| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2021/0063/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/78 |
| Огноо | 2021-04-28 |
| Зүйл хэсэг | 17.1.2.2., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/78
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,
улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,
шүүгдэгч Т.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Т.Чт холбогдох эрүүгийн 2007003200052 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 02-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1969 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “..........................” ХХК-д харуул ажилтай, ам бүл 2, ахын хамт .......................... тоотод оршин суух хаягтай,
Урьд Улаанбаатар гарнизоны цэргийн тусгай шүүхийн 1990 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 95 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 278 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил 9 cap 5 хоног хорих ял,
Багануур дүүргийн шүүхийн 1995 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 136 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 30.000 төгрөгөөр торгох ял,
Багануур дүүргийн шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 162/а дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил 2 cap хорих ял,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 217 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял, өмнөх эдлээгүй үлдсэн ялаас 1 жилийг нэмж нэгтгэн 1 жил 6 cap хорих ял тус тус шийтгүүлсэн,
******* овогт Т.Ч /РД: /.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Т.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр .......................... тоотод оршин суух Х.Бгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн вакуум цонхыг тоосгоор хагалж нэвтрэн “TCL” 32 инч загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн Х.Бд 209.940 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би нэг мэдсэн хашаанд нь согтуу унтаж байсан. Босож ирээд цонхыг нь хагалаад орсон. Тэгээд хашааны гадаа нь гараад иртэл хажуу айлынх нь хүн гарч ирээд зурагтыг нь тавь гэж орилоод тэгээд араас гүйж ирээд зурагтыг нь авсан. Би зурагтыг нь буцааж өгсөн. Жорлонгийнх нь хажуугаас тоосго авсан. Би тэр хашааг өмнө нь хохирогчид 1.800.000 төгрөгөөр зарсан байсан. Надад 150.000 төгрөг дутуу өгсөн байсан юм. Тэгээд хохирогчоос 150.000 төгрөг авна гэж бодоод л явж байгаад согтуудаа орсон юм шиг байна лээ” гэв.
Хохирогч Х.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр .......................... тоотод байх манай байшингийн цонхыг хулгайч эзэнгүй байхад хагалан ороод зурагтыг хулгайлж явж байгаад манай хөршид баригдсан юм. Яг тухайн үед нь би зурагтаа буцааж авсан боловч манай зурагт ажиллахгүй эвдэрсэн байсан. Тухайн үед зүгээр байсан зурагтыг хулгайч нь унагаад эвдэлсэн байх гэж бодож байна. Ийм л зүйл болсон. Өөр юм алдагдаагүй, цонх хагалсан байсныг 59.000 төгрөгөөр шиллүүлсэн, “TCL” загварын зурагт байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Гэрч П.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэр Налайх дүүргийн 3 дугаар хороо Нарангийн 18-02 тоотод байдаг. 2020 оны 07 дугаар сарын 16-ны шөнийн 00 цагийн үед намайг хашаандаа байж байхад манай урд талын гудамжинд амьдардаг хаалга нь хойд талруугаа буюу манай хашааны хаалга руу харсан .......................... тоот айлын хашааны хаалга дуугарах чимээ гарахаар нь хашаан дээгүүр өнгийгөөд харахад үл таних эрэгтэй хүн тухайн айлын хашааны хаалгаар зурагт тэврээд гараад яваа харагдсан. Тэгэнгүүт нь би хойноос нь гүйгээд гараад ирэхэд нөгөө хүн гудамжны зүүн талаар урагшаа гараад явангуут нь хойноос нь гүйхэд мөн нөгөө айлын зүүн талын хамар хашааны хүн бас хойноос нь хөөсөн. Ингээд тэр хүнтэй хамт нөгөө хүний хойноос явсаар байгаад урд зүгт байрлах тоосгоны үйлдвэрийн ойролцооноос уг хүнийг барьж авахад зурагтаа харанхуй газар байрлуулсан байсныг олж аваад нөгөө хүнийг буцаагаад эд зүйлээ алдсан айлын гадна талд авчираад тухайн айлын садан төрлийн хүмүүст мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Гэрч Т.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.Ч надад айлаас зурагт хулгайлж байгаад баригдаад цагдаа дээр шалгагдаж байгаа тухайгаа хэлж байсан тэр үед нь би түүнийг цагдаа руу очиж байцаагчтайгаа уулзахгүй юм уу гэж олон удаа хэлж сануулж байсан ч гэсэн миний үгийг ерөөсөө тоогоогүй. ...Манай дүү Т.Ч дуугүй томоотой их л даруухан хүн байгаа юм. Уг нь ингэж хэрэг төвөг тариад асуудал удаад байхаар хүн биш. Архи уучихаараа л болохгүй бүтэхгүй зүйл сэдээд явчихдаг юм. Уг нь миний дүү өмнө нь ингэж хулгай хийж бусдын эд зүйлийг дур мэдэн авч байгаагүй. Т.Чын хувьд цагдаа дээр шалгагдаж байх хугацаандаа Улаанбаатар хот Т.С дүүргийн 8 дугаар хороо 53 дугаар байрны голд байх миний харуул хийдэг жижүүрийн байранд надтай цуг амьдарч байсан юм. Өөрийнхөө гэр болох Налайх дүүргийн 3 дугаар хороо, Бага баян 1-4 тоот хашаанд байх монгол гэрээ хэрэг төвөгт орооцолдсоноосоо хойш зарж тэндээ амьдрахаа больж, надтай хамт байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,
Шүүгдэгч Т.Чын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ганцаараа архи ууж яваад нэг мэдсэн тасарчихсан байдалтай Налайх дүүргийн 3 дугаар хороо ******* тоот хашаанд ухаан орж сэрсэн. Тэгээд хашаан дотор байсан байшинруу хүн байгаа үгүйг мэдэх санаатай цонхоор нь шагайж харахад эзэнгүй бололтой байхаар нь жорлонгийн хажууд байсан тал тоосгыг аваад байшингийн цонхыг нь хагалж дотор нь орж 32 инчийн зурагт байхаар нь тэр зурагтыг зарж архины мөнгө олох санаатай авч гарч байгаад үйлдэл дээрээ баригдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 57 дугаар хуудас/,
“Дамно” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн НА-20-134 дугаартай Хөрөнгийн үнэлгээний “зурагт 209.940 төгрөг” гэх тайлан /хх-ийн 27-28 дугаар хуудас,
“Дамно” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн НА-21-11 дугаартай Хөрөнгийн үнэлгээний “Цонхны шил 55.000 төгрөг” гэх тайлан /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 10-12 дугаар хуудас/,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг тал тоосго,
Шүүгдэгч Т.Чын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 66 дугаар хуудас/, Төрөл садангийн тухай лавлагаа /хх-ийн 63 дугаар хуудас/, Байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 64 дүгээр хуудас/, Гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 65 дугаар хуудас/, “..........................” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 98 дугаар хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 дугаар хуудас/, Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 116-122 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр .......................... тоотод оршин суух Х.Бгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн вакум цонхыг тоосгоор хагалж нэвтрэн “TCL” 32 инч загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн Х.Бд 209.940 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Шүүгдэгч Т.Чын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би нэг мэдсэн хашаанд нь согтуу унтаж байсан. Босож ирээд цонхыг нь хагалаад орсон...” гэх мэдүүлэг,
Хохирогч Х.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай байшингийн цонхыг хулгайч эзэнгүй байхад хагалан ороод зурагтыг хулгайлж явж байгаад манай хөршид баригдсан юм. Яг тухайн үед нь би зурагтаа буцааж авсан боловч манай зурагт ажиллахгүй эвдэрсэн байсан. Тухайн үед зүгээр байсан зурагтыг хулгайч нь унагаад эвдэлсэн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг,
Гэрч П.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хашааны хаалга дуугарах чимээ гарахаар нь хашаан дээгүүр өнгийгөөд харахад үл таних эрэгтэй хүн тухайн айлын хашааны хаалгаар зурагт тэврээд гараад яваа харагдсан. Тэгэнгүүт нь би хойноос нь гүйгээд гараад ирэхэд нөгөө хүн гудамжны зүүн талаар урагшаа гараад явангуут нь хойноос нь гүйхэд мөн нөгөө айлын зүүн талын хамар хашааны хүн бас хойноос нь хөөсөн. Ингээд тэр хүнтэй хамт нөгөө хүний хойноос явсаар байгаад урд зүгт байрлах тоосгоны үйлдвэрийн ойролцооноос уг хүнийг барьж авахад зурагтаа харанхуй газар байрлуулсан байсныг олж аваад нөгөө хүнийг буцаагаад эд зүйлээ алдсан айлын гадна талд авчираад тухайн айлын садан төрлийн хүмүүст мэдэгдсэн...” гэх мэдүүлэг,
Гэрч Т.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.Ч надад айлаас зурагт хулгайлж байгаад баригдаад цагдаа дээр шалгагдаж байгаа тухайгаа хэлж байсан тэр үед нь би түүнийг цагдаа руу очиж байцаагчтайгаа уулзахгүй юм уу гэж олон удаа хэлж сануулж байсан ч гэсэн миний үгийг ерөөсөө тоогоогүй...” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Хэргийн газар үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургууд зэрэг болно.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл байх бөгөөд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, уг хөрөнгийг захиран зарцуулснаар буюу захиран зарцуулах боломж бүрдүүлснээр хангагддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн бол хохирлын хэмжээнээс үл хамааран хүндрүүлэн зүйлчлэхээр заасан.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Чын бусдад учруулсан хохирлын хэмжээ 209.940 төгрөг боловч хэргийн үйл баримтаар шүүгдэгч Т.Ч нь хохирогч Х.Бгийн байшингийн вакум цонхыг хагалан хууль бусаар нэвтрэн орж, “TCL” 32 инч загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, өөрийн үзэмжээр захиран зарцуулах боломжийг өөртөө бүрдүүлсэн байх тул хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Т.Чыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Т.Чын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Бд 209.940 төгрөгийн бодит хохирол, гэмт хэргийн улмаас 55.000 төгрөгийн хор уршиг учирсан болох нь хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгч Т.Ч нь хохирогчид хохирол төлбөр төлөөгүй боловч хохирогч Х.Б нь гэм хорын хохиролд 264.940 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзсан болох нь түүний шүүхэд бичгээр гарган ирүүлсэн “Миний бие Чулуунбаатараас хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан болно, цаашид нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй, шүүх хуралд суухгүй” гэх хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Чыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Т.Чт 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүний цагдан хоригдсон 1 сар 12 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулах тооцуулах” гэсэн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мартаас “хохирогчийн зүгээс нэхэмжилсэн зүйлгүй тул Т.Чын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Т.Ч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар 2000 онд ял шийтгүүлснээс хойш дахин гэмт хэрэг үйлдээгүй, хуульд зааснаар түүнд нэмж нэгтгэх ялгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүхээс шүүгдэгч Т.Чын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учруулсан хохирлын хэмжээ, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Чын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн шүүх хуралдаан хүртэлх цагдан хоригдсон 43 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг тал тоосгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ