Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 553

 

                                                                                                                                                                          

                                                                    

 

 

 

 

 

 

 

        Б.Б, Л.Б, Г.С нарт

        холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Ширэндэв,

Шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг,

Иргэний хариуцагч С.Туулын өмгөөлөгч Н.Баярсайхан, Ш.Мягмарцэрэн,

Нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Т.Алтантуяа, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 51 дүгээр тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Ширэндэвийн бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дугаартай эсэргүүцлээр Б.Б, Л.Б, Г.С нарт холбогдох эрүүгийн 201701000122 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Чонос овогт Бат-Очирын Б.Б, 1962 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, стратегич мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ байсан, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: /,

 

Ялгасан гэгээн овогт Лхагважавын Л.Б, 1961 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Завхан аймагт төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймгийн оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: /,

Галсан-Ёндон овогт Ганбатын Г.С, 1983 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: /.

 

            Б.Б нь 2015 оны 2 дугаар сарын 2-ноос 10 дугаар сарын 7-ны өдөр хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр 2015 оны 10 дугаар сарын 28-наас 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Монгол Улсын Батлан хамгаалах яамны Тнтнтнтдаргын үүргийг түр орлон гүйцэтгэгч болон даргаар тус тус ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсэгт заасан “...Тнтнтнт нь Монгол Улсын сайдаас өгсөн үүрэг даалгаврыг хууль тогтоомж, Засгийн газрын бодлого, шийдвэрт нийцүүлэн биелүүлнэ...” гэсэн, мөн Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт заасан “...Тнтнтнт үйл ажиллагаандаа хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, тэдгээрт нийцсэн сайдын тушаал, үүрэг даалгаврыг удирдлага болгоно...” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагч Л.Б, Санхүүгийн дарга, ерөнхий нягтлан бодогч Г.С нартай бүлэглэн тус ангийн төсвийн хөрөнгөөр эхнэр С.Туулын үүсгэн байгуулсан “Тиара ресорт” ХХК-ийн Тэрэлж дэх амралтын газрын барилгын болон өөрийн оршин суух Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Грийн хаус амины орон сууцны С-1 тоот байрны засварын ажлыг 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгүүлэн Зэвсэгт хүчний 017 дугаар ангид 109,415,831 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

 

            Л.Б нь Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагчаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.2 дахь хэсэгт заасан “..Төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх...” гэсэн, мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.1 дэх хэсэгт заасан “...Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлнө...” гэсэн, 20 дугаар зүйлийн 20.2.6 дахь хэсэгт заасан “...хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах удирдах...” гэсэн, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан “...Нягтлан бодох бүртгэлийг удирдах зохион байгуулах үүрэг, хариуцлагыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хүлээнэ...” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж тус ангийн Санхүүгийн дарга, ерөнхий нягтлан бодогч Г.С, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Монгол Улсын Батлан хамгаалах яамны Тнтнтнтдаргын үүргийг түр орлон гүйцэтгэгч болон даргаар ажиллаж байсан Б.Б нартай бүлэглэн Б.Бд давуу байдал олгож тус ангийн төсвийн хөрөнгөөр түүний эхнэр С.Туулын үүсгэн байгуулсан “Тиара ресорт” ХХК-ийн Тэрэлж дэх амралтын газрын барилгын болон Б.Бы оршин суух Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Грийн хаус амины орон сууцны С-1 тоот байрны засварын ажлыг 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгүүлэн Зэвсэгт хүчний 017 дугаар ангид 109,415,831 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

 

            Г.С нь Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн Санхүүгийн дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.2 дахь хэсэгт заасан “...Төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх...” гэсэн, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.1 дэх хэсэгт заасан “...Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлнө...” гэсэн, 20 дугаар зүйлийн 20.2.6 дахь хэсэгт заасан “...хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах удирдах...” гэсэн, мөн Цэргийн нийтлэг дүрмүүдийн 30 дугаар зүйлд заасан “...Захирагдагч нь захирагчдаа албан үүргийн хувьд үг дуугүй захирагдах бөгөөд төрийн хууль, хүний эрхийг зөрчсөн тушаал шийдвэрийг биелүүлэхгүй байж болно...” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж тус ангийн захирагчаар ажиллаж байсан Л.Б, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Монгол Улсын Батлан хамгаалах яамны Тнтнтнтдаргын үүргийг түр орлон гүйцэтгэгч болон даргаар ажиллаж байсан Б.Б нартай бүлэглэн Б.Бд давуу байдал олгож тус ангийн төсвийн хөрөнгөөр түүний эхнэр С.Туулын үүсгэн байгуулсан “Тиара ресорт” ХХК-ийн Тэрэлж дэх амралтын газрын барилгын болон Б.Бы оршин суух Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Грийн хаус амины орон сууцны С-1 тоот байрны засварын ажлыг 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгүүлэн Зэвсэгт хүчний 017 дугаар ангид 109,415,831 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Б, Л.Б, Г.С нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: “...Шүүхээс шүүгдэгч Б.Б, Л.Б, Г.С нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд эцэслэн шийдвэрлэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэв. Яллах дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй.

 

Нэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад “...гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол...” зэргийг яллах дүгнэлтэд зайлшгүй хуульчлахаар заажээ.

Гэтэл яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.Б, Л.Б, Г.С нарыг 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд гэмт хэрэг үйлдсэн гэсэн нь учир дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан гэрч Ц.Ундрахбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2015 оны 7 дугаар сард байх хугацааг нь санахгүй байна манай ангийн захирагч хурандаа Л.Б намайг гадуур гараад ирье гэж хэлээд автомашинаа бариулаад ангиас гарсан. ...Дарга надад хэлэхдээ хамтдаа Баянзүрхийн товчоо орно. Тэнд байдаг Петровисийн колонк дээр нэг хүнтэй уулзана гэж хэлсэн. ... Петровисийн колонк дээр очиход 16 цаг өнгөрч байсан байх хар өнгийн “Лексус-570” загварын ...автомашин бид хоёртой уулзах гээд ирээд зогссон. Тэгээд даргатай утсаар яриад дагаад яв гэсэн бололтой бид уг автомашиныг дагаж явсан. Бид хоёрын урд явсан автомашин Тэрэлжийн орчим хар замаас салаад зогссон ба тухайн автомашин дотроос Б.Б гэх манай Тнтнтнт сүүлд болсон хүн бууж ирээд даргыг дуудсан...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 84),

Л.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2015 оны 7 дугаар сарын сүүлээр ...танихгүй ...9911-тэй дугаараас өөрийгөө Ерөнхий сайдын зөвлөх Б.Б гэдэг хүн байна гэж надтай яриад... “16 цагт Баянзүрхийн товчоо өнгөрөөд зогсож бай, би өөрөө хар өнгийн автомашинтай очно” гэсэн. Ингээд орой 16 цагийн орчим Баянзүрхийн товчоо дээр очиход хар өнгийн жийп маркийн машин байсан. Би машинаасаа буугаад очиход ...өөрийгөө Б.Б гэж танилцуулсан ...нөхөр машинаас бууж ирсэн. ...Тэгээд миний араас дагаад яв гэж хэлээд би араас нь дагаад явж байхад Тэрэлжээс наана Болор зуслангийн орчим зүүн энгэр дээр 4-н давхар цагаан өнгийн байшин дээр очсон...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 147),

- “Авера аудит” болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдийн “...“Тиара ресорт” ХХК-ийн Тэрэлж дэх амралтын газарт хийсэн засварын ажилд зарцуулсан барилгын материалын тооцоо гэх баримт (3 хавтаст хэргийн 63, 105)-ын огноо хэсэгт “...2016.01.25...” гэж,

- “Авера аудит”-ын дүгнэлтийн “Тиара ресорт” ХХК-ийн Тэрэлж дэх амралтын газарт хийсэн засварын ажилд зарцуулсан барилгын материалын нэр төрлийн жагсаалт гэх баримт (3 хавтаст хэргийн 72)-ын огноо хэсэгт “...2015.12.31...” гэж,

- “Авера аудит” болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдийн “Тиара ресорт” ХХК-ийн Тэрэлж дэх амралтын газрын засварын ажилд зарцуулсан шатахууны тооцоо гэх баримт (3 хавтаст хэргийн 75, 106)-ын огноо хэсэгт “...2015.07.23...”, “...2015.12.19...” гэж,

- “Авера аудит”-ын дүгнэлтийн “Тиара ресорт” ХХК-ийн Тэрэлж дэх амралтын газарт хийсэн засварын ажилд ажилласан ажилчдад зарцуулсан материалын нэр төрлийн жагсаалт гэх баримт (3 хавтаст хэргийн 78)-ын огноо хэсэгт “...2015.08.02...” гэж тэмдэглэгдсэн зэрэг санхүүгийн анхан шатны баримтаас үзэхэд гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдэж, хэзээ дууссан нь ойлгомжгүй.

Нөгөө талаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн байх хэдий ч тухайн гэмт хэрэг нь эрүүгийн эрх зүйн онолд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт хамаарагдах ба гэмт этгээд нь үйлдэл, эс үйлдэхүй хийснээр төгссөнд тооцогддог. Мөн тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь дээрх үйлдэл, эс үйлдэхүйн улмаас их хэмжээний хохирол учирсан байхыг шаардана. Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэрэг нь хохирол, хор уршиг хаана илэрснээс үл шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн газрыг хэлнэ.

Тиймээс гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацааны эхлэл, төгсгөл, хаана үйлдэгдсэнийг тус тус зөв тогтоох шаардлагатай.

Мөн шүүгдэгч Б.Быг ...албан үүрэг, бүрэн, эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ...эхнэр С.Туулын үүсгэн байгуулсан “Тиара ресорт” ХХК-ийн Тэрэлж дэх амралтын газрын барилгын болон өөрийн оршин суух Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Грийн хаус амины орон сууцны С-1 тоот байрны засварын ажлыг 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгүүлэн ...109.415.831 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч “Тиара ресорт  ХХК-ийн Тэрэлж дэх амралтын газар болон Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Грийн хаус амины орон сууцны С-1 тоот байрны засварт тус тус хэдэн төгрөгийг зарцуулсан болохыг объект тус бүрээр нарийвчлан тогтоогоогүй. Түүнчлэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Грийн хаус амины орон сууцны С-1 тоот байр хэний өмчлөл, эзэмшилд бүртгэлтэй болох талаар холбогдох эрх бүхий байгууллагаас лавлагаа гаргуулж аваагүй, хэрэгт энэ талаар цугларсан баримтгүй байгаа зэрэг нь хохирол, хор уршгийг хариуцах иргэний хариуцагчийг зөв тогтоосон эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх боломжгүй нөхцөлд хүргэсэн гэж үзэв. Иймд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Грийн хаус амины орон сууцны С-1 тоот байрны өмчлөгчийг хууль ёсны нотлох баримтад үндэслэн тодруулснаар иргэний хариуцагчаар татагдах этгээд зөв тогтоогдох үндэслэл болно.

Хоёр. Шүүгдэгч Б.Быг 2015 оны 2 дугаар сарын 2-ноос 10 дугаар сарын 7-ны өдөр хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр, 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Монгол Улсын Батлан хамгаалах яамны Тнтнтнтдаргын үүргийг түр орлон гүйцэтгэгч болон даргаар тус тус ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ...гэмт хэрэг үйлдсэн гэх боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэх тухайн гэмт хэргийн дээрх шинжийг албан тушаалын аль алинд нь ажиллаж байхдаа юу, эсхүл зөвхөн нэг албан тушаалд нь ажиллаж байхдаа үйлдсэн эсэхийг тус тусад нь зааглаж ялгахгүйгээр шүүгдэгчид холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, нөгөө талаар албан тушаал бүртээ ямар албан үүрэг, эрхээ ашигласан болохыг тодорхой болгох шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Тухайлбал Б.Б нь Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхийн албан тушаалд ажиллаж байхдаа тус хэрэгт ямар хууль, дүрэм, журмыг зөрчсөн эсэх тодорхой болгох.

Түүнчлэн шүүгдэгч Л.Б, Г.С нар нь хэрхэн яаж “...албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан...” болохыг зөв тогтоох шаардлагатай. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын хэн нь “албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” болохыг зөв тогтоох шаардлагатай гэж үзнэ.

Гурав. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн байх боловч шүүгдэгч нар нь өөр хоорондоо хэрхэн яаж бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн эсэх, үйлдэл, оролцоо, тухайн гэмт хэргийг үйлдэхдээ санаатай нэгдэж гүйцэтгэсэн эсэх талаар хангалттай мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй. Өөрөөр хэлбэл Б.Б нь Л.Б, Г.С нартай, Л.Б нь Б.Б, Г.С нартай, Г.С нь Л.Б, Б.Б нартай хэрхэн яаж бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг зайлшгүй шалгаж тогтоох.

Дөрөв. Хэрэгт ач холбогдолтой байж болохуйц нөхцөл байдлыг мэдэж болзошгүй буюу “Тиара ресорт” ХХК-ийн төлөөлж Зэвсэгт хүчний 017 дугаар ангитай гэрээ байгуулсан гэх З.Мөнхцогтыг мөрдөн шалгах ажиллагаанд татан оролцуулах, шүүгдэгч Г.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт үндэслэн гэмт хэрэг үйлдсэн эсэхийг дахин шалгаж тогтоох шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзэж дээрх үндэслэлүүдээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж үзэв. Тиймээс дээр дурдсан зөрчлийг арилгах, шалгаж тогтоовол зохих асуудлуудыг “зөв, бүрэн” тогтоох нь гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нөлөөлөх, улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, шаардлагад нийцэх тул яллагдагчийн холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй...” гэж шийдвэрлэжээ.

 

Прокурор Д.Ширэндэв бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Улмаар яллагдагч нарт холбогдох хэргийг 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйл нь яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагааны бүлэгт хамаарч байгаа ба тус зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Урьдчилсан хэлэлцүүлгийн үед” тус зүйл хэсэгт заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцаахаар заасан байна. Гэтэл урьдчилсан хэлэлцүүлэг явуулж яллагдагчийг шүүхэд шилжүүлж анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Түүнчлэн шүүхийн тогтоолын удирдлага болгох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтлаагүй дан ганц Шүүхийн тухай хуулийг баримталсан нь ойлгомжгүй байна. Мөн шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт тусгасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй байна.

 

Нэг. Хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрч Т.Сүхбаатар /засварын ажлыг гардан удирдаж хийлгэсэн хүн/-ын “...дээрх засварын ажлыг 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 10-ны хооронд хийж гүйцэтгэсэн...” гэсэн мэдүүлгээр барилгын засварын ажил хийсэн цаг хугацааг тодорхой мэдүүлсэн байна. Гэтэл шүүхийн тогтоолд “...сар, өдрийг нь яг тодорхой сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг өгсөн гэрч болон шүүгдэгчийн мэдүүлэг, мөн шинжээчийн дүгнэлтэд тусгасан өөр өөр зардлын баримтуудын /барилгын материалын, шатахууны, ажилчдад зарцуулсан материалын гэх мэт/ огноо зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа тодорхойгүй гэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүхийн тогтоолд “...Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэрэг нь хохирол, хор уршиг хаана илэрснээс үл шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн газрыг хэлнэ...” гэсэн нь ойлгомжгүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдэгдсэн цаг, хугацаа болон газар нь тодорхойлогдсон байна.

“Тиарарезорт” ХХК-ийн Тэрэлж дэх амралтын газар болон Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Грийн хаус амины орон сууцны С-1 тоот байрны засварт тус тус хэдэн төгрөгийг зарцуулсан болохыг объект тус бүрээр нарийвчлан тогтоох нь хэргийн зүйлчлэл болон шүүгдэгч Б.Бы үйлдэл оролцоонд нөлөөлөхгүй юм. Харин иргэний хариуцагчийн хувьд тухайн хоёр объектод зарцуулсан хөрөнгө мөнгийг тус тусад нь өөр өөр этгээд хариуцаж төлөх талаар маргаан гаргаагүй. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд дээрх 2 объектод Зэвсэгт хүчний 017 дугаар ангиас зарцуулсан хөрөнгийн хэмжээг тус тусад нь гаргуулахаар шинжээч томилж, дүгнэлт гаргуулах боломжтой бөгөөд энэ нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа биш юм.

Хоёр. Шүүгдэгч Б.Б нь 2015 оны 2 дугаар сарын 2-ноос 10 дугаар сарын 7-ны өдөр хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр, 2015 оны 10 дугаар сарын 28-наас 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Монгол Улсын Батлан хамгаалах яамны Тнтнтнтдаргын үүргийг түр орлон гүйцэтгэгч болон даргаар тус тус ажиллаж байхдаа Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсэг, мөн Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлтэд тодорхой бичсэн байхад шүүхийн тогтоолд гэмт хэргийн дээрх шинжийг албан тушаалын аль алинд ажиллаж байхдаа юу эсвэл нэг албан тушаалд ажиллаж байхдаа үйлдсэн эсэхийг тус тусад нь зааглаж ялгахгүйгээр шүүгдэгчид холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, ямар хууль, дүрэм, журмыг зөрчсөн эсэхийг тодорхой болгох гэсэн нь үндэслэлгүй байна.

 

Гурав. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, мөн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг тодорхойлсон байна.

Шүүгдэгч нар нь өөр өөрсдийн ажил үүргийн хувьд хийж гүйцэтгэж байгаа үйлдлээрээ санаатай нэгдсэн учир бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн байхад хэн хэн нь ямар байдлаар хоорондоо бүлэглэж оролцсоныг тогтоох шаардлагатай гэсэн шүүхийн дүгнэлт нь үндэслэлгүй, ойлгомжгүй байна.

 

Дөрөв. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хэргийн бодит байдал бүрэн тогтоогдсон байхад З.Мөнхцогтыг мөрдөн шалгах ажиллагаанд татан оролцуулах талаар шүүхийн тогтоолд заасан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл шүүхийн тогтоолд З.Мөнхцогтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар оролцогчоор татан оролцуулах, ингэснээр ямар нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой байгаа талаар тодорхой тусгаагүйгээс үзэхэд шүүхийн дээрх заалт үндэслэлгүй гэж үзэхээр байна. Мөн Г.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт үндэслэн гэмт хэрэг үйлдсэн эсэхийг дахин шалгаж тогтоох шаардлагагүй бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байвал шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой байхад зөвхөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг нь үндэслэн түүнийг гэмт хэрэг үйлдсэн эсэхийг дахин шалгах шаардлагатай гэсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 51 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон эсэргүүцэл бичсэн...” гэв.

Шүүгдэгч Г.С тус шүүх хуралдаанд: “Тайлбаргүй” гэв.

Шүүгдэгч Г.С, Л.Б нарын өмгөөлөгч Д.Наранцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцэлд урьдчилсан хэлэлцүүлэгт хэлэлцэх явцад шүүхэд хэргийг буцаах ёстой гэж байна. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд анхан шатны шүүх шүүх хуралдаанаар буцаах асуудлыг шийдвэрлэж болно гэсэн учраас анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байна” гэв.

 

Иргэний хариуцагч С.Туулын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурор эсэргүүцэлдээ худал ярьж байна. Иргэний хариуцагч С.Туулын хувьд хохирол төлөхгүй гэж маргасан зүйл огт байхгүй. Энэ хэрэг анх С.Туулыг Батлан хамгаалах яамны санхүү удирдлагын газраас тус ангиас дамжуулаад Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 109.000.000 төгрөгийн нэхэмжлэл гаргаж, хариуцагчаар татсан. Шүүх ямар шаардлага тавьсан гэхээр “ажил хүлээлцсэн актаа гаргаж ир” гэдэг шаардлага тавьсан. Энэ шаардлагыг биелүүлэх хугацаанд нэхэмжлэл шийдвэрлэх шүүх хуралдаанд ирээгүй байдаг. Ирээгүй болохоор нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэх боломжгүй гэж нэхэмжлэлийг буцаасан. Цаг хугацааны хувьд Б.Быг Тнтнтнтас чөлөөлөхдөө давхацсан. Аж ахуйн нэгж хооронд байгуулагдсан 70.000.000 төгрөгийн гэрээгээр уг ажлыг гүйцэтгэхээр иргэний хэлцэл байгуулагдсан. Ажлаа хүлээлцэж өгөөд материалын тооцоо гаргаж өгөх гэхээр ажлаа хүлээлгэж өгөлгүйгээр явснаас болж маргаан үүссэн. Бид 70.000.000 төгрөгийг төлөхөд бэлэн байна гэхээр 109.000.000 төгрөг нэхэмжилж, илүү зардлынхаа мөнгийг ажлаа хүлээлцэж өгч авалцана гэхээр асуудал шийдэгдээгүй” гэв.

 

Иргэний хариуцагч С.Туулын өмгөөлөгч Н.Баярсайхан тус шүүх хуралдаанд: “Тайлбаргүй” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Б.Б, Л.Б, Г.С нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.Б, Л.Б, Г.С нарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан шүүхийн тогтоолын үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “...хэргийн бодит байдалтай нийцээгүй...” байна.

Анхан шатны шүүхээс Б.Б, Л.Б, Г.С нарт холбогдох эрүүгийн хэргийг ...гэмт хэрэг хэзээ эхэлж, хэдийд төгссөнийг хөдөлбөргүй тогтоох, үүнтэй холбогдуулан шүүгдэгч Б.Быг гэмт хэрэгт холбогдох үедээ Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх эсвэл Монгол Улсын Батлан хамгаалах яамны Тнтнтнтдаргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан болохыг тогтоох,

...шүүгдэгч Б.Б, Л.Б, Г.С нарын хэн аль нь ямар үйлдлээрээ, хэрхэн яаж гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн болохыг шалгах,

...“Тиара ресорт” ХХК-ийн төлөөлж Зэвсэгт хүчний 017 дугаар ангитай гэрээ байгуулсан гэх З.Мөнхцогтыг мөрдөн шалгах ажиллагаанд татан оролцуулах,

...шүүгдэгч Г.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт үндэслэн түүнийг гэмт хэрэг үйлдсэн эсэхийг дахин шалгаж тогтоох шаардлагатай... гэсэн 4 үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд прокуророос шүүгдэгч Б.Быг 2015 оны 2 дугаар сарын 2-ноос 10 дугаар сарын 7-ны өдөр хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр, 2015 оны 10 дугаар сарын 28-наас 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Монгол Улсын Батлан хамгаалах яамны Тнтнтнтдаргын үүргийг түр орлон гүйцэтгэгч болон даргаар тус тус ажиллаж байхдаа дээрх гэмт хэрэгт холбогдсон гэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу гэмт хэргийн шинжид материаллаг хохирол шаардахгүй бөгөөд Б.Баас Л.Бтой уулзаж, улмаар Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн буюу төсвийн хөрөнгөөр эхнэр С.Туулын үүсгэн байгуулсан “Тиара ресорт” ХХК-ийн Тэрэлж дэх амралтын газрын барилгын болон өөрийн оршин суух Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Грийн хаус амины орон сууцны С-1 тоот байрны засварын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр тохирсон болон хууль бус үүрэг өгснөөр энэ гэмт хэргийг төгс үйлдэгдсэн гэж үзнэ. Иймд гэмт хэрэг хэдийд үйлдэгдэж эхэлсэн болон төгссөн болохыг дахин шалгах шаардлагагүй бөгөөд шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт энэ асуудлыг тодруулж, шаардлагатай гэж үзвэл шүүгдэгч Б.Быг аль албан тушаалд ажиллаж байхдаа энэ гэмт хэрэгт холбогдсон болохыг тогтоох бүрэн боломжтой байна.

Нөгөөтэйгүүр анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг нь яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдана.” гэснийг баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоог нарийвчлан тогтоох боломжтой юм. Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ.”, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ.”, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэснийг тус тус харгалзан шүүгдэгч нарын гэмт хэрэгт хамтран оролцсон байдлыг тодруулах боломжтой юм.

Мөн анхан шатны шүүх “Тиара ресорт” ХХК-ийн төлөөлж Зэвсэгт хүчний 017 дугаар ангитай гэрээ байгуулсан гэх З.Мөнхцогтыг хэрэгт татан оролцуулах ямар үндэслэл шаардлага байгаа, татан оролцуулснаар эрх зүйн ямар ач холбогдолтой байж болох талаар огт дүгнэлт хийгээгүй байна. Мөн шүүгдэгч Г.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийн аль хэсэгт зааснаар мөрдөн шалгах ямар ямар ажиллагаа хийх талаар тодорхой заалгүй ерөнхий байдлаар дүгнэлт хийсэн байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд Б.Б, Л.Б, Г.С нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон болсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч нарыг гэм буруутай эсэхийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул “…шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх…”-ээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэв.

Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 51 дүгээр тогтоолын тогтоох хэсэгт зөвхөн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн зүйл заалтыг удирдлага болгосон нь өрөөсгөл болжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэх үндэслэл болж байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө.” гэж заажээ. Гэтэл анхан шатны шүүх уг 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 51 дугаартай шүүхийн тогтоолоо улсын яллагчид хэзээ гардуулсан нь тодорхойгүй байх бөгөөд улсын яллагчийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр бичсэн эсэргүүцлийг хуулийн хугацаанд бичигдсэн гэж үзэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн зөрчил гаргасныг буруутган тэмдэглэв.

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийг хүлээн авсан шүүх дараагийн ажлын өдөрт багтаан гомдол, эсэргүүцлийн хуулбарыг прокурор, оролцогчид хүргүүлнэ.”, 3 дахь хэсэгт “Прокурор, оролцогч давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийн хуулбарыг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор хариу тайлбар гаргаж болно.”, 5 дахь хэсэгт “Хариу тайлбар гаргасан тухай шүүх давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргагчид дараагийн ажлын өдөрт багтаан мэдэгдэнэ.” гэснийг тус тус зөрчиж хэргийг хугацаа хэтрүүлэн давж заалдах шатны шүүхэд 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн байна. Анхан шатны шүүх цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд захирагдаж ажиллахыг цаашид онцгойлон анхаарвал зохино.     

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 51 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, прокурор Д.Ширэндэвийн бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дугаартай эсэргүүцлийг хангаж, Б.Б, Л.Б, Г.С нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Б.Б, Л.Б, Г.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                       Ц.ОЧ

                                                                                   Д.МЯГМАРЖАВ