Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2019/00059

 

З-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/01304 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1815 дугаар магадлалтай,

                                                                           

З гийн нэхэмжлэлтэй,

Б , Б , Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

 

11,910,732.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч нарын өмгөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир, хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат, Б.Сонинбайгаль, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Улсын дээд шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 353 дугаар тогтоолоор Б ,Б  нараас 263,000,000 төгрөг гаргуулж З д олгохоор шийдвэрлэсэн. Б ,Б  нар шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэж сайн дураар биелүүлээгүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр урамшууллын гэрээ байгуулж, 264,482,950 төгрөгийг 4.5 хувиар тооцож нийт 11,910,732 төгрөгийн урамшууллыг төлсөн бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон. Хэрэв хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлсэн бол дээрх хохирол учрахгүй байсан. Иймд Б , Б , Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас гэм хорын хохиролд 11,910,732 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б , Б  нар шүүхэд гаргасан тайлбартаа: 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр З  нь Шийдвэр гүйцэтгэх албатай урамшууллын гэрээ байгуулсан. Бидэнд шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжит хугацаа олгохгүйгээр, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт өгч шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, гүйцэтгэх хуудас гаргуулсан байсан. 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт Шүүхийн шийдвэрийг бодитойгоор гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэгчийг төлбөрийн шаардлагыг хангахаар гаргуулсан мөнгөний болон эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,5-10 хүртэлх хувиар урамшуулна гэж зааснаар төлбөр авагч болон шийдвэр гүйцэтгэх байгууллагын хооронд гэрээ байгуулагдаж, хуульд зааснаар урамшууллын төлбөрийг төлсөн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 652 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах 10 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 531 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 353 дугаар тогтоолоор Б , Б  нараас 264 482 950 төгрөгийг гаргуулж З д олгож шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1.2, Хууль зүйн сайдын 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/181 тоот журам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу төлбөр авагч З тэй урамшууллын гэрээ болон зардлын гэрээнд заасны дагуу 264 482 950 төгрөгийн 4.5 хувь буюу 11 910 732 төгрөгийг урамшуулалд суутган шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.            

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/01304 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б , Б  нараас 11 330 254 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З д олгож, үлдэх 580 478 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч З  нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч З гээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 205 500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 22 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж, хариуцагч Б , Б  нараас улсын тэмдэгтийн хураамжид 196.234 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З д буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1815 дугаар магадлалаар:  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/01304дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 219 дүгээр зүйлийн 219.1 гэснийг 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 гэж өөрчилж, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 196 235 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Сонинбайгалийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/01304 дугаар шийдвэр. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1815 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч З  нь Улсын дээд шүүхээс 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн албан тоотоор хэргийг буцааснаас 2 хоногийн дараа /тухайн 2015 оны 08 дугаар сарын 29, 30-ны өдрүүд амралтын өдөр таарсан/ 8 дугаар сарын 31-ний өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх хүсэлт гаргасан. Нэхэмжлэгчийн энэ үйлдэл нь хариуцагч нарыг шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй гэх хуулинд заасан заалттай нийцэхгүй байна. Нэхэмжлэгч өөрийн сайн дурын үндсэн дээр шийдвэрийг албадан гүйцэтгэх хүсэлт гаргаж, 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах гэрээг байгуулжээ. Төлбөр авагч буюу З  шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгох гэрээ байгуулах эсэх нь түүний өөрийн хүсэл зоригт үндэслэсэн, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т заасан гэрээний эрх чөлөөний зарчмын асуудал тул хариуцагчид төлбөр төлөх боломж олгоогүй, шийдвэр гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж байгаа нь төлбөр төлөгчийн зүгээс төлбөр авагчид учруулсан хохирол гэж үзэх боломжгүй. Төлбөр төлөгч Б , Б  нарын зүгээс шүүхийн шийдвэрийн 263.000.000 төгрөгийн төлбөрийг 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тухайн өдөр 1.472.950, 10 сарын 09-нд 1.400.000 төгрөг, 10 сарын 22-нд 1.000.000 төгрөг, 11 сарын 17-нд 10.000.000 төгрөг, 12 сарын 04-нд 8.300.000 төгрөг гэх мэтээр үргэлжлүүлэн төлсөөр байдаг. Дээрх байдал нь хариуцагч буюу төлбөр төлөгч Б . Б  нарыг шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хүсэл зориг ямар байсныг харуулж байна. Хуулиар төлбөр авагчийн үүрэгт тодорхойлж хуваарилсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшууллын төлбөрийг төлбөр төлөгчөөс нэхэмжлэх боломжгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн өмгөөлөгч миний бие давж заалдах гомдол гаргасан бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй. Шүүх хуралдаанд оролцоогүй байхад өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг ' танилцуулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/01304 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1815 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч З гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.            

Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Эрдэнэбатын хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/01304 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1815 дугаартай магадлал зэргийг эс зөвшөөрч хариуцагч Б , Б  нарын өмгөөлөгч би дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгээр тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Учир нь энэ хуульд төлбөр авагчийн шийдвэр гүйцэтгэгчтэй байгуулсан урамшууллын мөнгийг төлбөр төлөгч төлөх үүрэгтэй гэж зааж өгөөгүй. Төлбөр төлөгч Б , Б  нар нь урамшууллын гэрээний тал биш. Ийм гэрээ байгуулагдсаныг ч мэдээгүй. Уг гэрээгээр ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Учир нь төлбөр авагч З  нь авах төлбөрөө бүрэн авч дуусаад урамшууллын гэрээгээ шийдвэр гүйцэтгэгчтэй дүгнээд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэг хаагдсан хойно шүүхэд нэхэмжлэл гаргасан. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа /оршин байгаа/ нутаг дэвсгэрийн харьяаллаар гаргах гэснийг ноцтой зөрчсөн. Учир нь хариуцагч Б , Б  нар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт оршин суудаг. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн хоёр дахь өмгөөлөгч Б.Сонинбайгалийн гаргасан давж заалдах гомдлыг шүүх хуралдаанаар авч хэлэлцүүлээгүй. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг шүүх бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн боловч иргэдийн төлөөлөгчийг оролцуулаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ                                    

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч З  нь хариуцагч Б , Б  нарт холбогдуулан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс учирсан хохирол гэж 11,910,732.00 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх боломжит хугацаа олгоогүй, ... албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг З  өөрөө гаргасан, ... шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллыг төлбөр авагч өөрөө хариуцдаг гэж маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан шаардлагасаа татгалзсан байна.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 652 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 353 дугаар тогтоолоор Б , Б  нараас 264,482,950.00 төгрөгийг гаргуулж З д олгож шийдвэрлэсэн, төлбөр авагч нь 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай 15/6983 дугаар гэрээ байгуулж, төлбөрийн үнийн дүнгээс 4.5 хувиар тооцон шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулахаар харилцан тохиролцсон, шийдвэр гүйцэтгэгч гаргуулсан төлбөрөөс 11,330,254.00 төгрөгийг урамшуулалд суутган, үлдэх төлбөрийг нэхэмжлэгчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

Хариуцагч Б , Б  нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал төлж, улмаар шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг бүрэн авч чадаагүй байх тул төлбөр авагчид  гэм хор учирсан гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж,    нэхэмжлэлээс 11,330,254.00 төгрөгийн шаардлагыг хангахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг биелүүлж, төлбөр төлөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал төлж хохирсон гэсэн шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх гэрээний үүргийн эрх зүйн зохицуулалтыг хэрэглэж, хууль хэрэглээний алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулсан нь үндэслэл бүхий болжээ. 

“...шүүхийн шийдвэрийг хариуцагч нар сайн дураараа биелүүлж байсан, энэ үүргээ гүйцэтгэх боломж олгоогүй, урамшууллын төлбөрийг төлбөр авагч төлөх үүрэгтэй” гэсэн хариуцагч нарын өмгөөлөгчийн гомдолд давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт хуульд нийцсэн байх тул хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлын энэ үндэслэлд  дүгнэлт хийх шаардлагагүй юм.

Түүнчлэн хариуцагч нарын өмгөөлөгчийн “....анхан шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа /оршин байгаа/ нутаг дэвсгэрийн харьяаллаар гаргах гэснийг ноцтой зөрчсөн” гэсэн гомдолд давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлтийг  буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч нарын өмгөөлөгчөөр Б.Эрдэнэбат оролцсон, давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжийг тус тусдаа төлөөгүй байх тул хариуцагч нарын хоёр дахь өмгөөлөгч Б.Сонинбайгалийн гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүх хуралдаанаар авч хэлэлцүүлээгүй гэсэн хариуцагч нарын өмгөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

             1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1815 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Хариуцагч Б аас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 196,235.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ЦАГААНЦООЖ

                                  ШҮҮГЧ                                                  Д.ЦОЛМОН