдоод эхэлсэн. Тэгээд араас нь очиход субару маркийн автомашинд 3 эрэгтэй байсан. Тэгсэн С, Г 2 хоёр эрэгтэйтэй хамт Бөмбөгөр рүү өгсдөг зам руу зугтаасан. Тэгээд би, биеийн тамирын хувцас өмссөн, өндөр, цагаан жилетиктэй залуу Субару маркийн машин гадна зогсож байсан. Тэгсэн Г, С нар 1 намхан залуугийн хамт хүрээд ирсэн. Тэгээд С машинд суу гээд Алтай хотхон руу бид 5 машинд суугаад хөдөлсөн. Тэгээд Алтай хотхонд очиход араас удалгүй Субарутай явж байсан нүцгэн эрэгтэй араас такси барьж ирээд С-тай ярилцсан...” гэсэн мэдүүлэг /хх 26/,

3. Гэрч Я.Х-гийн:

“...Э гэрээс гарахаасаа өмнө Галаа руу залгаад хүрээд ир гээд ярьж байсан. Э-ийн гэрээс гарсны дараа би Галаа руу залгаад битгий очоорой Э намайг манай найзтай хардаад гараад явчихлаа гэж хэлэхэд за гэж хэлсэн. Тэгээд 20-30 минут болсон уу үгүй юу С над руу залгаад З чинь замын голд машинаа хаяад зугтаачихлаа ш дээ яах юм машиныг чинь гэхээр нь дотор нь түлхүүр байвал унаад байрны урд аваад ир гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 19/,

4. Гэрч Г.Ч-ийн:

“...2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр би байрны ахын хамт өглөө гүйх гээд 06 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад явж байтал Алтай хотхоны том гүүрний хойд талд Э ахтай тааралдсан. Тэгсэн Э ах нэлээн ууртай машинд суучих гэхээр нь суугаад Г ах хаачих гэж байгаа юм гэхэд Э ах Х гээд юм яриад байсан, ...Тэгсэн Э гээд дуудаад байсан эрэгтэй миний сууж байсан арын зүүн талын хаалгыг онгойлгоод шууд намайг цохих гээд дайрахаар нь би хойшоогоо сандал дээр хэвтээд хөлөөрөө жийгээд би гаръя гээд машинаас буусан Э намайг барьж аваад газар шидсэн. Тэгээд би газар унахад намайг Орбитын хар Э гэдэг би чамайг цохихгүй зодно гээд байсан. Тэгээд би босоод иртэл Г ах энэ залуучуудыг яах юм бэ зодолдох юм уу болих юм уу гээд асуусан тэгсэн Э ах байж бай гээд хойшоогоо алхаад байсан. Тэгтэл цагаан пудволктой Г гээд дуудаад байсан эрэгтэй Г ах дээр очоод нүүр рүү нь 1 удаа цохих гэж оролдоход Г ах бултсан чинь Э нь очоод гартаа тэлээ ороочихсон байсан баруун гараараа Г ахын нүүр рүү 1 удаа цохисон. Г ахыг оносон эсэхийг сайн мэдэхгүй байна, ямар ч байсан Г ах хажуу тийшээгээ далжийгаад буцаад толгойгоо эгц болгосон. Тэгсэн Г ах Э ахаас дахиад яах юм бэ хөөе гэхэд Э ах зугтъя гэж хэлээд Г ах Э ах коллежийг чиглээд гүйчихсэн чинь С араас нь гүйсэн. Автомашин асаалттай түлхүүр нь байсан учраас би зугтах гэж оролдоогүй автомашины хажууд зогсож байсан. Тэгээд Г гэх эрэгтэй намайг зодох гэсэн Э ганцаараа явж байгаа эрэгтэй битгий зодож бай гэж битгий оролд гээд намайг өмөөрөөд болиулсан чинь Г нь Г ах, Э, С нарын гүйсэн газрыг чиглэн алхаад явсан. Тэгээд Э бид 2 ярилцаад энд юу болоод байгаа юм бэ гэхэд Э нь би бас юу болоод байгааг мэдэхгүй байна гээд ярилцаад байж байтал 5 минут орчмын дараа Г ахыг хантаазных нь энгэрээс С нь барьчихсан Г нь хажууд алхсан байдалтай бид 2 дээр ирсэн. Э ах байхгүй байсан. ...С машин барьсан, Э, Г 2 Г ахын 2 талд суучхаад үгээр дарамтлаад дотуур өмдийг нь Э нь тайлах гээд дайраад байсан. Тэгээд бид нар удалгүй Алтай хотхонд ирээд бүгд автомашинаас буусан, ...тухайн үед Г ахын зүүн талын хөмсөг дээр нь хавдчихсан, урд хэсэгт нь цус хурчихсан, ам нь хавдсан, хувцас нь урагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 22/,

5. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 8439 дугаартай шинжээчийн:

 “...С.Г-ын биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, зүүн чих, зүүн бугалга, нуруунд цус хуралт, зулай, баруун талд дух, нүдний зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн чих, баруун шуу, гуя, шилбэ, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх 40-41/,

6. “Н” компьютерт томографын оношилгоо /хх 42-44/,

7. Шинжээч эмч Э.Б-ын:

“...дээрх гэмтлүүдээс тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад биед учирсан цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тархи доргилт гэмтэл нь зулай орой болон дух нүд орчмын зөөлөн эдийн хаван, хавдар гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэсэн мэдүүлэг /хх 49/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Г.С, Б.Г нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Г.С, Б.Г нар нь бүлэглэж, хохирогч С.Г-ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.С, Б.Г нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Г.С, Б.Г нар нь: бүлэглэн 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Политехникийн коллежийн ар талд хохирогч С.Г-ын толгой хэсэгт гараараа цохих, чулуугаар цохих зэргээр биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, зүүн чих зүүн бугалга, нуруунд цус хуралт, зулай, баруун талд дух, нүдний зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн чих, баруун шуу, гуя, шилбэ, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч С.Г-ын “...Г нь наадахыг чинь алчихъя гээд газраас чулуу аваад толгойны дагз хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгсэн Э нь халааснаасаа богино иштэй хутга гаргаж ирээд ална гэсэн. Гэхдээ хутгаараа намайг гэмтээгээгүй. ...Замдаа явж байхдаа тэр 2 байнгын цохиж өшиглөж байсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Б.Э-ий “...тэгээд С, Г 2 автомашинаас буугаад цээж нүцгэн залуутай маргалдаад зодолдоод эхэлсэн...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Я.Х-гийн “...С над руу залгаад З чинь замын голд машинаа хаяад зугтаачихлаа ш дээ яах юм машиныг чинь гэхээр нь дотор нь түлхүүр байвал унаад байрны урд аваад ир гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Г.Ч-ийн “...Г ахыг хантаазных нь энгэрээс С нь барьчихсан Г нь хажууд алхсан байдалтай бид 2 дээр ирсэн. ...тухайн үед Г ахын зүүн талын хөмсөг дээр нь хавдчихсан, урд хэсэгт нь цус хурчихсан, ам нь хавдсан, хувцас нь урагдсан байсан...” гэсэн мэдүүлэг,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 8439 дугаартай шинжээчийн “...С.Г-ын биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, зүүн чих, зүүн бугалга, нуруунд цус хуралт, зулай, баруун талд дух, нүдний зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн чих, баруун шуу, гуя, шилбэ, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт,

- Шинжээч эмч Э.Б-ын “...Дээрх гэмтлүүдээс тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад биед учирсан цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тархи доргилт гэмтэл нь зулай орой болон дух нүд орчмын зөөлөн эдийн хаван, хавдар гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэсэн мэдүүлэг болон “Натур эмнэлэг”-ийн компьютерт томографын оношилгоо зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл ба, шүүгдэгч Г.С, Б.Г нар нь бүлэглэж хохирогч С.Г-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.С, Б.Г нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

“Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг хохирогч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.  

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд уг гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал болон бусад гэм хорын зардалд хохирогч С.Г нь 700.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Г.С, Б.Г нар төлж барагдуулсан, хохирогч нь гомдолгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Г.С, Б.Г нартай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, тэдгээрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч нар нь дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болно.  

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Г.С нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, харин шүүгдэгч Б.Г нь 1 удаагийн бүртгэлтэй байх ба тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.С, Б.Г нар нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 115 дугаар тогтоолоор шийдвэрлэж, тэдэнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсан байна.

Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн прокурорын ялын төрөл, хэмжээний тухай саналыг тус тус зөвшөөрсөн байх тул шүүгдэгч Г.С, Б.Г нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Г.С, Б.Г нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдгээрт анхааруулж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн *************** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Г.С, Б.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч овогт Г-ийн С, Ж овогт Б-ын Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С, Б.Г нарыг тус бүр 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С, Б.Г нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С, Б.Г нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Г.С, Б.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Г.С, Б.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.С, Б.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.ДАЛАЙХҮҮ