Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 397

 

“Глоб кредит хадгаламж зээлийн хоршооны

хохирлыг барагдуулах хамтын Бат-Итгэл

нийгэмлэг” гишүүддээ үйлчлэх ТББ-ын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч “Глоб кредит хадгаламж зээлийн хоршооны хохирлыг барагдуулах хамтын Бат-Итгэл нийгэмлэг” гишүүддээ үйлчлэх ТББ-ыг төлөөлж тус байгууллагын гүйцэтгэх захирал А.Алтантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мэндбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Дорждулам, хариуцагч Хууль зүйн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Батгэрэл, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батболд, Б.Батмөнх, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хандмаа нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 313 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 491 дүгээр магадлалтай, “Глоб кредит хадгаламж зээлийн хоршооны хохирлыг барагдуулах хамтын Бат-Итгэл нийгэмлэг” гишүүддээ үйлчлэх ТББ-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын ерөнхий сайд, Хууль зүйн сайд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, нийслэлийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 313 дугаар шийдвэрээр Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь хэсэг, Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Глоб кредит хадгаламж зээлийн хоршооны хохирлыг барагдуулах хамтын Бат-Итгэл нийгэмлэг” гишүүддээ үйлчлэх ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нийслэлийн Засаг даргын А/367 тоот захирамжийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч, “Монгол Улсын Ерөнхий сайд, Хууль зүйн сайд нарт холбогдох эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/787 дугаар тушаалыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, мөн 2009 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/131 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасныг баримтлан “Глоб кредит хадгаламж зээлийн хоршооны хохирлыг барагдуулах хамтын Бат-Итгэл нийгэмлэг” гишүүддээ үйлчлэх ТББ-ын гишүүн 44 хохирогчдын нийт 514.874.212 төгрөгийн хохирлыг буруутай хариуцагчдаас хувь тэнцүүлэн гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагатай холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, улсын тэмдэгтийн хураамжийн холбогдох хэсэг 17550 төгрөгийг хариуцагч нийслэлийн Засаг даргаас гаргуулан нэхэмжлэгчид олгохыг, шинжээчийн зардал 58,135,000.00 төгрөгийг мөн хариуцагч нийслэлийн Засаг даргад хариуцуулж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь 499009345 тоот дансанд тушааж, баримтыг шүүхэд ирүүлэхийг даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд 491 дүгээр магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 313 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/787 дугаар тушаалыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, мөн 2009 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/131 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” гэснийг хасч, Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...баримтлан...” гэсний дараа “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/787 дугаар тушаалыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, мөн 2009 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/131 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” гэж нэмж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаагүй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Дорждулам хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

1. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт тухайн үед мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн хариу тайлбар тусгагдсан эсэхийг давж заалдах шатны шүүх үнэлж дүгнээгүй буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Ингэснээр анхан шатны шүүхийн нэхэмжлэгчийн хариу тайлбар, шүүх хуралдаанаар судлагдаж хэлэлцэгдсэн нотлох баримтуудтай холбогдох талуудын нотолгоо, үгүйсгэл, хариу няцаалтыг шийдвэрийн тодорхойлох хэсэгт огт тусгалгүй хуулийн зүйлийн 72.3 дахь заалтыг зөрчиж шүүхийн шийдвэрийн агуулгыг гажуудуулан төрийн үйл ажиллагааны шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх зарчмууд мөн адил зөрчигдсөн нөхцөл байдал арилаагүй хэвээр байна.

Түүнчлэн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх хуралдааны үед мөрдөгдөж байсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцохоор хуульчлагдсан зарчмыг баримтлаагүй ба анхан шатны шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийг оролцуулсан боловч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.3-т заасны дагуу шийдвэрийн тодорхойлох хэсэгт иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг тусгаагүй нөхцөл байдлыг үнэлж дүгнээгүй буюу хэрэглэвэл зохих дээрх хуулиудыг хэрэглээгүй байна.

2. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.4-т заасны дагуу шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдлыг тусгах ёстой байсан. Нэхэмжлэгчийн захиргааны хэрэгт шууд хамааралтай, чухал ач холбогдолтой гэж үзсэн нотлох баримтууд өмгөөлөгчийн шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбар буюу нотолгооны хэрэгслээр тогтоогдсон эсэхийг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 болон 40.2-т заасны дагуу огт үнэлээгүй байсан. Ийм учраас холбогдох нотлох баримтад огт тусгагдаагүй асуудлыг нотлогдсон мэтээр үнэлж дүгнэснийг тухайн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан тайлбарлах болно.

3. Монгол Улсын Ерөнхий сайд, Хууль зүйн сайд нарт холбогдуулан эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгон хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд дурдвал, анхан шатны шүүх нэхэмжлэгчийг шаардлагын үндэслэлээ Хууль зүйн яам түүний харьяа агентлагууд битүүмжлэх, хураах, худалдан борлуулах явцдаа эрх зүйн дагуу үйл ажиллагаа явуулсан эсэхийг захиргааны хэргийн шүүхээр тогтоолгохоор нэхэмжилсэн... эрх зүйн хийсвэр хэм хэмжээг тайлбарлуулж тогтоолгохыг хүссэн гэж андуурч үнэлсэн. Үүнийг нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо тодорхой тайлбарлаж Ерөнхий сайд, Хууль зүйн сайд нарын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2, 24 дүгээр зүйлийн 1-д тус тус заасан албан үүрэг, хариуцлагатай холбогдох асуудлыг захиргааны шүүхээр тогтоолгохыг хүссэнийг дэлгэрэнгүй бичсэн.

Гэтэл давж заалдах шатны шүүх дээр дурдсан хуулийг хэрэглэлгүй, уг нэхэмжлэлийн шаардлага нь бусад нэхэмжлэлийн шаардлага болох тухайлсан захиргааны актын эсрэг, тухайлсан захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан захиргааны акттай холбогдуулан, уг актуудыг хууль бус болон илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэхээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудтай холбоотой байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70.2.2-т зааснаар шийдвэрлэх боломжгүй гэжээ.

Нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, Нийслэлийн засаг            даргатай холбогдуулан эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгохоор нэхэмжлээгүй. Харин тус газрын даргын тушаалууд, нийслэлийн Засаг даргын захирамжийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэхээр нэхэмжилсэн бөгөөд эдгээр захиргааны акт буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын Б/787 болон Б/131 дугаар тушаал, нийслэлийн Засаг даргын А/367 дугаар захирамж Монгол Улсын Ерөнхий сайд, Хууль зүйн сайд нарын албан үүрэг, хариуцлагатай зөрчилдөөгүй буюу Засгийн газрын тухай хуулийн дээр дурдсан заалтуудын эсрэг чиглэгдээгүй учир давж заалдах шатны шүүх Монгол улсын Засгийн газрын тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70.2.2-т заасныг эрх зүйн үндэслэлгүйгээр буруу тайлбарлан хэрэглэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/787 дугаар, 2009 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/131 дугаар тушаалтай холбогдох нэхэмжлэлийн шаардлагын тухайд дурдвал, анхан шатны шүүх эдгээр тушаалыг Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хууль, журам болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу гарсан, дотогшоо чиглэсэн эрх зүйн акт гэж үзсэнийг давж заалдах шатны шүүх зөв хэмээн дүгнэжээ.

Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах хууль, Засгийн газрын 2007 оны 242 дугаар тогтоолоор батлагдсан Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах журам болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн нэгэнд нь ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад Хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын алба байгуулах эрх олгосон зүйл, заалт байхгүй учир давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр болон зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг Монгол Улсын сайд батална гэж, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.3.4-т “агентлагийн дарга сайдын баталсан зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан агентлагийн орон тоо, цалингийн санг тогтоох бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж тус тус заажээ. Давж заалдах шатны шүүх энэхүү хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Захиргааны хэргийн шүүхүүд хариуцагчийн тайлбарласнаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5.2, 9.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзсаныг төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагчид нэхэмжлэгчийн дээрх хуулийн заалттай холбогдох тайлбар, үндэслэлийг эсэргүүцэн няцаагаагүй болохыг давж заалдах шатны шүүх анхаарч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т заасныг тус тус баримтлан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйд гомдолтой байна.

Ийнхүү Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад Б/787, Б/131 дугаар тушаалуудыг гаргах бүрэн эрх хуулиар олгогдоогүй учир эдгээр захиргааны актууд нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.3, 9.1.9-д заасан захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан, өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн захиргааны акт болох нь тодорхой байна.

Гэтэл давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд дурдагдсан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалуудын зорилго буюу эхний заалтыг нь анхааралгүй мэдэн будлиж түүний дараачийн заалтуудад илүү ач холбогдол өгч ...албаны үйл ажиллагаанд хяналт тавих, ажиллах нөхцөл боломжоор хангаж, шаардагдах зардлыг гаргахыг тус газрын холбогдох албан тушаалтнуудад даалгасан учир дотогшоо чиглэсэн акт гэж андуурч дүгнээд захиргааны актыг илт хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаал нь Хадгаламж зээлийн хоршооны асуудлаар “тусгай” албыг үүсгэн байгуулсан бөгөөд эхний энэ заалтгүйгээр тушаалын утга агуулга ойлгомжгүй болно.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2-т “захиргааны актын аль нэг заалт илт хууль бус бөгөөд тухайн заалтгүйгээр захиргааны актын агуулга ойлгомжгүй болоход хүрвэл захиргааны актыг бүхэлд нь илт хууль бус гэж тооцно” гэж хэрэглэвэл зохих заалтыг давж заалдах шатны шүүх хэрэглэлгүй нэхэмжлэлийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзсан байна. Хэргийн хариуцагч хуулийн 20.2.2-т зааснаар захиргааны хэргийн шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй.

Тангараг өргөсөн төрийн албан тушаалтнуудын ялангуяа шүүгчдийн ёс зүйтэй холбогдуулан гомдол гаргах нь тусдаа асуудал хэдий ч захиргааны хэргийн хариуцагч болох төрийн албан хаагчид шүүхэд худлаа тайлбар гаргаж анхан шатны шүүхийн шүүгчид нь түүнийг үндэслэн хууль бус шийдвэр гаргасныг засаж залруулах эрх, үүрэг давж заалдах шатны шүүхэд байсан боловч шударга ёсны болоод хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлэхгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь шүүхийн шийдвэрүүдэд хохирогч иргэд гомдох нь мэдээж юм.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 13.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх маргаанд хамаарах захиргааны акт болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын Б/787, Б/131 дугаар тушаалыг илт хүчин төгөлдөр бус болохыг шүүхээр хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийг шүүх харьяаллын бус хэмээн хүлээн авахаас татгалзсан өөрчлөлтийг шийдвэрт оруулж хэрэглэвэл зохих дээрх хуулийн заалтуудыг хэрэглээгүй давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй байгааг хяналтын шатны шүүх анхаарч үзнэ гэдэгт итгэж байна.

Түүнчлэн шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тохиолдолд хэрэглэвэл зохих Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-т заасныг хэрэглээгүй байна.

5. “Глоб кредит хадгаламж зээлийн хоршооны хохирлыг барагдуулах хамтын Бат-Итгэл нийгэмлэг” гишүүддээ үйлчлэх ТББ-ын гишүүн 44 хохирогчдын нийт 514.874.212 төгрөгийн хохирлыг хариуцагчдаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд дурдвал, нэхэмжлэгч шүүхээр төрийн албан хаагчид буруутай эсэхийг тогтоолгохыг хүсэж хэрэв төрийн албан тушаалтны буруутай шийдвэр, үйл ажиллагаа хохирогчдын хохирол төлөгдөх хэмжээг бууруулахад нөлөөлсөн болох нь тогтоогдвол Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70.4-т заасны дагуу хохирлын асуудлыг захиргааны хэргийн шүүхээр хамтад нь шийдвэрлүүлж, зохих ёсоор хохирлыг төрд хариуцуулахаар нэхэмжилсэн.

Анхан шатны шүүх хуулийн 70.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж хохирлыг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан байна хэмээн мөн хуулийн 4.3, 34.1.1-д заасныг баримтлан хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж дээрх 514.874.212 төгрөгийн хохирлыг хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон нийслэлийн Засаг даргаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

Хохирогчдын хохирлын асуудлыг зохих ёсоор шийдвэрлэлгүй нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан хэрнээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2-т заасныг баримтлан хохирогчид Төрийн албаны тухай хуулийн 4.2.7-д заасны дагуу төрөөс хохирлоо нэхэмжлэн иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй болохыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгтээ дурдаагүй анхан шатны шүүхийн алдааг давж заалдах шатны шүүх засаж залруулаагүй, хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийн 4.2.7, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.2, 106.3.7, 106.6 заалтуудыг хэрэглээгүй байна.

...Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хангах өөрчлөлт оруулж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. Хэрэв Улсын Дээд шүүх нэхэмжлэгчийн гомдлыг дээр дурдсанаар ханган шийдвэрлэх боломжгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байгаа шалтгааныг тус тус зааж, нэхэмжлэлийг цаашид хэрхэхийг тогтоолын “тогтоох” хэсэгт ойлгомжтой дурдаж, иргэдийн зөрчигдсөн гэж үзэж байгаа хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хуулийн дагуу хамгаалуулах боломжийг тодорхойлж өгнө үү гэжээ.

Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нарантуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хууль тайлбарлах эрхгүй этгээд хуулийг тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдон зайлшгүй гарах зардлыг шүүхийн зардал гэнэ”, 44.2-т “шүүхийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ”, 44.3-т “зардлыг хэргийн оролцогчоор нөхөн төлүүлнэ”, гэж заасан бөгөөд мөн хуулийн 45 дугаар зүйлд “нөхөн төлүүлэх шүүхийн зардлын хэмжээг тодорхойлно” 46 дугаар зүйлд “нөхөн төлүүлэх шүүхийн зардлаас чөлөөлөх, хөнгөлөх” үндэслэлийг хуульчилсан байдаг.

Хэргийн оролцогч болох нэхэмжлэгч төлбөрийн чадваргүй болох нь нотлох баримтаар нотлогдоогүй, хавтаст хэрэгт энэ талаарх баримт байхгүй, хөнгөлсөн, чөлөөлсөн тухай шийдвэр, магадлалд тусгагдаагүй. Хэдийгээр шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу эрх мэдлээ хэрэгжүүлж нэхэмжлэгчийг шүүхийн зардлаас чөлөөлсөн байлаа ч нэхэмжлэгчээс чөлөөлсөн шүүхийн зардлыг хариуцагчид хариуцуулах хууль зүйн үндэслэл байхгүй.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэж заасныг зөрчсөн. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “шүүх тухайн этгээдийн эд хөрөнгийн болон бусад байдлыг харгалзан, шүүхийн зардлыг нөхөн төлөх хэмжээг багасгах буюу хугацааг хойшлуулах, эсхүл хэсэгчлэн төлүүлж болно” гэж заасныг зөрчиж хэсэгчлэн төлүүлэхгүйгээр, хугацааг хойшлуулахгүйгээр, хэмжээг багасгахгүйгээр шинжээчийн зардал 58.135.000.00 төгрөгийг хариуцагч нийслэлийн Засаг даргаас бүхэлд нь гаргахаар шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасныг “...уг хуулийн үзэл санаа нь хэргийн оролцогчдын аливаа нөхцөл байдлыг шүүгч өөрийн дотоод итгэл үнэмшлээр үнэлэх боломжтой, шүүгч хуулийн зүйл заалтыг үгчлэн хэрэглэхгүйгээр зөв тайлбарлаж, шинжээчийн зардлыг нэхэмжлэгчид хариуцуулахгүйгээр шийдсэн нь үндэстэй” хэмээн шийдвэрлэсэн. Энэ нь магадлалын хуулийн үндэслэл болгосон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55.2 дахь заалтад нэхэмжлэгчийг шүүхийн зардлаас чөлөөлөх заалт байхгүй, зөвхөн хойшлуулах буюу хэсэгчлэн төлүүлэх тухай заалт байсаар байтал давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчдын аливаа нөхцөл байдлыг шүүгч өөрийн дотоод итгэл үнэмшлээр үнэлэх боломжтой, шүүгч хуулийн зүйл заалтыг үгчлэн хэрэглэхгүй хэмээн хуулийг буруу тайлбарлан нэхэмжлэгчээр шүүхийн зардлыг хэсэгчлэн төлүүлэхгүйгээр, зардлыг хойшлуулахгүйгээр чөлөөлөхгүйгээр, мөн багасгахгүйгээр хариуцагч нийслэлийн Засаг даргаас шинжээчийн зардлыг бүхэлд нь гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, нэхэмжлэгчийг шүүхийн зардлаас чөлөөлөөгүй, нэхэмжлэгч төлбөрийн чадваргүй болох нь нотлох баримтаар нотлогдоогүй, шүүхийн зардлаас чөлөөлсөн байлаа ч нэхэмжлэгчээс чөлөөлсөн шүүхийн зардлыг хариуцагчид хариуцуулах хууль зүйн үндэслэл байхгүй тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шүүхийн шинжээчийн зардлыг нэхэмжлэгч хариуцагчид хувь тэнцүүлэн хуваарилан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хянавал:

Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзлээ.

1. Нэхэмжлэгчийн “Монгол Улсын ерөнхий сайд, Хууль зүйн сайд нарт холбогдуулан гаргасан эрх зүйн харилцаа байсан эсэхийг тогтоолгох” шаардлагын талаар:

Нэхэмжлэгч нь Ерөнхий сайд болон Хууль сайдад холбогдуулан эрх зүйн харилцаа байсан эсэхийг тогтоолгох нэхэмжлэл гаргаж “...хохирол барагдуулах асуудлаар хохирогчдын удаа дараа гаргасан өргөдөл, гомдол, саналыг цаг тухайд нь хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлээгүй хууль зүйн фактуудын улмаас “Глоб кредит” ХЗХ-ны хөрөнгө үнэгүйдэн, хохирол бүрэн барагдах боломжгүй нөхцөл байдал үүсэж, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх хохирогчдын эрх, ашиг сонирхол зөрчигдсөн, ...Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, хууль биелүүлэх ажлыг хариуцах ёстой, ...буруутай үйл ажиллагаа хохирол барагдуулах асуудалд нөлөөлсөн” гэж маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, “Глоб кредит” ХЗХ-ны хохирогчид, хохирогчдын эрхийг хамгаалах “Хүнлэг ёс” холбоо, “Глоб кредит” ХЗХ-ны хохирогчдын хохирлыг барагдуулах хамтын холбоо болон нэхэмжлэгч байгууллага нь “...хохирол хүү, торгууль тооцуулж авах, хоршооны битүүмжлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг өөрсдийн хамгаалалтад авч, бүрэн бүтэн байдлыг хариуцан үнэ цэнийг алдагдуулахгүй байлгаж өндөр үнээр худалдан борлуулж хохирлоо барагдуулж авах, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд биечлэн оролцох, хяналт тавих, энэ боломжоор хангаж  хамтарч ажиллах гэрээ байгуулах, Засгийн газрын 2007 оны 242 дугаар тогтоолын хуульд нийцээгүй заалтыг хүчингүй болгуулах, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргах,..” зэргээр эрх бүхий байгууллага, Засгийн газар, Хууль зүйн яам, ерөнхий сайд, сайдын нэр дээр өргөдөл, гомдол, санал гаргаж шийдвэрлүүлж байсан болох нь тогтоогджээ.

Хадгаламж зээлийн хоршооны хохирогч, тэднийг төлөөлөх холбоо, төрийн бус байгууллагын зүгээс “хохирол барагдуулах”, “яаж барагдуулах” зэрэг асуудлаар Засгийн газар, Хууль зүйн яаманд хандаж өргөдөл, гомдол, санал гаргаж, шийдвэрлүүлж байсан үйл явдал тогтоогдсон, уг үйл баримттай хариуцагч нар нь маргаагүй байна.

Түүнчлэн гаргасан “өргөдөл, гомдол”-ыг нь хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсвэл зохих ёсоор шийдвэрлээгүй “эс үйлдэхүй”-г хууль бус болохыг тогтоолгох, шийдвэр гаргахыг “даалгах”, “буруу” шийдвэрлэсэн гэж холбогдох шийдвэрийг “хүчингүй” болгуулах зэрэг нь эрх зүйн харилцаа байсныг тогтоолгох шаардлагад хамаарахгүй, ердийн журмаар хянан шийдвэрлэх маргаан юм.

Харин нэхэмжлэгч нь тодорхой хариуцагч /Ерөнхий сайд, Хууль зүйн сайд/-д холбогдуулан “эрх зүйн харилцаа байсныг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь ийм шаардлага гаргах үндэслэлд нийцэхгүй, нэхэмжлэгч нарт эрх үүсгэхэд нөлөөлөх ямар үйл явдал тогтоолгохыг хүсч байгаа нь тодорхойгүй, “хохирол барагдуулахад буруутай үйл ажиллагаа” байсан гэж маргаж байгаагаас үзвэл, маргаантай бөгөөд хариуцагдах эзэнтэй үйл явдлыг “эрх зүйн харилцаа байсныг тогтоох” журмаар шийдвэрлэхгүй.

Түүнчлэн нэхэмжлэлийн энэ шаардлага нь “битүүмжлэгдсэн хөрөнгө”-ийн чанар байдлыг муутгасан, үнэгүйдүүлсэн, үрэгдүүлсэн, завшсан, ашигласан гэх албан тушаалтны буруутай үйл ажиллагааны талаар, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааны талаарх маргаан байхад шүүх уг шаардлагыг хүлээж авч шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “шүүх, прокурорын байгууллага, түүнчлэн эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын байцаан шийтгэх, эсхүл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу явуулсан үйл ажиллагааны талаар иргэн, хуулийн этгээдээс шүүхэд гаргасан гомдлыг эрүүгийн болон иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэнэ” гэж заасантай нийцэхгүй болсон байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгчийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо үндэслэл муутай, холбогдох хуулийг буруу тайлбарлаж дүгнэлт хийсэн боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “анхан шатны шүүх нь ...эрх зүйн хийсвэр хэм хэмжээг тайлбарлуулж тогтоолгохыг хүссэн гэж андуурч үнэлсэн, ...давж заалдах шатны шүүх нь ...Засгийн газрын тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн,...эрх зүйн харилцаа тогтоолгохоор нэхэмжлэх ёсгүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн” гэх хяналтын гомдолд бичсэн үндэслэлээр уг шаардлагыг хангах өөрчлөлтийг шийдвэр, магадлалд оруулах хууль зүйн боломжгүй юм.

Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн уг шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийн энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох өөрчлөлтийг магадлалд оруулах нь зүйтэй.

2. Нэхэмжлэгчийн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2007 оны б/787 дугаар тушаалыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх,  2009 оны б/131 дүгээр тушаалыг хүчингүй болгох” шаардлагын талаар:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн б/787 дугаар тушаалаар Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хууль, Засгийн газрын 2007 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 242 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албыг, мөн даргын 2009 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн б/131 дүгээр тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйл, Засгийн газрын 2008 оны 64 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн “Банкны өр барагдуулах газрын чиг үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт шилжүүлсэнтэй холбогдуулан” гэж дурдаж, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албыг байгуулжээ.

Нэхэмжлэгч нь “...газрын даргад хуулиар эрх олгоогүй, харьяалах яамны сайдаас эрх шилжүүлээгүй байхад хууль бусаар албаны бүрэн эрхээ хэтрүүлэн ...байгуулсан” гэж маргаж, уг шаардлагыг гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2007 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн А/131 дугаар тушаалаар “хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын хохирлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэх үед шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг шуурхай зохион байгуулах үүднээс ...28 хадгаламж зээлийн хоршоодод холбогдох шийдвэртэй хэрэгт ажиллах ажлын хэсгийг, ахлагч, орлогч, нарийн бичгийн даргыг оролцуулан 27 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй байгуулсан, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2007 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 250 дугаар тогтоолоор “Глоб кредит” ХЗХ-ны дарга Ж.Мэндбаяр нарт холбогдох эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн байна.

Үүний дараа Улсын Их Хурал 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хууль батлан гаргаж, хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу Засгийн газрын 2007 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 242 дугаар тогтоолоор “Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах журам”-ыг баталжээ.

Эдгээр хууль, эрх зүйн актаар хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын хохирлыг барагдуулах асуудал нь өөр зохицуулалтаар буюу хохирлын 50 хувийг төрөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах, үлдэх 50 хувийг хоршооны орлого, мөнгөн хөрөнгөөр барагдуулахаар болсон, уг хууль журмыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга нь зөвхөн энэ чиг, үүргийг хэрэгжүүлэх тусгайлсан “алба” байгуулахаар шийдвэрлэсэн нь байгууллагын дотогшоо чиглэгдсэн, “хохирогч”-д эрх зүйн нөлөөлөл үзүүлсэн буюу эрх, ашиг сонирхлыг нь зөрчөөгүй акт байна.

Түүнчлэн Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолын 3 дахь заалтаар Банкны өр барагдуулах газрын чиг үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт шилжүүлсэнтэй холбогдуулан тус газрын дарга нь “Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба”-ыг өргөтгөж, хэрэгжүүлэх чиг үүргийг нь нэмэгдүүлж Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албыг байгуулах шийдвэр гаргасан нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1-д тодорхойлсон бүрэн эрхийн хүрээнд гарчээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “...“захиргааны акт” гэж нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагааг; ...захиргааны актад хамааруулна”, 4 дүгээр зүйлийн 4.2-т “энэ хуулийн 4.1-д заасан байгууллагын зөвхөн гадагш /бусдаас/ дагаж мөрдөх буюу заавал биелүүлэх захиргааны акт нь захиргааны хэргийн шүүхэд хамаарна” гэж заасан байна.

Эндээс үзэхэд, “алба” байгуулах тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2007 б/787, 2009 оны б/131 дүгээр тушаалыг илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрөх, хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэж, уг шаардлагыг хүлээн авахаас татгалзах өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулсан нь үндэслэлтэй болжээ.

3. Нэхэмжлэгчийн “...ТББ-ын гишүүн 44 хохирогчийн барагдаагүй үлдсэн 514,874,212 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулах” шаардлагын талаар:

Захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус актын улмаас хохирол учирсан байх, үүссэн хохирол нь захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэр, үйл ажиллагаа, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой байх нөхцөлд хохирол нэхэмжлэх эрх үүсдэг.

...ТББ-ын гишүүд бөгөөд “Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооны 44 хохирогч нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хохирлоо бүрэн хэмжээгээр барагдуулж чадаагүй байгаа нөхцөл байдал нь хариуцагч нараас шалтгаалаагүй, өөр харилцаагаар зохицуулагдах эрх зүйн маргаан юм.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийн талаар дүгнэлт хийж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг зөв тайлбарлан хэрэглэж, уг шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасантай нийцсэн байна.

4. Нэхэмжлэгчийн “нийслэлийн Засаг даргын 2006 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 367 дугаар захирамжийг илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрүүлэх” шаардлагын талаар:

Анхан шүүх уг шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн, хариуцагч нийслэлийн Засаг дарга нь шийдвэр, магадлалын энэ хэсэгт хяналтын журмаар гомдол гаргаагүй, харин шүүхийн зардлыг бүрэн хэмжээгээр гаргуулсан асуудлаар гомджээ.

Дээрх захирамжаар “...эд зүйлийн үнэлгээ хийх түр комисс”-ыг байгуулсан байх бөгөөд анхан шатны шүүх нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны журмаар битүүмжлэн хураагдсан хадгаламж зээлийн хоршоодын эд хөрөнгөнд тус комисс нь үнэлгээ хийх эрхгүй болохыг тогтоож, маргаан бүхий актыг илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрч шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нь ...эд хөрөнгийн үнэлгээнд хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шинжээч томилсон, шинжээч нар нь ажлын хөлс болох 58,135,000 төгрөг нэхэмжилсэн нь баримтаар тогтоогдсон байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, …нөхөн төлүүлнэ”, 56.2-т “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэж заажээ.

Хариуцагч нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн шаардлага бүрэн хангагдсан, бусад хариуцагчид холбогдох нэхэмжлэлийн шаардлага хангагдаагүй, шүүх “үнэлгээ”-тэй холбогдуулж шинжээч томилон ажиллуулсан байх тул хуулийн дээрх зүйл, заалтын дагуу “нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан” гэж зардлыг тэр хэмжээгээр нэхэмжлэгчид хувиарлах үндэслэлгүй, энэ талаарх хариуцагчийн гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Дээрх байдалд үндэслэн “эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулж, “нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулах”-аар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн, “шүүхийн зардлын талыг нэхэмжлэгчид хуваарилуулах” талаар гаргасан хариуцагч нийслэлийн Засаг даргын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 491 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “тогтоох хэсгийн 1 дэх заалтаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/787 дугаар тушаалыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, мөн 2009 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/131 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” гэсний дараа “Монгол Улсын Ерөнхий сайд, Хууль сайдад холбогдуулан гаргасан эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох” гэж, “тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/787 дугаар тушаалыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, мөн 2009 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/131 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” гэсний дараа “Монгол Улсын Ерөнхий сайд, Хууль сайдад холбогдуулан гаргасан эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох” гэж тус тус нэмж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                               Ч.ТУНГАЛАГ