Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2023/0231

 

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2023/0231

Улаанбаатар хот

 

 

   “Ж***” ХХК-ийн нэхэмжлэлтэй

  захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Билгүүн,

Илтгэгч: Шүүгч Г.Мөнхтулга    

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Золбоо

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: “Ж***” ХХК

Хариуцагч: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /хуучин нэрээр/-ын Хэмжил зүйн хяналтын улсын ахлах байцаагч Д.Ж***,

Хариуцагч: Стандарт, хэмжилзүйн газрын стандарт, хэмжилзүйн улсын байцаагч Г.З***,    

Нэхэмжлэлийн шаардлага: “Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны 01-07-099/107 тоот дүгнэлтийг, Стандарт, хэмжилзүйн газрын 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 000017162 тоот мэдэгдлийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”  

Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2023/0064 дүгээр шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Ч***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.З***, хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /хуучин нэрээр/-ын Хэмжил зүйн хяналтын улсын ахлах байцаагч Д.Ж***, Стандарт, хэмжилзүйн газрын стандарт, хэмжилзүйн улсын байцаагч Г.З***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шаравдорж,

Хэргийн индекс: 128/2022/0861/З. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ж***” ХХК-аас Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /хуучин нэрээр/-ын Хэмжил зүйн хяналтын улсын ахлах байцаагч Д.Ж***д холбогдуулан “Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны 01-07-099/107 тоот дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж “Стандарт хэмжилзүйн газарт Стандарт, хэмжилзүйн газрын 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 000017162 тоот мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” хэмээн маргасан байна.

 2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2023/0064 дүгээр шийдвэрээр Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 52 дугаар зүйлийн 52.4, 10 дугаар зүйлийн 10.12.1, Хэмжил зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7, 10.8, 10.12-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ж***” ХХК-ийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хэмжил зүйн хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 01-07-099/107 тоот дүгнэлт болон Стандарт, хэмжил зүйн газрын Дулаан, даралт, эрүүл мэндийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын лабораторийн ахлах мэргэжилтний 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 000017162 дугаар мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

 3.1 Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан хугацааг хэтрүүлж, хяналт шалгалтыг хийсэн, удирдамжид заасны дагуу шалгалт хийгээгүй,

 3.2 Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу тэмдэглэлийг тухайн цаг хугацаанд нь үйлдээгүй хууль зөрчсөн,

3.3. тусгай эталон төхөөрөмж бүхий лабораториор шалгасан гэх боловч ямар зөрчил хэрхэн тогтоосон тухай баримтжуулсан зүйл, лабораторийн байцаагчийн дүгнэлт гэх зөрчлийг тогтоосон баримт байхгүй байхад шүүх үндэслэлгүй шийдвэр гаргасан зэрэг үндэслэлээр тайлбарлаж байна.

4. Хариуцагч нараас нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ: 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

3. Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангасангүй. Үүнд:

    3.1. Стандарт, хэмжил зүйн газрын Дулаан, даралт, эрүүл мэндийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын лабораторийн ахлах мэргэжилтэн Г.З*** 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр “Ж***” ХХК-д ашиглагдаж байгаа ULTRAFLOW54 загварын 100м³/цаг хэмжих хязгаартай 78241416 дугаарын зарцуулалтын хувиргагч нь шалгалтын үр дүнгийн дагуу “зарцуулалт үсэрсэн” MNS OIML R75-1:2007 стандартын шаардлага хангахгүй байгаа тул хэмжил зүйн төрийн хяналт шалгалтад хамаарах үйл ажиллагаанд ашиглах боломжгүйг тогтоож” мэдэгдэл олгосон.

Үүнтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хэмжил зүйн хяналтын улсын ахлах байцаагчаас 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 01-07-099/107 дугаар дүгнэлтийг гарган “Хэмжил зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7, 10.8 дугаар заалт, тоолуурын суурилуулалт, ашиглалтын байдал, загварын туршилт, баталгаажуулалт, холбогдох бичиг баримтын бүрдэл зэрэгт газар дээр нь хийсэн үзлэг шалгалт болон магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтыг тус тус үндэслэн “...нэхэмжлэгчийн ULTRAFLOW®54 загварын 78241416 дугаартай зарцуулалтын хувиргагчийг цаашид дулааны эрчим хүчний төлбөр тооцоонд ашиглах боломжгүй...” хэмээн дүгнэсэн.

    3.2. Нэхэмжлэгчээс дээрх мэдэгдэл, дүгнэлтийг эс зөвшөөрч “...төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гомдол, хүсэлт ирснээс хойш 5 хоногийн дотор эхлүүлэх хуулийн заалтыг зөрчсөн..., шалгалтын явцад тэмдэглэл үйлдэж зөрчлийг баталгаажуулаагүй, дүгнэлтээ бичгээр гаргахдаа тэмдэглэлийг нөхөн үйлдсэн..., тоолуурын бичиг баримтыг шалгах талаар мэдэгдээгүй, шалгаагүй, хяналтын хуудсаар дүгнээгүй..., удирдамжид заасан хугацаанд дүгнэлтээ гаргаагүй..., магадлан тогтоох ажиллагааны тайлан гаргаагүй учир хууль бус...” гэж маргаж байна.

    3.3. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Дулааны тоолуурын зөрчлийн тухай” 01/52 дугаар албан бичгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газарт хандан “... “Ж***” ХХК-ийн хариуцсан хэрэглэгчдийн ... орон сууцны 68642891 дулааны тоолуур, Буянт Ухаа 2 хорооллын УДДТ-2-ын 78517244 дулааны тоолуур, 250, 251 дүгээр байрны 78241416 дулааны тоолуур, ... 546 дугаар байрны 78526633 дулааны тоолуурууд сүлжээний усны температур 0 утгыг заах, зарцуулалт эрс өөрчлөгдөж савлах, дулааны энергийн бодолт хийгдээгүй зэрэг өөрчлөлтүүд гарч байна... дээрх тоолууруудын ажиллагаа хэвийн бус, зөрчилтэй байна гэж үзэж байгаа тул энэхүү зөрчлийн асуудлыг хянан шийдвэрлэхэд хамтран ажиллаж, дүгнэлт гаргаж өгнө үү” гэх агуулга бүхий хүсэлтийг гаргасан.

3.4. Энэ дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” 01/20 дугаар хяналт шалгалтын удирдамжийг баталж, удирдамжийн 4 дүгээр хэсэгт “Хяналт шалгалтыг хэмжилзүйн чиглэлээр явуулах ба шалгалтад “Ж***” ХХК болон түүний хэрэглэгчдийн 68642891, 78517244, 78241416, 78526633 дугаартай тоолуурууд хамрагдах”-аар, 7 дугаар хэсэгт шалгалтыг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн хийж гүйцэтгэхээр заасан.

3.5. Ажлын хэсэг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “Ж***” ХХК-ийн харъяа Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ус дулаан дамжуулах 113 дугаар төвд суурилуулсан 78241416 дугаартай тоолуурыг шалгаж, “Multical 602 загварын тоолуурт дулааны эрчим хүчээр хангагч байгууллагаас олгосон техникийн нөхцөл байхгүй”, “тоолуурыг хэзээ, ямар компани суурилуулж өгсөн нь тодорхойгүй, суурилуулсан тухай акт, бичиг баримтгүй”, “зарцуулалтын хувиргагчийг холбогдох стандартын шаардлагад нийцүүлэн суурилуулаагүй, хувиргагчийн мэдрэгчийг эгц дээш чиглэсэн байрлалтай суурилуулсан”, “2021 оны лацтай боловч тоолуурын баталгааны гэрчилгээ байхгүй”,   “2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн хоорондох тоолуурын нийт 2767 цагийн архивын бичлэгийг хянаж үзэхэд 367 удаа энерги бодогдоогүй буюу 0 утгатай болж тоолуур хэвийн бус ажиллаж байсан” болохыг тогтоож 2022 оны 02 дугаар сарын 10 болон 14-ний өдөр үзлэгийн тэмдэглэл үйлдэн, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ажлын тайланг гаргаж, 02 дугаар сарын 15, 17-ны өдөр “Ж***” ХХК-ийн төлбөр, тооцоонд ашиглагдаж буй тоолуурын ажиллагаа, дулааны тоног төхөөрөмжийн ашиглалт үйлчилгээнд ээлжит бус үзлэг хийн холбогдох тайланг гаргасан.

Мөн хяналт шалгалтын ажлын хүрээнд нэхэмжлэгчийн ашиглаж буй ULTRAFLOW®54 загварын 78241416 дугаартай зарцуулалтын хувиргагчийг Стандарт хэмжил зүйн газарт туршилтад оруулахад “...зарцуулалтын хувиргагч нь ... зарцуулалт үсэрсэн” гэх зөрчилтэй болох нь тус тус тогтоогдсон байна.

3.6. Хэмжил зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7-д “Шалгалт баталгаажуулалтын лац, тэмдэг нь хөндөгдсөн, арилсан, ... баталгааны хугацаа дууссан, эвдэрсэн буюу буруу заалттай хэмжих хэрэгслийг баталгаагүйд тооцно,” 10.8-д “Энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаанд баталгаажуулаагүй хэмжих хэрэгслийг ... ашиглахыг хориглоно”, Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2020 оны А/136 дугаар тушаалаар батлагдсан “Хэмжих хэрэгсэлд шалгалт, баталгаажуулалт хийх журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.3.1-д “Магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтыг хууль, хяналтын байгууллагын хүсэлт, иргэд, аж ахуйн нэгжийн санал, гомдлын дагуу хэмжүүрийн улсын шалгагч, улсын байцаагч нар хамтран гүйцэтгэж болно”, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4-т “Хуульд өөрөөр заагаагүй бол тухайн объект дээр хийх төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үргэлжлэх хугацаа ажлын 10 өдрөөс илүүгүй байх бөгөөд үүнд шалгалтын дүнг гаргах хугацаа хамаарахгүй” хэмээн тус тус заасан.

3.7. Үүнтэй холбогдуулан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас гаргасан хүсэлтийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрчим хүчний зохицуулах хороо, Стандарт хэмжил зүйн газар, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн улсын шалгагч, улсын байцаагч нарын бүрэлдэхүүн хамтран төлөвлөгөөт бус шалгалтыг хийж гүйцэтгэсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль тогтоомжид нийцсэн бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Төлөвлөгөөт бус шалгалт хийх тухай” 01/20 дугаар хяналт шалгалтын удирдамжийн Зургаад хяналт шалгалт эхлэх болон дуусах хугацааг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн ажлын 3 өдөр багтаан хийж гүйцэтгэхээр заасны  дагуу ажлын хэсэг хяналт шалгалтыг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр эхлүүлэн явуулсан болох нь газар дээр хийсэн хяналт шалгалтын үзлэгийн тэмдэглэл /гар ноорог байдлаар тэмдэглэл үйлдсэн/, фото зураг зэрэг баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...хяналт, шалгалтын эхлүүлэх хугацааг хэтрүүлсэн, хяналт шалгалтын явцад тэмдэглэл үйлдээгүй, хяналт, шалгалтыг ажлын 5 хоногт багтаан хийгээгүй зэрэг” давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр Төрийн хяналт шалгалтын тухай болон Хэмжил зүйн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг маргаан бүхий үйл баримтад холбогдуулан зөв тайлбарлан хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж дүгнэв.

4. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2023/0064 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.З***-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл, хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Д.БААТАРХҮҮ

 

              ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН

              ШҮҮГЧ                                                                     Г.МӨНХТУЛГА