| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2021/0100/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/107 |
| Огноо | 2021-06-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Лувсанданзанжанцан,
Улсын яллагч Д.Аянагүл,
Хохирогч Ө.С,
Шүүгдэгч Т.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгин овогтой Т.Мт холбогдох эрүүгийн 2107 00000 0103 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Өвөрхангай аймаг Хархорин суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ....................." ХХК-д хамгаалагч ажилтай, .......................................... тоотод ахын хамт оршин суудаг,
урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 952 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж, 03 жил 06 сарын хугацаагаар хорих ял, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 676 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан,
Боржгин овогт Т.М, регистрийн дугаар ........................,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Т.М нь 2021 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлж гэх газарт хохирогч Ө.Стэй машины хөгжим чангалж, бусдын амгалан тайван байдал алдагдууллаа гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохих, толгойн тус газарт хөлөөрөө өшиглөсний улмаас биед баруун нүдний ухархайн дотор болон доод ханын цөмөрсөн хугарал, баруун дээд зовхинд шарх, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...шөнө 01-02 цагт амралтын газар унтах гээд байхад Ланд -80 маркийн машинтай залуус хөгжмөө чангалсан байхад би очиж маргалдсан. Хохирогч Сийг цохисондоо харамсаж байна. Надтай маргалдаж байхдаа намайг эхэлж цохисон. Би учирсан хохиролд нь 220.000 төгрөгийг шилжүүлсэн. Би эвээр ярих гэж хичээсэн. Цаашид гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна ” гэв.
Хохирогч Ө.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ Бид хоорондоо маргалдан заамдалцсан. Би түүний толгой , нүүр лүү нь цохиогүй. Тухайн үед манай найз охиныг элдвээр доромжлоод байсан. бид барьцалдаж байхад хашаа давж унасны дараа намайг зодсон. Нүднээс цус гараад байхад хэд хэдэн удаа өшиглөсөн. Өнөөдөр хүртэл зарцуулсан 220.000 төгрөгийг төлсөн. Цаашид нүдний байдлаас хамааран пластик хагалгаанд 1.5 сая төгрөгөөс 2 сая төгрөгийн зардал гарахаар байгаа.” гэв.
Гэрч А.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "2021 оны 5 дугаар сарын 16-ны шөнө 22 билүү 23 цагийн үед Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлжид хээр задгайд найз залуу Ө.Сийн машин дотор хоёулаа хөгжим сонсоод юм яриад байж байтал нэг үл таних залуу бид хоёр дээр ирж манай найз залуу Ө.Стэй уулзан машиныхаа дууг багасгах талаар ярьж байгаад гэнэт хоорондоо муудалцаад дуу нь чангараад нэг нэгнийгээ заамдаж аваад эхэлсэн. Тэгээд гэнэтхэн л нөгөө залуу манай найз залуугийн нүүр лүү гараараа цохиод газар унагааж, уначихсан байхад нь толгой руу хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхээр нь би найз залуугаа өмөөрч тэр хоёрыг салгах гээд дундуур нь ороход нь нөгөө залуу миний зүүн хөл рүү өшиглөчихөөд яваад өгсөн. Ингээд манай найз залуу бид хоёр Улаанбаатар хот руу эмнэлэгт үзүүлэхээр явах гэж байтал нөгөө залуу дахиж хүрч ирээд өөрийгөө Т.М гэж танилцуулаад түрүүний явдалд уучлалт гуйгаад байсан" /хх-10-11/,
Шүүх шинжилгээний газрын Багахангай, Налайх дүүргийн Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч С.Төгсбуяны гаргасан 264 дугаартай
1. Ө.Сий биед баруун нүдний ухархайн дотор болон доод ханын цөмөрсөн хугарал, баруун дээд зовхинд шарх, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдагдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой /хх-14-15/ гэх дүгнэлт,
Шүүгдэгч Т.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... машин дотроо унтаж байтал хажуу хавиас машины хөгжимний чанга чимээ гараад унтуулахгүй байхаар нь тэр чимээ гарч байгаа зүг рүү очиж хөгжмөө багасга унтаж амармаар байна гэж хэлэх санаатай очсон. ...нэг эрэгтэйг дуудаад наад хөгжимөө унтраа унтаж амармаар байна энд эхнэр нялх хүүхэдтэйгээ байна гээд худлаа хэлтэл над руу "чи зайл чамд ямар хамаатай юм" гэх зэргээр надтай хэрүүл хийж муудалцан эхлээд миний цээж рүү нэг удаа өшиглөж миний уруул хавьцаа руу бас нэг удаа цохихоор нь уур хүрээд би зөрүүлээд тэр залуугийн баруун нүд рүү нь гараараа нэг удаа цохиод газар унахаар нь толгой руу нь хөлөөрөө 1-2 удаа өшиглөчихсөн юм. Ингээд дараа нь өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж тэр хоёр дээр очиж уучлалт гуйсан. " /хх-28/ гэх мэдүүлэг,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-29/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгүүлж байсан шүүхийн шийтгэх тогтоолууд /хх-30-36/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бичгийн баримтууд //хх-37-89/,
Хохирогчийн хохирол төлбөртэй холбоотой бичгийн баримтууд зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.М нь 2021 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 22 цагийн үед Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлж гэх газарт хохирогч Ө.Стэй машины хөгжим чангалж, бусдын амгалан тайван байдал алдагдууллаа гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт цохих, толгойн тус газарт өшиглөсний улмаас биед хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: Шүүгдэгч Т.Мын өгсөн: “...шөнө 01-02 цагт амралтын газар унтах гээд байхад Ланд -80 маркийн машинтай залуус хөгжмөө чангалсан байхад би очиж маргалдсан. Хохирогч Сийг цохисондоо харамсаж байна. Надтай маргалдаж байхдаа намайг эхэлж цохисон. ” гэсэн мэдүүлэг, Хохирогч Ө.Сийн өгсөн: “ Бид хоорондоо маргалдан заамдалцсан. Би түүний толгой , нүүр лүү нь цохиогүй. Тухайн үед манай найз охиныг элдвээр доромжлоод байсан. бид барьцалдаж байхад хашаа давж унасны дараа намайг зодсон. Нүднээс цус гараад байхад хэд хэдэн удаа өшиглөсөн.” гэсэн мэдүүлэг, Хохирогч Ө.С нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: " 22 цагийн үед хээр задгай талбайд сууж байх үед бид нар дээр нэг үл таних залуу ирээд "танай машины дуу чимээ их чанга байна, хүүхэд унтуулахгүй байна" гэхэд би "уг нь бид нар хэнд ч саад болоогүй ш дээ энд ямар байр, хотхон байгаа биш амрахаар ирсэн..." гэж хэлсэн. ...намайг шууд заамдаж авахаар нь би бас зөрүүлээд заамдаж аваад арай цохихгүй байх гэж бодож байтал тэр залуу миний баруун нүд рүү гараараа нэг удаа цохисон. Энэ үед би цохиулснаас болоод доошоо тонгойгоод нүдээ гараараа тэмтэрч үзэхэд нүднээс цус гоожиж байсан. Тэгээд намайг доошоо нүдээ дараад тонгойж байх үед миний толгой руу 1-2 удаа хөлөөрөө өшиглөсөн. "гэх мэдүүлэг, Гэрч А.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... нэг үл таних залуу бид хоёр дээр ирж манай найз залуу Ө.Стэй уулзан машиныхаа дууг багасгах талаар ярьж байгаад гэнэт хоорондоо муудалцаад дуу нь чангараад нэг нэгнийгээ заамдаж аваад эхэлсэн. Тэгээд гэнэтхэн л нөгөө залуу манай найз залуугийн нүүр лүү гараараа цохиод газар унагааж, уначихсан байхад нь толгой руу хөлөөрөө өшиглөсөн гэсэн мэдүүлэг, Шүүх шинжилгээний газрын Багахангай, Налайх дүүргийн Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн №264 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Т.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Т.Мт холбогдох гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан улсын яллагчийн дүгнэлтийг хянан үзээд түүнд тухайн зүйлд заасан торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдлаа
Хохирогч Ө.С нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж 220.000 төгрөгийг бичгийн баримтаар нэхэмжилснийг шүүгдэгч нь төлж барагдуулсан талаар хэргийн оролцогч нар мэдүүлжээ.
Хохирогч Ө.С нь цаашид эмчилгээтэй холбоотой хохирлоо нэхэмжилнэ гэсэн тайлбарыг үндэслэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйгээр үлдээлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржгин овогтой Т.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мт оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг 5 / таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шийтгэх тогтоолд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Т.М нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.
6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-дахь хэсэгт зааснаар хохирогч нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурдсугай.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД