Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 20

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Гурван жигэртэйн эхэн ХХК

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн холбогдох,

Сэлэнгэ аймийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Гэрэлмаагийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 0063827 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй зөрлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч С.Дорж

Хариуцагч Б.Гэрэлмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Эрдэнэсувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: ... Гомдол гаргагч нь мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 0063827 тоот шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэж Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасан. Гомдлыг аймгийн мэргэжлийн хяналтын газар хүлээж аваад 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 01/157 тоотоор шийдвэрлэх боломжгүй гэж хариу ирүүлжээ.

Манай компани нь 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Горгаз ХХК-тай байгуулсан гэрээний дагуу автомашин хийгээр цэнэглэх шатахуун түгээх станцийг барих үүрэг хүлээн ажлаа эхлүүлсэн. Гэрээ байгуулахдаа тухайн компани зураг төсөл, бичиг баримт ямар ч асуудалгүй гэж хэлсэн. Гэтэл Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2018 оны 10 дугаар сарыэ 09-ний өдөр зөвшөөрөл, магадлал хийгдээгүй зургаар барилгын ажил эхлүүлсэн гэж барилгын ажлыг зогсоохыг шаардснаар манай компани үйл ажиллагаагаа зогсоосон. Энэ хугацаанд захиалагч Горгаз ХХК нь танай компани урьдчилгаа мөнгөн төлбөр авсан, бичиг баримтын асуудлыг бид шийднэ хэмээн хүсэлт тавьснаар ажлаа үргэлжлүүлсэн. Мэргэжлийн хяналтын газраас магадлал хийгдээгүй зургаар зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлсэн гэх үндэслэлээр манай Гурван жигэртэйн эхэн ХХК-нд 5.000.000 төгрөгийн торгууль шийтгэлийн хуудсаар оногдуулсан. Торгууль оногдуулахдаа надад бичгээр мэдэгдээгүй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан гүйцэтгэх хуудас ирснээр шийтгэл оногдуулсныг мэдсэн. Түүнээс хойш манай компани хариуцлага хүлээхгүй захиалагч компани хүлээх ёстой гэж 3 удаа хуулийн байгууллагад гомдол гаргасан байгаа.

Дүгнээд ярихад тухайн магадлал хийгдээгүй зураг төсөл гаргасан нь захиалагч компаний зөрчил учраас манай компани хариуцлага хүлээхгүй. Тийм учраас гомдлыг хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэн зөв шийдвэрлэж, Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Гэрэлмаагийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 0063827 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү...гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: ... Гурван жигэртэйн эхэн ХХК-иас Сэлэнгэ аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдолтой танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

2018 оны 10 дугаар сарын 11 ны өдөр 14 цаг 25 минутанд Гурван жигэртэйн эхэн ХХК-ийн захирал С.Доржийг дуудаж Мэргэжлийн хяналтын байгууллагын 7 дугаартай өрөөнд захирал С.Дорж орж ирсэн. С.Доржид Зөрчлийн хэрэг нээсэн тухай тогтоолыг танилцуулж уг зөрчлийн дагуу шийтгэлийн арга хэмжээг тооцох тухай мэдэгдэхэд би торуулийн хуудас болон зөрчлийн тэмдэглэл ер нь юун дээрч гарын үсэг зурж ямар нэгэн баримт бичиг үйлдэхгүй та нар юу хийх нь надад хамаагуй гэж хэлээд өрөөнд 2-3 минут болоод гараад явсан.

Энэ тухай Мэргэжпийн хяналтын газрын 7 дугаартай өрөөнд албан үүргээ гүйцэтгэж байсан улсын байцаагчдаас гэрчийн мэдүүлэг хавтаст хэрэгт хавсаргасан.

2018 оны 11 сарын 6 ны өдөр шийтгэлийн хуудас бичихээс өмнө удаа дараа ирж хэргийн материалтай танилцахыг хүсч С.Доржийн гар утсаар ярьсан боловч надад хамаагүй, би очиж чадахгүй, тэгэж явах зав надад байхгүй гэсэн хариултыг өгч байсан. Энэ тухай Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийн 12 т зааснаар тэмдэглэл үйлдсэн Улсын байцаагч миний 99008693 дугаараас залгасан С.Доржийн 91010221, 96969695 дугаартай утасны дуудлагын түүх дээрээ байгаа.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 6 дах хэсэгт заасны дагуу шийтгэлийн хуудсыг /Горгаз ХХК-тай барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээний ард бичигдсэн/ Гурван жигэртэй эхэн ХХК-ийн хаяг УБ хот СХД-ийн 20-р хороо цэргийн хотхон С.Дорж 91010221, 96969695 гэсэн хаягаар шуудангаар хүргүүлсэн боловч хөдөө явсан байгаа тул хүлээж авах боломжгүй гээд илгээмж буцаж ирсэн. Гэхдээ илгээмжийн наалтыг задлаад буцаагаад наасан байсан.

Илгээмж буцаж ирсэн учраас 2018 оны 11 сарын 20 ны өдөр захиалагч байгууллага болох Торгаз ХХК-ийн хаягаар холбогдох матөриалыг хүргүүлсэн. /албан бичгийн хуулбарыг хавсаргав/

Дээрх ажиллагаанаас үзэхэд шийтгэлийн арга хэмжээ тооцохыг мэдээгүй байх үндэслэл байхгүй болно. Иймд санаатайгаар шийтгэлийн хуудсыг хүлээн авахгүй байсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 7-д Шийтгэлийн хуудсыг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд хүлээн аваагүй нь шийтгэл, албадпагын арга хэмжээг албадан биелүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан байна.

Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 7.4- дэх хэсэгт заасан барилгын ажлын гүйцэтгэгч чиг үүргээ биелүүлээгүй бол гэсэн заалтын дагуу зөрчлийн 1831000289 дугаартай хэргийг нээж шийтгэлийн арга хэмжээ ноогдуусан.

Гурван жигэртэй ХХК нь Гор газ ХХК-тай 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээг байгуулан барилга угсралтын ажлыг эхлүүлсэн ба 2018 оны 10 дугаар сарын 10 ны өдөр Зөрчлийн хэргийг нээх хүртэл барилгын газар шороо, суурийн, хананы өрлөгийн ажлыг гүйцэтгэсэн байгаа нь фото зургаар нотлогдож байгаа тул үүнийг бэлтгэл ажил хийгдэж байсан биш барилга угсралтын ажпыг гүйцэтгэсэн гэж хэлнэ. Одоо Сүхбаатар хот руу орж ирдэг төв замын дагуу гүүрний хажуугийн Буурын голын эрэг дээр барьсан барилга бүгдэд харагдаж байгаа.

Мэргэжлийн хяналтын газраас барилгын угсралтын ажлыг зөвшөөрөлгүйгээр эхлүүлсэн зөрчил болон Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан Барилгын тухай хууль зөрчсөн зөрчилд Горгаз ХХК дээр шийтгэлийн арга хэмжээг ноогдуулаагүй.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дзгээр зүйлийн 3-д Холбогдогчийн үүргийг шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтан дуудсан цагт хүрэлцэн ирэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх гэсэн заалтыг Гурван жигэртэйн эхэн ХХК зөрчсөн ...гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 0063827 дугаартай шийтгэлийн хуудсаар Гурван жигэртэйн эхэн ХХК-г Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 7.4 дэх хэсэг зааснаар 5000 нэгж буюу 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэлийг ногдуулжээ.

Нэхэмжлэгч Гурван жигэртэйн эхэн ХХК нь Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 0063827 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах зүйлүүд тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 7.4-т магадлал хийгдээгүй зургаар, зөвшөөрөлгүй барилга эхлүүлсэн гэх заалт байхгүй тиймээс гүйцэтгэгч компанийг буруутгах үндэслэлгүй. Зөрчлийн тухай хуулийн 12.1.2-т тухай барилга бариулж байгаа аж ахуйн нэгж байгууллага ямар хариуцлага хүлээхийг заасан тул гүйцэтгэгч компанид биш захиалагч компанид шийтгэл ногдуулах ёстой гэж маргажээ.

Хариуцагч нэхэмжлэгчийг Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 7.4 дэх хэсэгт заасан барилгын ажил гүйцэтгэгч нь чиг үүргээ хэрэгжүүлээгүй буюу Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан ...барилгын ажлыг зөвшөөрөл, магадлал хийгдэж, баталгаажсан зураг төсөл, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу гүйцэтгэх, хяналт тавих... чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж маргажээ.

Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгч Гурван жигэртэйн эхэн ХХК нь гүйцэтгэгч компанийн хувьд барилгын үйл ажиллагааг эрхлэх барилгын ажил гүйцэтгэх харилцааг нарийвчлан зохицуулсан Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй бөгөөд Барилгын тухай хуулийн 40.1.1-д заасан чиг үүргийг зөрчиж, магдалал хийгдэж баталгаажсан зураг төсөлгүй, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүйгээр барилгын ажлыг эхлүүлсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 7.4-д зааснаар шийтгэл ногдуулсан нь хууль зөрчөөгүй, үндэслэлтэй байна.

Захиалагч Гор газ ХХК-ийн хувьд Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан ...барилга, байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч , түүнд заасан нөхцлийг бүрдүүлэх... гэсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй байх бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2-т заасныг зөрчжээ.

Нэхэмжлэгч нь барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй, магадлал хийгдэж баталгаажсан зураг төсөлгүйгээр барилгын ажлыг эхүүлсэн болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд, үзлэг хийж баримтжуулан бэхжүүлж авсан фото зураг, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 03/377 дугаартай албан бичиг / лавлагааны хариу /, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 4/155 дугаартай албан бичиг / лавлагааны хариу / зэргээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Энэхүү шүүхийн шийдвэр нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, прокурорт хянуулж, уг зөрчлийг дахин хянан шалган шийдвэрлэхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 7.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 0063827 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай .

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Л.ОДБААТАР