Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2023/0230

 

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2023/0230

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

“Нитросибирь Азиа” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэтуяа,

  Хэргийн оролцогчид:

  Нэхэмжлэгч “Н*** А***” ХХК

  Хариуцагч Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,

Нэхэмжлэлийн шаардлага: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 3/04 дүгээр тогтоолыг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 120/ШШ2022/0001 дүгээр шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э***, өмгөөлөгч З.У***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э***.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж,

Хэргийн индекс: 120/2022/0020/3.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч “Н*** А***” ХХК-иас Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан анх “Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 3/04 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж “Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 3/04 дүгээр тогтоолыг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны

01 дүгээр сарын 27-ны өдрийн 120/ШШ2022/0001 дүгээр шийдвэрээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн к/, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 20 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

3.1. Нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг тусгай хамгаалалтад авах эрхтэй боловч Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайг тусгай хамгаалалтад авах эрхийг сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хуулиар олгоогүй. Хуулиар эрх олгогдоогүй этгээдийн гаргасан акт тул бүхэлдээ хууль бус. Хариуцагч хууль дээдлэх зарчмыг зөрчиж, шийдвэр гаргасан байхад анхан шатны шүүх үүнд дүгнэлт өгөөгүй,

3.2. Шүүх шийдвэр гаргахдаа хэрэгт хамааралгүй, нотлох баримтаар үнэлэх боломжгүй баримтыг үнэлсэн,

3.3. Хариуцагч Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон мэдэгдэх, сонсох, нотлох баримтыг цуглуулах үүргээ зөрчсөн байхад тухайн үйл баримтад шүүх дүгнэлт өгөөгүй зэрэг үндэслэлээр тайлбарлаж байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

3. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангасангүй. Үүнд:

  3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг тусгай хамгаалалтад авах эрхтэй боловч Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайг тусгай хамгаалалтад авах эрхийг сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хуулиар олгоогүй. Хуулиар эрх олгогдоогүй этгээдийн гаргасан акт тул бүхэлдээ хууль бус. Хариуцагч хууль дээдлэх зарчмыг зөрчиж, шийдвэр гаргасан байхад анхан шатны шүүх үүнд дүгнэлт өгөөгүй” гэх гомдлын үндэслэлийн тухайд:

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтын к-д Сум, дүүргийн Хурал нь “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэх” онцгой бүрэн эрхтэй хэмээн,

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, түүний хилийн зааг, хамгаалалтын горимыг тогтоох” бүрэн эрхтэй хэмээн,

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.1.3-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, сум, нийслэлийн тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох”,

Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т “Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах” хэмээн тус тус хуульчилсан бөгөөд  Байгаль орчны сайдын 2000 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаар тушаалаар батлагдсан “Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” журмын 4.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу нутаг дэвсгэрийнхээ зарим хэсгийг улсын болон орон нутгийн хамгаалалтад авах тухай саналаа боловсруулж зохих шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ”, 4.2-т “Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай саналд дараахь зүйлийг тусгана”, а) “хамгаалалтад авах тухай үндэслэл, шаардлага, хилийн зааг”, б) “авах газрын байршил, хилийн заагийг тодорхойлсон зураг” хэмээн заасан.

Маргаан бүхий захиргааны акт гарах цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн дээрх зохицуулалтын хүрээнд сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь тухайн орон нутгийн Засаг даргаас ирүүлсэн орон нутгийн тусгай хэрэгцээнд авбал зохих газрын талаарх санал хууль, журамд заасан шаардлагыг хангаж байх тохиолдолд хэлэлцэн шийдвэрлэх онцгой бүрэн эрхтэй байсан.

Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаар, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргаас 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 1/573 дугаар албан бичгээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандан “5. Зарим газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалт, хэрэгцээнд авах” асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөх хүсэлтийг гарган, хүсэлтэд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын 2021 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/126 дугаар захирамж, “Гурвантэс сумын Баясах багийн нутаг дэвсгэр дэх Хүрэн ханын хэц, Эрдэнэ уул орчмын газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах ажлын хэсгийн хурлын тэмдэглэл”, тусгай хамгаалалтад авах газрын байршил, хил зааг, эргэлтийн цэг зэргийг тусгасан “Гурвантэс сумын Баясах багийн нутаг дэвсгэр дэх Хүрэн ханын хэц, Эрдэнэ уул орчмын газар нутгийн судалгаа, дүгнэлт”-ийг хавсарган хүргүүлсэн.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Хуралдааны тов тогтоож, хэлэлцэх асуудлыг батлах тухай” 28 дугаар тогтоолоор “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын найм дахь удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацааны ээлжит бус гуравдугаар хуралдааныг 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 09 цагт сумын Соёлын төвд хуралдуулах”-аар шийдвэрлэсний 1.6-д “Зарим газар нутгийг орон нутгийн хэрэгцээнд авах тухай” асуудал тусгагдсан.

2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хуралдсан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3/04 дүгээр тогтоолоор “тус сумын Баясах багийн нутаг дэвсгэрт орших Хүрэн ханын хэц, Эрдэнэ уул орчмын 5984.84 га газар нутгийг байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалах, усны эх үүсвэр, нэн ховор амьтан, ургамал бүхий газрыг байгалийн нөөц газрын ангиллаар 15 жилийн хугацаатай орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, талбайн солбицлыг нэгдүгээр, зургийг хоёрдугаар хавсралтаар баталж”, тухайн талбайтай давхцал бүхий “Н*** А***” ХХК-ийн MV***, МV*** дугаартай ашиглалтын талбайн лиценз эзэмшигч хуулийн этгээдэд тогтоолыг танилцуулж, мэдэгдэл хүргүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд үүрэг болгож шийдвэрлэсэн болох нь тус тус тогтоогдож байх тул Өмнөговь аймгийн Гурвантэс сумын, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны  9 дүгээр сарын 08-ны өдрийн 3/04 дүгээр тогтоол нь хуульд нийцсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

3.2. “Шүүх шийдвэр гаргахдаа хэрэгт хамааралгүй, нотлох баримтаар үнэлэх боломжгүй баримтыг үнэлсэн” гэх гомдлын үндэслэлийн тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэдэг.

Тухайн тохиолдолд хэдийгээр нэхэмжлэгч “Н*** А***” ХХК нь 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан гаргасан нэхэмжлэл, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа тухайн асуудалтай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлоогүй ч анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хариу тайлбартай холбогдуулан 120/2021/0016/3 индекстэй захиргааны хэргээс Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 6/01 болон 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 11 дүгээр тогтоол болон холбогдох бусад баримтыг нотлох баримтаар хуулбарласан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй. Тухайн нотлох баримттай холбогдуулан нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д зааснаар нотлох баримтаас хасуулах хүсэлтийг гаргаж байгаагүй тул энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй.

3.3. “Хариуцагч Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон мэдэгдэх, сонсох, үүргээ зөрчсөн байхад тухайн үйл баримтад шүүх дүгнэлт өгөөгүй зэрэг” гомдлын бусад үндэслэлийн тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллага нь мөн хуулийн 28 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд захиргааны шийдвэр гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгох, хэрэв Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд заасан үндэслэлээр сонсох ажиллагаа хийгээгүй бол шалтгаанаа нотлох үүрэг хүлээнэ.

Хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн оролцогчдоос гаргасан тайлбараар маргаан бүхий захиргааны акт гарах үед давж заалдах гомдолд дурдсанаар “Н*** А***” ХХК нь “газар дээрээ үйл ажиллагаа явуулж эхлээгүй”-тэй холбоотойгоор хариуцагчаас сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргэх боломжгүй. Мөн 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6/01 дүгээр тогтоол болон 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор тухайн маргаан бүхий нутаг дэвсгэрт байрлах хадны сүг зураг бүхий газрын байршил солбицлыг баталсан хийгээд “Гурвантэс сумын Баясах багийн нутаг дэвсгэр дэх Хүрэн ханын хэц, Эрдэнэ уул орчмын газар нутгийн судалгаа, дүгнэлт”-ээр тухайн нутаг дэвсгэрт ховор өвс, ургамал, ан амьтадад оршин байгаа болох нь тогтоогдсон тул “нийтийн ашиг сонирхол” хөндөгдөх нөхцөл байдал үүссэн хэмээн сонсох ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзсэн” гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй бөгөөд гомдолд дурдсан энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

  4. Үүнтэй холбогдуулан, энэхүү магадлал нь нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн давхацсан хэсэгт Ашигт малтмалын тухай хуулийн дагуу нөхөх олговрын асуудлаар нэхэмжлэл гаргах  эрхийг хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 120/ШШ2023/0001 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн гомдол гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

   ШҮҮГЧ                                                     Д.ОЮУМАА

   ШҮҮГЧ                                                     О.ОЮУНГЭРЭЛ

   ШҮҮГЧ                                                     Г.МӨНХТУЛГА