| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2021/0085/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/96 |
| Огноо | 2021-06-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/96
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож
Улсын яллагч З.Алтансолонго
Шүүгдэгч С.Мягмаржав, түүний өмгөөлөгч Д.Нямдорж, хохирогчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Сартуул овогт Санжбаярын Мягмаржавт холбогдох эрүүгийн 2136000000093 дугаартай, 178/2021/0085/Э индекстэй хэргийг 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 26-25 тоотод оршин суух, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, ПЮ91052113 регистрийн дугаартай, Сартуул овогт Санжбаярын Мягмаржав
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.Мягмаржав нь Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах явцдаа Б.Отгон-Эрдэнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Хохирогч Шарнууд овогт Балсангийн Отгон-Эрдэнийн / 1990.05.29-нд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, РД:ПЭ90052916/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр би Ганбаагийнд очоод нарны толь, мотоциклийг нь засаж өгчихөөд тэднийд хоол идээд сууж байтал С.Мягмаржав ирсэн. Тэгээд надтай нэг үхрийн талаар ярьж байгаад маргалдсан.Тэгээд С.Мягмаржав “ чи энд юу хийж яваа юм” гээд намайг заамдаад авсан.Ганбаа ах бид хоёрыг салгасан.Би Ганбаагийнд хэсэг сууж байгаад гэр лүүгээ явах гэтэл худагны хажууд С.Мягмаржав намайг дуудахаар нь би явж очоод мотоциклио зогсооход С.Мягмаржав ирээд намайг цохих шиг болсон би нэг мэдэхэд ухаан алдсан юм шиг байна лээ... гэх мэдүүлэг / хэргийн 14-15-р хуудас/
Гэрч Н.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Отгон-Эрдэнэ манайд хоол идээд сууж байтал Мийгаа ирээд тэр хоёр юм ярьж байгаад хоорондоо маргалдсан. Тэр хоёрыг салгаад явуулсны дараа нөхөр бид хоёр араас нь очиход Эрдэнэ Норовоо эгчийн хашааны ард худагны хажууд доош харан хэвтэж байхаар нь очоод татахад “ миний толгой болохгүй байна” гэж хэлээд дахиж юм хэлэхгүй байж байгаад эмнэлгийн машин ирээд авч явсан... гэх мэдүүлэг / хэргийн 19-20-р хуудас/
Гэрч С.Ганболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Эрдэнэ манайд ирээд нарны толь янзалж өгчихөөд байж байтал С.Мягмаржав ирээд тэр хоорондоо хоорондоо маргалдаж ноцолдсон. Би тэр хоёрыг салгаж явуулчихаад “ юу болсон бол” гээд араас нь очиход Эрдэнээг газарт унагаачихсан нүүр ам нь цус болчихсон байсан.Би очоод С.Сягсаржавыг явах гээд байхаар нь зогсоож байгаад ах эгч нарыг нь дуудсан... гэх мэдүүлэг / хэргийн 22-23-р хуудас/
Гэрч Б.Цэцэгдарийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Ганбаа гэдэг хүн манай гэр лүү залгаад “ танай дүүг Мийгаа зодчихлоо” гэхээр нь би машин асаагаад яваад очиход манай дүү Б.Отгон-Эрдэнийг Ганбаа гэдэг хүн эхнэртэйгээ хоёулаа түшээд байж байсан. Тэгээд би очоод эмнэлэг, цагдаа дуудсан. Намайг очиход тэр залуу муухай дээрэнгүй зантай залуу байна лээ.”Наадах чинь миний салхин доогуур гарах ёстой. Миний салхин дээгүүр гарахаар нь би цохиод унагачихсан, үхвэл үхнэ л биз” гэх зэргээр хэл амаар доромжилсон... гэх мэдүүлэг / хэргийн 28-29-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 232 дугаартай шинжээчийн ...Б.Отгон-Эрдэнийн биед нүдний ухархайн дотор хананы баруун хэсгийн хугарал, хамрын ясны зүүн талын хоёрлосон хугарал, 2 нүдний дээд доод зовхины цус хуралт, баруун гарын 2 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал, духны дунд хоёр хацар, дээд уруулын баруун дээд хэсгийн зулгаралтууд, хоёр гарын сарвуу хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн гарын сарвууны ар хэсгийн зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. Б.Отгон-Эрдэнийн биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт / хэргийн 38-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 230 дугаартай шинжээчийн...С.Мягмаржавын биед зүүн нүдний дээд зовхинд зулгаралтууд, баруун хацар хэсгийн зулгаралтууд хүзүүний баруун дээд хэсгийн зулгаралт, хоолонй төвөнх хэсгийн зулгаралтууд, зүүн гарын 2 дугаар хурууны 2 дугаар үений гадна хэсгийн зулгаралт, зүүн гарын 1 дүгээр хурууны 2 дугаар үений гадна хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. С.Мягмаржавын биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх дүгнэлт / хэргийн 43-р хуудас/зэрэг баримт болно.
Хэрэг авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Мягмаржав нь хохирогч Б.Отгон-Эрдэний биед хөнгөн гэмтэл санаатай учруулснаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа,тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.
Шүүгдэгч С.Мягмаржав хохирогч Б.Отгон-Эрдэнэтэй алга болсон үхрийн талаар маргалдаж зодолдсон бөгөөд тэд нарын зодолдсон гэрийн эзэн Ганбаа салгаж явуулсан атал С.Мягмаржав Б.Отгон-Эрдэнийг худаг дээр дуудаж түүнийг нүүр хэсэг рүү цохиж газарт унахаар нь бөгсөн дээр нь дэвссэнээс түүний биед нүдний ухархайн дотор хананы баруун хэсгийн хугарал, хамрын ясны зүүн талын хоёрлосон хугарал, 2 нүдний дээд доод зовхины цус хуралт, баруун гарын 2 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал, духны дунд хоёр хацар, дээд уруулын баруун дээд хэсгийн зулгаралтууд, хоёр гарын сарвуу хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн гарын сарвууны ар хэсгийн зулгаралтууд гэх хөнгөн гэмтэл учирсан хэргийн үйл баримт тогтоогдож байх ба хүний нүүрэн хэсэгт хүчтэй цохиход бие махбодид нь гэмтэл учирна гэдгийг мэдэх боломжтой, хууль бус үйлдэл гэдгийг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн байдал нь тухайн хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч С.Мягмаржавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Б.Отгон-Эрдэнийн “...надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр /хэргийн 15-р хуудас/ шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзнэ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч С.Мягмаржав урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-51/, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Мягмаржавын хувийн байдлын талаар гэрч Н.Санжбаярын өгсөн “...манай хүү С.Мягмаржав нь сургууль төгсөөгүй, жаахан нийгэмшээгүй хүүхэд байгаа юм.уг нь их тусч зантай, үзэл бодолдоо үнэнч, шазруун хүүхэд. 2016 онд шүүхээс тэнсэн авч байсан.Хүнтэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй ..”.гэх мэдүүлэг /хэргийн 31-32-р хуудас/,
Гэрч С.Марал-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай ах үнэнч шударга зантай, өрөвч зөөлөн сэтгэлтэй, жаахан түргэн ууртай, уурлахаараа уур нь амархан гардаг...” гэх мэдүүлэг / хэргийн 34-35-р хуудас/, шүүгдэгч С.Мягмаржавын байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримт хэрэгт авагджээ.
Шүүгдэгч С.Мягмаржавт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч С.Мягмаржавыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах,торгох ялын 500000 төгрөгийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж байна гэх тайлбар дүгнэлт,
Шүүгдэгч С.Мягмаржавын өмгөөлөгч Д.Нямдоржоос шүүх хуралдаанд: Шүүгдэгч С.Мягмаржав нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчоос уучлалт гуйсан, төлөх хохирол төлбөргүй.Улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна, торгох ялын 500000 төгрөгийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан.
Шүүхээс: Шүүгдэгч С.Мягмаржав нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид төлөх хохирол төлбөргүй болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар торгох ялын 500000 төгрөгийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Мягмаржавт тайлбарлаж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Мягмаржав нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдаж ба шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 34.1, 36.2, 36.6-36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Сартуул овогт Санжбаярын Мягмаржавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Сартуул овогт Санжбаярын Мягмаржавыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.Мягмаржавт оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Мягмаржавт тайлбарласугай.
5.Шүүгдэгч С.Мягмаржав нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүйг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.Мягмаржавт оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч С.Мягмаржавт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС