Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 151/2018/00327/и |
Дугаар | 001/ХТ2019/00327 |
Огноо | 2019-03-12 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 001/ХТ2019/00327
Ж.Мын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 674 дүгээр шийдвэр,
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 107 дугаар магадлалтай,
Ж.Мын нэхэмжлэлтэй
Я.Э т холбогдох
44 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Я.Эийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.
Нэхэмжлэгч Ж.М болон түүний өмгөөлөгч Б.Цэдэндамбаа нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Ж.Я.Э нь надаас 200 сая төгрөгийг зээлнэ гэж байсан боловч эхлээд 35 000 000 төгрөгийг авч гэрээ хийсэн. Гэтэл Ж.Я.Э нь мөнгөө авснаасаа хойш утсаа авахгүй, сураггүй болж байгаад 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 50 000 төгрөг, 100 000 төгрөг 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 50 000 төгрөг, мөн мөнгөн аягыг нь 600 000 төгрөгөөр ломбардад тавьж 600 000 төгрөгийг авсан. Дараа нь мөн Баатар гэх хүнээс 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 4 000 000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 3 200 000 төгрөг авч нийт Ж.Я.Эээс авах ёстой авлагаасаа 7 200 000 төгрөгийг авсан. Гэрээнд заасны дагуу үндсэн мөнгө 35 000 000 төгрөг, алданги 17 500 000 төгрөг болоод нийт 52 500 000 төгрөг болж байгаа. Үүнээс авсан 8 000 000 төгрөгөө алдангаас хасаад үлдэгдэл 44 500 000 төгрөгийг нэхэмжилж байна. Эрүүгийн хэрэгт шалгагдаж байхад нь би байцаагчтайгаа уулзаад Ж.Я.Э надтай уулзахгүй байна надтай уулзуулаад өгөөч гэтэл байцаагч надад мөнгөн аяга өгсөн тэрийг зарж борлуулаад хохирол төлбөрт өгчих гэсэн гээд би байцаагчтай нь хамт явж Мөнгөн-Ундрал гэх ломбардад байцаагчийг Ж.Я.Этэй утсаар яриулж байж 600 000 төгрөгт тавьсан. Хүүг нь Ж.Я.Э төлөөд хугацааг нь сунгаж байгаа. 2014 онд цагдаад хандсан боловч иргэний хэрэг гээд татгалзсан. Би энэ хүнээс болж маш их хохирч байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 35 000 000 төгрөгийг авсан талаар маргаан байхгүй, 8 000 000 төгрөгийг буцааж өгсөн. Цагдаагийн байгууллагад 15 000 000 төгрөгийн үнэтэй мөнгөн аяга хүлээлгэж өгсөн. Энэ мөнгөн аяганы мөнгөө хасуулах гэтэл Баттөр байцаагчид яаж хүлээлгэж өгсөн талаарх баримт байхгүй. Иймд мөнгөн аяганы 15 000 000 төгрөг, өгсөн 8 000 000 төгрөгийг хасаад үндсэн мөнгө 12 000 000 төгрөг, алданги 6 000 000 төгрөг гээд нийт 18 000 000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 674 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Я.Эээс 44 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Мад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 380 450 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Эээс 380 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 107 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 674 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Я.Эээс 40 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Мад олгож, 4 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын ...хариуцагч Я.Эээс 380 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож гэснийг ...хариуцагч Я.Эээс 360 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 380 950 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, хариуцагчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Я.Э хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг тус тус эс зөвшөөрч доорхи гомдлыг гаргаж байна. Иргэн Я.Э би үйлдвэр байгуулах зорилгоор иргэн Ж.Маас 35 000 000 /гучин таван сая/ төгрөгийг 17 хоногийн хугацаатай сарын 0.6%-ийн хүүтэй зээлж авсан. Үүнээс 8 000 000 /найман сая/ төгрөгийг төлсөн. Мөн энэ асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байх явцад их гарын мөнгөн аягыг тухайн үед мөрдөн байцаагчид Ж.Мад төлөх төлбөрт гэж 15 000 000 /арван таван сая/ төгрөгөнд тооцож, хүлээлгэн өгсөн ба энэ мөнгөн аягыг 400 000 /дөрвөн зуун мянган/ төгрөгөөр үнэлэн барьцаалан зээлдүүлэх газарт тавьсан байна. Гэтэл дээрх мөнгөн аягыг 15 000 000 төгрөгөөр үнэлгээ тогтоолгосон байхад миний төлөх мөнгөнөөс хасаж тооцоогүйд туйлын гомдолтой байна. Дээрх мөнгөн аягыг 15 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ болон мөрдөн байцаагчид хүлээлгэж өгсөн баримтыг гаргуулах хүсэлт гаргасан боловч энэ талаарх баримт прокуророос татуулсан хэрэгт хавсаргагдаагүй байна. Мөн зээлийн хугацаа 17 хоног бөгөөд алдангийг зээлийн үлдэгдлийн 50%-иар тооцсон нь намайг илт хохироосон үйлдэл болжээ. Иймд хэргийг зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө гэж гүнээ итгэж энэхүү гомдлыг гаргаж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй байна.
Хариуцагч Я.Эээс зээл 35 000 000 төгрөг, алданги 9 500 000 төгрөг нийт 44 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Ж.Мын нэхэмжлэлийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, хариуцагчаас 40 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцжээ.
Зохигчид 2013 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 35 000 000 төгрөгийг, 17 хоногийн хугацаатай, 0,6 хувийн хүүтэй зээлэх, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд ...алданги төлөхөөр тохирч, бичгээр гэрээ байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу зээлдүүлэгч Ж.М нь 35 000 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлж, үүргээ биелүүлжээ. Харин хариуцагч 8 000 000 төгрөгийг төлж, үүргээ бүрэн биелүүлээгүй нь хэрэгт байгаа баримтаар тогтоогджээ.
Давж заалдах шатны шүүх үндсэн зээл 35 000 000 төгрөгөөс зээлдэгчийн төлсөн 8 000 000 төгрөгийг хасч, 27 000 000 төгрөг, алданги 13 500 000 төгрөг нийт 40 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг зөрчөөгүй байна.
Хариуцагч нь Ж.Мад 15 000 000 төгрөгт бодож, мөнгөн аяга өгсөн тул нэхэмжлэлээс хасч тооцуулна гэж маргасан боловч гэрээний талууд уг эд зүйлийг зээлийн үүрэгт тооцохоор харилцан тохирсон гэх байдал баримтаар тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхино.
Харин нэхэмжлэгч Ж.М нь мөнгөн аягыг авсан бол хариуцагч Я.Эт буцааж өгөх үүрэгтэй болно.
Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлж чадсан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул магадлалыг хэвээр үлдээв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 107 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Я.Эийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 200 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА