Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/81

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,

улсын яллагч С.Цэрэндалай,

шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Э.Эд холбогдох эрүүгийн 2107000070065 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймаг, ******* суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “...............” ХХК-д тогооч ажилтай, ам бүл 3, аав ээжийн хамт  .................................. тоотод оршин суух бүртгэлтэй боловч .................................. тоотод түр оршин суух,

урьд Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 325 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

******* овогт Э.Э /РД:  /.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр .................................. тоотод Б.Цтай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь пивоны лаазаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Багынхаа найз Бтэй фэйсбүүкд таарсан. Тухайн үед 14-ний өдөр хөл хорио тавигдсан байсан. Тэгээд 5-6 жил уулзаагүй бөөнөөрөө уулзъя гээд Бийнд очоод найзуудаараа сууж байхад хохирогч Б.Ц нэг хүүхэнтэй цуг орж ирсэн. Тэгээд танилцаад Б.Ц гараад явсан. Би шөнө 12 цагийн үед хүүхдүүдэд нь хоол хийж өгөх гээд босчихсон байж байгаад нэг том пиво нөхөртэй нь хамт хувааж уугаад сууж байхад Б.Ц шал согтуу орж ирээд эхлээд намайг үсдэхэд нөхөр нь салгаад Б.Цыг хөөсөн. Би Б.Цд чи нялх хүүхэдтэй айлд шөнө орж ирж орилж чарлалаа гэхэд намайг хүүхэд шуухадгүй сувай гичий гэж дуудаад тэгэхээр нь уур хүрээд уурандаа барьж байсан пивоны лаазаар цохисон чинь цус гарсан. Тэгээд Б.Ц нөхрөө дагуулж орж ирээд араас нь цагдаа нар орж ирсэн. Маргааш нь Б.Ц найзуудтай минь хамт ирж намайг эрүүлжүүлэхээс авахдаа найз нь гомдол саналгүй найздаа шар тайлах юм аваад өг гээд би 4 цагийн үед эрүүлжүүлэхээс гараад ломбардад утсаа тавиад идэж ууж юм авч өгчхөөд Б.Цд найз нь “уул уурхайд ажилд явчхаад хэдэн төгрөг өгнөө” гэж хэлэхэд зүгээрээ гэж хэлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Б.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Бийнд пиво ууж байхад Э.Э нь чи надад таалагдахгүй байна, би өнөөдөр найз залуутайгаа найз эмэгтэйгийнхээ гэрт амрах гэж ирсэн гэх зэргээр хэрүүл өдөөд өдөөн хатгаад байхаар нь 19 цагийн үед гэртээ харилаа гээд гараад явсан. Тэгээд гэртээ байж байтал манай найз ******* залгаад Бтэй уулзах хэрэг байна гэж хэлэхээр нь *******той гадуур ажил хөөцөлдөж яваад 23:30 цагийн үед Бийн гэрт яваад ортол нөхөр нь галаа түлээд, Э.Э гэгчийн найз залуу нь орон дээр унтаж байсан. Харин Э.Э нь урдаа том савтай пиво тавьчихсан ганцаараа уугаад сууж байсан. Э.Э гэх эмэгтэй Бт авчирсан пивоо задлаад ууя гэтэл Б би машин барьж байгаа юм чинь уухгүй гэж хэлээд Э.Э бид хоёр нэг нэг лааз пиво урдаа тавиад суусан. Энэ хооронд манай найз ******* машинаа гаражид тавиад ирье, намайг иртэл байж байгаарай гээд гараад явсан. Тэгэхэд Э.Э Налайхын эмэгтэйчүүд эр харахаараа яагаад буцаж ирээд байдаг юм, янхан гэх зэргээр янз бүрийн үг хэлж байснаа сууж байсан газраасаа босоод над руу дайрах шиг болсон. Тэгтэл миний зүүн хацарнаас шууд цус урсаад эхэлсэн. Тэгэхээр нь би гэртээ хариад нөхөртөө хэлтэл намайг дагуулж Бийн гэрт очиж цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд Э.Э гэх эмэгтэйг авч яваад намайг эмнэлэгт очиж үзүүл гэхээр нь би эмнэлэгт очиж зүүн хацартаа оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

 

Гэрч Ж.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр манай эхнэр Б.Ц Бтэй уулзчихаад ирье гэж хэлээд гарч яваад шөнө 01 цагийн үед нүүр нь цус болчихсон, Бийн найз гээд Дорнодын нэг хүүхэн миний хацрыг зүсчихлээ гээд ороод ирсэн. Тэгэхээр нь би хувцсаа өмсөөд хамт гараад Дэнж складад байрлах Бийн гэрт ороход Э.Э, ******* нар пиво уучихсан, Б хоймрынхоо орон дээр унтаж байсан. Би Э.Э гэгчид хандаж чи яагаад хүний хацар зүсдэг юм бэ гэтэл хохь чинь гээд надтай хэрүүл маргаан хийгээд байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

 

Гэрч Ж.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Чулуут 10-аас ирүүлсэн дуудлагын дагуу шөнө 03 цагийн үед Дэнж склад 1 тоотод очиход Ж.М гэгч өөдөөс хашааны үүдэнд гарч ирээд Э.Э гэх хүүхэн манай эхнэрийн хацрыг зүссэн гэж хэлсэн. Тухайн айл руу ороход Б.Ц гэгч нь зүүн хацар дээрээ зүсэгдсэн шархтай байсан ба мөн Э.Э гэх эмэгтэй болон ******* гэх залуу байсан. Цаана нь нэг хүн унтаж байсан. Би Э.Эаас Б.Цын хацрыг зүссэн эсэх талаар асуухад би цохисон нь үнэн гэж хэлсэн ба Э.Эыг эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Э.Эын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр би багын найз Бийнхээ .................................... тоотод байрлах гэрт 13 цаг 30 минутын орчимд найз Тын хамт ирсэн. Бид нар Нийслэл нэртэй 2.5 литрын пиво уугаад сууж байтал Бийн найз болох Б.Ц бас ирсэн. Тэгээд бид нар танилцаад юм яриад сууцгааж байгаад 19 цагийн үед Б.Ц харина гээд гараад явсан. Шөнө 00 цагийн үед Б.Ц буцаад ороод ирэхээр нь бид хэд амарч байна, чи эртхэн харь гэж хэлтэл “чи миний найзын гэрт ирчхээд намайг хөөдөг хэн бэ” гээд над руу уурлаад эхэлсэн. Тэгээд бид хоёр хэрэлдээд байж байтал намайг “сувиа гичий, үхсэн оготнын гөлчгий ч төрүүлж чадахгүй” гэх мэтээр харааж байгаад босож ирэнгүүтээ миний үснээс зулгаагаад эхэлсэн. Тэгэхээр нь би тэсэхээ байгаад ууж байсан пивоныхоо лаазыг базаад тэр гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Тэгтэл Б.Ц гараад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн 160 дугаар:

  1. Б.Цын биед зүүн хацарт сорви гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

 

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 27 дугаар хуудас/,

 

      Шүүгдэгч Э.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47 дугаар хуудас/, Байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 50 дугаар хуудас, Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 51 дүгээр хуудас/, Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа /хх-ийн 55 дугаар хуудас/, “...............” ХХК-ийн тодорхойлолт /54 дүгээр хуудас/, дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 58-59 дүгээр хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө .................................. тоотод Б.Цтай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь пивоны лаазаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Шүүгдэгч Э.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Б.Цд чи нялх хүүхэдтэй айлд шөнө орж ирж орилж чарлалаа гэхэд намайг хүүхэд шуухадгүй сувай гичий гэж дуудаад тэгэхээр нь уур хүрээд уурандаа барьж байсан пивоны лаазаар цохисон чинь цус гарсан. Тэгээд Б.Ц нөхрөө дагуулж орж ирээд араас нь цагдаа нар орж ирсэн...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э.Э Налайхын эмэгтэйчүүд эр харахаараа яагаад буцаж ирээд байдаг юм, янхан гэх зэргээр янз бүрийн үг хэлж байснаа сууж байсан газраасаа босоод над руу дайрах шиг болсон. Тэгтэл миний зүүн хацраас шууд цус урсаад эхэлсэн. Тэгэхээр нь би гэртээ хариад нөхөртөө хэлтэл намайг дагуулж Бийн гэрт очиж цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд Э.Э гэх эмэгтэйг авч яваад намайг эмнэлэгт очиж үзүүл гэхээр нь би эмнэлэгт очиж зүүн хацартаа оёдол тавиулсан... гэх мэдүүлэг,

 

Гэрч Ж.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр манай эхнэр Б.Ц Бтэй уулзчихаад ирье гэж хэлээд гарч яваад шөнө 01 цагийн үед нүүр нь цус болчихсон намайг Бийн найз гээд Дорнодын нэг хүүхэн миний хацрыг зүсчихлээ гээд ороод ирсэн....” гэх мэдүүлэг,

 

Гэрч Ж.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Чулуут 10-аас ирүүлсэн дуудлагын дагуу шөнө 03 цагийн үед Дэнж склад 1 тоотод очиход Ж.М гэгч өөдөөс хашааны үүдэнд гарч ирээд Э.Э гэх хүүхэн манай эхнэрийн хацрыг зүссэн гэж хэлсэн. Тухайн айл руу ороход Б.Ц гэгч нь зүүн хацар дээрээ зүсэгдсэн шархтай байсан ба мөн Э.Э гэх эмэгтэй болон ******* гэх залуу байсан. Цаана нь нэг хүн унтаж байсан. Би Э.Эаас Б.Цын хацрыг зүссэн эсэх талаар асуухад би цохисон нь үнэн гэж хэлсэн ба Э.Эыг эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Э.Эын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би тэсэхээ байгаад ууж байсан пивоныхоо лаазыг базаад тэр гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Тэгтэл Б.Ц гараад явчихсан...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 12-ний өдрийн шинжээчийн 160 дугаар дүгнэлт, Яаралтай тусламжийн хуудас зэрэг болно.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Э.Э нь хохирогч Б.Цын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.Эыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч Э.Э нь хохирогч Б.Цын бие махбодид хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь хохиролтой холбоотой баримтыг хэрэгт ирүүлээгүй, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр цагдаагийн байгууллагад “...надад ямар нэгэн санал, гомдол байхгүй” гэх хүсэлтийг бичгээр гаргасан байх боловч 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “...Дүүргийн эрүүл мэндийн төв дээр 5 хоног шарлага хийлгэж, 7 хоног боолтод явсан. Өөрөө 130.000 төгрөгөөр сорвины тос авсан, 18.700 төгрөгөөр эм авч уусан. Зүүн хацар дээр 3 см орчим сорви тогтсон, гомдолтой байна. Эмчилгээнд гарсан эмчилгээний зардал болон цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ” гэжээ. Иймд шүүхээс хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгч Э.Эыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, харин хохирогч Б.Цыг гэм хорын улмаас учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Э.Эаас нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “Гэмт хэрэг гарах шалтгаан нь аль аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, мөн бусадтай харилцах харьцаанаас нь болсон бөгөөд Ковид-19 цар тахлын үед цалин орлого бага байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Э.Э нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, “торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү” гэх тайлбарыг гаргасан болно.

 

Шүүгдэгч Э.Э нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар 2019 онд торгох ял шийтгэгдэж байсан байх ба уг ялын хугацаа дууссан, хуульд зааснаар түүнд нэмж нэгтгэх ялгүй, шүүхээс түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шүүгдэгч, хохирогч аль аль согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хор уршиг буюу нүүрний сорви арилаагүй/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай, торгуулийн ял биелэгдэх боломжтой, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал/-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан тухайн ялыг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт Э.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эд 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Ц нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Э.ЭНХЖАРГАЛ