Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/193

 

   2021          07             08                                            2021/ШЦТ/193

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Цэрэнпагма,

Улсын яллагч П.Отгонбаатар,

Амь хохирогч Д.А-, Б.М-- нарын хууль ёсны төлөөлөгч Д.Б-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уртбаяр,

Шүүгдэгч Ж.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б-д холбогдох эрүүгийн 2138000000064 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ж.Б.

Шүүгдэгч Ж.Б- нь 2021 оны 01 дүгээр сарын 08-ны орой Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 5 дугаар багийн нутаг “Хүйтэн хошуу” гэх газар байрлах гэртээ гал түлэхдээ савтай бензин ашигласаны улмаас гал алдсан болгоомжгүй үйлдлийн улмаас гэрт байсан эхнэр Д.А-, хүү Б.М-- нарын амь нас хохирсон ба хоёр хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Ж.Б- нь 2021 оны 01 дүгээр сарын 08-ны орой Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 5 дугаар багийн нутаг “Хүйтэн хошуу” гэх газар байрлах гэртээ бензин ашиглан гал түлэхдээ болгоомжгүй үйлдлийн улмаас гал алдаж гэрт байсан эхнэр Д.А-, хүү Б.М-- нарын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01 дүгээр хуудас/,
  • Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-9 дүгээр хуудас/,
  •  Эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
  • Гэрч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 09-ний өглөөний 9 цагийн үед ээж мэдээд эхнэрт хэлсэн байсныг эхнэр Б- надад хэлэхдээ гал гараад эгч чинь шатсан байна гэдгийг хэлсэн. Ингээд бид нар цуглаад Цагаан Уул сумын төврүү явсан. Хамгийн сүүлд талийгч нартай 2020 оны 11 дүгээр сард идэш хийхээр Цагаан Уул сум руу яваад буцахдаа гэрээр нь орохдоо л хамгийн сүүлд уулзсан. Намайг хөдөөнөөс гэртээ ирэхэд эхнэр надад Ж.Б- гэртээ бензинээр гал түлж байгаад гэрээ шатааж талийгч нарын амь насыг хохироосон байна гэж хэлсэн. Тийм болохоор Ж.Б-г л галаа болгоомжгүй бензинээр асаасны улмаас гал гарсан гэж бодож байна. Ж.Б- нь одоо Цагаан-Уул суманд хөдөө өөрсдийнхөө илүү байсан гэрт хүүхдүүдийнхээ хамт амьдарч байгаа. Талийгч болон Ж.Б- нар гэрлэсэн үеэс хойш энэ амьдралаа өөрсдөө босгож өдий зэрэгт хүргэн амьдарч байсан. Миний хувьд бол гэр орон доторх эд зүйл шатсан асуудалд нэхэмжпэх зүйл гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
  • Арван найман насанд хүрээгүй гэрч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 08-ны оройн 23 цаг өнгөрч байсан байх. Хэдэн цаг болж байсныг тодорхой мэдэхгүй байна. Орой унтахаар манайхан бүгд орондоо орчихсон байсан юм. Тэгсэн аав гал түлэхээр босоод бензинтэй сав гаднаас авч орж ирээд зуух руу хийсэн. Тэгсэн гэнэт гал дүрэлзээд ассан. Гэрээс бүгдээрээ гарч ирсэн гэж бодсон чинь жижигхэн дүү Б.М-- байхгүй болохоор ээж буцаад гэр рүү орчихсон. Тэгээд дүүгийн хамт гарч ирээгүй. ...Аав зуух руу гал түлэхээр түлээ хийж байхдаа гаднаас бензин хийж галаа асаачихаад унтлаа гэж ярьж байсан. Би унтахаар орондоо орсон байсан юм. Зуухны аль хэсэг рүү бензин хийснийг бол хараагүй. Зуухны тагийг бол тавиагүй байсан. Гэнэт зуухнаас дээшээ гал дүрэлзээд гэр тооно хэсгээс шатаж эхэлсэн. ...Бид нарыг гарах үед аймаар асаад эхэлсэн. Тухайн үед хаалга онгорхой байгаа нь харагдаж байсан. Намайг ээж сэрээгээд гэрээс гарахад аав гадаа гарчихсан байсан. Хоёр дүүг ээж аваад гарч ирсэн. Ээж гарч ирчихээд буцаад хар хурдаараа гэр лүү орсон. Аав орох гэсэн боловч гал аймаар асаж байсан болохоор чадаагүй. Хаяагаар ээжийг авах гэсэн боловч чадаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25, 27-28 дугаар хуудас/,
  • Арван найман насанд хүрээгүй гэрч Б.П-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тэр үед унтаж байсан болохоор юу болсныг сайн мэдэхгүй байна. Намайг ээж сэрээсэн. Сэрээд харахад зуухан дээр гал гарсан байсан. Бид нар гэрээс гарсан боловч хамгийн бага дүү гэрээс гарч ирж чадаагүй байсан болохоор ээж буцаад орсон. Тэгээд ээж гарч ирээгүй. Аав болон бид нар асаж байгаа гал руу шороо цацсан боловч ямар ч нэмэр байгаагүй гэр шатсан. Аав савандаа бензин хийгээд гэрийнхээ гадаа тавьчихдаг байсан. Уг савтай бензинийг машин, мотоциклийн бензин дуусахаар хийдэг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
  • Арван найман насанд хүрээгүй гэрч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 18 цагийн үед сумын төвөөс аав халамцуу ирсэн. Гэртээ орж ирээд унтсан. Аав хэзээ сэрснийг мэдэхгүй байна. Оройн 21 цаг өнгөрч байхад унтахаар орондоо орсон. Би болохоор эгч дүүгийн хамт газар ор засаад унтаж байхад гал гарлаа босоорой гээд орилсон. Босоод ирэхэд гэрийн тооно, үүд хэсэг тэр чигээрээ гал асаж байсан. Айж сандарсандаа гэрээс гүйгээд л гарсан. Ээж бид нартай цуг гарч ирсэн. Бага дүү байхгүй болохоор буцаад гэр лүү гүйгээд орсон. ...Саарал өнгийн 20 литрийн савтай бензин гэрийн гадаа байдаг байсан. Бензинийг мотоцикльд хийдэг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
  • Гэрч Ж.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 08-ны оройн 22 цагийн үед гэртээ байхад утсанд дуудлага ирэхээр нь авахад талийгч дүү Д.А- байсан. Манай хүүхдийн нүүрээр барзгар зүйл гараад байх юм гээд манай анагаахын сургуульд сурдаг хүүхдээс зөвлөгөө авахаар ярьсан. Тэгээд 30-40 минутын дараа над руу сумын төвөөс ченж Б- залгаад ярихдаа Ж.Б-гийн тар хавиас гал гараад байна гэнэ. Над руу А- залгаж хэллээ. Манай дүү Ж.Б-гийн утас нь холбогдохгүй байна гэж хэлэхээр нь утсаа салгаад А-гийн эхнэр рүү залгаж юу болсон талаар асуусан. Гал гарч байгаад гайгүй болсон гэж хэлсэн. Тэгээд дүү Ж.Б-гийн ойролцоо өвөлжиж байгаа С-гийн дугаарыг авч залгахад С-гийн эхнэр утсаа авсан, юу болсоныг асуухад С- явчихсан доороос гэрэл гараад ирж байх шиг байна ирэхээр нь юу болсныг хэлье гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа С-гийн утас руу залгаж асуухад бага хүүхэд, эхнэр хоёр нь байхгүй байна гэнэ. Хүүхдүүд нь нүцгэн байна гэнэ. С- хувцас авахаар ирсэнийг хэлсэн. Ингээд хүргэн Золбаярын хамт машинаар очиход онцгойгийн албан хаагч нар ирсэн галыг унтрааж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
  • Гэрч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 08-ны орой ...22 цаг өнгөрчихсөн байсан байх. Мотоциклио угсарч дуусаад гэрээс гаргаж асааж унаж үзэхээр гарч ирэхэд Ж.Б-гийн гэрийн гадаа улаан гал дүрэлзээд асаж байсан. Хүүхэд хашгирах чимээ дуулдсан. Тэгээд Н-, Б-, С- нарын хамт мотоцикльтой очиход Ж.Б- 3 хүүхдийн хамт орилоод нүцгэн байж байсан. Гэр нь шатаад битүү улаан гал л асаж байсан. Том охин ээжийг авраад өгөөч гэж чарлаад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас,
  • Гэрч Ч.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 08-ны оройн 23 цагын үед шиг санагдаж байна. Би гэртээ мотоцикль засаад Б-, С-, Н-, гэр бүлийн хамт байсан. Мотоциклоо засаж дуусаад гэрээс гаргаж асаахаар гарахад Ж.Б-гийн гадаа дүрэлзсэн улаан гал, утаа манараад ил тод харагдаж байсан. Юу болов гээд Н-, С-, Б- нарын хамт мотоциклтой очиход гэр нь асаад дуусчихсан. Ж.Б- хүүхдүүдийн хамт нүцгэн байж байсан. Тэндээс С- утсаар ярьж Р- ахад хэлсэн. Р- ах Ж- гуай онцгойн алба хаагч нарт хэлсэн байх. Би гурван хүүхэд нь нүцгэн байсан болохоор гэр рүүгээ очиж хүүхэд нарт нь хувцас хунар авчирч өгсөн. Намайг ирэхэд Онцгойн байдлын машин ирчихсэн галыг унтрааж байсан Тэгээд цагдаа хэсгийн төлөөлөгч нар ирэхээр нь гэр рүүгээ явцгаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,
  • Гэрч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд мотоциклио засаж дуусаад гэрээс гарч ирэхэд урд талын гүвээний цаад талын айлын гадаа улаан гал дүрэлзээд асаж байсан. Тэгээд бид нар юу болов гээд очиход гэр нь шатаад дуусчихсан. Гэрийн зүүн талд эсгийтэй ханан хэсэг үлдсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,
  • Гэрч Р.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө хэдэн цаг болж байсныг бол санахгүй байна. Гэртээ хажуугийн айл болох Б-ы гэрт мотоцикль засаж дуусаад гэрээс гарахад Ж.Б-гийн гадаа их хэмжээний гал асаж байсан. Тэгэхээр нь нь хогноос гарсан гал биш болчихлоо өвөлжөө өтөг өвс шатсан байх гэж бодоод Б-, Б-, Н- нарын хамт мотоцикльтой очиход гэр доторх нь шатаж байсан. Гаднах нь шатаад дууссан, гэрийн хаалга нь шатаад унаж байсан юм. Тэнд Ж.Б- гурван хүүхдийн хамт хүүхдүүд нь полвалк дотуур хувцастайгаа зогсож байсан. Хүүхдүүд нь ээжийг гаргаад өгөөч, ээж гарч ирээгүй гээд л орилоод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 19 дугаартай: “..Ж.Б- гэх цуснаас 1,0 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусанд илэрсэн 1,0 промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 52 дугаар хуудас/,
  • Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 64, 71 дүгээр хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 16 дугаартай: “..Б.М--гийн биед биеийн 95 хувийг хамарсан 4-р зэргийн түлэгдэлт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн удаан хугацааны үйлчлэлийн улмаас үүссэн гэмтэл байна. Б.М-- нь нүүрсхүчлийн дутуу ислийн хордлогын улмаас нас барсан байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 65-67 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 17 дугаартай: “..Д.А-гийн биед биеийн 95 хувийг хамарсан 4-р зэргийн түлэгдэлт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн удаан хугацааны үйлчлэлийн улмаас үүссэн гэмтэл байна. Д.А- нь нүүрсхүчлийн дутуу ислийн хордлогын улмаас нас барсан байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 72-75 дугаар хуудас/,
  • Гамшиг судлалын Хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 12/15 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 81-82 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Шарга багийн Засаг даргын: “...Д.А-, Б.М-- нар нь ...2021 оны 01 дүгээр сарын 08-ны үдэш гал түймэрт өртөн нас барсан болно” гэх тодорхойлолт /хх-ийн 109-110 дугаар хуудас/,
  • Амь хохирогч Б.Д-гийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 102 дугаар хуудас/,
  • Б.М--, Д.А- нарын нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 111 дүгээр хуудас,
  • Шүүгдэгч Ж.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...Гэрчээр өгсөн мэдүүлэгт бүгдийг ярьсан. Одоо ярих зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 96-97 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

- Гэрч Д.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...нутгийн иргэдийн дунд нэр хүнд сайтай. ...амьдралын төлөө зүтгэлтэй, ...хүнд тусархуу, муу муухай зан ааш байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/,

- Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 47 дугаартай: “...Ж.Б-гийн биед баруун, зүүн сарвуу, зүүн шуу, зүүн шилбэнд 2-3 дугаар зэргийн түлэгдэлт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Ж.Б-гийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 48 дугаар хуудас/,

- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 98 дугаар хуудас/,

- Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Шарга багийн Засаг даргын: “...Ж.Б- нь ам бүл 4, тус багт тогтвор суурьшилтай амьдардаг нь үнэн” гэх тодорхойлолт /хх-ийн 109 дүгээр хуудас/,

- Б.Н-, Б.П- нарын төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 101,103 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Ж.Б-гийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /хх-ийн 104 дүгээр хуудас/,

- 2020 оны мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогын баримтын хуулбар /хх-ийн 105-108 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Харин мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх ...хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал нөлөөлсөн байна.

Гэмт хэрэг гарах үед гэрт шүүгдэгч Ж.Б-, эхнэр Д.А-, охин Б.Н-, Б.П-, хүү Б.Д-, Б.М-- нарын хамт байсан болох нь шүүгдэгч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч Ж.Б- нь 2021 оны 01 дүгээр сарын 08-ны орой Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 5 дугаар багийн нутаг “Хүйтэн хошуу” гэх газар байрлах гэртээ бензин ашиглан гал түлэхдээ болгоомжгүй үйлдлийн улмаас гал алдаж гэрт байсан эхнэр Д.А-, хүү Б.М-- нарын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-9 дүгээр хуудас/, Эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13 дугаар хуудас/, гэрч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/, арван найман насанд хүрээгүй гэрч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-25, 27-28 дугаар хуудас/, арван найман насанд хүрээгүй гэрч Б.П-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, арван найман насанд хүрээгүй гэрч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/, гэрч Ж.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/, гэрч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас, гэрч Ч.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/, гэрч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/, гэрч Р.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 19 дугаартай дүгнэлт /хх-ийн 52 дугаар хуудас/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 64, 71 дүгээр хуудас/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 16 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 65-67 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 17 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 72-75 дугаар хуудас/, Гамшиг судлалын Хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 12/15 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 81-82 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Шарга багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 109-110 дугаар хуудас/, амь хохирогч Б.Д-гийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 102 дугаар хуудас/, Б.М--, Д.А- нарын нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 111 дүгээр хуудас, шүүгдэгч Ж.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 96-97 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Мөн шүүгдэгч Ж.Б- нь 2021 оны 01 дүгээр сарын 08-ны орой Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 5 дугаар багийн нутаг “Хүйтэн хошуу” гэх газар байрлах гэртээ бензин ашиглан гал түлэхдээ болгоомжгүй үйлдлийн улмаас гал алдаж гэрт байсан эхнэр Д.А-, хүү Б.М-- нарын амь насыг болгоомжгүйгээр хохироосон нь амь насаа алдах эрсдэл учрах, аюултай үйлдэл хийж байгааг мэдэх ёстой атал хөнгөмсөг хандлагаар зориуд үйлдэл хийж хоёр хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон байна. 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрхийг зөрчин хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсний улмаас хоёр хүний амь нас хохирсон хор уршигт хүргэсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Шүүгдэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны орой Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 5 дугаар багийн нутаг “Хүйтэн хошуу” гэх газар байрлах гэртээ бензин ашиглан гал түлэхдээ болгоомжгүй үйлдлийн улмаас гал алдаж гэрт байсан хүү Б.М--, түүнийг галаас аврах гэж гэрт орсон эхнэр Д.А- нарыг нүүрсхүчлийн дутуу ислийн хордлогод оруулсан үйлдэл, амь хохирогч нарын үхэл хоёр нь уг гэмт үйлдэл, үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотойг харуулж байна.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Ж.Б-гийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийг хоёр хүний амь насыг хохироож үйлдсэн шинжийг бүрэн хангаж байх тул энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг, цогцост үзлэг хийсэн болон бусад шинжилгээ, шинжээчийн дүгнэлтүүд, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч нь амь хохирогч нарын амь насыг болгоомжгүйгээр хохироосон болох нь арван найман насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, цогцост хийсэн үзлэг, гэрэл зураг, шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр нотлогдоно.

Шүүгдэгч Ж.Б-гийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь хоёр хүний амь нас хохирсон гэж шүүх дүгнэлээ.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б- нь шүүгдэгч Ж.Б-гаас хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас “албан бланк, бичгийн цаас, хэвлэмэл хуудас”-ны үнэ 18.340 төгрөгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож /хх-ийн 115/ шүүгдэгчээс гаргуулахаар ирүүлсэн байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4 1.5-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал”-ыг хуульчилсан бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдох гарах бусад зардлыг Монгол улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 2.7-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.5-д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарах бусад зардалд хэргийн газар, орон байр, хүний бие, цогцост үзлэг, нэгжлэг, шинжилгээ хийх, цогцсыг оршуулсан газраас нь гаргаж шинжлэх, мөрдөн шалгах туршилт хийх, мэдүүлгийг газар дээр нь шалгах, таньж олуулах ажиллагаа явуулах, ялтныг хорих ангид очиж байцаах, дуудлагаар явахад гарсан болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсны үр дүнд үүссэн ажил гүйцэтгэсний хөлс, зардал багтана” гэж зааснаас үзэхэд дээрх 18.005 төгрөгийн баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, /бусад зардал/-д тооцох үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ж.Б-гийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байх боловч,

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 “Энэ хуулийн үйлчлэлд дараах хүн, хуулийн этгээд хамаарна”, 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн”, 5 дугаар зүйлийн 5.1 “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ж.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 08-ны орой үйлдсэн, мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.2 “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэх хуулийн шаардлага хангасан, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч Ж.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Ж.Б-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ шүүх хуралдаанд улсын яллагчаас “...шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т хамаарч байх тул эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох” санал гаргасан, мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т хамаарч байх тул хохирогчид төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хүсэлтийг тус тус харгалзан үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн хуванцар сав 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж байна.

Шүүгдэгч Ж.Б- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                    

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийг хоёр хүний амь насыг хохироож үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч Ж.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2138000000064 дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн хуванцар сав 1 ширхэгийг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР