Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2019/00326

 

“К Э” ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/02691 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2162 дугаар магадлалтай,

“К Э” ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй

Ш.Бт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 27 295 102.92 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чимэдлхамын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлага, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Бтай 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээнүүдийг байгуулж 10 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл зээлдүүлсэн. Түүний дараагаар 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр зээлийн нэмэлт гэрээ байгуулан нэмж 15 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл дахин зээлдүүлсэн. Үндсэн зээлийн гэрээ болон нэмэлт гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Ш.Б нь зээлийн төлбөрөө төлөөгүй тул ЗГ-17/005 тоот зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцож 669 709 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 6 524 471.53 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөр 3 348 543.31 төгрөг, НГ-17/006 тоот нэмэлт гэрээнд тооцсон нэмэгдүүлсэн хүү 783 778 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 12 178 932.21 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөр 3 918 888.87 төгрөгийн хамт нийт 25 424 322.92 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, мөн барьцааны гэрээнд заагдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагчтай 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 18/001 тоот эвлэрлийн гэрээ байгуулж 5 сарын хугацаанд хуваан төлөхөөр тохиролцсон хэдий ч уг гэрээг шүүхэд хүргүүлээгүй. Иймд талуудын хооронд байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ЗГ-17/005 тоот зээлийн гэрээ, 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн НГ-17/006 нэмэлт гэрээнүүдийн дагуу 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зээлийн хүү нийт 1 558 984.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 311 795.65 төгрөг, нийт 1 870 780 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байгаа тул Ш.Баас нийт 27 295 102.92 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/02691 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, хариуцагчаас 27 295 102.92 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан барьцаа хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 400 154.09 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 400 154.09 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2162 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/02691 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 364 625 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чимэдлхам хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж хэргийг шийдвэрлэсэн.Тухайлбал: 1. Хариуцагч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад хариу тайлбарыг бичгээр шүүхэд хүргүүлэх, шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй буюу Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдалд машин нь шаварт суусан байгаа тул шүүх хурлыг хойшлуулж өгөхийг нэхэмжлэгчийн төлөөлөгчид утсаар хэлж учирласан байтал нэхэмжлэгчийн төлөөлөгч уг байдлыг өөрт ашигтайгаар шүүхэд тайлбарлаж, “ ...намайг байхгүйд хурлыг хийсэн ч яахав” мөн хариуцагчийн өмнөөс нэхэмжлэлийн шаардлагын талаар тайлбар хийж ...хариуцагч нь зээлийн гэрээ болон нэмэлт гэрээний үүргийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа, энэ тал дээр маргаан байхгүй” зэргээр тайлбарласан нь 2018.08.16-ны өдрийн хурлын тэмдэглэлийн 1 болон 3 дугаар нүүрэнд бичигдсэн байх ба шүүх түүнийг үнэлж, шүүхийн шийдвэрээ гаргасан байгааг зөвшөөрөхгүй байна. Шүүхийн дээрх үйлдэл нь ИХШХТХуулийн 6.2, 6.3, 107-г тус тус зөрчиж байна. 2. ИХШХТХуулийн 57.2 “Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдуулж төлөх улсын тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулна”, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1 “эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр гаргасан.... дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана” гэж заасан хэмжээнээс хэтрүүлж тухайлбал: нэхэмжлэлийн нийт шаардлага 27 295 102 төгрөг түүнд ногдох тэмдэгтийн хураамж-294425, үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70 200 төгрөг нийт 364 625 төгрөгийн үнийн дүн бүхий улсын тэмдэгтийн хураамж төлөгдөх байтал шүүхийн шийдвэртээ дээрх хуулиудыг зөрчиж 400154 төгрөг буюу 35529 төгрөгийг илүү тогтоосныг миний бие илүү төлөх үүрэггүй болно. Иймд магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж, мэтгэлцэх зарчмаар хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч “К Э” ББСБ ХХК нь хариуцагч Ш.Бт холбогдуулан 2 зээлийн гэрээний үүрэгт нийт 27 295 102 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ барьцаагаар хангагдах үүргийн хэмжээг тодорхойлж чадаагүй тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд шүүх хуралдаанд оролцуулаагүй, нотлох баримтыг үнэлж чадаагүй зөрчил гаргасан талаар дурдаж, барьцааны гэрээний талаар гомдол гаргаагүй хэдий ч гэрээний хүчин төгөлдөр эсэхийг эрх зүйн хувьд дүгнэх нь шүүхийн зайлшгүй хийх ажиллагаа юм.

Нэхэмжлэлийн үндэслэл болох 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн  гэрээгээр Ш.Б нь 10 000 000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаагаар, 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн нэмэлт гэрээгээр 15 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл хугацаагаар дахин зээлж авсан, зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, хариуцагчийн биелүүлэх үүргийн хэмжээ зэрэг асуудлаар хоёр шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

Харин зохигчдын байгуулсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр боловч дээрх хоёр гэрээ бус зөвхөн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах зорилгоор байгуулагдсан байхад хоёр зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1, 158 дугаар зүйлийн 158.1, 166 дугаар зүйлийн 166.2-т заасан хэм хэмжээг зөрчсөн байна. 

Хариуцагч Ш.Б өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалахдаа, 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор гэрээг байгуулж, уг зээлийн гэрээний дагуу биелүүлэх үүргийг “барьцаагаар хангагдах шаардлага” гэж тодорхойлсон тул барьцааны зүйлээс үүргийг хангуулах эрх 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээтэй хамааралтай байна. Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.

Харин энэ шийдвэр нь төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, хураах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд нөлөөлөхгүй болно.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд зааснаар явуулсан, зохигчдын мэтгэлцэх эрхийг хязгаарлаагүй, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсгийг зөрчөөгүй, нэхэмжлэгч нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ 285 071 төгрөг, 70 200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж, нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ 44 882 төгрөгийг тус тус төлсөн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгийг зөрчөөгүй, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар  сарын 22-ны өдрийн 2162 дугаар магадлал, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/02691 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтад “...дээрх дүнгээр төлөх төлбөрийн үүргээ...” гэснийг “...2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 10 272 723 төгрөгийг төлөх үүргээ...” гэж өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 366 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧ                                                  П.ЗОЛЗАЯА