| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2021/0700/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/697 |
| Огноо | 2021-06-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Нарангуа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/697
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан, улсын яллагч Х.Нарангуа, шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 2108 00000 0816 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д.Б, *** оны ** дүгээр сарын **-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 62 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл хоёр, хүүгийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян уулын ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: *** , эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уулын 3 дугаар гудамжинд иргэн Н.Э-ыг хамгаалалтын каскаар толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, дагзны баруун ар дээд хэсгийн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч, Д.Б нь 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уулын 3 дугаар гудамжинд хохирогч Н.Э-тэй архи ууж байгаад “дахин архи авсангүй” гэсэн шалтгаанаар хохирогч Н.Э-ын толгой руу хамгаалалтын дуулгаар цохиж, бие махбодод нь “...тархи доргилт, дагзны баруун ар дээд хэсгийн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Д.Б-ын шүүх хуралдаанд өгсөн: “...яллах дүгнэлтэд бүгд үнэн зөв тусгагдсан тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч Н.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр намайг гэртээ байхад урьд Хилийн цэргийн 0119 дүгээр ангид хамт ажиллаж байсан найз Б ирээд цуг архи ууя гэсэн. Б надад 80 төгрөг өгчхөөд архи ууя гэж уур хүргэсэн. Гэхдээ би түүнд дэлгүүрээс архи авч өгөөд Уулын 3 дугаар гудамжинд байдаг усны худаг дээр бид хоёр архиа хувааж уусан. Цуг сууж байхдаа Б намайг утсаар залгахад утсаа авдаггүй, их зантай гэх зэргээр хэл амаар доромжлоод гараас татаж чангааж цохиод байсан. Тэр үед манай хойд гудамжны Д ирээд биднийг салгаад явсан. Б намайг архи нэмж ав гээд дээрэлхээд байхаар нь би орхиж явах гэтэл миний ардаас цагаан өнгийн хуванцар барилгын дуулга буюу каскаар толгой руу цохисон. Миний толгойноос цус гараад байхаар нь Д-ийн гэрт очсон. Тэгээд Д 102, 103 дуудсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 9 дүгээр хуудас);
3. Гэрч Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 18 цагийн орчим гэрээсээ гараад худаг руу ус авахаар алхаж явахад худгийн хажууд Э нэг танихгүй өвгөнтэй согтуу, муудалцаж байхыг харсан. Б гэх өвгөн нь Э-г барилгын цагаан өнгийн каскаар цохиж байсан. Би тэднийг настай улсууд байж яаж байгаа юм бэ гэж хэлээд салгаад, усаа авчхаад гэртээ харьсан. Хариад байж байхад Э, Б гэх хүнд зодуулчихлаа гээд толгой, нүүр нь цус болчхоод ороод ирсэн. Би 103-т дуудлага өгсөн...” мэдүүлэг (хх-ийн 11 дүгээр хуудас);
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 4177 дугаартай: “...Н.Э-ын биед тархи доргилт, дагзны баруун ар дээд хэсгийн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20 дугаар хуудас);
5. Шүүгдэгч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 14 цаг өнгөрч байхад Хилийн цэргийн 0119 дүгээр ангид цуг ажилладаг байсан найз Э-ын гэрт нь очсон. Түүнтэй хашааных нь гадна уулзаад бид хоёр дэлгүүр орж 2 шил архи аваад 1 шилийг нь хувааж уусан. Согтуу байхдаа Э-тэй маргалдсан. Юунаас болж маргалдсанаа санахгүй байна, нэг мэдэхэд цагдаагийн хэлтэс дээр ирсэн байсан....Э-с уучлал гуйж 250,000 төгрөгийг хохиролд төлсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 50 дугаар хуудас);
6. Хохирол төлсөн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт (хх-ийн 39 дүгээр хуудас);
7. Шүүгдэгч Д.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 33 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 29 дугаар хуудас), оршин суугаа газрын тодорхойлолт (хх-ийн 32 дугаар хуудас), эд хөрөнгийн лавлагаа (хх-ийн 34 дүгээр хуудас), тээврийн хэрэгсэлгүй тухай лавлагаа (хх-ийн 35 дугаар хуудас), АСАП сангийн лавлагаа (хх-ийн 42 дүгээр хуудас), шүүгдэгчийн цалин орлогыг харуулах ХААН банкны дансны хуулга (хх-ийн 36 дугаар хуудас), хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал (хх-ийн 61-64 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорын 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 148 дугаар тогтоолоор хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Д.Б нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцох талаарх хүсэлтээ бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Н.Э-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь үндэслэл бүхий тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч Д.Б-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Н.Э-ын эрх чөлөөнд халдаж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.Б-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Н.Э нь баримтаар 138,290.0 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Д.Б түүнд 250,000.0 төгрөг төлсөн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгийн торгох ял оногдуулах, уг торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн хамгаалалтын дуулгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдоогүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Д.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Б-д сануулсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн хамгаалалтын дуулгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгосугай.
6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б цагдан хоригдоогүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА