Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2019/00060

 

Х ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/01240 дүгээр шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 1777 дугаар магадлалтай,

            Х ийн нэхэмжлэлтэй,

            Б д холбогдох

           Гэм хорын хохиролд 2,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Төгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Х  нь 2016 оны 08 сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Багшийн хөгжлийн төвийн хашаанаас гарч явахдаа Тоёота Камри маркийн автомашины жолооч Б гийн машинд мөргүүлсэн. Замын Цагдаагийн албан хаагч хэргийн газрын үзлэгээр хэмжилт хийн, Б гийн 100 хувийн буруутайг тогтоосон. Хүчтэй мөргүүлж савж унасны гэмтлээс үүдэлтэй тархины доргилт, гэмтлийн дараах тархины бүрхүүлийн үрэвсэл, гэмтлийн шалтгаант нурууны бүсэлхийн баруун хэсгийн нөжрөл, зөөлөн эдийн гэмтэл, элэгний доргилт гэсэн гэмтлийн эмнэлгийн болон шүүх эмнэлгийн дүгнэлтүүд гарсан. Хугарал, бяцрал байхгүй тул хөнгөн зэрэгт хамааруулсан. Үүнээс улбаалан ерөнхий биеийн эрүүл мэндийн байдал доройтон, өвчин зовиуртай болсон. Ослын улмаас эрүүл мэнд, эмчилгээ, эмийн зардал эдийн засгийн байдлаараа хохирч, хариуцагч нь хүн гэмтээж осол үйлдсэн гэмээ ухаарахгүй учирсан хохирлыг барагдуулахгүй өнөөдрийг хүргэсэн. Эрүүл мэндийн хэвийн байдлаа хангахын тулд тодорхой зардлууд гарсан ба “Монгол эм импекс” ХХК-иас болон бусад эмийн сангуудаас гэмтэл учирснаас хойш дээрх эм бэлдмэлүүдийг авч хэрэглэсэн. Иймд гэм хорын хохирол 2,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Х ийн 17 ширхэг баримт нь 2,000,000 төгрөг хүрэхгүй, нийт 1,832,930 төгрөг байна. Үүнээс 4 ширхэг баримт нь тодорхойгүй баримтууд байх ба нийт 91,610 төгрөг, мөн огт хамааралгүй эмийн бүтээгдэхүүн хэрэглэсэн баримтууд байна. Шинжээчийн дүгнэлтээр Х ийн биед тархины доргилт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг. Дээрх гэмтэлд амникомплекс, лидвер, рингерийн уусмал, гепатамин гэх элэг хамгаалах, мэс заслын дараах амин хүчил дутагдахад, хордлого, элэгний шок болоход хэрэглэдэг эмүүдийг хэрэглэсэн байна. Дээрх нь 947,000 төгрөг болжээ. Мөн эрүүл мэндийн даатгалаас төлөгдсөн гэх 3 нотлох баримт нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар шууд бус орлогод хамаарах тул Б  төлөх ёсгүй гэж үзэж байна. Энэ баримтууд нийт 390,510 төгрөг болж байна. Тамга тэмдэггүй, хуулбар хувь гэх 2 баримт хэрэгт авагдсан ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар бичмэл нотлох баримтыг эх хувиар эсхүл нотариатаар баталгаажуулсан хуулбар байх шаардлагыг хангаагүй. Мөн Бест массаж төвийн 5000 төгрөгийн баримт, эрүүл мэндийн даатгалаар тархины компьютер томографын зураг авахуулсан атлаа дахин 300,000 төгрөгөөр хэвлийн компьютер томографын зураг авахуулсан. Нэхэмжлэлийн шаардлага хэрэгт авагдсан баримтаар нийт 1,832,930 төгрөг болж байгаагаас 1,734,120 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, харин үлдэх 98,810 төгрөгийг хариуцагчийн зүгээс төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/01240 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б гаас 1,019,755 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх  980,245 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б гаас 28,070 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х т олгож шийдвэрлэжээ.                       

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 1777 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/01240 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б гаас 925,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,074,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...28,070 төгрөг...” гэснийг “...26,755 төгрөг...” гэж тус тус өөрчлөн, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболдын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1777 тоот магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсгийг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

Нэгдүгээрт. Магадлалын ХЯНАВАЛ хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас “хохирлын гэх баримтуудад дурдсан эм, тариа нь Х т ослын улмаас зайлшгүй шаардлагатай эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулах тухай” хүсэлт гаргасныг шүүх, хэрэгт ач холбогдол бүхий болох нь тогтоогдохгүй гэж дүгнэн хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй" гэжээ. Хариуцагч тал хавтаст хэрэгт авагдсан хохирлын гэх 15ш тооцооны хуудсанд бичигдсэн эм, тарианд шинжээч томилон, дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан. Шалтгаан нь үйлдэл болон хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байгаа эсэхийг тогтоох, хохирлын гэх баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг тогтоох, яг ямар өвчний үед хэрэглэдэг, хавсарсан байдлаар хэрэглэдэг эсэхийг тогтоох, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “Тархины доргилт” бүхий хөнгөн зэргийн гэмтлийг эдгээхэд дээр дурдсан эм, тарианууд зайлшгүй шаардлагатай эсэхийг тогтоох байсан. Харин хоёр шатны шүүх тус хүсэлтийг хэрэгт ач холбогдол бүхий болох нь тогтоогдохгүй гэж үнэлж дүгнэн хүлээж авахаас татгалзсанд гомдолтой байна.

Хоёрдугаарт: Магадлалын ХЯНАВАЛ хэсэгт “Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журамд гэм хорын хохирол шаардах эрх хамаарахгүй бөгөөд нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс нөхөн төлүүлэхээр “Бодь даатгал” ХХК-иас шаардах, эсхүл гэм хорын хохирлоо буруутай этгээдээс шүүхийн журмаар нэхэмжлэх эсэхийг өөрөө сонгох эрхтэй...” гэжээ. Давж заалдах шатны шүүх Жолоочийн даатгалын тухай хууль, Даатгалын тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалт хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч талыг өөрт учирсан хохирлоо “Бодь даатгал” ХХК, иргэн Б  нарын хэнээс нь ч хамаагүй шаардах эрхтэй мэтээр үнэлж дүгнэсэн. Энэ нь Монгол Улсын даатгалын системийг үгүйсгэсэн, даатгуулагчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Маргаж буй хэргийн оролцогчдын шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг, тайлбараас харахад “Бодь даатгал” ХХК болон хохирогч Х  нарын хооронд хохирлын үнэлгээ болон нөхөн төлбөрийн хэмжээ зэрэг даатгалын үйл ажиллагаатай холбоотой маргаан бүхий харилцаа үүссэн болох нь тогтоогддог. Өөрөөр хэлбэл, Х  нь даатгалын маргаантай холбоотой өргөдөл, гомдлоо эхлээд Санхүүгийн зохицуулах хороонд хандаж шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлж, хорооноос гарах шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд хандах журмыг зөрчсөн. Энэ талаар Жолоочийн даатгалын тухай хууль, Даатгалын тухай хуулиар тодорхой зохицуулсан байдаг. Үүнд: Жолоочийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д ”Жолоочийн даатгалтай холбогдон гарсан маргааныг Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ”, Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “Аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно.” Эдгээрээс харахад анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооход зайлшгүй шаардлагатай шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан “шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн, хэрэглэх боломжтой” хэрэг маргаанд иргэний хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Тиймээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.        

                                                            ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Х  нь хариуцагч Б д холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 2,000,000.00 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба хариуцагч нь 98,810.00 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Б  нь 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Багшийн хөгжлийн төвийн хашаан дотор Тоёота камри маркийн УНУ 70-07 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17 дахь заалтыг зөрчсөнөөс Х ийг мөргөж, биед нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна. 

Талууд зам тээврийн осол болон хариуцагчийн гэм буруугийн асуудалд маргаагүй,   нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт нийцсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч Х  нь зам тээврийн ослоос үүдэн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо нотлохоор 17 ширхэг баримт гаргаж өгсөн байх бөгөөд анхан шатны шүүх  2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн толгойн КТГрафикийн зураг 300,000.00 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шинжилгээ хийлгэсэн 30,000.00 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн толгойн КТГрафикийн зураг 90,000.00 төгрөг, гепатамин тариа 380,000.00 төгрөг, Аминокомплекс тариа 47,000.00 төгрөг, бөөний төвөөс авсан эм 76,000.00 төгрөг, нотариатын зардалд төлсөн 2,200.00 төгрөгийн баримтуудыг үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо тооцооллын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулсан нь зөв байна.

Түүнчлэн зохигчдын хооронд зөрчлийн улмаас үүссэн маргаанд хамаарах үүргийн эрх зүйн зохицуулалтаас хууль хэрэглээний хувьд илүү нарийвчилсан заалтыг хэрэглэхээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль ёсны байх шаардлагад нийцсэн гэж үзнэ.

Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс гаргасан баримтуудад дурдсан эм, тариа нь ослын улмаас зайлшгүй шаардлагатай эсэхийг тогтоолгохоор анхан шатны шүүхэд шинжээч томилуулах тухай гаргасан хүсэлтийг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. 

Анхан шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй буюу энэ гомдолд давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт хуульд нийцжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон тооцооллын өөрчлөлт оруулсныг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 1777 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболдын хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,755.00 /хорин зургаан мянга долоон зуун тавин тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ЦАГААНЦООЖ

                                  ШҮҮГЧ                                                  Д.ЦОЛМОН