Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2023/0266

 

 

Г.Лийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: Г.Билгүүн

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгч Г.Л

Нэхэмжлэгч: Г.Л

Хариуцагч: Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар

Нэхэмжлэлийн шаардлага: Орхон аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох тухай” А/744 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”, Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/349 дүгээр захирамжийн дагуу эзэмшүүлсэн газрыг зориулалтын дагуу эзэмших эрхийг олгож, газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээг иргэн Г.Л-ид олгохыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 04 дүгээр шийдвэр,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч Г.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 119/2022/0071/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 04 дүгээр шийдвэрээр:

Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.7, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.4, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Лийн Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох тухай” А/744 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”, Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/349 дүгээр захирамжийн дагуу эзэмшүүлсэн газрыг зориулалтын дагуу эзэмших эрхийг олгож, газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээг иргэн Г.Лид олгохыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

2.Гомдлын агуулга:

2.1.Нэхэмжлэгчээс шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 04 тоот шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2 13-т харин Засаг дарга хууль зөрчсөн захиргааны актыг өөрөө хүчингүй болгох шийдвэр гаргахдаа Захиргааны Ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т Захиргааны байгууллага энэ хуулийн 48.21, 48.2.2, 48.23 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно гэж заасан 5 жилийн хугацаа баримтлаагүй, 5 жилийн хугацаа өнгөрсөн хойно уг шийдвэрийг гаргасан нь Захиргааны Ерөнхий хууль зөрчсөн байна. Гэхдээ энэ үндэслэлээр Орхон аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн A744 дугаартай Газар эзэмших эрх олгосон шийдвэр хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэсэн бөгөөд газар эзэмшүүлсэн шийдвэр нь анхнаасаа хууль зөрчиж гаргасан, маргаан бүхий захиргааны актын улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй, уг захиргааны актыг хүчингүй болгосноор газар эзэмших эрх сэргэхгүй, түүний газар эзэмших эрх хуулийн дагуу хамгаалагдах боломжгүй юм гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

2.2.Учир нь захиргааны шийдвэрийг хуулийн дагуу гаргах үүрэг төрийн албан тушаалтнуудад хуулиар эрх нь олгогдсон байдаг бөгөөд газрын асуудал эрхэлсэн байгууллагаас Газар эзэмшүүлэх шийдвэрийн төслийг бэлтгэж, холбогдох албан тушаалтнаар хянагдаж аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс захирамжийн дугаар авч албажин гардаг гэтэл төрийн байгууллагаас зохих зөвшөөрөл авч гарсан шийдвэрийг хууль зөрчиж олгосон гэж үзэн энэ нь иргэний эрх ашгийг хамгаалах боломжгүй гэж Шүүхээс дүгнэж буйд гомдолтой байна.

2.3.Мөн Захиргааны Ерөнхий хууль буюу захиргааны үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан хуулиар хориглосон заалтыг зөрчиж гаргасан захирамжийг Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг үндэслэж зөвтгөж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэстэй байна.

2.4.Мөн Орхон аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар нь захирамжид заасан үүрэг буюу иргэн Г.Лид газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулах, улсын бүртгэлд бүртгэх үүргээ биелүүлээгүй нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.7-д "Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох" гэж заасныг зөрчсөн хэдий ч түүнд анх газар эзэмшүүлсэн хүчингүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул даалгах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэсэнд гомдолтой байна.

Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 04 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч Г.Л-оос “Орхон аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох тухай” А/744 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”, Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/349 дүгээр захирамжийн дагуу эзэмшүүлсэн газрыг зориулалтын дагуу эзэмших эрхийг олгож, газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээг иргэн Г.Л-ид олгохыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан гаргасан.

2.Маргаан бүхий А/744 дүгээр захирамжаар[1] “тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй” газарт нэхэмжлэгч Г.Лид “амины орон сууцны” болон “авто засвар үйлчилгээний” зориулалтаар тус тус газар эзэмшүүлэх эрх олгосон өөрийн шийдвэрүүдээ хариуцагч Орхон аймгийн Засаг даргаас хүчингүй болгожээ.

3.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анх Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/303 дугаар захирамжаар[2] Баянцагаан баг, Авто оношилгооны төвийн баруун талд байрлах 500 м.кв газрыг Г.Лид "Амины орон сууц"-ны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

Үүний дараа нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/349 дүгээр захирамжаар[3] уг газрын зориулалтыг "Авто засвар үйлчилгээ" болгон өөрчилжээ.

4.Хэрэгт авагдсан Орхон аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан баримтаас[4] үзэхэд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад шинээр эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлж болохоор заасан газарт маргаан бүхий “Баянцагаан баг, Авто оношилгооны төвийн баруун талд байрлах 500 м.кв газар” тусгагдаагүй гэдэг нь тогтоогдож байна.

5.Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, ...ийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна.”,

...33 дугаар зүйлийн 33.4-т “... аймаг, ...ийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно.”,

...61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, ... зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө ... уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.”,

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, ... хүчингүй болгоно. гэж тус тус заажээ.

6.Маргааны хувьд нэхэмжлэгчид эзэмшүүлсэн маргаан бүхий газар нь түүнд газар эзэмшүүлсэн цаг хугацаанд Орхон аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэнд эзэмшүүлэхээр төлөвлөсөн газарт тусгагдаагүй байсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул “тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй” газарт нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн Газрын тухай хуулийг зөрчсөн өмнөх шийдвэрээ хүчингүй болгосон хариуцагч Засаг даргын үйлдлийг хуульд нийцээгүй гэж шүүхээс үзэх үндэслэлгүй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

7.Тодруулбал, хариуцагч захиргааны байгууллагаас хуулиар хориглосон газарт газар эзэмшүүлж, хууль зөрчсөн өөрийн шийдвэрээ эргэн харж, өмнөх шийдвэрээ хүчингүй болгох эрх Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д заасны дагуу хуулиар хариуцагч Засаг даргад олгогдсон.

Үүний учир маргаан бүхий актыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д заасны дагуу захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласан гэж шүүхээс үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

8.Иймээс нэхэмжлэгчийн “захиргааны шийдвэрийг хуулийн дагуу гаргах үүрэг төрийн албан тушаалтнуудад ... олгогдсон, ...төрийн байгууллагаас зохих зөвшөөрөл авч гарсан шийдвэрийг хууль зөрчиж олгосон гэж үзэн иргэний эрх ашгийг хамгаалах боломжгүй гэж шүүхээс дүгнэж буйд гомдолтой, ...Захиргааны Ерөнхий хууль буюу захиргааны үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан хуулиар хориглосон заалтыг зөрчиж гаргасан захирамжийг Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг үндэслэж зөвтгөж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

9.Дээр дурдснаар нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон А/303 дугаар захирамж болон А/349 дүгээр захирамжийг тус тус маргаан бүхий А/744 дүгээр захирамжаар хууль зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгосон байх тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг баталгаажуулан түүнтэй хариуцагч Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас газар эзэмших гэрээ байгуулах, нэхэмжлэгчид газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох эрх зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хариуцагчаас зөрчсөн гэж шүүхээс үзэхээргүй байх тул үүнтэй холбоотой анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

10.Иймд нэхэмжлэгчийн “Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/349 дүгээр захирамжийн дагуу эзэмшүүлсэн газрыг зориулалтын дагуу эзэмших эрхийг олгож, газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээг иргэн Г.Л-д олгохыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүхээс мөн хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 04 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                     Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                       Г.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                                       А.САРАНГЭРЭЛ

 

 

 

[1] Хэргийн 6 дахь тал

[2] Хэргийн 25 дахь тал

[3] Хэргийн 95 дахь тал

[4] Хэргийн 29 дэх тал