Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/729

 

                             

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан, улсын яллагч Б.Ундрах шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Э.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 02619 0617 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн Э.А, *** оны ** сарын **-ний өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 23 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын дотор засал, чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл тав, эцэг эх, ах, эгчийн хамт Архангай аймгийн Өлзийт сум, Хөшөөт баг, Сансар *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар:****, урьд:

- Сум дундын 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураагүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 33 дугаар магадлалаар уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорын газарт буцаасныг Архангай аймгийн прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 371 дугаар прокурорын тогтоолоор Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Э.А нь 2020 оны 08 дугаар сарын 09-ний шөнө 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн 1-86 тоотод Б.А, Б.И нартай архи согтууруулах ундаа хэрэглэж улмаар иргэн Б.А-тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан маргалдаж, түүнийг гараараа нүүр рүү нь цохин, эрүү рүү нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, биед нь “эрүү ясны далд хугарал, баруун нүдний салст, баруун нүдний дээд, доод зовхи, эрүүнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Цорос овгийн Эрдэнэбатын Алтангэрэл нь 2020 оны 08 дугаар сарын 09-ний шөнө 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн 1-86 тоотод Б.А, Б.И нартай хамт архи согтууруулах ундаа хэрэглэж, улмаар иргэн Б.А-тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан маргалдаж, түүнийг нүүр рүү нь цохих, эрүү рүү нь өшиглөх зэргээр зодож, бие махбодод “...эрүү ясны далд хугарал, баруун нүдний салст, баруун нүдний дээд, доод зовхи, эрүүнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл...” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Э.А-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй. Хохирогч намайг эхлээд цохисон, тэгээд бид харилцан зодолдсон. Гэхдээ хохирогчид гэмтэл учруулсан дээр маргах зүйлгүй. Баримтаар гарсан хохирлыг төлөх гэсэн боловч надаас 1,300,000 төгрөг нэхсэн ...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах махны үйлдвэрт найзуудын хамт архи уугаад 23 цагийн үед гэр лүүгээ явъя гэж бодоод сууж байтал зүс таних А гэх залуу орж ирээд “хоёулаа ийшээ явж ганц шил архи ууя” гэж хэлэхээр нь машинд нь суугаад замдаа дэлгүүрээс архи аваад нэг танихгүй айлд очсон. Тэгээд бид хоёр архиа ууж байгаад үл ялих зүйлээс болж маргалдсан. А миний зүүн талын эрүү рүү 2 удаа өшиглөсөн. Тэр үед гэрт цуг байсан Монхор гэх залуу Аагийг салгасан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 7 дугаар хуудас),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 9366 дугаартай: “...Б.А-ын биед эрүү ясны далд хугарал, баруун нүдний салст, баруун нүдний дээд, доод зовхи, эрүүнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ...” гэсэн дүгнэлт (хх-ийн 10-11 дүгээр хуудас);

4. Гэрч Б.И-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг танилууд маань Монхор гэж дууддаг. Би Эмээлтэд мал нядалгааны газруудад ажилладаг. 2020 оны 08 сарын 09-ний өдөр би хамт ажилладаг Э.А-тэй хамт архи уусан. Орой нь ажил тарсан байхад Э.А бойны газраас Б.А гэх залууг дагуулж ирээд 1 шил архи аваад миний танил З-ийн гэрт очсон. З-ийн гэр нь Эмээлтийн төмөр замтай ойрхон байдаг. Тэгээд бид 4 архиа хувааж ууж байтал Б.А, Э.А 2 хоорондоо маргалдаж Э.А, Б.А-г 3-4 удаа гараараа нүүр рүү нь цохиж, газар унагаагаад эрүү рүү нь 2 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 41-42 дугаар хуудас);

5. Шүүгдэгч Э.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 09-ний орой 20 цагийн үед би найз И-тэй уулзаж 0.5 литрийн 1 шил архи хувааж уусан. Тэгээд буцаад мал нядалгааны газраа ортол хохирогч Б.А архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Тэгээд И, А бид гурав И-ын найзынд очиж дахин архи аваад ууж байтал А намайг элдвээр хэлээд “чи миний адууг хулгайлах гэж байна уу, чи шоронгийнх биз дээ” гэснээс болж бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэгтэл А миний нүүр лүү гараараа нэг удаа цохихоор нь би барилцаж аваад зүүн гараараа шанаа хэсэгт нь 2 удаа цохиод, баруун хөлөөрөө цээж хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Тэр үед И, түүний найз гэх үл таних залуу хоёр биднийг салгасан...Би А-ын биед учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 67-68 дугаар хуудас);

6. Шүүгдэгч Э.А-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 48 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 88 дугаар хуудас), шийтгэх тогтоол, магадлал, прокурорын тогтоолын хуулбар (хх-ийн 89-112 дугаар хуудас), эд хөрөнгийн талаарх лавлагаа (хх-ийн 53 дугаар хуудас), тээврийн хэрэгсэлгүй тухай лавлагаа (хх-ийн 59 дугаар хуудас), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хх-ийн 47 дугаар хуудас), нийгмийн даатгалын сангаас ямар нэгэн тэтгэвэр, тэтгэмж авдаггүй талаарх тодорхойлолт (хх-ийн 55 дугаар хуудас), 2016 онд нийгмийн даатгал төлсөн талаарх лавлагаа (хх-ийн 57 дугээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.А нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.А-ын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Э.А-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Б.А-ын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Э.А-г “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул хохирогч Б.Анхбаярын гаргаж өгсөн баримтын хүрээнд шүүгдэгч Э.Алтангэрэлээс 156,700.0 төгрөгийг хоёр сарын дотор гаргуулан хохирогч Б.А-т олгохоор тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч Э.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, 156,700 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй... гэв.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж эрүүгийн хариуцлагын талаар: “...Миний хөл гэмтсэн, хөл дээрээ зогсоход хэцүү байдаг учраас ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.А-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцсэн гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-д дөрвөн зуун наян цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас заасан газарт эдлүүлэхээр тогтоож, хэрэв шүүгдэгч Э.А нь ялыг биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг тогтоолоор сануулах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Э.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-д дөрвөн зуун наян цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас заасан газарт эдлүүлэхээр тогтоосугай.

4.Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.А-д сануулсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-с 156,700.0 төгрөгийг хоёр сарын дотор гаргуулан хохирогч Б.А-т олгосугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                Б.БАТАА