Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнджавын Байгалмаа |
Хэргийн индекс | 159/2019/0013/З |
Дугаар | 159/ШШ2019/0019 |
Огноо | 2019-07-25 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 159/ШШ2019/0019
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргад холбогдох,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/61 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Эрдэнэсувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...миний бие нь тус шүүхэд 2007 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тасралтгүй ажилласан билээ. Энэ хугацаанд 2007 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус шүүхийн мэдэлэл лавлагааны мэргэжилтэнгээр, 2012 оноос эхлэн шүүгчийн туслахаар ажилласан. 2017 оны 01 дүгээр сард тус шүүхийн тамгын газрын дарга өөрчлөгдөж ******* гэдэг хүн томилогдон ирсэн. Энэ хүнийг томилогдон ирэхэд би хүүхэд төрүүлээд хүүхэд асрах чөлөөтэй байсан бөгөөд ******* нь томилогдон ирсэн үеэсээ эхлэн хүүхэд асрах чөлөөтэй байгаа намайг хүүхэд асрах чөлөөг хуулийн дагуу аваагүй байна гэх мэтээр дарамталж ажпаас чөлөөлнө гэж мэдэгдэж байсан. Тэгээд би арга буюу хүүхдээ 6 сартай байхад нь орхиод ажилдаа орж байсан. Намайг ажилдаа ороход манай шүүгч ******* Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэний хрэгийн анхан шатны шүүхэд томилолтоор ажиллаж байсан. Энэ хугацаанд намайг эвлэрүүлэн зуучлагчийн туслахаар ажилла эсвэл өргөдлөө өгөөд гар гэх мэтээр зүй бус шаардлага тавьж байсан учир би арга буюу эвлэрүүлэн зуучлагчийн туслахаар ажилласан. Энэ мэтчилэн хамт ажиллахад хүндрэлтэй дарамт шахалт ихтэй байсан тул ажлаасаа гарч өөр ажил хийдэг юм уу гэсэн бодол төрж эхэлсэн юм. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ажпаас гарах өргөдөл бичиж өгсөн юм. Уул нь ажилтан ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр гаргахыг хэлдэг. Өргөдөл өгсний дараа том хүү маань гараа хугалж Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орж би сахиж байхдаа тус шүүхийн тамгын газрын дарга ******* ******* дугаарын гар утас руу нь залгахад холбогдохгүй байхаар нь өрөөнийх нь ******* дугаарын утас руу нь залгахад утсаа авахаар нь би ажлаас өөрийн дураар халагдахаар гаргасан өргөдлөөсөө татгалзаж байна том хүү маань гараа хугалсан, аав маань элэгний хүнд өвчний улмаас байнга эмнэлгийн хяналтанд байж эмчилгээ хийлгэх шаардлагатай боллоо иймд би ажилтайгаа байх нь зөв юм байна гэж хэлэхэд тамгын дарга ******* миний саналыг хүлээн авч зөвшөөрч чиний амьдрал ахуйг ойлгож байна чи өргөдлөө буцааж авна гэсэн чинь зөв би чамайг ажпаас халахгүй гэж ярьж тохиролцсон юм. Тэгээд би Улаанбаатар хотоос ирээд ажлаа үргэлжлүүлэн хийж байсан юм. Миний ажпаас халах өргөдлийг надад буцааж өгч намайг ажлаас чөлөөлөхгүй байхаар тохиролцсон гэдэг нь өөрийн утаснаас тамгын даргын өрөөний утас руу 2 минут 22 секунд ярьсан талаарх мобикомын тодорхойлолт, энэ талаараа хамт ажиллаж байсан хүмүүст ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээсээ татгалзаж тамгын даргатай ярьж тохиролцсон талаар хэлж байсныг тодорхойлсон хамт ажилладаг хүмүүсийн тодорхойлолт болон миний өргөдлийг хуульд заасны дагуу 30 хоногийн дотор буюу 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шийдвэрлэх ёстой байтал хуульд заасан энэ хугацааг хэтрүүлэн гаргаснаар тогтоогдож байна гэж үздэг юм. 2018 оны ажлын үр дүнгийн гэрээг дүгнэх асуудлаас болж би тамгын даргын дүгнэсэн оноог нь зөвшөөрхгүй дахин дүгнүүлнэ гэхэд намайг эхлээд 60 гэж дүгнэж байснаа намайг зөвшөөрхгүй байна гэхэд 85 болгож өөрчилсөн. Тэгснээ 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Б/61 дугаартай тушаал гаргаж гэнэт намайг ажпаас чөлөөлөх тушаал гаргасан. Тэгэхээр нь би тамгын даргад дахин 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр албан ёсоор ажлаас чөлөөлөхгүй байх талаар бичгийн хүсэлт гаргасан. Гэтэл энэ хүсэлтийг минь одоог хүртэл шийдвэрлээгүй байгаа. Тэгээд би тус шүүхийн тамгын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/61 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулахаар буюу урьдчилан шийдвэрлүүлэхээр Шүүхийн ерөнхий зөвлөл дэх Төрийн албаны салбар зөвлөлд 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гомдол гаргасан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Төрийн албаны салбар зөвлөл нь миний гомдлыг 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Төрийн албаны зөвлөл рүү шилжүүлсэн гэж мэдэгдсэн. Гэтэл Төрийн албаны зөвлөлөөс 2019 оны 04 дүгээр сарын 03-ний өдрийн 356 дугаартай албан бичгээр өргөдлийн хариу гэж ирүүлсэн. Миний гомдлыг шийдвэрлэсэн Төрийн албаны зөвлөлийн өргөдлийн хариу нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.4 дүгээр зүйлийг зөрчиж шийдвэр гаргажээ.
Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу гаргасан шийдвэр гэж үзэн түүнийг эс зөвшөөрч байна. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/61 дугаартай ажпаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож М.Мөнхзаяа миний биеийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн туслахын ажилд эгүүлэн тогтоож, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү...гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...миний бие Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн тамгын газарт Ерөнхий шүүгчийн туслахын албан тушаалд ажилладаг болно. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 22 дугаартай тушаалаар тус шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож хавсран ажиллаж байгаа.
Тус шүүхийн шүүгчийн туслахын албан тушаалд ажиллаж байсан ******* Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/61 дугаар тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлж, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр ажлыг тасалбар болгосон байдаг. Тухайн үед тамгын газрын даргаар ажиллаж байсан ******* нь ажлаас чөлөөлөгдсөн.
******* даргын удирдлагад ажиллаж байх хугацаанд алба хаагч удирдлагын хооронд нилээдгүй үл ойлголцол, хэрүүл маргаан, дарамт шахалт /өргөдлөө өгөөд ажилаас гар, зохисгүй муу үг хэллэг, доромжлол гэх мэт/ байсан ба хэд хэдэн хүмүүс даргын дарамт шахалт, таарамжгүй харилцааны улмаас ажлаасаа гарч байсан тохиолдол бий. Захиргааны ажилтны хувьд энэ бүхэн асар их сэтгэл зүйн болон эрүүл мэндийн дарамт шахалт байсан. Шүүгчийн туслах ******* эгүүлэн томилоход хуульд нийцэж байгаа бол миний хувьд татгалзах зүйлгүй болно. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн тамгын даргын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/61 дугаар ******* ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгох эсэх асуудал нь шүүх / шүүгч /-ийн эрх хэмжээний асуудал гэж ойлгож байгаа. Иймд уг асуудлыг хуулийн хүрээнд шийдэж өгнө үү. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн биелэлтийг хангаж ажиллахаа үүгээр мэдэгдэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сэлэнгэ аймгийн Мандал Сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/61 дугаартай тушаалаар шүүгчийн туслахаар ажиллаж байсан ******* Шүүхийн захиргааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3, Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журмын 9 дүгээр зүйлийн 9.2.8, 9.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Нэхэмжлэгч М.Мөнхзаяа нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Шүүхийн тамгын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/61 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилуулах тухай үндсэн, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэмэгдүүлсэн шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Маргаан бүхий захиргааны актад дурдсанаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлжээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон холбогдох нотлох баримтуудаас үзэхэд ******* өөрийнх нь хүсэлт гэх өргөдлийг үндэслэн дээрх ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан нь үндэслэлгүй болжээ.
Учир нь: Нэхэмжлэгч М.Мөнхзаяа нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргад ажлаас чөлөөлөгдөх хүсэлт бичгээр гаргасан /ХХ-ийн 108-р хууудас/ байх бөгөөд энэхүү өргөдлийг гаргасны дараа түүний том хүү гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орж, хэвтэн эмчлүүлэх болсон, мөн өөрийн аав элэгний хүнд өвчний улмаас байнгын эмчилгээ хийлгэх шаардлагатай болж буцаж ажилдаа орох талаар өөрийн хүсэл зоригоо илэрхийлж тус Шүүхийн тамгын газрын дарга ******* ******* дугаарын гар утас, ажлын өрөөний ******* дугаарын утас руу тус тус утасдаж ярьсан мобикомын тодорхойлолт, /ХХ-ийн 5,6 хуудас/, ажилд эгүүлэн орох талаар хамт ажиллаж байсан тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчаар ажиллаж байгаа Д.Төр-Амгалан, үйлчлэгч Т.Баясгалан нарын тодорхойлолт, шүүхийн гэрчээр асууж мэдүүлэг авсан тайлбар, /ХХ-ийн 7, 8, 114, 115 хуудас/, нэхэмжлэгч ******* ажилдаа эгүүлэн орох талаар ярилцаж тохиролцсоны дараа ажлаа үргэлжлүүлэн хийж байсан нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн тус шүүхийн тамгын газарт чөлөө хүссэн өргөдөл, мөн шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/62 дугаартай үр дүн мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх тухай тушаал, ажилчдын 2018 оны мэргэшлийн түвшингийн үнэлгээ /ХХ-ийн 103, 104 хуудас/, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хойшлуулж өгнө үү гэх хүсэлт зэрэг баримтуудаар түүнийг өөрийн гаргасан хүсэлтээсээ татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Маргаан бүхий актын үндэслэл болсон дээрхи хуулиуд нь нэхэмжлэгчийг ажлаас шууд чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үндэслэл нотлогдохгүй байна гэж шүүх үзлээ. Уг хүсэлтийг шууд ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гэж ойлгон эрх зүйн акт гаргасан нь учир дутагдалтай болсон байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/61 дугаартай тушаалын хууль зүйн үндэслэлийг судлавал:
Захиргааны актын материаллаг болон формаль шаардлагыг хангаагүй, баримтлах ёстой хуулийн зүйл заалтыг баримтлаагүй байна. Маргаан бүхий актын үндэслэл болсон заалтууд нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Шүүхийн тамгын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/61 дугаартай тушаалаар шүүгчийн туслахаар ажиллаж байсан ******* үүрэгт ажлаас нь Шүүхийн захиргааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3, Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журмын 9 дүгээр зүйлийн 9.2.8, 9.6 дахь заалтуудыг үндэслэн чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөх үйл баримтад нийцээгүй. Хариуцагч нь хэрэглэх хуулийг буруу хэрэглэж, хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн нь нэхэмжлэгч ******* эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаарлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж тус тус заасан байх бөгөөд Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн Сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2-т Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд дор дурдсан мөнгөн орлогыг оруулна. Үүнд: а/ ажилтанд олгосон үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл ... гэж, мөн журмын 7-ийн а-д ... дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр... тодорхойлохоор заасны дагуу тооцоолон нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлсийг 2.194.893 төгрөгөөр бодож, нэг сарын ажиллавал зохих ажлын хоногийг дунджаар 21 хоногоор тооцож, нэг өдрийн ажлын цалин 36.581.55 / гучин зургаан мянга таван зуун наян нэг/ төгрөг болж байна. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан нийт хугацааг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх ажиллавал зохих ажлын 148 хоногоор тоолж, дундаж цалинтай тэнцэх олговор нийт 5.414.062 /таван сая дөрвөн зуун арван дөрвөн мянга жаран хоёр/ төгрөг болж байна.
Нэхэмжлэгч Б.Мөнхзаяа нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорыг нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Харин нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорын хэмжээнээс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа буюу ажлын 148 хоногийн цалин 5.414.062 /таван сая дөрвөн зуун арван дөрвөн мянга жаран хоёр/ төгрөгт ногдох шимтгэлүүдийг нөхөн төлж бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.1, 106.3.12 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 27 дугаар зүйлийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/61 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ******* өмнө нь ажиллаж байсан албан тушаал болох Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн туслахын ажилд эгүүлэн томилсугай.
2. 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгч ******* 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 25-ны хүртэлх ажилгүй байсан хугацааны буюу ажлын 148 хоногийн цалин 5.414.062 /таван сая дөрвөн зуун арван дөрвөн мянга жаран хоёр/ төгрөгт ногдох шимтгэлүүдийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргаас гаргуулан зохих журмын дагуу нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч М.Мөнхзаяад олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.БАЙГАЛМАА