| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнджавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 159/2019/0005/З |
| Дугаар | 159/ШШ2019/0015 |
| Огноо | 2019-07-10 |
| Маргааны төрөл | Бусад, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 10 өдөр
Дугаар 159/ШШ2019/0015
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Байгалмаа би Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын ахлах зөвлөх ******* дүгнэлттэй, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* холбогдох Сэлэнгэ аймгийн Хушаат сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 0172240 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий дүгнэлтийг хүлээн авч Зөрчлийн хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунзаяа шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ...Холбогдогч ******* нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 2 дугаар багийн нутаг Асмалжингийн адаг Сэлэнгэ мөрний хөвөөнөөс 292 ширхэг буюу 1.6м3 нойтон бургас модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн нь материалд авагдсан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, 2019 оны 03 сарын 04-ний өдрийн 18-04-337/01 дугаартай улсын байцаагчийн акт зэргээр тогтоогдсон байна.
*******гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжтэй байхад эрх бүхий албан тушаалтан нь Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11 дэх хэсэг ...гэрээ байгуулахгүйгээр ойгоос мод бэлтгэсэн... гэж зааснаар 1000 нэгжээр торгож нөхөн төлбөрийг гаргуулж шийдвэрлэжээ.
Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-д ...түлшний болон ахуйн хэрэглээнд шаардагдах мод бэлтгэх хүсэлтээ ойн анги / байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч /-д гаргаж, ойн мэргэжлийн байгууллага, албан тушаалтны хяналт, зааварчилгааны дагуу гүйцэтгэх, 20.1.2 ...ойн нөхөрлөл байгуулах замаар оршин суугаа газрынхаа ойн санг эзэмших, хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ авах..., 29 дүгээр зүйлийн 29.1.2 ...төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр ойгоос хуш, гацуур, нарсыг бэлтгэх, ашиглахыг хориглоно... тухай зохицуулалтаар иргэн нь мод бэлтгэх эрхийн бичгээр тогтоосон газраас зохих хэмжээний дагуу мод бэлтгэх эрхтэй байхаар хуульчилсан байна.
Харин дээрх хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 ...ойн санг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллага сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн ойн анги / байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан / -тай мод бэлтгэх гэрээ байгуулна... гэж заасан нь зөвхөн хуулийн этгээд гэрээний дагуу мод бэлтгэхээр хуульчилсан байх ба хэрэв уг гэрээг байгуулахгүйгээр мод бэлтгэсэн бол Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Эрх бүхий албан тушаалтан нь холбогдогч , *******гийн гэмт хэргийн шинжтэй үйлдэлд Зөрчлийн тухай хуулинд заасны дагуу шийтгэл оногдуулсан тул Зөрчил шалган шийдвэрлэх тухайх хуулийн 7.2. дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Хушаат сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 0172240 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив...гэжээ.
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Хушаат сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр иргэн *******д холбогдох зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл үйлдэж Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасны дагуу иргэнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгууль оногдуулж, 362880 төгрөгний хохирол нөхөн төлүүлсэн. Иргэн ******* нь өөрийн гаргасан зөрчлийг хүлээн зөвшөөрч торгууль, нөхөн төлбөрийг барагдуулсан тул хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно. Би Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хушаат сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Наранжаргал нь 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 0172240 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Рагчаа овогтой Батнасан / РД: ОО-75091877 /-г зохих зөвшөөрөлгүйгээр нойтон бургас мод бэлтгэсэн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан 1.000.000 / нэг сая / төгрөгөөр торгож, хохиролын 362.880 / гурван зуун жаран хоёр мянга найман зуун наян найм / төгрөгөөр тус тус торгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас дээрх зөрчлийн материалыг хянаад *******гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжтэй байхад эрх бүхий албан тушаалтан нь Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11 дэх хэсэг ...гэрээ байгуулахгүйгээр ойгоос мод бэлтгэсэн... гэж зааснаар 1000 нэгжээр торгож нөхөн төлбөрийг гаргуулж шийдвэрлэсэн байх тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж шүүхэд ирүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх ******* бичсэн дүгнэлтийг хариуцагч Сэлэнгэ аймгийн Хушаат сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч нь хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр илэрхийлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасан хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, мөн бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Энэхүү шүүгчийн захирамж нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, прокурорт хянуулж, уг зөрчлийг дахин хянан шалган шийдвэрлэхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1- д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх ******* дүгнэлттэй, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* холбогдох Сэлэнгэ аймгийн Хушаат сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 0172240 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Сэлэнгэ аймгийн Хушаат сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 0172240 дугаартай шийтгэлийн хуудасны дагуу иргэн Рагчаа овогтой Батнасан / РД: ОО-75091877 /-д торгуулийн төлбөрт төлсөн 250.000 төгрөгийг буцаан олгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт заасны дагуу Сэлэнгэ аймаг дахь Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Ц.БАЙГАЛМАА