| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2017/00400/и |
| Дугаар | 184/ШШ2017/01056 |
| Огноо | 2017-05-09 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 184/ШШ2017/01056
| 2017 оны 05 сарын 09 өдөр | Дугаар 184/ШШ2017/01056 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн 20 дугаар хороо, *******ийн баруун бүс, ******* зам гудамж, өөрийн байранд байрлах ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, Хамбын 4 дүгээр гудамжны ******* тоот хаягт оршин суух, эмэгтэй, овогт ийн /рд: /-д холбогдох,
Хөдөлмөрлөх явцдаа байгууллагад учруулсан эд хөрөнгийн хохиролд 7.162.670 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., хариуцагч Д., хариуцагчийн өмгөөлөгч Х., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Одончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д. нь 2006 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгчтэй харилцан хамаарал бүхий ХХК-д ажиллаж байгаад 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ”-ний дагуу ******* ******* ХХК-д шилжиж, худалдагчаар ажилласан. Хариуцагч Д. нь өмнө өр төлбөрт орж байгаагүй боловч 2013 оны 1 дүгээр сараас 2013 оны 10 дугаар сарыг хүртэл хугацаанд Аса циркэд махны худалдагчаар ажиллахдаа нийт 5.073.886 төгрөгийн хохирол учруулж, уг төлбөрөөс зарим хэсгийг төлж барагдуулсан. Ажил олгогчийн зүгээс ийнхүү дутагдал гаргасан тул 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Б/498 дугаартай тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасан үндэслэлээр ажлаас халсан ба уг тушаалд хариуцагч гомдол гаргаагүй. Хариуцагч Д. нь өрөндөө газар өгье гэсэн хүсэлт гаргасан учир Төв аймгийн Баянчандмань сум дах газрыг үзэхээр түүний нөхөртэй явж байсан. Дараа нь сураггүй алга болсон тул Баянчандмань сум руу дахин очиж хадам аав ээж болон өөртэй нь уулзаж 80.000 төгрөгийн зардал гарсан. Үүнээс хойш төлбөрөө төлж барагдуулаагүй тул 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдөр “Төлбөр төлөлтийн гэрээ” байгуулсан боловч мөн л төлөөгүй. Иймд хариуцагч Д.аас хохирол, зардалд
5.153.000 төгрөг, алдангид 2.009.670 төгрөг, нийт 7.162.670 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: овогтой миний бие нь 2005 оноос ******* ******* ХХК-д төв дэлгүүрт нь худалдагчаар орж ажилласан бөгөөд энэ хугацаанд тооцооны нягтлан Лхам-Эрдэнэ, Алтантуяа нартай сар бүр тооцоо хийж дутагдал огт гаргаж байгаагүй байгууллагын зүгээс сайшаал урамшуулал хүртэж байсан. Тус компани нь 2008 оны 2 дугаар сард төв дэлгүүрээ татан буулгаж, би Дэнжийн 1000-ийн хүнсний зах дээр нөөцийн махны борлуулагчаар 1 сар ажилласан ба энэ хугацаанд тооцоогоо Долгорсүрэн нягтлантай орой бүр хийж орлогоо тушааж байсан. Мөн л тус компани нь 2008 оны 4 дүгээр сараас Саруул төвд нөөцийн махны лангуу түрээслэж намайг ажиллуулах болсон. Тэр үед Алтантуяа нягтлантай сар бүр тооцоо хийж байсан тэр үед дутагдал гарч байгаагүй. 2008 оны 8 дугаар сард жирэмсний амралт авч 2009 онд ажилдаа эргэн орж, үйлдвэрийн нэрийн барааны дэлгүүрт орж ажилласан. Энэ үед Алтантуяа, Долгорсүрэн, Мөнх-Эрдэнэ нарын нягтлангуудтай орой бүр орлогоо кассанд тушааж тооцоо нийлж байхад мөн л өр дутагдал гарч байгаагүй. Мөн энэ дэлгүүрт ажиллаж байхад ажлын байранд үл таних 2 залуу орж ирээд кассаас бэлэн мөнгө 435.000 төгрөг дээрэмдэж авсан бөгөөд тухайн үед харуул хамгаалалтыг дуудсан боловч яг хажууд байж сонсоогүй, өөрөө ноцолдож байж хагас орлогоо авч үлдсэн төдийгүй нэг залууг нь барьж өгсөн. Энэ үед хуулийн зөвлөх Н. нь хөөцөлдөж асуудлыг шийдвэрлэж өгөөгүй ба надаар хохирлыг төлүүлж авсан. 2013 оны 1 дүгээр сараас Аса циркийн гадаа нөөцийн махны борлуулагчаар ажиллах хугацаанд санхүүгийн захирал Байгальмаатай орой бүр тооцоо нийлж байсан. Тухайн үед тооцоо таарч байсан. Ингээд нөөцийн мах борлуулах хугацаа дууссан. Нэлээн хугацааны дараа ямааны махны 1 гулуузыг 1 кг-ийг 1.800 төгрөг гэсэн учир уг үнээр зарж борлуулж байтал 2000 төгрөгөөр зарах ёстой байсан гээд 1.800.000 төгрөгийн өрөнд оруулсан. Мөн 2013 оны 3 дугаар сарын 8-ны өдөр тус компани Алтан төгрөг худалдааны төвд нөөцийн мах зарах лангуу түрээслэж, би борлуулагчаар ажиллаж байсан бөгөөд Гантулга, Лхамаа, Болороо нартай тооцоо нийлж байсан. 5 сарын тооцоог Лхамаа нягтлантай хийж дууссан. Мөн 7 сарын тооцоог Болороо нягтлантай хийж дуусгасан. Ер нь тооцоог сардаа хийж дуусгасан байх ёстой байдаг. Энэ 2 нягтлантай ажиллах үед тооцоог бүрэн дүүрэн хийж дуусгасан. Ямар ч өр авлага байгаагүй. 2013 оны 11 дүгээр сард лангуу татан буугдсан ба би ажилгүй болсон. Ингээд ээлжийн амралтаа авахаар очиход намайг халсан байсан. Ингээд дээр дурдсан 5 сарын тооцооноос 200.756 төгрөг дутсан, 7 дугаар сарын тооцооноос 434.265 төгрөг дутуу гэж надыг буруутгасан. Гэтэл яагаад дор бүр нь тооцоо хийж байхад дутагдал гараагүй атлаа дараа нь дутагдал гарсан гэж буйг тэр үед би огт ойлгоогүй. Ер нь санхүүгийн алба нь маш олон нягтлан сольсон бөгөөд гарч байгаа нягтлангуудтай сайн тооцоо тооллого хийж байгаагүйн улмаас дутагдал гарсан гэж үзэж байна. Миний төлөх ёстой гээд байгаа мөнгөний оронд хуулийн зөвлөх нь би өр авлага байхгүй гээд байхад сүрдүүлж, дарамталж байгаад хашааны гэрчилгээг минь авсан төдийгүй нөхрийг минь ажилгүй болгоно гэж дарамталж байгаад үндэслэлгүй гэрээ хийж гарын үсэг зуруулсан. Иймд ******* ******* ХХК-иас нэхэмжилж буй мөнгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллах явцдаа ажил олгогчид учруулсан эд хөрөнгийн хохиролд нийт 7.162.670 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХХК шаардсаныг хариуцагч Д. бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
Хариуцагч Д. нь ******* ******* ХХК-тай 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус компанид худалдагчаар ажиллаж байгаад ажил олгогчийн 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Б/498 дугаартай тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасан үндэслэлээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх 15-16, 29 дүгээр тал/
Хариуцагч Д. нь 2013 оны 1 дүгээр сараас 2013 оны 10 дугаар сарын хугацаанд худалдагчаар ажиллах явцдаа ажил олгогчоос хүлээлгэн өгсөн эд хөрөнгийг дутагдуулсан болох нь 2013 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн, Д.ы гарын үсэг бүхий “Тооцоо нийлсэн акт”, Д.ы байгууллагын удирдлагад гаргасан өргөдөл, 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн “Төлбөр төлөлтийн гэрээ” баримтуудаар тус тус тогтоогдож байна. /хх *******, 35 дугаар тал/
Дээрх баримтуудыг үйлдэхдээ айлган сүрдүүлж, дарамталж гарын үсэг зуруулсан хэмээн хариуцагч тал тайлбарлах боловч уг зөрүүтэй тайлбараа нотлох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй тул хариуцагчийн зөрүүтэй тайлбар тогтоогдоогүй гэж үзнэ.
Түүнчлэн 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн “Төлбөр төлөлтийн гэрээ”-ний 2.1-д: “Энхтайван овогтой Золзаяа” гэж өөр хүний нэр бичигдсэн гэх боловч 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдөр “Төлбөр төлөлтийн гэрээ”-г ******* ******* ХХК-тай байгуулсан талаараа хариуцагч Д. маргаагүй.
Хариуцагч Д. нь уг өр төлбөрөөс, 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 704.550 төгрөгийг, 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 543.250 төгрөгийг, 2014 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр 150.000 төгрөгийг, 2014 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр 342.776 төгрөгийг, 2014 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр 24.400 төгрөгийг, нийт 1.764.976 төгрөгийг төлж барагдуулсан талаар зохигчид маргаагүй.
Нэхэмжлэгч болон хариуцагч нь 2013 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр тооцоо нийлэхдээ 4.438.863 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг баталгаажуулсан байх тул энэ хугацаанаас хойш төлөгдсөн нийт 1.060.426 төгрөгийг 4.438.863 төгрөгөөс хасаж тооцох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч ******* ******* ХХК болон хариуцагч Д. нарын хооронд байгуулагдсан 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ”-ний 8.4-т эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх талаар талууд тохиролцсон, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байх тул хариуцагч Д.аас 3.*******8.4******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэдийгээр эд хөрөнгийн хохирлыг төлөх мөнгөн төлбөрийн үүрэг дуусгавар болоогүй боловч уг хохирол төлбөр нь ажилтан хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байх үед үүссэн, харин хөдөлмөрийн гэрээг ажил олгогч 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр цуцласан байх тул уг төлбөрт алданги тооцох хууль зүйн үндэслэлгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д заасныг баримтлан Д.аас 3.*******8.4******* төгрөгийг гаргуулан ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 3.784.233 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 129.553 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.аас 69.004 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР