Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/98

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,

Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

Хохирогч Д.Э,

Шүүгдэгч Х.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шаргайд овогт Х.Хд холбогдох эрүүгийн 2107000000086 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр шүүх хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ....................................... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Шаргайд овогт Х.Х /РД: /,

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Х.Х нь 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ....................................... тоот хашааны гадна Д.Этай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүрэн тус газарт нь гараараа цохиж баруун доод 1 дүгээр шүдний хугарал, нүүрэнд зулгаралт, дээд урууланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Х.Х нь  шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн:  “...Би эдний хашааг мөргөж сүйтгээгүй юм тийм зүйл болоогүй. Над дээр ирээд хэл амаар доромжлоод нүд рүү хатгаад, салтай руу өшиглөөд байхаар нь “та боль” гээд хэлсэн. Би мөргөөгүй гээд байхад” чи мөргөсөн писда минь” гээд дайраад байсан. Би эхнэртэй хэлж байсан “эдний хашааг хүн мөргөсөн юм шиг байна. 2-3 хэлтэрхий хэвтэж байна” гэж хэлсэн. Эдний хашаа эвдрээд сүйд болсон зүйл байхгүй алга дарам газар блок бяцарсан байсан” гэв.

Хохирогч Д.Э нь  шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн:  “...2021 оны 05 дугаар сарын 18-нд энэ хүнтэй таарсан манай хашааны үүдэнд машинаа тавьчихсан байсан. Тэгээд би машинаа оруулж чадахгүй гадаа хонож байсан. Тэгээд эхнэр рүү нь утасдаад хэлсэн чинь “байхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд 3 хоногийн дараа таараад “миний хашааг хэн мөргөсөн юм бэ” гээд асуусан чинь “мөргөх битгий хэл дайраад гарсан ч яадаг юм” гэхээр нь миний уур хүрээд биед нь хүрсэн. Одоо намайг өшиглөсөн зодсон гэж худлаа ярьж байна. Зөв зүгээр байсан намайг зодчихоод ингэж ярьж болохгүй, би гомдолтой байна. Дараа нь надаас уучлалт гуйсан бол одоо ингээд байж байхгүй байсан. Нэг мэдэхэд хамраас цус гоожсон байж байсан. Дараа нь уучлалт гуйж ирээд ах хэдийг авахын гэхээр нь 500.000 мянган төгрөг өгчих гээд хэлсэн чинь “за” гээд алга болсон. Гэхдээ энэ хүнээс мөнгө авахгүй” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Д.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 11 цагийн үед би гэртээ орох гээд гэрийн гадаа иртэл манай хөрш айл болох ....................................... тоотод амьдардаг Б гэх залуу хашааныхаа гадаа зогсож байхаар нь би “манай хашааг яагаад мөргөөд байгаа юм бэ” гэж хэлтэл “би танай хашааг дайраад орсон ч яадаг юм” гэхээр нь би мөрлүү нь түлхтэл “миний биед хүрдэг хэн бэ” гээд миний нүүрлүү гараараа гурван удаа цохисон. Тэгтэл миний хиймэл шүд хугараад, өөрийн доод 1 шүд хугарсан байсан...Би Х.Хг манай хашааг эвдчихлээ гэж бодсон болохоос яг мөрдөн байцаалтад мөргөчихсөн гэж хэлээгүй, манай хашааны 6 ширхэг блок хагарсан байсан. Гэхдээ би Х.Хг машинаараа мөргөж эвдэлсэн эсэхийг мэдэхгүй учраас надад нэхэмжлэх зүйл байхгүй..." /хх-4-8/ гэх мэдүүлэг,

Гэрч З.Тын мөрдөн шалгах ажиллгаанд өгсөн: "...Найзаасаа таксинд явдаг ахын дугаар гэж аваад гэрээс гарах, хүргүүлэх болохоороо залгаж дууддаг ах байгаа юм. Ямар нэгэн газар луу явах шаардлагатай үедээ дуудчихаар хүрч ирж аваад хүргээд өгчихдөг юм. Тэрнээс нэг их сайн мэдэхгүй. Д.Э ах тэр залуутай манай хашааг том машинаараа мөргөсөн гээд уурлаад хэрэлдээд байх шиг байсан. Тэгээд зодолдоод байх шиг болохоор нь машинаас буугаад хартал Д.Э ахын амнаас нь цус гарчихсан, нөгөө залуу нь зодсон бололтой байсан, тухайн залууд ямар нэгэн гэмтэл учирсан эсэхийг анзаарч хараагүй..." /хх-10/ гэх мэдүүлэг,

Гэрч Г.Цгийн мөрдөн шалтгах ажиллагаанд өгсөн: "...2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 11 цагийн үед ....................................... тоотод байрлах гэртээ байж байтал хашааны гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь гараад хартал манай нөхөр Х.Х хөрш айлын ах Д.Э нар хэрэлдээд, муудалцсан бололтой байцгааж байсан. Тэгэхээр нь би нөхөр Х.Хг “гэртээ оръё” гээд гэр рүүгээ хамт орсон..." /хх-12/ гэх мэдүүлэг,

Гэрч Х.Уын мөрдөн шалгах ажиллгаанд өгсөн: "...Надад тийм зүйл хэлээгүй. Цагдаа дээр мэдүүлэг өг гэж хэлэхдээ л хоорондоо муудалцаад Д.Эын нүүрлүү нь хоёр гурван удаа түлхсэн гэж хэлсэн..." /хх-14/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Х.Хн мөрдөн шалтгах ажиллагаанд өгсөн: "...2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ....................................... тоотод байх гэрийнхээ гадна 13 цагийн үед өөрийн портер маркийн автомашинтайгаа ирээд зогстол манай хөрш Д.Э ах над дээр хүрч ирсэн.Тэгээд над руу писда Б чи яагаад хашаа дайрчихсан юм бэ, төлж өгөөрэй гэхээр нь би танай хашаанд хүрээч үгүй, надад ямар хамаатай байсан юм бэ, би наадхыг чинь дайрсан юм байхгүй, муу болохоор би дайрсан байдаг юм уу гээд хэлтэл Д.Э над руу уурлаад чи мөргөсөн биздээ, чамаас өөр хэн мөргөдөг юм бэ гээд газар унасан байсан жижигхэн блокны булан руу заагаад над руу дайраад байсан. Тэгээд би хашааг нь мөргөөгүй гэдгээ хэлтэл писда гөлөг минь чамаас өөр хэн манай хашааг дайрдаг юм гээд салаавч гаргаад миний амруу хийчих гээд нүүрэнд нь гараа наагаад, цохих гээд байхаар нь би зүгээр байгаарай гээд хэлтэл улам надруу орилоод салаавчаа нүүрлүү тулгаж гаргаад байхаар нь би уурлаад нүүрлүү нь хэд хэдэн удаа гарынхаа алгаар түлхсэн, тэгээд хүчтэй цохигдсон зүйл байгаа..." /хх-32-33/ гэх мэдүүлэг,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №178 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. Д.Эын биед баруун доод 1-р шүдний хугарал, нүүрэнд зулгаралт, дээд урууланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдагдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-18-19/ гэх дүгнэлт,

Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст Д.Эын гаргасан өргөдөл /хх-1/,

Яаралтай тусламжийн хуудас /хх-20-21/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-40/,

Баримт бичиг хавтаст хэрэгт хавсаргасан тухай тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /хх-52/,

Шүүгдэгч Х.Хишигдайлан хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд зэрэг бичгийн баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Х.Х нь 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ....................................... тоот хашааны гадна Д.Этай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүрэн тус газарт нь гараараа цохиж баруун доод 1 дүгээр шүдний хугарал, нүүрэнд зулгаралт, дээд урууланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч  Х.Х нь  шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн:  “...Над дээр ирээд хэл амаар доромжлоод нүд рүү хатгаад, салтай руу өшиглөөд байхаар нь “та боль” гээд хэлсэн. Би мөргөөгүй гээд байхад” чи мөргөсөн писда минь” гээд дайраад байсан. Би эхнэртэй хэлж байсан “эдний хашааг хүн мөргөсөн юм шиг байна. 2-3 хэлтэрхий хэвтэж байна” гэж хэлсэн. Эдний хашаа эвдрээд сүйд болсон зүйл байхгүй алга дарам газар блок бяцарсан байсан” гэх мэдүүлэг, Хохирогч Д.Э нь шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн:  “...2021 оны 05 дугаар сарын 18-нд энэ хүнтэй таарсан манай хашааны үүдэнд машинаа тавьчихсан байсан. Тэгээд би машинаа оруулж чадахгүй гадаа хонож байсан. Тэгээд эхнэр рүү нь утасдаад хэлсэн чинь “байхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд 3 хоногийн дараа таараад “миний хашааг хэн мөргөсөн юм бэ” гээд асуусан чинь “мөргөх битгий хэл дайраад гарсан ч яадаг юм” гэхээр нь миний уур хүрээд биед нь хүрсэн. Гэхдээ энэ хүнээс мөнгө авахгүй” гэх мэдүүлэг, Хохирогч Д.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 11 цагийн үед би гэртээ орох гээд гэрийн гадаа иртэл манай хөрш айл болох ....................................... тоотод амьдардаг Б гэх залуу хашааныхаа гадаа зогсож байхаар нь би “манай хашааг яагаад мөргөөд байгаа юм бэ” гэж хэлтэл “би танай хашааг дайраад орсон ч яадаг юм” гэхээр нь би мөрлүү нь түлхтэл “миний биед хүрдэг хэн бэ” гээд миний нүүрлүү гараараа гурван удаа цохисон. Тэгтэл миний хиймэл шүд хугараад, өөрийн доод 1 шүд хугарсан байсан..." гэх мэдүүлэг, Гэрч З.Тын мөрдөн шалгах ажиллгаанд өгсөн: "... Д.Э ах тэр залуутай манай хашааг том машинаараа мөргөсөн гээд уурлаад хэрэлдээд байх шиг байсан. Тэгээд зодолдоод байх шиг болохоор нь машинаас буугаад хартал Д.Э ахын амнаас нь цус гарчихсан, нөгөө залуу нь зодсон бололтой байсан, тухайн залууд ямар нэгэн гэмтэл учирсан эсэхийг анзаарч хараагүй..." гэх мэдүүлэг, Гэрч Г.Цгийн мөрдөн шалтгах ажиллагаанд өгсөн: "...2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 11 цагийн үед ....................................... тоотод байрлах гэртээ байж байтал хашааны гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь гараад хартал манай нөхөр Х.Х хөрш айлын ах Д.Э нар хэрэлдээд, муудалцсан бололтой байцгааж байсан. Тэгэхээр нь би нөхөр Х.Хг “гэртээ оръё” гээд гэр рүүгээ хамт орсон..." гэх мэдүүлэг, Гэрч Х.Уын мөрдөн шалгах ажиллгаанд өгсөн: "...Надад тийм зүйл хэлээгүй. Цагдаа дээр мэдүүлэг өг гэж хэлэхдээ л хоорондоо муудалцаад Д.Эын нүүрлүү нь хоёр гурван удаа түлхсэн гэж хэлсэн..." гэх мэдүүлэг, Шүүгдэгч Х.Хн мөрдөн шалтгах ажиллагаанд өгсөн: "... Тэгээд би хашааг нь мөргөөгүй гэдгээ хэлтэл писда гөлөг минь чамаас өөр хэн манай хашааг дайрдаг юм гээд салаавч гаргаад миний амруу хийчих гээд нүүрэнд нь гараа наагаад, цохих гээд байхаар нь би зүгээр байгаарай гээд хэлтэл улам надруу орилоод салаавчаа нүүрлүү тулгаж гаргаад байхаар нь би уурлаад нүүрлүү нь хэд хэдэн удаа гарынхаа алгаар түлхсэн, тэгээд хүчтэй цохигдсон зүйл байгаа..." гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №178 дугаартай шинжээчийн дүгнэлт, Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст Д.Эын гаргасан өргөдөл, Яаралтай тусламжийн хуудас зэрэг бичгийн баримтууд зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

Шүүгдэгч Х.Хд холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

             

Иймд шүүхээс шүүгдэгч Х.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Х.Хд холбогдох гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан улсын яллагчийн дүгнэлтийг хянан үзээд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасны дагуу, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцож түүнд тухайн зүйлд заасан торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.           

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Шаргайд овогт Х.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Шаргайд овогт Х.Хг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1.  Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шийтгэх тогтоолд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Х.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                              Х.ГАНБОЛД