Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 18

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Г.Очир,

Хариуцагч: Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Р.Даваасүрэнд холбогдох,

Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 0245403 дугаартай шийтгэлийн хуудас, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 0005857 дугаартай бараа, тээврийн хэрэгслийг хураах хуудсыг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин

Хариуцагч Р.Даваасүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Эрдэнэсувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Очир шүүхэд ирүүлсэн гомдолдоо: ... миний бие Гүррагчаа овогтой Очир нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ОХУ-ын хилээр өөрийн машиныг жолоодон иргэн Н.Туулыг зорчигчоор авч явсан ба Монгол улсын хилээр нэвтрэх үед Н.Туулын авч явсан бараанаас Herbalife-ийн 12 төрлийн бүтээгдэхүүн гарч ирсэн ба тухайн барааг Н.Туул нь албан ёсны худалдаалдаг газраас нь авсан гэж бичээ үзүүлсэн ба тухайн үед хилээр нэвтрэх үед Н.Туул болон миний зүгээс тухайн барааг ямар нэгэн нууж дарагдуулсан зүйл байхгүй харин ч машинд ил байсан. Гэтэл Н.Туулын дэлгүүрээс нэртэй устайгаа баримтаар авсан барааг намайг авч оруулах гэсэн мэтээр үзэж шийтгэл ногдуулсанг хүлээн зөвшөөрөгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Гаалийн улсын байцаагч нь намайг Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар торгосон ба зүйлд торох асуудал буюу нөхөн төлүүлэх татварын дүнгийн 50 хувиар торгох асуудал нь зөвхөн хуулийн этгээдэд хамааралтай байхад надад хамааруулж торгосон байна. Миний бие нь хилээр нэвтрэхдээ ямар нэгэн хуулийн этгээдийг төлөөлж гараагүй, өөрийн хувийн компани байгуулаагүй байхад тус байцаагч нь хууль дүрэм мэдэхгүйг далимдуулан эрх хэмжээгээ хэтрүүлж намайг ...би зөвхөн Гаалийн тухай хуульд зааснаар зорчигч авч яваа тээвэрлэгч... гэсэн ойлголтод хамаарч байхад хуулийг буруу ойлгуулан торгож хүчээр төлүүлсэн.

Мөн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 0005857 дугаартай бараа тээврийн хэрэгслэлийг хураах хуудсаар тухайн бүтээгдэхүүнийг хураасан нь надад хамааралтай асуудал биш юм. Өөр хүний барааг миний нэр дээр хурааж байгаа нь үндэслэлгүй байна.

Мөн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 0005857 дугаартай барааг хураасан үндэслэл нь Захиргааны хариуцлагын тухай хууль буюу хүчингүйд тооцсон хуулийг баримталсан, Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2 дахь хэсэгт ...хилээр нэвтрүүлсэн барааг хураах... талаархи заалтуудыг тусгаагүй байхад дээрхи хуулийн үндэслэлгүй эрх зүйн актуудыг гаргасан нь буруу гэж үзэж байх тул Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын улсын байцаагчийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 0245403 дугаартай шийтгэлийн хуудас, 0005857 дугаартай бараа тээврийн хэрэгслийг хураах хуудсыг тус тус хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Р.Даваасүрэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 0245403 дугаартай шийтгэлийн хуудас, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 0005857 дугаартай бараа, тээврийн хэрэгслийг хураах хуудсыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага гаргасан үндэслэл нь 2019 оны 01 дгээр сарын 30-ны өдөр Г.Очир нь өөрийн машинтайгаа Орсын Холбооны Улсын хилээр зорчигчоор авч явсан Н.Туулийн 12 төрлийн барааг тээвэрлэж яваад Монгол Улсын хилийг нэвтрэх явцад гаалийн улсын байцаагч тухайн барааг хураан авч Г.Очирт шийтгэлийн хуудсаар торгуулийг оногдуулсан. Н.Туул нь тухайн барааг худалдан авсан байхад Г.Очирыг авч явж байсан мэтээр шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй юм. Гэтэл гомдол гаргагч Г.Очир нь зөвхөн итгэмжлэлээр Н.Туулын машиныг жолоодож явсан, тухайн барааг тээвэрлэх үүрэгтэй. Зорчигч өөрийн барааг гаальд мэдүүлээгүй нь Н.Туулын гаргасан зөрчил учраас шийтгэлийн хуудсыг түүнд оногдуулах байсан... гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... нэхэмжлэгчийн гаргасан шаардлагын үндэслэл тухайн үед болсон үйл явдлаас арай өөр байсан талаар тайлбар хүргүүлэх нь:

Гүррагчаа овогтой Очир нь 2019 оны 1-р сарын 30-ны өдөр ОХУ-аас Монгол улсруу нэвтрэх үедээ Норовсамбуугийн Туул гэх эмэгтэйтэй хамт явж байсан бөгөөд автомашиныг шалгах явцад арын суудал дээрээ 0005857 хураах хуудсаар хураагдсан хилээр лицензтэй нэвтрүүлэх шаардлагатай хязгаарласан бараа болох Herbalife-ийн 45 ширхэг флаконтой бүтээгдэхүүнүүдийг цаасан хайрцагт хийн авч явж байсанд хууль журам, авах хариуцлага зэргийг тайлбарлан барааг хурааж, торгуулийн арга хэмжээ авна гэхэд хамт явж байсан Н.Туул уурлан яагаад та нар хүний авч авж байгаа барааг хураадаг юм гэхэд Г.Очир нь Н.Туулыг чи цаанаа байж бай гээд өөрөө ...манайх гэр бүлээрээ гербалайфын бүтээгдэхүүнийг хэрэглэдэг. Би аялалын автобусны жолооч байсан юм. Хилээр байнга нэвтэрдэг байсан болохоор гербалайфын бүтээгдэхүүнийг цөөн тоогоор байнга авч явдаг байсан. Ажлаасаа гарсан учраас нэг гарсан дээрээ гээд ахиухан аваад ирсэн юм... гэж хэлсэн.

...Тухайн үед Г.Очир нь гаальд мэдүүлэхдээ хориотой бараа байхгүй гэсэн боловч шалгах явцад хориотой бараа машинаас нь гарч ирсэн. ...Хэний бараа вэ?... гэж асуухад Г.Очир нь ...миний бараа... гэсэн учраас түүнд торгуулийг шийтгэлийн хуудсаар оногдуулсан. Н.Туул нь тухайн үед согтуу байсан учраас Г.Очир бид хоёр гэр бүлийн хүмүүс тул би хариуцна гэж хэлээд шийтгэлийн хуудсан дээр гарын үсгээ зурсан...

Иймд гаалийн улсын байцаагч Р.Даваасүрэн би Г.Очирын Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын улсын байцаагчийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 0245403 дугаартай шийтгэлийн хуудас, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 0005857 дугаартай бараа тээврийн хэрэслийг хураах хуудсыг тус тус хүчингүй болгуулахыг зөвшөөрөхгүй байна...гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 0245403 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэг Тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, эсхүл нэвтрүүлэхийг завдсан бол тухайн зөрчилд холбогдох барааг хурааж, эсхүл үнийг гаргуулж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зааснаар иргэн Г.Очирыг 183.415 / нэг зуун наян гурван мянга дөрвөн зуун арван таван мянга / төгрөгөөр торгож, мөн өдрийн 0005857 дугаартай бараа, тээврийн хэрэгслийг хураах хуудсаар 6 нэр төрлийн барааг хураан авчээ.

Нэхэмжлэгч Г.Очир нь Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2019 оны 01 дүгээр сарын 30 ны өдрийн 0245403 дугаартай шийтгэлийн хуудас, 0005857 дугаартай бараа тээврийн хэрэгслийг хураах хуудсыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь зүйлүүд тогтоогдож байна.

Хэргийн материалд цугларсан баримтаар тарифын хязгаарлалт тогтоосон барааг хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэх зөрчлийг гаалийн улсын байцаагч илрүүлэн тогтоосон боловч шалгалтыг бүрэн гүйцэд хийгээгүй өөрөөр хэлбэл уг барааны эзэмшигч нь Н.Туул болохыг мэдсэн боловч түүнд шийтгэлийн хуудсаар торгууль ногдуулаагүй итгэмжлэлээр Н.Туулын тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г.Очирт шийтгэлийн хуудсаар торгууль ногдуулсан нь хуульд нийцээгүй байна.

Хэргийн материалын 32 дугаар хуудсанд уг барааг Оросын Холбооны Улсаас худалдаж авч оруулж ирсэн хүн нь Н.Туул болохыг нотолсон баримт авагдсанаас гадна хэргийн материалын 27 дугаар хуудсанд 183.415 төгрөгийн торгуулийг иргэн Г.Очир биш барааны эзэмшигч Н.Туул төлсөн талаарх нотлох баримтуудаар Г.Очирыг Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэн Н.Туул нь дээрх 6 нэр төрлийн тарифын хязгаарлалт тогтоосон барааг хилээр нэвтүүлэхийг завдсан зөрчлийг гаргасан болох нь хэргийн материалд авагдсан Г.Очирын тайлбар / хх-28-р хуудас /, уг барааг ОХУ-с Н.Туул худалдаж авсан гэх баримт, Хаан банкинд торгууль төлсөн баримт, итгэмжлэл зэргээр тогтоогдож байна.

Тиймээс иргэн Н.Туулын тарифын хязгаарлалт тогтоосон 6 нэр төрлийн барааг хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасны дагуу бараа, тээврийн хэрэгслийг хураах хуудсаар дээрх барааг хураан авсан нь хуульд нийцсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж , үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Энэхүү шүүхийн шийдвэр нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, прокурорт хянуулж, уг зөрчлийг дахин хянан шалган шийдвэрлэхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 0245403 дугаартай шийтгэлийн хуудсыг хууль бус байх тул хүчингүй болгож, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 0005857 дугаартай бараа, тээврийн хэрэгслийг хураах хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Л.ОДБААТАР