| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/0818/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/613 |
| Огноо | 2021-06-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Нямбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/613
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам, улсын яллагч Д.Нямбат, шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос П.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 02548 0883 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, П.Б, 1983 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл гурав, хамтран амьдрагч, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ****, урьд:
-1998 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дах хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж хорих ялаас 11 сар 27 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
-2001 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 113 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлж 2002 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
-2005 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 69 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дах хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлж 2006 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Өршөөлийн тухай хуулиар суллагдсан,
-2008 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлж 3 жилийг нийцүүлэн хасаж 2008 оны 03 дугаар сарын 28-ны өдөр суллагдсан,
-2008 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 446 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгүүлж 2011 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,
-2011 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 383 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ял шийтгүүлж 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч П.Б нь 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Саппоро төвийн автобусны буудал дээр Г.М-ийн “IPhone-6” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар халааснаас нь авч хулгайлан 420,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч П.Б нь 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Саппоро төвийн автобусны буудал дээр Г.М-ийн “IPhone-6” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар халааснаас нь авч хулгайлан авч 420,000 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч П.Б-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, ажил хийж байгаад хохирлоо төлнө...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч Г.М-ийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр цагдаагийн байгууллагад хандаж гаргасан өргөдөл (хх-ийн 3 дугаар хуудас);
3. Хохирогч Г.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 14 цагийн үед хорооллын эцсээс автобусанд суугаад утсандаа чихэвч зүүгээд дуу сонсож байгаад Саппаро дээр буух үед дуу зогссон, гайхаад автобуснаас буугаад халаасанд байсан гар утсаа тэмтэрч үзэхэд утас байхгүй байсан...гар утсаа хүрмийнхээ баруун талын халаасанд хийсэн байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 10-11 дугаар хуудас);
-Хохирогч Г.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...тухайн үед найзтайгаа уулзах гээд Саппаро төвийн автобусны буудал дээр буусан. Утас миний баруун билүү зүүн халаасанд байсан. Яг яль халаасанд байсныг санахгүй байна. Автобусанд хүн ихтэй, буудал дээр бас хүн ихтэй байсан...” гэсэн дахин мэдүүлэг (хх-ийн 12-13 дугаар хуудас);
4. Гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Цамбагаравын автобусны буудал дээр найз Б-тэй таарахад хамт Хархорин оръё гэсэн. Б тэнд очоод ченж нарт халааснаасаа шар өнгийн “IPhone-6” шиг утсыг үзүүлээд 80,000 төгрөгөөр зарсан. Тэр мөнгөөр бид 2 идэж уух юм аваад, архи авч уусан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20 дугаар хуудас);
5. Шүүгдэгчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 24-29 дүгээр хуудас), “Дамно” ХХК-ны хулгайлагдсан гар утсыг 420,000 төгрөг гэж үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 33 дугаар хуудас);
6. Шүүгдэгч П.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 1 дүгээр хорооллын Саппорогийн автобусны буудал дээр нэг эмэгтэй чихэн дээрээ 2 чихэвчээ тохчихсон зогсож байсан. Би гар утсыг нь авахдаа чихэвчийг нь эхэлж салгаад авсан. Утсыг нь аваад Хархорин руу алхсан. Тэр үед О-д надтай Цамбагаравын буудал дээр тааралдаад бид 2 хамт явсаар Хархорины танихгүй ченжид гар утсыг 80,000 төгрөгөөр зарсан...гар утсыг би ганцаараа авсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 62 хуудас);
7. Шүүгдэгч П.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 49 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 37 дугаар хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 39-48, 75-78 дугаар хуудас), эрэн сурвалжлах тухай шүүгчийн захирамж (хх-ийн 99-100 дугаар хуудас), цагдаагийн Ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албаны 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн: “эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг олсон талаарх 4163 тоот албан бичиг (хх-ийн 104 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч П.Б-ийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайлагдсан эд зүйл болох “IPhone 6S” загварын гар утсыг 420,000.0 төгрөгөөр үнэлсэн ба шүүх уг хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг бага хэмжээнээс дээш буюу 420,000.0 төгрөгөөр тогтоосон бөгөөд энэ нь хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй хулгайлах гэмт хэргийн материаллаг шинжийг хангаж байна.
Шүүгдэгч П.Б-ийн үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч П.Б нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй гээд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч П.Б-г “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч П.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй байгаа тул түүнээс 420,000.0 төгрөгийг гаргуулан хохирогч Г.М-д олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ялтай ба ялын дундаж нь 2 жил 6 сар юм. Шүүгдэгч Б нь урд 6 удаа ял шийтгүүлсний 4 нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байдаг. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг өнгөрсөн 2 жилийн хугацаанд барагдуулаагүй байна. Иймд шүүгдэгч П.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Б-ийн цагдан хоригдсон 14 хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “....Өмгөөлөгч болон Б-ийн зүгээс гэм буруу дээр маргахгүй. Эрүүгийн хариуцлагын тухайд хохирол багатай, гэмт хэргийн хор уршиг арилах боломжтой тул 2 жил 6 сарын хорих ял оногдуулах нь арай өндөр байна. Урд нь 6 удаа ял шийтгүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6, 6.7 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй. Гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч П.Б-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн шүүхийн шатнаас оргон зайлсан хувийн байдал, хохирол төлбөр төлөгдөөгүй нөхцөл байдал зэргийг харгалзан анхан шатны шүүх улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-д хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Шүүгдэгч П.Б нь 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн нийт 14 (арван дөрөв) хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар дээрх хоногийг эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцлоо.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Б-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 37.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. П.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-д хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-ийн цагдан хоригдсон 14 (арван дөрөв) хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-ээс 420,000.0 төгрөгийг гаргуулан хохирогч Г.М-д олгосугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Б-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч П.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч П.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА